Х.Хулан: Амны хөндийг бүрэн эрүүлжүүлснээр ирээдүйд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна


“HFS” үүдэл эсийн клиникийн нүүр амны согог заслын их эмч Х.Хулантай Монгол Улсад хөгжиж буй үүдэл эсийн эмчилгээ болон амны хөндийн эрүүл ахуйн талаар ярилцлаа.

 

-“HFS” үүдэл эсийн клиник нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай эмнэлэг үүдэл эсийн клиник, клиник лаборатори, шүдний клиник буюу нүүр ам судлал гэсэн гурван чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулж байна. Эмнэлгийн маань бусдаас ялгарах онцлог нь үүдэл эсийн эмчилгээ юм. Тухайлбал, шүд авахуулсны дараах имплант эмчилгээ,  шүдний яс нөхөх эмчилгээнд үүдэл эсийг хавсарч хэрэглэдэг. Ингэснээр дараагийн эмчилгээнд хүндрэл үүсэхээс сэргийлж, эдгэрэх явцыг түргэтгэж өгдгөөрөө давуу талтай. Мөн чихрийн шижинтэй хүмүүсийн шүдний тулгуур эдийн асуудал, буйлны үрэвслийн эмчилгээний үед үүдэл эсийг эмчилгээндээ түлхүү ашигладаг. Согог засал, хүүхдийн болон насанд хүрэгчдийн шүдний бүх төрлийн эмчилгээг манай эмнэлэг хийж байна. Эмнэлгийн маань баримталдаг зарчим бол ямар ч өвчнийг хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэхийг зорьдог. Бас амны хөндийг бүрэн эрүүлжүүлснээр ирээдүйд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

-Эмчилгээнүүдтэй хавсарч хийгээд байгаа үүдэл эсийн талаар мэдээлэл өгөөч. Энэ эсийг эмчилгээнд хэрхэн ялган авч ашигладаг вэ?

- Юуны өмнө “Үүдэл эс гэж юу вэ” гэдэгт тодорхой ойлголт өгье. Хүний биеийн эрхтэн тус бүрд өөрийн гэсэн үүрэгтэй, өвөрмөц чанартай үүдэл эс байдаг. Энэ эс нь бидний биеийн олон төрлийн эсийг бий болгох замаар өдөр тутам эрүүл аж төрөх, амьдрах түлхүүр болж байдаг. Эдгээр эс нь бидний биед байнга явагдаж байдаг олон шаттай үйл ажиллагааны явцад гэмтсэн, хөгширсөн эсүүдийн оронд шинэ залуу, эрүүл эсүүдийг үүсгэх байдлаар биологийн байнгын процесст оролцож байдаг. Жишээ нь, ямар нэгэн гэмтлийн үед арьс эргэн төлжих үйл явц амжилттай болж байгаа нь үүдэл эсийн ажиллагаа юм. Тэгэхээр үүдэл эс нь нэг ёсондоо “Эсийн эх уурхай” гэж хэлж болно. Орчин цагт анагаах ухаан, эмчилгээнд хэрэглэгдэж байгаа хэд хэдэн төрлийн эрхтний гаралтай үүдэл эс байна. Үүнд, захын цус, ясны чөмөг, өөхний эд болон эхэс-хүйн судас зэрэг орно. Эдгээрээс өөхний эдээс үүдэл эсийг ялган авахад өвчтөнд зовуурь  багатай, олдоц ихтэй. Хүссэн үедээ өөхнөөсөө үүдэл эс ялган авах боломжтой. Дээрээс нь эсийн гарц сайн байдаг. Хангалттай тоогоор авахын тулд эдээ ахиу авч болно. Хамгийн гол нь хавдар болох магадлал бага. Эдгээр давуу талыг нь харгалзаад өөхний эдээс ялган авсан үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх аргыг Монголдоо нэвтрүүлэхээр бид ч гэсэн хичээн ажиллаж байна. Жишээлбэл, ялган авсан үүдэл эсийг хүний эрүү, хоншоорын яс нөхөх эмчилгээ зэрэгт хэрэглэж байна.

-Үүдэл эсийг эмчилгээндээ хэдий үеэс ашиглаж эхэлсэн бэ?

- Дэлхийн олон оронд энэ салбар маш эрчимтэй хөгжиж байна. Харин манай улсад орой боловч үүдэл эсийн судалгаа шинжилгээ, эмчилгээний арга барил тодорхой түвшинд хөгжиж байна. Тухайлбал, Монгол Улсад хамгийн анх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  Ардын эмч Н.Оюундэлгэрээр ахлуулсан, түүчээ баг хамт олон ясны чөмөг болон захын цуснаас үүдэл эсийг ялгаж аваад цусны хавдартай хүмүүсийг эмчлэх эмчилгээг нэвтрүүлсэн. Энэ төрлийн эмчилгээг цусны хавдартай 30 орчим хүнд үр дүнтэй, амжилттай хийсэн гэж бүртгэгдсэн байдаг. Манай эмнэлгийн хувьд 2019  оноос өөхний эдээс  үүдэл эсийг ялган авч эмчилгээнд хэрэглэх аргыг нэвтрүүлж нутагшуулсан. Ганцхан нүүр ам гэхгүй ерөнхий биеийн өвчлөлд үүдэл эсийг мөн ашиглаж байна. Үе мөчний өвчин, харвалт зэрэг өвчлөлийн үед болон дархлаа тогтворжуулах зорилгоор мөн үүдэл эсийг эмчилгээндээ түлхүү ашиглаж байна. Манай эмнэлгийн хувьд дэргэдээ шүдний эмнэлэгтэй учраас үүдэл эсийг шүдний эмчилгээ болон гоо сайханд мөн түлхүү ашигладаг.

-Хүний биеэс үүдэл эсийг хэрхэн ялган авдаг вэ?

-Хэвлийн өөхний эдээс бага зэргийг соруулан авч тусгай лабораторид үүдэл эсийг ялган эмчилгээндээ шууд хэрэглэдэг. Үүдэл эсийг тодорхой орчинд найм хүртэлх цаг хадгалах боломжтой байдаг.

-Хэвлийн хэсгээс өөхний эд авна гэхээр хүмүүс эмээж магадгүй. Өөхний эдийг соруулахдаа зүсэлт хийх үү. Хүнд сөрөг нөлөөтэй юү?

-Үүдэл эсийн эмчилгээ хавсран хийх шаардлагатай хүнд урьдчилж бүх төрлийн шинжилгээ хийнэ. Эрсдэлийг тодорхойлж тухайн хүнд үүдэл эсийг ашиглах боломжтой гэсэн хариу гарвал хэвлийн хэсэгт таван мм-ийн зүсэлт хийн тусгай шприцээр соруулж авдаг. Тэгэхдээ энэ нь гоо сайхны өөх соруулах хагалгаанаас ялгаатай, хэсэгчилсэн газрын мэдээ алдуулалттайгаар ажилбараа хийдэг. Эдийг өөрөөс нь авч байгаа тул сөрөг нөлөөгүй.

-Ярилцлагаа хүүхдийн шүдний эмчилгээгээр үргэлжлүүлье. Танай эмнэлэгт хандсанаар хүүхдийн шүдний ямар асуудлыг шийдвэрлэж өгөх вэ?

-“Шүд эрүүл бол бие эрүүл” гэдэг. Манай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн олонх нь шүдний гажиг, шүд цоорлын шалтгаантайгаар ирдэг. Өсвөр насныхны хувьд шүдний паалангийн эрдэсгүйжилттэй харагддаг. Энэ нь шүдний гадаргууд өнгөр удаан тогтсонтой холбоотой. Тиймээс хүүхдийн шүдийг шүдлэх үеэс нь эхлээд анхаарвал олон төрлийн эрсдэлээс сэргийлж чадна. Цаашлаад эрүү нүүрний согог үүсэхээс хамгаалж болно. Хүмүүс хүүхдийн сүүн шүдийг цоорохоор авахуулах гээд байдаг. Гэтэл энэ нь олон сөрөг үр дагавартай. Шүдээ авахуулахаас аль болох татгалзаж эмчилгээ хийлгээрэй гэж юуны түрүүнд зөвлөе. Сүүн шүд эрүүл бол байнгын шүдний ургалт хэвийн байдаг. Тэгэхээр хүүхдийн шүд ургаж эхлэх үеэс маш сайн арчилгааг хийн, анхаарах шаардлагатай. Мөн шүд өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж эмчид үзүүлбэл эрүүл мэндэд ч тустайгаас гадна санхүүд ч хэмнэлттэй.

 

Шүдээ авахуулахаас аль болох татгалзаж, эмчилгээ хийлгээрэй

 

-Ер нь хүүхдийн шүдийг ямар хугацаанд эмчид үзүүлбэл зохимжтой вэ?

-Зургаан сард нэг удаа эмчид тогтмол үзүүлснээр шүдээ эрүүл байлгах боломжтой. Гэтэл хүмүүс ихэвчлэн хүндэрсэн, өвчлөөд эхэлчихсэн үед эмчид ханддаг. Ер нь хүүхдүүд эмч, эмнэлгийн ажилтан болон тариур-зүүнээс их айдаг. Гол нь яагаад айдастай болсон байна гэдгийг би хувьдаа харахдаа өвчин орж, хүндэрснийхээ дараа ирж байгаа болохоор шууд хүнд хэлбэрийн эмчилгээнд орсноор хүүхдийг айлгадаг. Тиймээс тогтмол хянуулж байснаар хүүхдийг эмч, эмнэлгээс айдастай болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Бид эмнэлгийнхээ байнгын үйлчлүүлэгчидтэй энэ төрлийн зөвлөгөөг өгч хүүхдийнх шүдийг анхнаас нь эрүүл байлгах, цаашлаад хүнд хэлбэрийн цоорол, өвчлөлөөс сэргийлдэг. Манай эмнэлэг хүүхдийн нас, сэтгэл зүйг анхааран түүнд тохируулан эмчилгээ хийхийг зорьж ажилладаг. Тухайлбал, анх удаа эмнэлэгт хандаж байгаа хүүхдийн шүдийг шууд  үзэхээс илүү эмчилгээний багажинд дасах боломжийг олгож, тэдний дуртай тоглоом, сонирхдог зүйлтэй нь харьцуулах байдлаар айдас үүсгэхгүйгээр ажилладаг. Нэгэнт өвдөөд, хүндрээд ирсэн хүүхдүүдийг аль болох хүчээр биш эвээр эмчлэхийг хичээн ажилладаг.

-Эцэг, эхчүүдийн түгээмэл гаргадаг дутагдлыг нэрлэвэл?

-Хүүхдийн хувьд холимог зуултын үе гэж байдаг. Энэ нь сүүн шүд бүрэн солигдож дуусаагүй зарим нэг байнгын шүд шүдэлсэн (байнгын нэг дүгээр их араа буюу араасаа хоёр дахь шүд) байх үеийг хэлдэг. Энэ үед эцэг, эхчүүд энэхүү байнгын шүдийг сүүн шүдтэй андуурч хайхралгүй орхих тал элбэг байдаг. Гэтэл тэр араа нь бидний насан туршдаа зажлах үүргийг гүйцэтгэдэг гол шүдний нэг байдаг байтал сүүн шүд гэж андууран хүмүүс цоорлын хүндрэлийн улмаас авахуулчихсан байдаг. Энэ шүд мөн нүүрний тэгш хэмийг хадгалж, хазалтын өндрийг тодорхойлдог чухал үүрэгтэй. Тиймээс энэ шүдийг авахуулахаас сэргийлж байх хэрэгтэй. Араа шүд нь гүн ховилтой байдаг учраас хэдий сайн арчилсан ч тухайн ховилыг бүрэн цэвэрлэж чаддаггүй. Тиймээс урт хугацаандаа тухайн хэсэгт өнгөр тогтож, эрдэсгүйжил явагдсанаар цоорох эрсдэлийг үүсгэж байдаг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга нь тухайн шүд дөнгөж гарч ирэх үед хамгаалах түрхлэг түрхүүлэх, цоорлоос сэргийлэх ломбо хийлгэж болдог. Энэ нь цоорлоос урьдчилан сэргийлэх хамгийн энгийн, хялбар арга юм.

-Холимог зуулт гэж юуг хэлээд байна вэ?

-Сүүн шүд болон байнгын шүд зэрэгцэж байгааг холимог зуулт гэж нэрлэдэг. Сүүлийн үед хүүхдүүдэд эрүү нүүрний гажгаас гадна шүдний эгнээний гажиг түгээмэл тохиолддог болчихсон. Энэ хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийнхээ шүдийг эмчид тогтмол үзүүлж хэвших зайлшгүй шаардлагатай.

-Хүүхдийн шүд муруйж, давхар­лаж ургах зэрэг нь юунаас шалтгаалдаг  вэ?

-Сүүн шүдний арчилгаатай холбоотой.  Мөн хүүхдийн шүдийг авахуулж ер болохгүй. Үүнээс болж амны хөндийн олон асуудал үүсдэг. Цоорлын хүндрэлээс шалтгаалаад тухайн шүд хугацаа нь болоогүй байхад унах эсвэл авахуулснаас байнгын шүдний ургалт өөрчлөгддөг. Мөн бидний хоол хүнсэндээ хэрэглэж байгаа зүйлс шүдний ургалттай салшгүй холбоотой. Эрт дээр үеэсээ бид цагаан идээ ааруул зэргийг ихээр хэрэглэдэг байсан. Энэ нь эрүүний булчин хөгжих, шүд бэхжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ. Гэтэл одоо хүүхэд багачууд маш их нүүрс ус, чихэр агуулсан олон тооны хүнсний бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр хэрэглэдэг болсон. Бас эцэг, эхчүүд хүүхдээ байнга шахуу зутангаар хооллож байгаа зэрэг нь эрүү хоншоорын хөгжилд сөргөөр нөлөөлснөөр байнгын шүд эгнээндээ багтахгүй гажиг үүсдэг.

 

Үүдэл эсийн эмчилгээг хүн бүрд зөвлөдөггүй

 

-Үүдэл эстэй хавсарч хийдэг шүдний эмчилгээг хэдэн наснаас эхлэн хийдэг вэ?

-Үүдэл эсийн эмчилгээг хүн бүрд зөвлөдөггүй. Насанд хүрсэн хойноо шүдээ авахуулсан бол ясны шимэгдэл харьцангуй гайгүй байдаг. Энэ үед заавал үүдэл эс гэхгүйгээр манай эмнэлгээс PRP /Platelet-rich plasma - Тромбоцит эсээр баялаг сийвэн/ эмчилгээг импланттай хавсарч хийдэг. Харин үүдэл эсийг чихрийн шижинтэй хүмүүст санал болгодог. Учир нь, энэ өвчний үед буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн шимэгдэл маш их, шарх эдгэрэх явц удаан байдаг юм. Эдгээр эрсдэлээс сэргийлэхийн тулд үүдэл эсийн эмчилгээг хавсарч хийдэг.

-Тэгвэл танай эмнэлэг насанд хүрэгчдэд ямар эмчилгээ санал болгодог вэ?

-Манай эмнэлэгт шүд цоорол, тулгуур эдийн эмчилгээ, буйл тайрах, бүрээс хийлгэх, имплант зэрэг бүх төрлийн эмчилгээ хийлгэх боломжтой. Мөн насанд хүрэгчдэд амны хөндийн эрүүл мэндээс гадна гоо сайхны асуудлаа шийдэхэд нь ч тусалдаг. Нүүр болон хуйханд үүдэл эсийн болон PRP эмчилгээг санал болгож байна.

-Ярилцлагын төгсгөлд та амны хөндийг хэрхэн эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Юуны түрүүнд шүдний сойзоо зөв сонгох хэрэгтэй. Мөн шүдээ зөв угаах нь маш чухал. Дээр нь шүдний утсыг хэрэглэж хэвшихийг зөвлөж байна. Шүдний утсыг хүүхдийг сүүн шүдтэй байхаас хэрэглэж дадуулах нь чухал. Яагаад гэвэл, хүн сойзоор шүдээ бүрэн угааж чаддаггүй. Хонхор хэсэгт эсвэл завсраар нь угаагдахгүй хоцорчихдог. Энэ тохиолдолд шүдний утас хэрэглэснээр өнгөр тогтох, завсрын цоорлоос сэргийлнэ. Зажлах гадаргын цоорлоос илүү завсрын цоорол ил харагдахгүйгээр шүдний өвчлөлийг даамжруулах эрсдэлтэй. Тиймээс завсрын цоорлоос сэргийлэхийн тулд шүдний утас хэрэглэхийг зөвлөж байгаа юм.

-Шүдний утсыг хүмүүс зайтай болгочихдог, буйл гэмтээдэг гээд халгаад байдаг?

-Тиймээс утасныхаа ширхгийг насны онцлогт тохируулан зөв тааруулах хэрэгтэй. Бас зөв техникээр цэвэрлэх нь хамгийн чухал. Энэ талаар бид үйлчлүүлэгч болгондоо зөвлөгөө өгдөг. Түүнээс гадна хүмүүс шүдний чулуунд ач холбогдол өгдөггүй. Гэтэл шүдний чулуу бол шүлсний эрдэс, өнгөр хоёроос үүссэн зүйл юм. Энэ нь удаан хугацаанд хадгалагдсаар шүдний чулуу болчихдог. Шүдний чулуу доод шүдний дотор талын гадаргууд нэлээд хуримтлагддаг. Энэ хэсэгт үүссэн чулуу буйл, түүшин ясыг гэмтээдэг. Ингэснээр шүд хооронд зай үүсэж, паалангүй хэсэг ил гарахаар мэдрэгшин, түүшин яс шимэгдэх эрсдэл үүссэнээр эцэст нь шүд хөдөлгөөнд орж унадаг. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж, шүдээ тогтмол цэвэрлүүлж байх нь чухал юм.

Байгууллагын нэр: HFS үүдэл эсийн клиник

Зорилго: Дэлхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтад тулгуурласан шинэ дэвшилтэт, аюулгүй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ үйлчилгээг

хүн бүрд хүртээх

Цахим шуудангийн хаяг: contact@stemcellmongolia.com

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, “Юнион бюлдинг” Б блок, 203 тоот

Утасны дугаар: 976-70141881; 976-88261881

  Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/


0
angry
0
care
0
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын Дүрслэх урлагийн төв академийн төгсөгчдийн үзэсгэлэн нээгджээ 8 цагийн өмнө
Монголбанк бодлогын хүүг 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа 8 цагийн өмнө
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг өрг… 8 цагийн өмнө
Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ 10 цагийн өмнө
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ 12 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Намын бүлгүүд хуралдана 17 цагийн өмнө
Ном бичгийн үйл эхлэхэд сайн 18 цагийн өмнө
Намайг үгүй болоход 2024/05/10
Уран нугаралтын түүхийг бүтээгчид 2024/05/10
“Солонгын долоон өнгө шиг хөгжмийн долоон эгшгийн ярууг мэдрүүлнэ” 2024/05/10
Соёлын сайд Ч.Номин уриалга дэвшүүллээ 2024/05/10
Монгол руугаа нүүсэн нүүдэлчид 2024/05/10
Б.Амарзаяа: Тулаан болгон санаснаар өрнөхгүй, хэн нь ч ялж, бас ялагда… 2024/05/10
Товчхон 2024/05/10
Тэрбум модоо тэнгэрт тарих уу 2024/05/10
Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэс нь таримлын сэлгээ 2024/05/10
Д.Амарбаясгалан: Эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлнэ 2024/05/10
Хиймэл оюун ухаан роботын хөгжлийг түргэтгэв 2024/05/10
В.Путин тангараг өргөж, Засгийн газар нь огцорлоо 2024/05/10