Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн талаар УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспортод олон асуудал байжээ. Уурхайн амаар гаргахаас авахуулаад хил давуулах хүртэлх бүх шатанд хулгай, луйвар нүүрлэсэн байсныг сүүлийн хэдэн сар хангалттай ярилаа. Тэгвэл ийм байдлыг таслан зогсоох хууль эрх зүйн орчныг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар бүрдүүллээ гэж ойлгож болох уу?
-Манай улс 2022 оны эхний 11 сарын нэгдсэн статистикаар 10.2 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортолсон байна. Үүний дийлэнхийг төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудаар дамжуулсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” гэлтгүй уул уурхайн төрийн өмчит компани болгонд борлуулалтын гэрээ хийдэг, хаалттай байдаг зэрэг маш олон асуудал тулгардаг. Тогтолцооны хувьд ийм нөхцөл байдлыг шинэчлэх хууль нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гэж ойлгож болно. Аливаа улс оронд экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү либералчлах, арилжааг шударга зарчмаар явуулахын тулд биржээр дамжуулдаг. Бүгдийнх нь оролцоог хангах, ил тод, нээлттэй явуулахад биржийн арилжаа чухал гэж үздэг. Манай улсаас хамгийн их хэмжээгээр экспортолдог бүтээгдэхүүн бол нүүрс. Тиймээс цаашдаа шударга өрсөлдөөнийг хангасан зарчмаар буюу биржээр худалдаалах нь зүйтэй гэж үзсэн. Биржийн арилжаанд уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж буй төрийн болон төрийн бус өмчийн, орон нутгийн болон орон нутгийн бус өмчийн оролцоотой бүх компани оролцоно. Энэ тохиолдолд аль нэг төрийн өмчит компанийн захирал юм уу үнэлгээний комисс нэртэй дөрвөн хүн хаалттай хаалганы цаана борлуулалтын гэрээ хийхгүй, бирж шийддэг буюу нээлттэйгээр хамгийн өндөр үнэ санал болгосон нь тухайн арилжааг гүйцэтгэдэг болох юм. Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуулийг аль 2014 оноос боловсруулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бүтэн найман жилийн турш дуншсан энэ хуулийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориглон оруулж ирж УИХ-д өргөн барьснаар амжилттай батлагдсан. Хуулийн төсөл бэлэн болсон ч хэлэлцүүлэг явуулж, эцэслэн батлуулалгүй явсаар бүтэн найман жилийн хугацааг өнгөрөөчихсөн байна шүү дээ. Энэ хуулийг эцэслэн баталснаар уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах, тогтолцооны шинэчлэл хийхэд бодит алхам хийсэн ажил болсон.
-“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотойгоор нүүрсээ хэт бага үнээр зарлаа, амны үнээр зарах хэрэггүй гэх мэт шүүмжлэл гардаг. Цаашид биржээр арилжаалснаар энэ асуудал цэгцрэх үү?
-Тэгэлгүй яахав, ийм нөхцөл байдлыг тогтолцоогоор нь шийдэх шийдэл мөн. Биржээр арилжаалж байгаа бүх бүтээгдэхүүнийг хилийн үнээр арилжаална гэсэн үг. Дэлхийн зах зээлийн ханшийн дагуу үнэ тогтоогдоно. Ингэснээр цаашид жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ амны үнээр зарахгүй. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүх компани ийм зарчмаар нүүрсээ арилжаална. Ингэж байж төрийн өмчийн компаниудын гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн өндөр үнээр борлуулах боломж, нөхцөл хангагдах юм.
-Энэ хуулийг мөрдөж эхлэхээс өмнө туршилтын арилжаа явуулах юм билээ. Бэлтгэл ажил хангагдсан уу, хэзээнээс эхлэх вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Гэхдээ энэ хугацааг хүлээлгүйгээр Монгол Улсын Засгийн газраас гаргасан 362 дугаар тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг цахимаар яаралтай арилжаалах үүргийг Ерөнхий сайдаас өгсөн. Үүний дагуу Засгийн газраас түр журмыг баталсан. Ингэснээр энэ сараас эхлэн “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн Тавантолгойгоос гадна хувийн хэвшлийн “Энержи ресурс” зэрэг компани сайн дурын үндсэн дээр Гашуун сухайт боомт дахь чингэлэг тээврийн терминалаар гаргаж байгаа нүүрсээ цахимаар арилжаална. Ингэхдээ Монголын хөрөнгийн биржийн буюу анхдагч арилжааны платформыг ашиглах юм. Энэ ажлын хүрээнд цоо шинэ төрийн өмчит компани бий болгохоос илүү 30 жилийн туршлагатай Монголын хөрөнгийн биржээр дамжуулъя гэж байгаа юм. Саяхан IPO хийж, 34 хувиа олон нийтийн эзэмшилд оруулсан Хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжааг явуулах нь зүйтэй гэж хуульдаа тусгасан. Тэгэхээр цаашид нүүрсийг цахимаар худалдаалах ажлыг Хөрөнгийн бирж хариуцан ажиллана гэсэн үг. Хөрөнгийн бирж үнэт цаас арилжаалдаг байсан бол одоо уул уурхайн бүтээгдэхүүн нэмэгдлээ. Үндсэндээ төрөлжсөн бирж болж хөгжих нөхцөлийг бүрдүүлчихлээ гэсэн үг. Төрийн болон төрийн өмчийн, орон нутгийн болон орон нутгийн өмчит компаниуд гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр дамжуулан худалдаална. Энэ бол хуулийн шаардлага. Харин хувийн хэвшлийнхэн сайн дурын үндсэн дээр биржийн арилджаанд оролцоод явна гэсэн үг.
-Нүүрсний хулгай нэг өдөр гарчихаагүй. Тиймээс цаашид гаргахгүй байх нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлэх байх. Биржийн арилжааг дэлхийн жишигт нийцүүлэн явуулах боломжтой юу?
-Биржээр бүтээгдэхүүнээ арилжаалж буй бүх компани хилийн үнээр нүүрсээ борлуулна гэсэн үг. Нүүрсний хулгай гэж яриад байгаа боловч үүний цаана маш олон асуудал бий. Тухайлбал, амны үнээр нүүрсээ борлуулж байгаа нь дэлхийн жишигт нийцэхгүй байна, өөрөөр хэлбэл бага ханшаар борлуулж байна гэдэг. Жишээлбэл, уурхайн амнаас хил хүртэлх 260 км замд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэхдээ богинын, уртын гэх зэргээр тээвэрлэлтийн далд эдийн засаг үүсчихлээ гээд байгаа шүү дээ. Тиймээс энэ бүхнийг тогтолцооны хувьд шийдэхийн тулд хилийн үнээр зарах нь чухал байгаа юм. Дэлхий даяар уул уурхайн бүтээгдэхүүний 200 гаруй таваарын бирж бий. Ялангуяа 2000 оноос хойш буюу сүүлийн 20-оод жил экспортод тулгуурлаж хөгжсөн олон орон байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас гадна уул уурхайн бүтээгдэхүүн, металл, байгалийн хий зэргийг илүү чөлөөт өрсөлдөөнөөр, ил тод, зах зээлийн зарчмаар худалдаалахын тулд таваарын биржийг олноор байгуулж байна. Таваарын бирж нь худалдагч, худалдан авагч хоёрыг маш хурдан хугацаанд холбож өгөх буюу дундын зуучлал багатайгаар үр өгөөжтэй хэлбэрээр зохион байгуулдаг давуу талтай. БНХАУ 1993 оноос маш олон таваарын биржийг байгуулсан байдаг. Үүнээс хойш тэдгээр бирж нь зах зээлийнхээ зарчмаар цэгцлэгдээд өнөөдөр дэлхийн таван том биржийн гурав нь БНХАУ-ынх болсон байх жишээний. Даляний таваарын биржид гэхэд бүх төрлийн бүтээгдэхүүн бий. Ургамлын тосноос авахуулаад газрын тос, нүүрс гээд тухайн улсад байгаа бүх л төрлийн бүтээгдэхүүнийг энэ биржээр худалдаалж байна. Манай улс үүний адилаар уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр худалдаалж эхэлснээр нүүрсний арилжаа ил тод болно л гэсэн үг. Үр дүнд нь эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь нэмэгдэнэ гэж ойлгож болно.
-Манай улс энэ оны төсөвт 36 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан. Биржийн арилжааг тогтмолжуулснаар энэ хэмжээнд хүргэх, цаашлаад давуулан биелүүлэх боломж бий юү?
-Боломжтой байлгүй яах вэ. Сүүлийн зургаан сарыг харахад төлөв байдал маш эергээр эргэчихлээ. 2022 оны төсвийг тодотгож байхад 18 сая тонныг л гаргах болов уу гэсэн тооцоололтой байсан. Гэтэл 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар Монгол Улс 30.3 сая тонн нүүрс экспортолчихсон байна. Гүйцэтгэлээ 162 хувиар давуулан биелүүлсэн байгаа биз. Урд хөршийн зүгээс “Тэг ковид”-ын бодлогоо зөөлрүүлж, хил гаалийн нөхцөлөө сулруулснаар нүүрсний экспорт сайжирсан. Нэгдүгээр сарын 8-наас БНХАУ хилээ нээхээр болсон. Тийм учраас төсөвт тусгасан 36.5 сая тонныг экспортлох хангалттай хүчин чадал байна. Хил, гаалийн нөхцөл байдал дээрдвэл цаашид үүнээс ч илүүг гаргах боломжтой. Дэлхий даяар жилд найман тэрбум нүүрс хэрэглэдэг. Эрчим хүчний болон коксжих нүүрс ороод ийм дүнтэй байдаг. Гэтэл үүний дөрвөн тэрбумыг БНХАУ дангаараа хэрэглэдэг. Эргээд 90-ээс дээш хувийг нь БНХАУ өөрөө олборлодог. Дөрвөн тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй улсад манайх 36.5 сая тонныг экспортлох талаар л яриад байгаа юм шүү дээ. Энэ тоогоо хоёр дахин нэмээд гаргасан ч урд хөрш шингээж авах бүрэн боломжтой, хангалттай том зах зээл.
-Олон жил дарагдсан ч бие даасан хуультай болж чадлаа. Цаашид хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ, хуулиа мөрдүүлэх нь хуулиасаа ч чухал гэдэг шүү дээ?
-Энэ хуулийн хэрэгжилтэд давуу тал бий. Учир нь мөрдөж эхлэх хугацааг ирэх долдугаар сарын 1 гэж заасан. Харин үүнээс өмнө Засгийн газраас түр журам баталсан. Ингэснээр долдугаар сар болтол туршилтын арилжааг явуулъя гэж байгаа юм. Хагас жил туршилтаар арилжаалчихаар аливаа алдаа дутагдлыг олж харахаас авахуулаад сургамж авах зүйлс ч гарч таарна. Цахим арилжааг эхлүүлснээр Гашуунсухайт боомтоор гаргаж буй нүүрсний 30 хувийг л арилжаалахаар төлөвлөж байна. Алдаа оноогоо олж хараад, засаж залруулаад явах бүрэн боломжтой гэж үзсэн. Долдугаар сарын 1-нээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээ байгуулаад нүүрсээ худалдаалаад эхлэхэд бүрэн боломжтой. Туршилтын арилжаа хийж байгаа нь бид энэ ажлыг үе шаттайгаар, үр дүнтэйгээр явуулах гэсний илэрхийлэл гэж ойлгож болно.
-Гарч болох эрсдэлийг тооцож, туршилтын арилжаа хийх гэж байгаа гэсэн үг үү?
-Биржийн арилжааг албан ёсоор эхлүүлэхээс өмнө бид туршилт хийж үзье л гэж байгаа юм. Хөрөнгийн биржээр нүүрсээ арилжаалаад эхлэх нь байна шүү дээ. Гэтэл энэ нь өөрөө зохицуулалттай зах зээл. Хөрөнгийн, үнэт цаасны, арилжааны зах зээл өөрөө заавал зохицуулалттай байдаг. Бүх улс оронд ийм л байдаг. Харин зохицуулалттай байгууллагын хяналтыг СЗХ тавьдаг. СЗХ бол УИХ-ын дор байдаг, хуулиараа эрх бүхий байгууллага хяналтын үүрэг гүйцэтгэж ажилладаг. Уул уурхайн бирж дээр СЗХ хяналтаа тавиад явах юм. Учир нь бусад оролцогч тал болох Хөрөнгийн бирж, брокер диллерийн компаниуд бүгд СЗХ-ноос зөвшөөрөл авдаг хуулийн этгээд учраас тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд хяналт тавих субьект нь СЗХ байх юм.
-Энэ хуулийн дагуу төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд бүтээгдэхүүнээ биржээр худалдаална. Харин хувийн хэвшлийнхэн сайн дурын үндсэн дээр гэхээр оролцохгүй байж болно гэсэн үг үү?
-Асуудал нь хувийн хэвшилд биш төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудад байгаа юм шүү дээ. Тийм ч учраас хувийн хэвшлийнхнийг цахим арилжаанд оролц гэж шахаж болохгүй. Төрийн өмчийн оролцоотой компаниуд хувийнхан шигээ борлуулалтын гэрээгээ ямар ч асуудалгүй хийчихдэг бол өнөөдөр бид нүүрсний хулгай нүүрлэчихлээ гэж яриад суухгүй байсан байх. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар 10.2 сая тонн нүүрс гаргасны дийлэнх нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудынх. Манай улсаас гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнх нь мэдээж нүүрс, зэс байдаг. Үүнээс нийт гаргаж буй нүүрсний 50 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” бүрдүүлдэг. Зэсийн хувьд “Оюутолгой”, “Эрдэнэт”-ээс гардаг. Гэтэл энэ хоёр хоёулаа төрийн өмчийн оролцоотой. Ингээд нүүрс, зэсийн дийлэнхийг төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудаар дамжуулан гаргаж байгаа учраас асуудал үүсээд байгаа юм.
-Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нүүрсний арилжааг нээлттэй, ил тод болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүллээ гэж ойлгож болох уу?
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль бол УУХҮЯ-наас Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан хууль. Тэр дундаа аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд энэ хуулийг батлан гаргахаар төлөвлөсний дагуу процесс өрнөж байна гэж ойлгож болно. Нөгөө талаас энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Боомтын сэргэлтэд бодит хувь нэмэр оруулах юм. Өөрөөр хэлбэл, хилийн нөхцөлөөр, боомтоор бүтээгдэхүүнээ арилжаална гэдэг нь боомт илүү ач холбогдолтой болно. Дагаад дэд бүтэц шаардлагатай болно. Энэ хуулийн анхны концепц нь 100 хувь төрийн өмчит шинэ компани байгуулах байсан. Төр хэмнэлтийн горимд шилжсэн энэ үед дахиад нэг төрийн өмчит компани байгуулаад төсөв батлуулаад, олон хүн цалинжуулаад явах шаардлагагүй. Хэмнэлтийн горимоо баримтлаад Монголын хөрөнгийн бирж гэсэн 30 жилийн туршлагатай, арилжаа хийж байгаа платформ бидэнд байна. Тиймээс хөрөнгийн биржийн арилжааг цаашид төрөлжүүлээд явъя гэж шийдсэн. Ийм жишээ дэлхийд олон бий. Тухайлбал, Польшид Воршавын хөрөнгийн биржийг Засгийн газар нь 35 хувь эзэмшдэг, энэ биржийнхээ доор таваарын биржээ давхар явуулдаг. Туркийн жишээ ч байна. Тиймээс бид энэ сайн жишгийг өөрийн боломжид суурилан үргэлжлүүлье, төр өөрийн тогтолцоог улам төгөлдөржүүлж явах нь зөв. Уул уурхайн бүтээгдэхүүний биржид тусдаа төсөв зарцуулахгүйгээр, байгаа боломж нөхцөлөө ашиглана.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/