Т.Гэрэлцэцэг: Дуурийн театр, симфони оркестрын түүхэн дэх анхны эмэгтэй удирдаач нь би


Дуу хөгжмийн аялгуу сүлэлдэн байдаг Дуурь, бүжгийн эрдмийн театрын гурван давхрын нэгээхэн хэсэгт нам гүм ноёлно. Тэндхийн нэг өрөөнд театрын удирдаачид суух агаад олон цаг үргэлжилсэн бэлтгэлээс түр амсхийх орон зайг энд бүрдүүлжээ. Ийм нэгэн аниргүйд  орших саруулхан өрөөнд энэ цагт сонгодог урлагт хүчин зүтгэж буй Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, түүний охин Соёлын тэргүүний ажилтан, удирдаач Т.Гэрэлцэцэг нар суух аж. Аавынхаа мэргэжлийг өвлөж, Монголын анхны эмэгтэй удирдаачийн намтрыг эхлүүлж буй удирдаач Т.Гэрэлцэцэгийг “Сонгодог урлаг” буландаа урьж, ярилцсан юм. 

-Эмэгтэй хөгжимчдийн төдийлөн барьж авч зүрхэлдэггүй мэргэжлийг сонгон суралцах шийдвэрийг гаргасан үеэс тань ярилцаж эхлэх үү?

-Би 1988 онд Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид элсэж, 1997 онд УДБЭТ-т концертмейстерээр 17 настайдаа ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш театртаа 25 дахь жилдээ ажиллаж байна. Анх балетын концертмейстерээр ажиллах амаргүй байсан ч уйгагүй бэлтгэл хийсний дүнд олон бүтээлийн ард гарч чаджээ. Гаднын улс орнуудад ихэвчлэн эрэгтэй хүн балетын концертмейстерээр ажилладаг. Яагаад гэвэл, бүхэл бүтэн оркестрыг төлөөлж тоглодог учраас маш их хүч, тэвчээр шаарддаг юм. Харин төгөлдөр хуурч хүн удирдаач болоход  хамгийн дөхөм байдаг. Учир нь, удирдаач хүн  партитур /удирдбар/ -аа маш сайн судалсан байх шаардлагатай. Балетын концертмейстер байсан маань энэ тал дээр надад давуу талыг бий болгодог. Намайг удирдаач болохыг түрүүлж харсан хүн нь аав маань. Түүнээс биш би удирдаач болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Концертмейстерээрээ ажиллана гэдэг л бодолтой  явсан даа.

-Удирдаач болох сэдлийг төрүүлсэн хүн нь Туулайхүү гуай байж. Харин та удирдаач болно гэдэгт өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Аав миний эргэлзээг арилгасан. Үнэхээр ч чадчих юм шиг санагдаад СУИС-д элсэн орж оюутан болсон гурав дахь жилдээ оюутны “Учиртай гурван толгой” дуурийг удирдсан нь надад итгэл төрүүлж дараа нь театртаа “Щелкунчик” балетын удирдаачаар анх ажилласан. Тэр үед оркестрынхоо өмнө гарахдаа яг анх удаа тайзан дээр гарч байгаа юм шиг санагдаж, гар чичирч байсан шүү. Их сандарснаа одоо хүртэл мартдаггүй юм.

-Үзэгчийн өнцгөөс удирдаачийг ажиглахад уран бүтээл дээр ажиллаж байгаа үедээ бүх мэдрэхүй нь ажилладаг юм шиг харагддаг. Ийм их ачааллыг дааж ажиллах эмэгтэй хүнд тийм ч амар даваа биш?

-Би өөрөө удирдаач болоод аавыгаа ойлгосон. Аавыгаа тоглолтын дараа “Тархиа амраана, салхинд гарна” гээд ганцаараа явахад нь “Ямар зожиг юм бэ” гэж боддог байсан. Гэтэл одоо өөрөө тийм орчныг хайж өрөөндөө ганцаараа суудаг болчихоод байна. Тоглолттой үед гэр орныхоо талаар бодохгүй. Театртаа аль болох эрт ирж партитураа эхнээс нь гүйлгэж харна, өөрийгөө төвлөрүүлнэ. Хоол идчихвэл цатгалдаад бүтээлч байдал алдагдчихаад байдаг талтай. Тиймээс тоглолттой өдрөө бараг юм иддэггүй. Ходоод хоосон байвал бие хөнгөн юм шиг санагдаад байдаг юм.

-Удирдаач болгон өөрийн гэсэн онцлогтой. Уцаартай, эрчтэй, зөөлөн, хөнгөн гэх мэтээр олон янз харагддаг. Харин та ямар зан төрхтэй удирдаач гэж өөрийгөө боддог вэ?

-Би тайван, зөөлөн талдаа... Удирдаач хүн сэтгэлийн хөөрөлд хэт автаж болохгүй. Эсрэгээрээ хэт контролдоод байхаар хөлдүү, хөшүүн маягтай болчих гээд байдаг талтай. Тиймээс аль болох зөөлөн байхыг хичээдэг. Энгийн үед хүмүүсийг загнаж ундууцах дургүй. Мэдээж, удирдаачийн хувьд тавих ёстой шаардлагаа тавина. Тэрийгээ аль болох эвээр ойлгуулж, илэрхийлэхийг хичээдэг. Өөрийгөө бодсон ч дандаа уурлаж уцаарлаад байвал бие тавгүйрхэнэ биз дээ. 

-Таны дохиурыг хараад асуухгүй өнгөрч чадахгүй нь. Гар хийцийнх юм шиг харагдлаа. Хэн танд зориулан ийм дохиур хийж өгөв?

-Аавын минь надад зориулан хийж өгсөн дохиурууд л даа. / хэд хэдэн дохиурыг гарган ирж үзүүлэв/  Үйлдвэрийн дохиурыг барихад эвгүй байдгийг аав мэддэг. Тиймээс үүсэн бөглөө ашиглан надад гарт эвтэйхэн хэд хэдэн дохиур хийж өгсөн. Аав бид хоёр их хичээл хийнэ. Тэгэхдээ миний гарын байрлал, хөдөлгөөнд их анхаарал хандуулдаг. Өөрийг нь сурч байхад багш нь гарын хөдөлгөөн, техникт нь их анхаардаг байсан гэсэн. Манай аавыг хүмүүс “Гоё гартай удирдаач” гэдэг. Зөөлөн, хөнгөн, хурдтай гээд аав маань их онцлогтой удирдаач. Тиймдээ ч миний гарын  хөдөлгөөн, техник, илэрхийлэх байдалд их анхаарч ажилладаг.


-Та 2018 онд удирдаачаар төгссөн, Монголын анхны мэргэжлийн эмэгтэй удирдаач. Харин танаас өмнө мэргэжлийг нь судлаагүй ч дохиур барьсан эмэгтэй хэр олон байдаг юм бол?

-Дуурийн театр, симфони оркестрын түүхэнд би анхны эмэгтэй удирдаач. Түүнээс биш Монгол Улсын консерваторид Үндэсний оркестрын удирдаачаар М.Булган багш байна. Ер нь СУИС-д удирдаачаар суралцсан хүмүүс байдаг ч мэргэжлээрээ ажиллаагүй. Одоо Дорнод аймгийн оркестр эмэгтэй удирдаачтай. Хэн гэдэг уран бүтээлч, хэзээ төгссөн нь хамаагүй. Хамгийн гол нь театрынхаа уламжлалыг авч явах нь уран бүтээлч бидний үүрэг. Мөн дэлхийн театруудад тоглож байгаа шинэ бүтээлээс бид хоцорч болохгүй, хөл нийлүүлэн алхах нь бас бидний зорилго.

-Удирдаачийн хувьд өөр оркестртой ажиллаж  туршлага судлах бодол төрдөг байх?

-Би дуурийн театрт 25 дахь жилдээ ажиллаж байгаа боловч удирдаачаар тав дахь жилдээ ажиллаж байна. Зарим тохиолдолд миний удирдаачаар ажилласан жилээр хүмүүс ханддаг. Тавхан жил ажилласан юм чинь туршлага дутна гэдэг. Мэдээж, удирдаач концертмейстер хоёрт том ялгаа бий. Удирдаач хүн тоглолт хийх болгонд суралцаж, насан туршдаа сурдаг мэргэжил шүү дээ. Насны хувьд ч 45-аас дээш насныхан удирдаач болдог нь түгээмэл. Яагаад гэвэл, заавал мэргэжлийн хөгжимчин байх ёстой. Ажлын олон жилийн туршлагатай байх шаардлагатай. Миний хувьд энэ тохироо бүрдэж удирдаач болсон. Үндсэндээ 20 жилийг сурахад зарцуулж, хажуугаар нь концертмейстерээр ажилласан. Бас том ажлын ард гарсан нь гурван хөөрхөн хүүхдийн ээж болсон.

-Өнгөрсөн жил таныг бие давхар байхдаа тоглолт удирдаж байсныг санаж байна?

-Тийм ээ, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард долоон сартай бие давхар “Хунт нуур” балетыг удирдсан. Бас л чанга байсан шүү. Төрөөд удаагүй хүүхдээ хоёр сар хүргээд ажилдаа орсон. Тэгэхгүй бол формоо алдчих гээд байдаг. Тиймээс бид маш хурдан ажилдаа ордог. Эмэгтэй хүний хувьд хүндрэлтэй тал байдаг. Эрэгтэй хүн ямар нэг зүйлд сатааралгүйгээр ажилдаа төвлөрөх боломжтой. Харин эмэгтэй хүн ар гэр, үр хүүхэд гээд ажлаас гадна зайлшгүй анхаарал хандуулах зүйл  тулгардаг. Хүүхдүүд өсөөд ирэхээр гайгүй болох байх гэж бодож байгаа. Одоо бол заримдаа хоногийн 24 цаг багадаад байх юм аа. /инээв/

-Мэргэжлийн тал дээр аавын нөмөр нөөлөг их биз?

-Тэгэлгүй яах вэ. Сургуульд сурдаг байхад аав надтай их тулж ажилладаг байсан. Ажил дээр гарсан чинь харин зайгаа барьчихсан. Одоо бол холоос ажиглана. Тоглолт удирдаж байхад цөөн хэдэн минутын бичлэг хийчихнэ. Түүнийгээ дараа нь үзүүлж алдаа дуталдал байвал хэлдэг. Багш хүн болохоор эвээр хэлэх гэж их хичээнэ ээ. Манай аавын зорилго удирдаачийн арга барилаа хэн нэг хүнд өвлүүлэх байсан. Олон жилийн ажиглалтын дүнд би нүдэнд нь туссан шиг байгаа юм. Миний хувьд ч гэсэн анх төрж байсан эргэлзээ бүрэн арилж “Болох юм байна, чадах юм байна” гэсэн итгэлтэйгээр удирдаачаар ажиллаж байна. Мэргэжилдээ ч дурлаж эхэлж байна.

-Аавыгаа хэзээ хамгийн их баярлуулав?

-Мэргэжлийг нь өвлөж, нэг тайзан дээр хамтдаа гарч байгаад аав минь урамшиж, баярладаг байх даа. Мэдээж тоглолт болгон янз, янз. Зарим үед алдаа дутагдал гарна. Тоглолтоос урамших үе ч тохиолдоно. Тоглолтын дараа аав минь ихэвчлэн надад баяр хүргэдэг. Намайг урмаар тэтгэдэг.

-Та бусад улс орны эмэгтэй удирдаачийн тоглолтыг хэр их үздэг вэ?

-Удирдаач болгон өөрийн гэсэн онцлогтой. Би ааваараа заалгуулдаг ч Гэрэлцэцэг гэдэг хүний онцлог байх ёстой. Ажиглахад гаднын эмэгтэй удирдаачид ч гэсэн тийм арга барил, онцлогтой байдаг. Гэхдээ би эмэгтэй гэхээсээ илүү эрэгтэй удирдаачийн арга барилаас судалдаг. Ер нь удирдаачийн мэргэжил эршүүд байхыг шаарддаг юм шиг санагддаг. Аль болох зоригтой,  шийдэмгий байхыг шаарддаг. Миний хувьд голдуу Итали болон Оросын хуучны удирдаач нарын арга барилыг харж судлах дуртай. Өөрийгөө хөгжүүлж, хөглөхийн тулд байнга хөгжим сонсдог. 

-Таны эрэл хайгуул хийж,  өөрийгөө хөгжүүлдэг зан чанарыг төлөвшихөд нөлөөлсөн хүн хэн байв?

-Манай эмээ дуурийн театрын хийл хөгжимчин байсан. Эмээ маань намайг бага байхад хань татаж театрт дагуулж ирдэг. Сүүлд нь аав, ээж дуурийн театрт ажилласнаар миний бага нас Дуурийн театртай салшгүй холбогдсон. Багаасаа л тоглолт үзсэн. Тэр болгонд татагдсаар нэг мэдэхэд  өөрөө ч  сонгодог урлагийн хүн болсон. Одоо манай хоёр хүүхэд Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангид сурч байна. Заримдаа бага хүүхдээ өөр мэргэжилтэй болгоно гэхээр аав дургүйлхэнэ. Хүмүүс “Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр” гэдэг. Аав тэр нэг хувийн авьяас хүн бүрд заяадаггүй гэж үздэг. Тиймээс цаанаас ирсэн авьяасыг  хий дэмий орхиж болохгүй гэдэг юм. Тэгэхээр урлагийн хүний энэ өгөгдөл яалт ч үгүй үе дамжаад явах л юм байна гэж бодож байгаа шүү.

-Таны гэр бүлийн хүн ч гэсэн сонгодог урлагт хүчин зүтгэдэг?

-Тийм. Манай нөхөр А.Өлзий-Орших Дуурийн театрт балетын багшаар ажиллаж байна. Урлагийн хүнд гэр бүлийн дэмжлэг чухал байдаг. Нөхөр маань намайг маш их дэмждэг. Бас ээжийн нөмөр нөөлөг, ач тусгүйгээр яах байсныг мэдэхгүй юм. Ээж маань Дуурийн театрт хийлчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Миний өнөөдрийг бүтээлцсэн хүн гэж хэлэхэд буруудахгүй. Дүү бид хоёрын  амьдрал, ажил мэргэжилдээ хандах хандлага манай ээжийн хүмүүжилтэй холбоотой. Бас саяхныг хүртэл ээж минь удирдаачийн хувьд хамгийн шударга зөвлөгч байсан. Одоо тэтгэвэрт гарсан ч зөвлөдөг хэвээрээ. Хүүхдүүдийг маань харж хандаад явж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22