С.Хөгжилбаяр: “Түүх өгүүлэхүй” бүтээл минь намайг дэлхийд тамгалах байх


Хорвоо ертөнцөд урлагаар илэрхийлж боломгүй зүйл гэж үгүй. Уран бүтээлчдийн олж хардаггүй, тусгадаггүй ертөнц гэж байдаггүй. Зураачид бусдын олж хараагүй эсвэл мэддэг ч гэлээ сэтгэлдээ ойр хүлээж авдаггүй зүйлийг уран бүтээлдээ тусгаж, хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг эрдэм, шидтэй. Тийм нэгэн зураач, уран бүтээлчтэй ярилцлаа. С.Хөгжилбаяр бол орчин цагийн Монголын дүрслэх урлагийн том төлөөлөгч. Тэрбээр 2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангийг дүүргэжээ. Монголын Урчуудын эвлэлийн хороо, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн С.Хөгжилбаяр ОХУ, БНХАУ, Франц, Герман, Алжир, БНСУ зэрэг олон улсад зохион байгуулсан 60 гаруй үзэсгэлэнд оролцсон байна. Мөн Монголын уран бүтээлчидтэй хамтран 40 гаруй үзэсгэлэнд оролцжээ. Тэрбээр 2015 онд “Онч мэргэн үгс”, 2019 онд “Harmony” үзэсгэлэнгээ хоёр удаа, 2021 онд “Өчигдөртэй өнөөдөр” болон “Зүрхэнд шингэсэн тэнгэрийн гэрэл” бие даасан үзэсгэлэнгээ толилуулжээ. Улс, үндэстэн бүр өөрийн түүх, зан заншилтай байх агаад тэдгээрт үндэслэж бүтээлээ туурвихыг зорьдог нь түүний онцлог аж. Түүний бүтээлүүд дүрслэлийн хувьд Монголын уламжлалт зургийн дүрслэлийн аргаар бүтээгдсэн, сэдэв, бэлгэдэл, хүмүүст хүргэхийг зорьсон санаа, шийдлийн хувьд харин орчин үетэй холбогдсон байдаг.

 -“Зүрхэнд шингэсэн тэнгэрийн гэрэл” үзэсгэлэнгээ БНСУ-д гаргалаа. Үзэсгэлэнгийн агуулгаар ярилцлагаа эхлүүлье. Докторын төгсөлтийн үзэсгэлэн учир өмнөх бүтээлүүдээс ямар нэгэн  онцлогтой байсан уу?

-“Монголын үнэн” сонины уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье. Энэ удаад урьд урьдахаасаа өөр үзэсгэлэн гаргасан. Докторын төгсөлтийн үзэсгэлэн учир тодорхой сэдэвтэй, агуулга нягт бүтээлүүдээ эмхэтгэн гаргасан юм. Гурван жилийн өмнөөс төлөвлөж, бэлтгэсэн. Ингэхдээ дан уран зургууд биш орчин үеийн бүтээлийг уламжлалт инстоляциудтай хослуулсан бүтээлүүдээ танилцуулснаараа онцлог болсон. Өөр өөр сонирхолтой байдлаар тосон, усан, акрилик будаг ашиглан  сонин, сэтгүүл наах (коллаж) аргаар бүтээсэн 40 орчим бүтээлээ дэлгэсэн. Хүссэн сэдвээрээ зураад үзэсгэлэн гаргадаг байлаа. Өмнөд Солонгос улсын Ханнам их сургуулийн дүрслэх урлагийн тэнхимд докторын зэрэг горилон 2016 оноос суралцаж байна. Одоо диплом бичих хүндхэн даалгавар үлдлээ.

-Таны зургийн өнгө, хэв маяг үндэснийх атлаа орчин үеийн эд агуурс, утга санааг илэрхийлдэг. Уламжлал, шинэчлэлийг хослуулсан гэж болмоор санагддаг.

 -Монгол үндэсний уламжлал болон шинэчлэл гэх нүсэр том сэдвийн өчүүхэн жижиг хэсгийг ч болтугай дүрслэх урлагийн төрлөөр харуулахыг зорьсон. Өнгөний шийдэл ч хурц тод, материал сонголтдоо ч анхаарсан. 

-Бүтээл туурвихад тань юу хамгийн хүчтэй түлхэц болдог вэ?

-Миний хувьд сэтгэл санааны байдал, нойр чухал. Тухайн цаг үеэсээ шалтгаалж илэрдэг. Бүтээл бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ дурдахад  дэлхий даяар дэлгэрсэн цар тахлаас болж хайрт ээж минь 2021 оны аравдугаар сарын 5-нд бурхны орныг зорьсон. Би сэтгэл санаагаар унаж ямар ч юм хийх  хүсэл төрөхгүй хэсэг хугацаанд шилэн бүрээ үлээсэн дээ. Тэр үедээ ээжтэйгээ зүүдэндээ байнга уулзаж ярилцаж байлаа. Миний зүүдэнд ээж минь  үр хүүхдүүдтэйгээ энгийн сайхан амьдарч байдаг. Ээж минь хэдийгээр бурхан болсон ч бид хэдтэйгээ үргэлж хамт байж, үр хүүхдүүдээ хамгаалж,  урдах замыг нь засаж залруулж өгнө гэдгийг нэг л өдөр ухаж ойлгосон юм. Эх хүн мөнх настайг ухаараад “Зүрхэнд гэрэлтэх тэнгэрийн гэрэл” бүтээлээ туурвиж эхэлсэн. Бүтээх явцдаа гүн агуулгаар баяжуулж,  бүтээлийнхээ нэрээр үзэсгэлэнгээ нэрлэж, “Ээжийгээ амьдад нь хайрлаасай” гэж  хүн бүрд   хэлэхийг хүссэн. Уран бүтээлч хүмүүсийн сэтгэл санаа чухал боловч сэтгэл сайхан тогтуун байхад сайн бүтээл, бараан явахад  тааруу бүтээл төрдөг, эсвэл юу ч хийж чадахгүй гэж ойлгох нь хуудуутай.  Заримдаа хүнд хэцүү үе уран бүтээлчдийг улам ч хатуужуулж, бүтээлийнхээ амин сүнсийг илэрхийлэхэд тус болдог.

-Та миниатюр зургийн олон улсын фестивальд оролцож байсан. Миниатюр чиглэлээр зурдаг зураач манайд хэр олон байдаг вэ?

-Би 2013 онд Алжир улсын Тлемсен хотод болсон олон улсын миниатюр буюу жижиг хэмжээний зургийн фестивальд Монгол Улсаа анх удаа төлөөлж оролцоод бүтээлээрээ гуравдугаар байрт шалгарч байлаа. Дэлхийн дүрслэх урлагийн нэр хүндтэй энэхүү наадамд миний дараа хоёр уран бүтээлч оролцож,  Л.Сүхбаатар ах хоёрдугаар байрт шалгарсан.  Монголд  энэ төрлөөр дагнаж зурдаг уран бүтээлч тун ховор. Бараг байхгүй гэж хэлж болно.

-Таныг аялах дуртайг цахим хуудсаас тань мэднэ. Дэлхийг тойрох, уран бүтээлийн хайгуул хийх адил уу?

-Аялал бол хүн бүрийн нийтлэг хүсэл. Гол нь очсон газартаа авах гээхийн ухаанаар аялах хэрэгтэй. Тэр нь хувь хүний дотоод үзэл бодол, сэтгэл санаатай холбоотой. Гадны улсад аялахдаа амттай хоол, нүсэр том барилгыг нь үзэхээс илүүтэйгээр соёл урлагтай нь илүү танилцах нь чухал. Энэ тал дээр зураач, уран бүтээлчид арай мэдрэмжтэй ханддаг байх. Бид хүн бүрийн анзаардаггүй нарийн ширийнийг харж чаддаг гэж хувьдаа боддог. Тиймээс зураач, бүтээлчдийн аялал бол уран бүтээлийн эрэл хайгуул гэж хэлж болно. Үр дүн нь бусдад ярих биш үзүүлэх явдал юм. Тэрийг  уран бүтээлүүдээс нь харж, унших байх.

-“Түүх өгүүлэхүй” зургаараа юу хэлэхийг хүссэн юм бэ?

-“Түүх өгүүлэхүй” бүтээлээ 2013 онд зурсан юм. Энэхүү бүтээлээрээ монголчуудын асар их сүр хүч, зах хязгааргүй харагдах морьтон дайчид агтны туурайгаар дэлхийг тамгалж байсан юм шүү гэдгийг  дахин сануулахыг зорьсон.  Мэдэхгүй болон санахгүй байгаа хүмүүсийг түүхээ эргэн харж, уншиж судлаад суралцаасай гэж хүсдэг. Нэрийг нь түүх бүхнийг өгүүлдэг юм шүү гэсэн санаагаар өгсөн. Эл бүтээлээ худалдаж олсон ашгаараа Өмнөд Солонгос улсад суралцаж байна. “Түүх өгүүлэхүй”  бүтээл минь намайг дэлхийд тамгалах байх гэж итгэж явдаг.

-Уран бүтээл эрхэм ч зургаа худалдах, эсвэл захиалгаар бүтээл туурвих нь цөөнгүй байдаг байх. Уран зургийн бизнес манай улсад ямар хэмжээнд хөгжиж байна гэж хардаг вэ?

-Гаднын орнуудад аялаад, сураад, бусадтай өөрсдийгөө адилтгаад жишээд үзэхэд манай уран бүтээлчид гарцаагүй сайн байдаг. Түүн дотроос үндэсний буюу монгол зургаа дэлхийд  танигдах урлаг гэж боддог. Дэврүүн сонсогдож болох ч би “Монгол Улс мандтугай” гэж хэлэх дуртай. Эх орондоо олон жил тогтож амьдраагүй учраас уран зургийн бизнес манай улсад ямар түвшинд хөгжиж байгааг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ бизнес болгоогүй цагт л урлаг жинхэнэ утгаараа хөгждөг.

-Алддаггүй хүн байхгүй. Зураач нарт нийтлэг алдаа байдаг уу?

-Уран бүтээлч хүн амьдран буй ертөнцөө, нийгмээ түрүүлж хардаг гэх утгаар алддаггүй, зөнч мэтээр ойлгож болохгүй. Тэр нь эсрэгээрээ алдаа ч болох нь бий. Хүн л юм чинь бусадтай  адил алдааг гаргадаг. Харин нийтлэг алдаа гэж байхгүй.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/

 


С.Хөгжилбаяр: “Түүх өгүүлэхүй” бүтээл минь намайг дэлхийд тамгалах байх
С.Хөгжилбаяр: “Түүх өгүүлэхүй” бүтээл минь намайг дэлхийд тамгалах байх
С.Хөгжилбаяр: “Түүх өгүүлэхүй” бүтээл минь намайг дэлхийд тамгалах байх
С.Хөгжилбаяр: “Түүх өгүүлэхүй” бүтээл минь намайг дэлхийд тамгалах байх
С.Хөгжилбаяр: “Түүх өгүүлэхүй” бүтээл минь намайг дэлхийд тамгалах байх
С.Хөгжилбаяр: “Түүх өгүүлэхүй” бүтээл минь намайг дэлхийд тамгалах байх

0
angry
5
care
0
haha
7
liked
7
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22