Тогтолцооны өөрчлөлтөд хөтлөх эрх зүйн цогц шинэчлэл


-Зөвлөлдөх санал асуулгыг хоёр дахиа зохион байгуулна-

 

Монголын нийгэмд өнгөрсөн 30 жилд тэгш бус байдал газар авч, баян хоосны ялгаа асар гүнзгийрсэн. Шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойр байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсэж, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн гэдэгтэй УИХ, Засгийн газар санал нийлж буй. Түүнчлэн ардчилсан засаглалын гажуудал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэргүй байдал нь өнөөдрийн нийгмийн хямралыг үүсгэсэн гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Нийгмийн баялгийн хуваарилалт шударга бус болсон нь олон хоногийн турш үргэлжилсэн жагсаал цуглааны шалтгаан болсон юм. Тиймээс зөвлөлдөх санал асуулгаар дамжуулан иргэдийн санал, оролцоонд тулгуурлаж, 30 жилийн алдаа, оноогоо засах механизмуудыг олох ёстой гэдэгт УИХ, Засгийн газар санал нэгдсэн. УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахдаа Монгол Улсын 3.4 сая ард иргэнийг, түүнчлэн бүх мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах шаардлагатай.  

Улс орны нийгэм, эдийн засгийн хям­ралтай холбоотой томоохон асуудлуудыг шийдэхдээ иргэдийн оролцоог аль болохоор бүрэн дүүрэн хангахын тулд зөвшилцлийн ардчилал гэдэг зүйл рүү шилжье гэсэн шийдэлд хүрч, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Тухайн онд уг хуулийн дагуу зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсан юм. Ингэхдээ зөвхөн 2017 онд үүсээд байсан асуудал биш, түүнээс өмнө, ер нь Үндсэн хууль батлагдсанаас хойш тохиолдож байсан бүхий л бэрхшээл асуудлыг дүгнэж үзээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм байна гэсэн агуулгаар санал асуулгыг явуулж байв. Уг санал асуулгын дагуу 2019 онд Үндсэн хууль томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. 

Харин энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгаар тодорхойлох улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөж, үндэсний зөвшилцлийг хангах үе шаттай ажлуудыг хийж эхлээд байна. Үүний нэг нь нэгдүгээр сарын 3-нд болсон “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал байв. Эрдэм шинжилгээний бага хуралд УИХ, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулийн профессор, багш нар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн судлаачдын төлөөлөл оролцож, улс төр, засаглал, хариуцлагын тогтолцоо, шударга ёс, орон зайн төлөвлөлт, бүсчилсэн хөгжил, баялгийн сан, шударга, хүртээмжтэй хуваарилалт гэсэн чиглэлээр дөрвөн салбар хуралдаан хийсэн. Тэгвэл энэ долоо хоногийн лхагва гараг “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг зохион байгуулав.

 

Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард түмэн шийднэ 

Монгол Улс Үндсэн хуульдаа “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан. Энэ заалтад буй төлөөллийн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэн сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага УИХ-ыг байгуулдаг бол “ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож...” гэсэн шууд ардчиллын зарчмыг төдийлөн хэрэгжүүлэхгүй явж ирсэн гэж үздэг. Ардчилсан тогтолцоо бүхий улс орнууд иргэдээ төрийн үйл хэрэгт оролцуулж, аливаа шийдвэр гарахдаа ард түмний санаа бодол, хүсэл эрмэлзлийг тусгах шууд ардчиллын арга, хэрэгслүүдийг өөр өөрийн онцлогт тохируулан авч хэрэглэдэг байна. Үүний нэг хэлбэр нь зөвлөлдөх санал асуулга юм. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг нэг сэдвээр, хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолж, гадаад үг хэрэглэхгүйгээр боловсруулах бөгөөд асуулт боловсруулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалт зохион байгуулах зэрэг арга хэлбэрээр эрдэмтэн, судлаач нар, мэргэжлийн байгууллага, холбоод, олон нийтийн оролцоог хангадаг байна. Үүнийг парламентаас байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулах бөгөөд ингэж мэдлэгтэйгээр санал өгөх зөвлөлдөх санал асуулгын зарчмыг хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд судлаач, эртэмтэд болон олон нийтийн санал бодлыг холбосон, хэрэгжих боломжтой бодит шийдлүүдийг гаргах, төрийн бодлогод тусгах нөхцөл бүрдэж байдгаараа давуу талтай юм.

Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгыг ямар сэдвээр зохион байгуулах вэ гэдэг нь дээр дурдсан удаа дараагийн эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалтуудын үр дүнд тодорхой болох ёстой. Өнөөгийн мухардал, болж бүтэхгүй байгаа асуудлууд, засаглалын хямралаас хэрхэн гарах, цаашид ямар замаар явах вэ гэдэг дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын байр суурь тодорхой байгаа. Тогтолцооны өөрчлөлтийг хийхгүйгээр цааш явахгүй. Харин энэхүү өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдгээ ард түмнээсээ асууя, зөвлөлдөж шийдье гэж байгаа. 

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдүгээгээс яг нэг сарын өмнө УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд гурван чиглэлээр эрх зүйн суурь өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна” хэмээн онцолж, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрх зүйн цогц шинэчлэл хийхийг уриалсан.

Сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхийн тулд тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр, эсвэл бүр шинэчилсэн найруулгаар хийх боломжтой. Нийгмийн зөвшилцлийн гэрээ гэгддэг Үндсэн хуульдаа гар хүрэхийн тулд ард түмнээсээ асууж, хэлэлцүүлэх ёстой. 

 

Нэмэлт, өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу 

Үндсэн хуульд нэг удаа гар хүрсэн бол түүнээс хойш найман жилийн дараа л нэмэлт, өөрчлөлт хийх боломжтой гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт хийсэн ч үр дүнтэй болоогүй, гол асуудлаа шийдээгүй тул дахин өөрчлөх асуудал яригдаж байна. Ийм хууль эрх зүйн боломж бий юү? гэсэн асуулт гарна. Хуульчдын хэлж байгаагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль бий. Уг хуульд заасны дагуу өөрчлөлт оруулсан заалтад найман жилийн турш гар хүрч өөрчилж болохгүй гэдгийг заасан. Тэгвэл 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар хэрэв хүсэх юм бол Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаас бусад зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж болохоор байгаа аж. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол Төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан. Энэ бол цаад утгаараа парламентын засаглалыг өөрчлөхгүй гэсэн утгатай зүйл заалт юм. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ч боломж, гарц гаргалгаа бий гэдгийг хуульчид хэлж буй. 

Тиймээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулчихвал энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж нь бүрэн бүрдэх юм. Өөр гарц олон бий. Гагцхүү зөв зүйл заалтаа л өөрчлөх ёстой. Жижиг косметик засвар хийх биш, ирээдүйд улс оронд хэрэгтэй тогтолцооны өөрчлөлт хийх нь л чухал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт иргэдэд л үр өгөөжтэй байх ёстой. Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал энэ талаар “Цаашид парламентын тогтолцоо бэхжих эсэх нь дараах гурван зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, иргэд буюу сонгогчдын улс төр, эрх зүйн боловсрол ямар байхаас парламентын чадавх шалтгаална. Хоёрдугаарт, улс төрийн нам парламентын тогтолцоонд чухал үүрэгтэй. Улс төрийн намаас ямар хүн нэр дэвшиж, хэн гарч ирж байна гэдэг маш чухал. Гуравдугаарт, парламент. Эдгээр гурван асуудал харилцан шүтэлцээтэй буюу тулгын гурван чулуу шиг зүйл юм. Үүнийг аль нэгнээс нь салгаж ойлгож болохгүй. Бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа батлах шаардлагатай. Өнөөдөр улс төрийн намын санхүүжилтийг аваад үзэхээр орлогоосоо давсан зардал гарчихаад байгаа юм. Гэтэл уг санхүүгийн эх суурь хаанаас гаралтайг судалж, тогтоох боломж алга. Улс төрийн намаа цэвэр ариун, шилэн болгосны дараа парламент шилэн болох боломжтой. Харин улс төрийн намууд хаалттай байх тусам тус намын гишүүд нь УИХ-д орвол хаалттай хэвээр л байна” хэмээн өгүүлжээ. 

АИХ-ын депутат, иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж болно. Ингэхдээ нэгмөсөн зоригтой, дорвитой өөрчлөлт хийх ёстой гэдгийг хэлсэн. Тэрбээр Үндсэн хуулийг шинэчлэн найруулахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болгох ёстой. Тэгж байж эцэг хуулийг шинэчлэн найруулах боломж нээгдэнэ гэдгийг хэлж байлаа.

Г.Сонинбаяр

Эх сурвалж: Монголын үнэн №002/24533/


1
angry
0
care
1
haha
8
liked
1
love
0
sad
5
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 18 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 20 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 20 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 20 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 20 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 21 цагийн өмнө
SDY Calling you... 21 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 21 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 21 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 21 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 21 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22