Л.Дашням: Бид улс орноо хөгжлийн шинэ замд хурдан оруулахыг зорьсон


Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын нэг юм.

-1990 оны анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ тун өвөрмөц парламент байсан. Та уг парламентад сонгогдон ажилласан депутатуудын нэг. Аль нэг тойргоос сонгогдсон бэ? 

-Би АИХ-ын 22-р тойргоос сонгогдсон. Миний нэр дэвшсэн тойрог тэр үеийн Ажилчны район, 120 мянгат орчим юм. Бидний сонгогдсон АИХ 1990 оны ардчилсан хувьсгалын дөнгөж дараахан бүрдсэн. Одоог бодвол харин ч их ардчилалтай парламент байсан. Сонгуулийн хувьд хувь хүн өөрийгөө нэр дэвшүүлж болдог, улс төрийн намууд, албан байгууллагууд ч нэр дэвшүүлж болдог байсан. Миний нэр дэвшсэн тойрогт л гэхэд 30-аад хүн нэр дэвшсэн. Тойрог маань хоёр цэгтэй. Миний нэр дэвшсэн цэгт 15 хүн, хажуу талын цэг дээр бас төдий тооны хүн нэр дэвшиж байлаа. Би тэр үед Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн төвд тасгийн даргаар ажиллаж байсан юм. 

Ардчилсан хөдөлгөөн өрнөөд, иргэд их идэвхтэй болоод эхэлсэн. Шинэ дэвшилтэт хөдөлгөөн гэж байгуулагдсан. Тэр хөдөлгөөнд би хамрагдаж байсан. Хөдөлгөөн маань яваандаа Ардчилсан нам, Социал демократ нам байгуулагдсаны дараахан Үндэсний дэвшилт нам болсон. Тухайн үед Улс төрийн намын тухай хууль гараад, 801 хүнтэй байж нам байгуулах ёстой гээд заачихсан. Нам байгуулахаар 801 хүн олно гэдэг том ажил байсан. Би социализмын үед нам бус сэхээтэн байлаа. Тэгээд Шинэ дэвшилтэт хөдөлгөөндөө хамрагдаад, Үндэсний дэвшилтэт нам байгуулахад гишүүн нь болсон юм. Нам маань дотроо хоёр жигүүртэй. Би үндэсний жигүүрийг нь толгойлдог байв. Намайг дагасан жигүүрийнхэн үндэснийхээ түүх, соёлыг сэргээх, монгол үндэстнийхээ уламжлалыг хадгалах тухай ярьдаг, голцуу соёл, урлагийнхан байсан.

-АИХ-д хэрхэн нэр дэвшсэн бэ?

-Би АИХ-ын сонгууль болоход намаас нэр дэвшүүлдгийг нь мэдээгүй юм. Тэгээд хажуу хөршийнхөө нэг эрдэмтнийг гуйгаад, тэр маань нэр дэвшигчдийн бүртгэл хаахын дөнгөж өмнөхөн намайг хэлж, нэр дэвшүүлсэн. Нэр дэвшүүлэх үйл явц нь их ардчилсан. Тухайн тойргийн иргэд оршин суугчдыг цуглуулаад л тэдний дундаас хүмүүсээ нэр дэвшүүлдэг байсан. Би тойрогтоо нэр дэвшчихээд нам дээрээ ирсэн чинь “Та намаасаа шууд нэр дэвшиж болох байсан шүү дээ” гэж байсан. Би тэрийг нь мэдээгүй юм чинь. 22-р тойргийн хоёр цэг нийлээд 30-аад хүн дэвшиж, хоёр шаттай шалгаруулалт хийсэн. Хоёр дахь шатанд нь би эрчим хүчний Чимид гэдэг хүнтэй тунаж үлдэж өрсөлдөөд депутатаар сонгогдож байсан. АИХ бүрдэнгүүтээ дотроосоо хурлын дарга, орлогч дарга нараа сонгосон чинь намайг орлогч дарга болгосон.

-Та бүхний сонгогдсон АИХ-ын түүхэн гавьяа нь ардчилсан Үндсэн хуулийг баталсан явдал. АИХ байгуулагдахдаа л шинэ Үндсэн хуулийг батлахыг гол зорилгоо болгосон гэдэг байх аа?

-Бид ерөөсөө тийм л зорилготой байсан. АИХ дөрвөн жилийн мандаттай сонгогдож байгаа мөртлөө шинэ Үндсэн хуулиа боловсруулж, баталчихаад тарна гэсэн зорилго тавьсан байсан. Түүндээ хүрч Үндсэн хуулиа батлаад л өөрсдөө сайн дураараа тарсан. Бид улс орноо хөгжлийн шинэ замналд нь хурдан оруулъя л гэж зорьсон. Үндсэн хуулиа баталчихсан юм чинь түүхэн үүргээ биелүүллээ гээд л тарсан.

-АИХ тарангуут шинэ Үндсэн хуулийн дагуу УИХ-ын анхны сонгууль болсон доо?

-Тийм. Би 1992 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Гэхдээ өөрийн сонгогдсон, итгэл хүлээлгэсэн тойргоо орхиод Архангай руу явчихсан юм. АИХ-ын орлогч дарга байсан юм чинь хүмүүс намайг таних байх гэж бодоод төрсөн нутаг руугаа очиж нэр дэвшсэн чинь сонгогдоогүй.

-1990 оны АИХ байгуулагдаад л Үндсэн хуулийн төсөл боловс­руулах  ажилдаа  орсон уу?

-АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуулийн эхийг боловсруулсан. Үндсэн хуулийг боловсруулж АИХ-д өргөн барих даалгавартайгаар Улсын бага хурлыг байгуулсан. УБХ бас л Үндсэн хуулийг боловсруулаад, үүргээ гүйцэтгэж татан буугдсан. Үйл ажиллагаа нь дуусгавар болсон гэсэн үг. Тухайн үед маш ардчилалтай байсан. АИХ хоёр хуралдаантай байсан юм шүү дээ. Анхны хуралдаанаар АИХ-ын даргаар Ж.Гомбожавыг сонгосон. АИХ-ын дөрвөн орлогчийг бас сонгосон. Бид Үндсэн хуулийн төслийг хүлээж авсан, УБХ-ыг байгуулсан, Ерөнхийлөгчийг томилсон. Мөн Засгийн газрыг байгуулж өгсөн. Ингээд бид хоёр дахь хуралдааны даргыг сонгосон. Тэгэхэд Ж.Уртнасан гуай дарга болсон. Бас дөрвөн орлогч нь шинээр сонгогдсон. Ж.Уртнасан даргатай хуралдаан нь Үндсэн хуулиа баталж, Ерөнхийлөгчид гардуулж өгсөн.

Тэр АИХ 440 гаруй депутаттай гэж байсан боловч үнэн хэрэг дээрээ хоёр ч тойрог дээр билүү нэр дэвшигч нь сонгогдож чадаагүй, бас хоёр гурван ч хүн нас барсан байсан юм. Үндсэн хуулийг батлахад түүхэнд юу гэж үлдэв гэхээр хоёр хүн түдгэлзэж, нэг хүн татгалзаж, бусад нь батлав гэсэн байгаа. Тэр түдгэлзсэн хоёр хүн нь О.Дашбалбар бид хоёр.

-Та хоёр яагаад түдгэлзсэн юм бэ?

-Бид хоёр хоорондоо яриагүй л дээ. Би яагаад түдгэлзэв гэхээр надад төрийн сүлд огт таалагдаагүй. Би үүнийг Үндсэн  хуулийн төсөл хэлэлцэж байхад олон удаа  хэлж, ярьсан. Ийм сүлд хэрэггүй гэдгийг тайлбарлаж, хамгийн олон боссон хоёр депутат байдаг. Тэр нь Л.Түдэв гуай бид хоёр. Тэгээд тэр санаандаа үнэнч байсан учир эрхээ эдлээд түдгэлзсэн. Би дараа нь хэн бас над шиг түдгэлзсэн юм бол доо гэж ярьж байсан чинь Дашбалбар “Би түдгэлзсэн” гэж байх юм. “Чи яагаад түдгэлзсэн юм” гэсэн чинь “Миний санаанд хүрээгүй. Тийм мундаг болж чадаагүй” гэж байсан.

-Шинэ Үндсэн хуулийг батлагдах үед нь шүүмжилж л байсан. Одоо ч ялгаагүй?

-Гадны юмыг хуулсан гээд л янз бүрээр ярьдаг. Үнэндээ бол Үндсэн хуулийг маш сайн боловсруулсан. Үндсэн хуулийг баталсан АИХ маш өргөн төлөөлөлтэй байсан. 400 гаруй депутат гэдэг чинь бүх салбар, давхаргыг төлөөлж байсан. Мэдлэг, чадвар, туршлагатай хүмүүс маш олон байсан. Ихэнх нь нэгдлийн дарга, намын дарга нар байсан боловч ардчилсан хүчний төлөөлөл болсон депутатуудын нэлээд нь эрдэмтэд, бас шинэ цаг үеэ илүү ойлгосон, мэдэрсэн хүмүүс байсан. Тухайн үед социалист орнуудад ардчилал өрнөж, Үндсэн хуулиа шинэчлэхээр хэлэлцсэн ч дандаа баталж чадахгүй тарж байсан. Манайх харин баталчихсан. Улс орноо хөгжүүлэхийн тулд Үндсэн хуулиа шинэчлэх ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж байсан. Тиймээс 70 гаруй хоног хуралдаж байгаад ч хамаагүй, зөвшилцсөөр байгаад баталсан. Би тийм мэргэжил, мэдлэгийн цараатай, олон хүрээг хамарсан бүрэлдэхүүнтэй парламент ахиад бий болоогүй гэж боддог. Нөгөө талаар байгуулж байгаа байгууллага, нийгмээ бол бүгдээрээ 100 хувь гүйцэд төсөөлж байсан уу гэвэл би “худлаа даа” гэж бодож байна. Дутуу ойлгож байсан, туршлагагүйдэж байсан зүйл бий. Тэр нь ч Үндсэн хууль хэрэгжээд эхлэхээр мэдэгдэж байсан. Нөгөө талаар олон намын тогтолцоо цаашид амьдрал дээр яаж явах юм гэдгийг төсөөлөөгүй. Ганц намтай үеийн социалист маягийн төсөөлөл их байсан. Амьдрал дээр тийм байдаггүй нь удахгүй мэдэгдсэн л дээ.

-Төрийн байгууллын хувьд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институциудыг хуульчилсан. Ерөнхийлөгчийн институц бол засаглалын цоо шинэ хэлбэр байсан биз?

-Үндсэн хууль батлахаас өмнө Ерөнхийлөгч томилогдчихсон байсан. Ерөнхийлөгчгүй, парламентын засаглалтай болъё гэдэг хувилбар ярихтай зэрэг нэг тийм хувь хүний асуудал гарсан л даа. Ерөнхийлөгчтэй болчихоод хэдхэн сар болоод болих юм уу гээд. Тэгээд Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай төрийн тогтолцоотой болъё гэдэг хувилбар руу орсон. Б.Чимид гуай тэр санааг гаргаж, боловсруулсан. Үүнийг би депутатын хувьд их зүгээр хувилбар болчихлоо гэж бодож байсан. Юу гэхээр УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. УИХ улсаа хөгжүүлэх хөтөлбөрийг батална. Тэр хөтөлбөрийг хэ­рэгжүүлэхэд шаардлагатай төсвийг батална. Тэрийг нь гардан гүйцэтгэх Засгийн газрыг мөн байгуулна. Ингэхээр УИХ төрөө бодлоготой нь, хэрэгжүүлэх засагтай нь байгуулчихаж байгаа юм. Ерөнхийлөгч гэж нэг институц гараад ирж байна. Ерөнхийлөгч улс орноо гадаадад төлөөлнө, төрийн бодлого, тогтоож байгаа хуульд давхар хяналт тавина. Шаардлагатай бол хориг тавина. Гэхдээ хориг тавина гэхээр зүгээр сууж байгаад хориг тавина гэсэн үг биш.

 Хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн аппарат оролцоод, улам сайжруулах талаас нь ажиллана. Ингэж ажиллаад байхад шаардлага хангахгүй гэдэг юм уу болж бүтэхгүй хууль батлагдах юм бол хуулиа сайжруулах асуудлыг тавина. Олон хүн бэлгэдлийн чанартай Ерөнхийлөгч байх хэрэг байна уу гэж байсан. Б.Чимид гуай “Та нарт би ойлгомжтой ярья. Аливаа хүрдэн араа, том том араанууд дунд маховик гээд жижиг араа байдаг. Тэрийг дамжиж хоёр том араа эргэдэг нь тэр хоёрын хөдөлгөөнийг зөөлрүүлж, зохицуулж, эвдрэлийг нь багасгаж байдаг. Манай Ерөнхийлөгч тийм үүрэгтэй” гэж тайлбарлаж байсан. За, Засгийн газар бол УИХ хөтөлбөрийг нь, төсвийг нь баталчихсан юм чинь түүнийг нь л амьдрал дээр хэрэгжүүлнэ. Хууль тогтоох байгууллагад тэр нь огт хамаагүй. Хуулиа л тогтооно. Нийгмээс урган гарч буй асуудал, ямар эрх зүйн орчин хэрэгтэй байна. Тогтоосон хууль нь амьдралд нийцэж байна уу. Олон хууль батлахаар хоорондоо уялдаатай байна уу. Тэрийг л УИХ анхаарч ажиллах ёстой. Тиймээс гүйцэтгэх засаглалын ажилд оролцох ямар ч зав, цаг, боломж байхгүй. Оролцоно гэвэл зөвхөн хууль яаж хэрэгжиж байна вэ гэдэг талаас л байж болно. УИХ-ын гишүүн давхар ажил хийхгүй гэсэн үг. Хууль тогтоох дээд засаглал, гүйцэтгэх засаглал хоёрын харьцаа ийм.

Нөгөө нэг засаглал нь шүүх засаглал. Шүүх хэн нэгний нөлөөлөлгүй, эрх мэдэл нь тэгш байх, эрхийн тэнцвэржилт, ажил үүргийн хуваарь зэргийг нь маш сайн бодож хийсэн. Их аятайхан хувилбар гарсан.

-Үндсэн хуульд шилжилтийн эдийн засгийн гол концепцийг тусгаж чадсан уу?

-Улс төрийн шинэчлэлтэйгээ зэрэгцүүлээд бид эдийн засгийн шинэчлэл хийж эхэлсэн. Эдийн засгийн шинэчлэл хийхтэй зэрэг өмч хувьчлал, хөрөнгө мөнгөтэй болох асуудал босоод ирсэн. Ингэхтэй зэрэг хүн л юм чинь мөнгө, хөрөнгө рүү тэмүүлэх хандлага гарсан. Өмчтэй, хөрөнгөтэй болох санаа нь хүнийг чирдэг юм байна л даа. Үүнд төрийн эрх мэдэл их мэдрэгддэг юм байна. Мөнгийг хэн барьж байна, зах зээлийг хэн барьж байна гэдэг нь чухал. Тиймээс намуудын дотор улсаа хөгжүүлэх хөтөлбөрөөрөө, эрдэм, чадалтай хүнээрээ уралдах биш УИХ-ыг эзэлж авах, засгийн эрхийг барих гэдэг томъёолол гараад ирдэг юм билээ. Одоо тэрийгээ шууд ярьдаг болчихлоо. Манай нам засгийн эрхийг авна, барина гэдэг юм руу тэмцээд, тэр нь хэн сонгогдож чадах вэ гэдэг юм руу орно. Хэн сонгогдож чадах вэ гэхээр мөнгөтэй хүн л чадна. Мөнгөтэй хүн чадна гэхээр мөнгөтэй хүн, чадвартай хүн хоёр нь давхацдаггүй. Мөнгөтэй хүн чадваргүй, чадвартай хүн ихэнхдээ мөнгөгүй. Ингээд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр ч тэр, намууд олонх болохын тулд ч тэр янз бүрийн улс төр хийдэг. Ийм зам руу орсон.

-Энэ бол жирийн иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахаа байсан гэсэн үг биз?

-Бидний Үндсэн хуулиар хийсэн гол шинэчлэл төрийн эрх мэдлийг ард түмнийхээ гарт өгсөн явдал. Урьд нь бол төрийн эрх мэдэлд намд байсан юм. Гэтэл одоо Үндсэн хуулиараа төрийн эрх мэдэл ард түмний гарт байгаа мөртлөө эрх мэдлийг нь нам авчихаад байгаа юм. Парламентад хэдэн нам байна, тэд л бүхнийг шийднэ. Тэд чинь хоорондоо хуйвалдаад л. УИХ-ын өнгөрсөн хугацаанд хийдэг ганц ажил Засгийн газраа унагах болж хувирсан. Төрийн ажлыг намын бүлэг гэдэг юм дээр хуваагаад ярьж байдаг. Тэгээд намуудын тохироо гэдэг юм үүсдэг, мафи, олигархи гэдэг юм бий болдог тэр хөрс нь бүрдээд, эцэстээ УИХ нь УИХ биш болдог. Нөгөө талд Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь дутагдаад ирэхээр зэрэг Ц.Элбэгдоржийн үеэс өөрийнхөө эрх мэдлийг нэмээд, Үндсэн хуулийн бус аргаар, бусад хуулиар үүнийгээ хийгээд эхэлсэн. Шүүхэд өөрийн хүнээ тавиад л.

Товчхондоо бол Үндсэн хуулийн чадамжийг өөрсдөө байхгүй болгосон. Тэгсэн мөртлөө юмыг эзэнгүйдүүлдэг. Жишээ нь, хуулиас болоод, тогтолцооноос болоод, намаас болоод болохгүй байна гээд дандаа эзэн биегүй зүйл рүү буруугаа чихчихдэг болоод удлаа.

Г.Сонинбаяр

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24533/


0
angry
6
care
0
haha
11
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 18 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 21 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 21 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 21 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 21 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 21 цагийн өмнө
SDY Calling you... 21 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 21 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 22 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 22 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 22 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22