Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 14 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ны өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хэлэлцсэн юм. Төсвийн байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн зарим заалтаар санал хураах шаардлагатай хэмээн санал гаргасны дагуу, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар төслийн талаар, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Х Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Цар тахлын хэтийн төлөв болон олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал богино хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ үед ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Төсвийн байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн 58.3 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төслийн гурав дахь заалтаар “газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 5” гэж өөрчилж байгаа нь хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг импортлох таатай нөхцөл бүрдүүлж буй эсэхийг Ц.Идэрбат гишүүн тодрууллаа. 1999 оны тогтоолын хавсралтаар газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татвар 0-5 хувь байсныг энэ удаагийн төслөөр 5 хувь болгон сонголтгүй тогтоож байгаа бөгөөд нефтийн нэмэлт бүтээгдэхүүний импортод оногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлж байгаа гэдгийг Ж.Ганбаатар сайд тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийн асуултад тэрбээр хариулахдаа “92 октантай автобензиний импортын гаалийн татварыг Засгийн газар тогтоох эрхийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олгохоор тогтоолын төсөлд тусгасан байгаа. Олон улсын зах зээл дээр газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний огцом өөрчлөлт гарахгүй бол 92 октантай автобензиний дотоодын зах зээл дээрх одоогийн ханшийг дээрх хугацаанд тогтвортой байлгах зорилт тавьж байна” гэлээ. С.Чинзориг гишүүн дизель түлшний үнийг тогтвортой байлгахтай холбоотой арга хэмжээг Засгийн газраас авч ажиллах шаардлагын талаар санал хэлэв. Засгийн газрын зүгээс дизель түлшний тогтвортой нийлүүлэлт, үнийн асуудалд онцгой анхаарал хандуулан, шат шатандаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд, Х.Ганхуяг, Ц.Анандбазар нар асуулт асууж, үг хэлэн байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 43 гишүүний 60.5 хувь нь “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тус тус танилцууллаа.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 89.1-д заасан “шүүгчийн туслах эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх” шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хангана гэсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохицуулалтыг гурван жил болгон өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Цаг хугацааны хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахууд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах боломжгүй болоод байгаа гэв.
2022 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 116 шүүхийн 41 Тамгын газарт нийт 454 шүүгчийн туслах ажиллаж байгаагаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 224, эл зөвшөөрлөө аваагүй 230 хүн ажиллаж байгаа юм байна. Шүүгчийн туслахын сул орон тоог олон нийтэд нээлттэй зарлаж байгаа ч цөөн тооны хүн хамрагдаж байгаа нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуульчид уг шалгалтад бүртгүүлэхгүй байгаатай холбоотой гэв. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрээд байгааг дурдсан.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг “Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай” Улсын Их Хурлын даргын 14 дүгээр захирамжийн дагуу Хууль зүйн байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулан олон нийтийн саналыг авч байгааг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 24 нь Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжилж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Засгийн газраас 2022 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг 2022 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2023 оны нэгдүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар ажиллажээ. Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцжээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Гишүүд Дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд штабын дарга нь түүнийг хуулиар олгосон эрхийн хүрээнд орлох бөгөөд гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцах нь зүйтэй хэмээн холбогдох саналын томьёоллыг дэмжив. Мөн дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжпэг хийх тохиолдолд тухайн алба хаагчийг шууд захирах даргад мэдэгдэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Түүнчлэн дотоодын цэргийн командлагч өөрийн зарим чиг үүргийг зөвхөн тушаалаар буюу холбогдох эрх зүйн баримт бичгийг батлан штабын даргад шилжүүлэх; улсын онц чухал объектын хамгаалалтын найдвартай аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилт авч болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлахыг дэмжиж, саналын томьёоллыг дэмжсэн юм.
Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шижлүүлэв.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцууллаа.
Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төсөл батлагдсанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн эрх, үүрэг хэвээр байх талаар тодруулж, өөрчлөгдсөн тохиолдолд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар зарим эрх, үүргийг гүйцэтгүүлэх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхээ төрийн бус байгууллагаар хэрэгжүүлж байгаа эсэх, хуулийн төсөл батлагдсанаар нэмж хэдэн төрлийн үйлчилгээг гүйцэтгүүлэх эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар асуулт асууж, хариулт авчээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахаар дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 40 гишүүний 52.5 хувь нь дэмжив. Иймд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хуралдаанаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.
Технологийн хөгжилтэй зэрэгцэн бидний өдөр тутмын амьдрал цахим орчин, олон нийтийн сүлжээнд өрнөх болж, худалдаа наймаагаа хийх, мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, хуваалцах зэрэг явдал нь ердийн үзэгдэл болж хэвшсэн байна. Технологийн дэвшил нь мэдээлэл, бараа, үйлчилгээ солилцоонд өндөр хурд авчирч, холыг ойртуулж, хоёрыг уулзуулж байгаа хэдий ч үүнийг дагасан сөрөг үр дагавар, аюул эрсдэл үүсгэж байна.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо, хохирол асар хурдацтай өсөн нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллээр зөвхөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн 8,563 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ганцхан жилийн дотор цахимаар залилах гэмт хэрэг 99.8 хувиар буюу 2 дахин, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 18.5 дахин, бусдын эд хөрөнгийн авахаар заналхийлэх гэмт хэрэг 8.9 дахин өсчээ. Энэ бүх тоо статистикийг дурьдаад өнгөрөх нэг хэрэг. Нугарч өссөн тоо хэмжээ, хувь бүрийн цаана монгол хүний амьдрал, хувь заяа, амь нас, эрүүл мэнд, хүүхдийн ирээдүй, насан туршид нь үл арилах сэтгэлийн шарх, гэмтэл үлдэж хоцорно гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан. Зөвхөн өнгөрсөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж.
Цахим орчин дахь гэмт хэрэг огцом хурдан өсч байхад түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэртэй тэмцэх ажил удаан байна, хуучинсаг байна. Шинэ орчны гэмт хэрэгтэй шинэ орчинд нь тэмцэх шаардлага байгааг тэрбээр дурдсан юм.
Олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ялгаварлан гадуурхалд өртдөггүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ баталгаатай эдэлдэг байх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээнд үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчилтэй контентыг нэн яаралтай тодорхойлох, олж илрүүлэх, таслан зогсоох, цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн үндсийг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь энэ хуулийн зорилго гэлээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хүний захидал харилцааны нууцад халдахгүй. Олон нийтийн буюу 3 ба түүнээс дээш хэрэглэгчтэй цахим сүлжээнд нийтэд хүний эрхэнд халдсан, гэмт хэргийн шинж бүхий сөрөг агуулгатай контент нийтлэх, түгээх харилцаанд хамааруулж зохицуулсан. Хэрэглэгчийн эрх үүрэг, хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн агуулга бүхий контенттой тэмцэх тогтолцоог тогтоож өгчээ.
Олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээд гэж хэнийг хэлэх, ямар эрх, үүрэгтэй байх, зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, хэрэв Монгол Улсаас бүртгэлтэй 300,000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар нээж ажиллуулах, хэрэглэгчийг баталгаатай утасны дугаар, эсхүл цахим шуудангийн хаягаар баталгаажуулан бүртгэх, зөрчилтэй контентын талаарх олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, 7 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй болохыг тусгасан байна.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь төр дангаар хийх боломжгүй тул технологийн салбарын мэргэжлийн шинжээч, судлаачид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын идэвхтэй оролцох бололцоог хуульчлан баталгаажуулахаар төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна.
Зөрчилтэй контентыг хянан шийдвэрлэх, олон нийтийн сүлжээний эрхлэгчтэй хамтран ажиллах нэгж байна. Хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй контентыг 24 цагаар тасралтгүй илрүүлж, оношлон тодорхойлж, нэн яаралтай горимоор сүлжээ эрхлэгчид нотлон мэдээлэх үүрэгтэй ажиллах юм байна. Уг нэгжийг улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн бүтцэд багтаан байгуулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газрын яамд, холбогдох байгууллагуудаас санал авч, төсөл боловсруулах ажилд оролцоог нь ханган ажилласан байна.
Түүнчлэн хувь хүний хуулиар тогтоосон алдар нэрийг хүндэтгэх зарчмыг бэхжүүлэх үүднээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний хувийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд хүргэхдээ мэдээллийн эзэнд нь мэдэгдэл хүргэх зарчмыг баримталж, нийтийн албан тушаалтан төрийн байгууллага хувь хүний мэдээлэлд хүндэтгэлтэй хандах, ямарваа байдлаар олон нийтийн сүлжээнд дэлгэдэг зохисгүй байдлыг бүрмөсөн хориглох болно. Үүний эхлэл болгож татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа бөгөөд, удаа дараа татварын зөрчил гаргасан хүний хувьд тухайн хүнд нь мэдэгдэл хүргэсэний үндсэн дээр зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, зөрчлийн мэдээллийн хамт олон нийтэд нийтэлж, мэдээлж болох тухай агуулгуудыг төсөлд тусгажээ.
Засгийн газраас Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Э.Батшугар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон ажлын хэсгээс хариулт авсан.
Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 43 гишүүний 60.5 хувь нь дэмжсэн, иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Үдээс өмнөх хуралдаан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал 2" төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэжилсэн юм. Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар илтгэлийг Улсын Их Хурлын гишүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.
Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг 2" төслийн Зээлийн хэлэлцээрт 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зураад байгаа юм байна. НҮБ-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгааг Н.Учрал сайд танилцууллаа.
Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг 1” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 62 байгууллагын 816 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,016 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 342 мянган иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.
Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах зорилгоор “Ухаалаг засаг 2” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм байна.
Засгийн газраас Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг 2” төслийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 81.8 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу маргааш (2023.01.20) санал хураалт явуулна хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Ийнхүү Улсын Их Хурлын чуулганы хуралдаан үргэлжилж, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.