​ Хөгжлийн банк дефолтын эрсдэлийг хаав


Хулгай хаа сайгүй нүүрлэж, хулгайч нар газар бүрд орогносон гэдэг түгшүүрийн харангыг анх Засгийн газар, Хөгжлийн банк дэлдсэн. Монголын төр анх удаа хулгайд юмаа алдсанаа нууж хаалгүйгээр, өнөөх хулгайч нараа өөгшүүлж аргадалгүйгээр, алдагдсан зүйлээ буцааж авахын тулд ард түмний хараа хяналт дор шударга ёсыг нэхсэн. Хөгжлийн банк бол Монгол Улсын хөгжлийн гол тулгуур байх учиртай банк. Энэ банкийг эрх мэдэл, ашиг сонирхлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүн саалийн үнээ шиг өглөө, оройгүй сааж, хамаг шим шүлтийг нь сорж, залгиж байсныг 2022 онд таслан зогсоосон.

Сүүлийн арав гаруй жил тус банкнаас зээлсэн мөнгөө төлөхгүй зугтаж, хууль хяналтын байгууллагынхантай нийлчихээд барьцаа хөрөнгөө хүртэл суллуулж аваад зардаг байсан  зээлдэгч нэртэй том луйварчдын үйл ажиллагаанд ч цохилт өгч чадсан. Ганцхан жилийн өмнө Хөгжлийн банкны нийт 3.2 их наядын 1.8 их наяд нь чанаргүй ангилалд багтаж, Монгол Улс аалзны тор шиг хэрсэн бондын өр зээлээ төлөхгүй бол дефолт зарлах дээрээ тулаад байлаа. Гэхдээ өнөөдөр  Хөгжлийн банк улстөрчид, бизнесмэнүүдийн дарамт, их хэмжээний авлага, хугацаа хэтэрсэн зээлүүд, барьцаа хөрөнгө, унасан нэр хүнд, улайрсан хэрүүл тэмцэл дундаас босож ирээд байна. Хөгжлийн банкны зээлийн хэрэгт 80 гаруй хүнийг яллагдагчаар татаж, АТГ-т эрүүгийн шугамаар шал­гуулахаар 41 зээлд гомдол гаргаснаас 20 зээлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тус банк Иргэний шүүхэд хандан 33 зээлдэгчид хамаарах 1.4 их наяд төгрөг нэхэмжилсний үр дүнд  долоон зээлийн хэрэг ШШГЕГ-т шилжсэнээр одоогоор 11 зээлтэй холбоотой хэрэг шилжиж ажиллагаа хийгдэж байна. Хөгжлийн банкны том зээл­дэгчдийн тоонд төрийн өмчит компаниуд багтаж байсан. 

Тодруулбал, Тавантолгой ЦС-ын төслийн нэгж, Эгийн голын УЦС-ын төслийн нэгж, Эрдэнэс Монгол ХХК, МИАТ ТӨХК гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ. Эдгээр төрийн өмчит компанийн өр ширийг цэгц­лэхийн тулд  Засгийн газар олон удаа хуралдсан. Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит компаниудын 590 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гаргасан нь зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсон юм. 

Өөрөөр хэлбэл, олон он дамжиж, олон Засгийн газрын нүүр үзсэн өрийг төлүүлэх ажил­лагаанд чухал шийдвэрүүд гарсан. Засгийн газар өөрөө ч шийдвэр гаргаж, өр төлүүлэх ажилд анхаарал хандуулж байсан юм. Үүний үр дүнд ганцхан жилийн дотор нэг их наяд төгрөгийн өр барагдуулж, “Самурай” бондын 30 тэрбум иенийн өрийг төлөх хөрөнгийг бүрэн бүрдүүлсэн. 

Хөгжлийн банкны цахим хуудаснаас харахад ихэнх зээл валютаар эргэн төлөгджээ.  

Өнөөдөр тус банк ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн цахилгаан станц барих, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт тээвэрлэл­тийг өсгөх, “Амгалан” дулааны станц ТӨХК-ийг өргөтгөх зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна. Хөгжлийн банк хөгжлийн замдаа орж, Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийсэн. Гэхдээ энэ бүхэн шулуун дардан замаар өрнөөгүй гэдгийг дурдах нь илүүц биз. 

Өнгөрсөн 2022 онд олны ан­хаарлын төвд байсан Хөгжлийн банк ямар ч мэдээллээ олон нийтээс нуусангүй. Тус банкны удирдлагууд сайн ажилласан дүр эсгэлгүйгээр, элдэв саар бүх­нээ нууж хаалгүйгээр сэтгүүлч­дийн хардлага, олон нийтийн хараал зүхлээс айж эмээлгүй­гээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, бүх баримтаа дэлгэж тавьсан. Мөн Хөгжлийн банкны асуудлаар Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гаргасны дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-ын даргын тогтоолоор УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар  болсон байлаа. 

Монгол Улсын түүхэнд хамгийн том дуулиан дэгдээсэн, хамгийн их хохирол учруулсан, нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах энэ түр хороо онцгой эрхтэй гэдгээрээ давуу талтай.  Тус хороо гэрчийг дуудах, нотлох баримт гаргуулах, хянан шалгагч томилох зэргээр банкны луйвар, улс орны эрх ашгийг хөсөрдүүлсэн асуудлаар эрүүгийн хэргийг нягтлах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрхтэй гэдгээрээ онцлог. 

Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдсан Хянан шалгах түр хороо энэ сарын 16-20-ны өдрүүдэд Төрийн ордонд Хөгжлийн банк­ны асуудлаар нотлох барим­тыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулж байна. 

Хөгжлийн банкнаас санхүү­жүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлтийг ил тод нээлттэйгээр хэлэлцлээ. 

Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндсөн юм. Энэ сонсголоор олон нийтэд хүрээгүй, өмнө нь огт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулагдаж байгаагүй мэдээллүүдийг ил гаргаж ирсэн гэдгийг ч онцлох нь зүйтэй байх. 

Нээлттэй сонсгол ганц удаа болоод зогсохгүй, хоёрдугаар шатны сонсгол ирэх сарын 6-10-нд товлогдсон бөгөөд  тус банкны эх үүсвэрээр Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, холбогдох гэрчээс мэдүүлэг авна. Төгсгөлийн шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-нд болно. Энэ сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах юм. 

Ийнхүү Хөгжлийн банк тойрсон асуудлууд цэгцрэх шатандаа орж байна. Гэхдээ тайвшрах болоогүй. Зээл авах болохоороо асар их эд хөрөнгөтэй, ил цагаан үгтэй, шударга шулууны дүр эсгэж, эргүүлээд зээлээ төлөх болохоороо юу ч үгүй хоосорсон хүний баг өмсөж чаддаг, хэнтэй ч хамаагүй нийлж, хуулийг гууль болтол завхруулдаг олон хүнээс авах их хэмжээний авлага тус банканд бий. Иргэд шударга ёсыг шаардаж, ирээдүй маань илүү гэрэл гэгээтэй нийгмийг хүсэж байна.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 19 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 22 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 22 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 22 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 22 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 22 цагийн өмнө
SDY Calling you... 23 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 23 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 23 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 23 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 23 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22