Цахим бүртгэлийн алдаа ба хүүхдийн мөнгөний хэрүүл


Тамга тэмдгээ булаацалдаж, тарж бутарч, эв нэгдлээ гээж орхиод хэн нэгнээс байнга буруутан хайж суугаа АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал өнгөрөгч долоо хоногт боллоо. УИХ-ын ээлжит сонгууль хаяанд тулчихаад байгаа учраас нэгдэж нийлэх, дарга нар нь амбицаа дарж, гишүүд нь гомдол гоншигнолоо гээхийг энэ хурлаас уриалсан. Гэвч бас л учраа олж чадахгүй л байгаа бололтой. Уг нь АН-ынхан С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэрүүл зодооныг дарахын тулд С.Баярцогтыг намын даргаар тавих хүсэлтэй байгаа.

 Гэтэл Хөгжлийн банкны болон төмөр зам, нүүрсний хэрэгт холбогдонгуутаа хил даваад алга болсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт ирж, шууд л УДШ-д гомдол гарган, С.Баярцогтыг ял завшсан этгээд, хариуцлага тооц гэдэг өргөдлийг өөрийн биеэр хүргэж өгөх нь тэр. АН-ынхан даргаа сонгохоор хурлаа хийж, Лу.Гантөмөрийг даргаар тавьсан ч Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр үүнийг эрс эсэргүүцэн, ирэх сард намын даргыг сонгох сонгуулийг дахиад л зарлах сурагтай АН-д үүсээд байгаа энэ асуудал экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэдэгдэл хийхэд хүргэлээ. Тэрбээр “АН шинэ дарга тодруулахад хамгийн их эсэргүүцэж, улстөржүүлж байгаа хоёр хүн бол С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр. С.Эрдэнэ ээ, Х.Баттулга аа, гурвуулаа хол байя, жолоогоо татъя. АН-ын ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц” хэмээн мэдэгдэв. Хоёр даргынхаа хэрүүлээс салж, гурав дахь даргаа томилсон АН-ынхан одоо яахаа мэдэхгүй гацаанд орчихоод байна. Хоёр биш бүр гурван ч даргатай болчихоод байгаа АН-ын энэ асуудлыг Улсын Дээд шүүх дахиад л хүлээж авахгүй, “Дотоодын хэрүүлээ өөрсдөө шийдчихээд ир” гэх нь тодорхой. Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиолоо. Одоогоос 30 гаруй жилийн тэртээ Үндсэн хууль батлалцсан эрхмүүд улс төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа шинэчлэлт хийх цаг хугацаа болсныг сануулж байсныг дурдах нь илүүц биз. 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга нарыг чөлөөлсөн. Эдгээр албан тушаалд хэнийг тавих вэ гэдэг асуудал ч энэ долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. Сошиал орчинд хүүхдийн мөнгөтэй холбоотой бүртгэлийн асуудал хамгийн их шуугиан тарив. Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор УИХ-аас Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр баталсан. 

Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Гэвч хүүхдийн цахим бүртгэл дээр өрхийн мэдээллүүд буруу орж, ганц бие хүмүүс эхнэр, нөхөртэй, зарим айлын хүүхдийн тоо хасагдаж, нэмэгдсэн асуудал олныг бухимдууллаа. 

Энэ асуудалд Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдээс уучлал хүсэж, “Өрхийн бүртгэл мэдээллийн санд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно. Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулна гэдгээ мэдэгдсэн юм. 

Цахим бүртгэл дээр үүссэн энэ маргаан төрийн байгууллагуудын алдаанаас гадна иргэдийн хайхрамжгүй байдалтай ч бас холбоотой гэдгийг дурдах нь зөв биз. Учир нь, шилжилт хөдөлгөөн хийлгэдэггүй, өмнө нь амьдарч байсан газраасаа албан ёсоор шилжээгүй, өөрийн хаяг дээр олон хүн бүртгэлтэй байгааг мэддэггүй зэрэг алдаанаас болж цахим бүртгэл будилжээ.

 Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, 14-21 хоногийн хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ талаар өдөр тутам мэдээлэл хийхээр шийдвэрлэв. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем бол “И-Монголиа”-гийн сервер унаж гацсан учраас Дархан-Уул аймгийн дата төвөөс нэмэлт төхөөрөмж байршуулж, И-Монголиа систем хэвийн үйл ажиллагаанд орж, энэ долоо хоногт 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна. 

Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаан дээр Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийжээ. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, Дархан төмөрлөгийн үйлд­вэр” ТӨХК-ууд он гарснаас хойш 100.6 сая ам.долларын борлуу­лалтын орлоготой ажилласан гэдгийг онцолж байлаа. 

Арван найм хоногийн дотор 100.6 сая ам.долларын борлуулалт хийнэ гэдэг эдийн засаг сайжрах дохио хэмээн олон хүн үзэж байна. Энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Жилдээ нэг сая жуулчин хүлээж авах том амбицтай байгаа Монгол Улсын хувьд казино байгуулах нь тэднийг урин даллах нэг том боломж хэмээн үзэж байгаа. Казиногийн тухай хуулийн төслөөс харахад казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заажээ. Казинод Монгол Улсын иргэдийг тоглуулахыг, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хуулиар хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

 Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар нэг их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар заажээ. Ингэхдээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэц­тэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион бай­гуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгажээ. 

Мөн нүүрсний хулгайтай холбоотой гэж зарлагдсан эрх мэдэлт­­нүүдийг яллагдагчаар татсан гэдгийг энэ долоо хоногт Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн тэргүүтэй хэд хэдэн хүнийг яллагдагчаар татсан байна.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 19 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 22 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 22 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 22 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 22 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 22 цагийн өмнө
SDY Calling you... 22 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 22 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 23 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 23 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 23 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22