Бүгд найрамдах улсын хоёр дахь Төрийн тэргүүн эмэгтэй


Нэмэндэйн Янжмаа нь Монголын төрийн зүтгэлтэн, жанжин Дамдины Сүхбаатарын гэргий. Д.Сүхбаатарыг нас барсны дараагаар тэрбээр нөхрийн нэрээр овоглох болж, Сүхбаатарын Янжмаа гэгдэх болжээ. Н.Янжмаа нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын ард Нэмэндэй, Сэрээтэр нарын гэрт 1893 оны хоёрдугаар сарын 6-нд төржээ. Туул, Тэрэлж гол, Цант, Хоолт, Их Хүрээгээр нутаглан өсөж торнисон байна.

1910 онд Д.Сүхбаатартай гэрлэж 1912 оны Цагаан сарын битүүнд Галсанлхүндэв хэмээх хүүтэй болжээ. Д.Сүхбаатарыг Хужирбулан дахь Монголын цэргийн пулемёт сумангийн жагсаалын даргаар ажиллаж байх үед Н. Янжмаа орос цэргийн дарга нарын гэр бүлтэй танилцаж, цэргийн хувцас оёж, тэдний гэр ахуйн ажилд туслах, мал саах зэрэг ажил хийж байжээ. Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Алтанбулагт хамт ажиллаж байсан хэсэг нөхдөө цуглуулж, цэргийн хувцас оёж, засварлаж эхэлсэн бөгөөд 1922 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр түүнийг өргөтгөн “Цэргийн хэлтсийн бэлтгэн үйлдэх тасаг” болон байгуулагдсан байна. Энэ нь хуучнаар Цэргийн гар үйлдвэр өнөөгийнхөөр “Бөртэ” ХХК-ийн үндэс суурь юм. Н.Янжмаа 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд, 1923 онд Монгол ардын хувьсгалт намд тус тус гишүүнээр элссэн байна.

1924 онд намын Төв хорооны Суртлын хэлтсийн дэргэд Бүсгүйчүүдийн тасгийг анх байгуулж, Их зохиолч Нацагдоржийн эхнэр Пагмадуламыг эрхлэгчээр нь томилж, нарийн бичгийн даргад Дамбадоржийг сонгосон байдаг. Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг нэртэй байж байгаад 1925 онд Эмэгтэйчүүдийн хэлтэс болсноос хойш Н.Янжмаа даргаар нь ажиллаж, Эмэгтэйчүүдийн хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн дарга зэрэг ажилд сонгогдон ажиллаж байхдаа олон эмэгтэйн нийгмийн асуудлыг шийдэж өгсөн тухай баримтууд байдаг. Түүнийг Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд “Хүндэт удирдагч” хэмээн өргөмжилсөн билээ. Нэмж хэлэхэд, Москвад болсон Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд Н.Янжмаа нь зохиолч Э.Оюуны хамт оролцож, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг тус холбооны гишүүнээр элсүүлжээ. 1947 онд Прагад хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд төлөөлөгчөөр очиж илтгэл хэлэлцүүлсэн байдаг.

Үйлдвэрчний ерөнхий хорооны орлогч даргын ажлыг хашиж байгаад 1927-1930 оны ЗХУ-ын КУТВ-д суралцахаар хүү Галсангаа дагуулан явсан тухай мэдээ бий. Буцаж Монголдоо ирснийхээ дараа Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга, Улсын хэвлэлийн газрын дарга, Хотын намын хорооны тэргүүлэгч, суртлын эрхлэгч, намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, Хоршооны төв холбооны үйлдвэрийн хэлтсийн дарга, намын Төв хорооны тэргүүлэгч эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга зэрэг албыг хашсан байдаг. Мөн зохиолч С.Удвалтай хамт олон улсын хуралд оролцож байжээ.

Цэргийн гap үйлдвэр, Улсын худалдааны газар, намын Төв хороонд нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн партизаны комиссын дарга зэрэг ажил хийж байгаад 1962 онд нас баржээ.

Ардын их хурлын Тэргүүлэгчдийн даргын үүргийг гүйцэтгэж байснаар тэрбээр түүхнээ Бүгд найрамдах улсын хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болжээ. Анхных нь Тува улсын Хертек Амырбитовна Анчимаа-Тока байв. 1962 оны нэгдүгээр сарын 8-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаас С.Янжмаагийн дурсгалыг мөнхжүүлэх тухай тогтоол баталж, Улаанбаатар хотын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийг түүний нэрэмжит болгосон байна. С.Янжмаагийн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын удмын хүн, ахмад багш Г.Энхтайваны товч дурдатгалыг хүргэе.

 

“Янжмаа эмээ ядуус, хүүхэд нялхаст туслах фонд байгуулж байв”

Нийслэл хүрээний өртөөнд ажилтай Нэмэндэй их шавийн тахарууд отгийн Өвгөнхүүгийн охин Сэрээнэнтэй ханилан сууж, 1893 оны хар луу жилийн хоёрдугаар сарын 6-нд охинтой болсныг Янжин буюу “Эгшигт эх” гэж нэрийджээ.

Тэрбээр Д.Сүхбаатартай ханилан сууж, автономитын үеийн цэргийн хуаранд зургаан жил гаруй амьдарсан байна. Хатанбатын Мэндсайханы “Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Нэмэндэйн Янжмаа” номд Янжмаа хэрхэн Нэмэндэйн овгоо Сүхбаатар болгож сольсон тухай тэмдэглэсэн байдаг. Энэ нь 1946 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр буюу түүний төрсөн өдрийн өмнө болсон хурлаас эхтэй бөгөөд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд Төв хорооны нарийн бичгийн дарга нарын тухай цомогт Сүхбаатарын Янжмаа болгон өөрчилж бичсэн нь Ардын хувьсгалын дараах он жилүүдэд орос сургагч нар орос маягаар Сүхбаатарын хэмээн эр нөхрөөр нь овоглож дууддагаас үүдэлтэй байж болох юм.

Н.Янжмаа нь хувь заяаны эрхээр Д.Сүхбаатартай дэр нэгтгэн залуу насандаа бэлэвсэрч, амьдралын хатуу бэрхшээл үзсэн боловч ухамсарт амьдралаа төр засаг, түмэн олны үйлст зориулсан манлайлагч эмэгтэй юм. Эцэг Нэмэндэй охиноо 10 нас хүртэл өсгөсөн бол эмэг эх Балжид нь зээ охиноо удамтай баян айлд өгнө хэмээн Сүхэд дургүй байсан тул Янжмаа эмээгээсээ зугтаж нөхрөө дагаад Хужирбулан явсан юм билээ.

Н.Янжмаагийн ач охин Д.Сүхжаргалмаа эмээгийнхээ эдэлж, хэрэг­лэж байсан эд өлгийн талаар “Орос саарал даашинз, бэхэн хөх өнгийн пийсүү дээл нь бидэнд үлдсэн. Эмээ урт хүрэн авдартай. Хувцсаа уртаар нь хийж хадгалдаг байсан. Би гурав дахь хүүхдээ гаргачихаад даашинзыг нь өмсөж үзэхэд надад томдож байсан. Эмээ надаас том биетэй байжээ гэж бодогддог. “Уултай тос” гэж нэрлэдэг орос тос, түрхдэг, гоёно гэж ерөөс байхгүй, ёстой пролетари зантай. Мөнгө, төгрөг үрэхгүй. Сайхан үнэртэй ус түрхэнэ, жигтэйхэн цэвэрч. Цэрэг цамц, юбка суран бүстэй, шинелэрхүү пальтотой, цэрэгжсэн байрын хувцастай хүн байсан санагддаг. Сайхан хромон гутал өмсөнө. Оросын “Заря” нэртэй пүрштэй бугуйвч, түгжээтэй алтан цаг зүүдэг байсан. Тэр цагийг нь оршуулахдаа бугуйнд нь зүүгээд хайрцганд нь хийснийг би харсан. Миний бага нас эмээгийн “Победа” машин дотор өнгөрсөн дөө. Эмээг нас барсны дараахан эдэлж хэрэглэж байсан зүйлс, бичиг баримтыг улсад тушаасан. Одоо бидэнд гадаад паспорт, бүсэлж байсан бүс нь байдаг” гэж ярьсан байна.

Н.Янжмаа 1927-1930 онд Зөвлөлт Орос улсын КУТВ-д суралцаж байхдаа хүү Галсангийн хамт амьдарч байжээ. Тэрбээр 1948 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга, 1949 онд Улсын есдүгээр их хуралд төлөөлөгчөөр, 1951 оноос Ардын их хурлын 1, 2, 3, 4 дэх удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогджээ.

Тэрбээр намын Төв хороонд эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн дарга, эмэгтэйчүүдийн хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дарга зэрэг албыг 15 жил гаруй хашихдаа Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хуралд илтгэл хэлэлцүүлж байсан байна.

Тэрбээр ядуу дорой, өнчин, нялх хүүхдүүдэд туслах тусгай фонд байгуулж, ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдийг онцгой анхаарч байсан нь харагддаг.

Улмаар эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа зориулсан эрчүүдийн өнчирч хоцорсон эхнэр, хүүхдүүдийн төлөө их анхаарал тавьж, олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох, эх нялхсын газар, хүүхэд асрах тасаг, хүүхдийн зуслан байгуулах ажлыг хариуцан, эх хүүхдийн  эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч байжээ. Иймээс Улаанбаатар хотын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэг, цэргийн оёдлын “Бөртө” үйлдвэрийг түүний нэрэмжит болгож, төр, засгаас улаан тугийн болон Сүхбаатарын одонгоор хоёр удаа шагнаж, “Зууны манлай эмэгтэй”-гээр өргөмжилсөн.

Өчүүхэн миний бие эмээтэй холбогдсон түүх сонин. Намайг үрчилж авсан аав жанжин Д.Сүхбаатарын ойрын төрөл садан юм. 1952 онд орон нутгаасаа хурдан морь уяж ирээд хүүхэд үрчилж авсан нь би юм. Ийнхүү Сэлэнгэ аймгийн уугуул хүү Сүхбаатар аймгийн хүү болсон түүхтэй. Иймээс намайг “С.Янжмаагийн өргөмөл хүү”, “Жанжны голомтод үрчлэгдсэн хүн” гэж ном хэвлэл дээр бичсэн л байдаг юм.

Манай эмээ Хүрлүүд овгийн, Сүхбаатар аймгийн Дарханхаан, одоогийн Сүхбаатар сумын уугуул  хүн байлаа. Иймээс жанжны болон эмээгийн аав, ээжүүд хоёр хүүхдээ гэр бүл болгосон гэдэг юм билээ. Харин эмээгийн маань ах дүүс орон нутагт цөөвтөр байдаг юм билээ. Эмээгийнхээ мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан төрөл төрөгсөд, ач зээ нарт нь баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн бүтээлч их үйлс хүсэн ерөөе.

Ахмад багш Төгөө Ганжуурын Энхтайван

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 21 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22