УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийснээр дугаараас дугаарын хоорондох долоо хоног улс төрийн хувьд намжмал эхлэв.
УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол таван өдөр үргэлжилж өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн. Сонсголын ажиллагаанд 60 компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж, гэрчүүдээс тайлбар, мэдээлэл авч, давхардсан тоогоор 306 гэрчийг дуудсанаас 175 нь оролцсон байна. Сонсголын үйл ажиллагааг МҮОНТ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн. УИХ-ын түр хороо ийм сонсголыг гурван удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд дараагийн сонсгол хоёрдугаар сард болно.
Үндсэн хуулийг шинээр бичих гэж байгаа талаарх нийгэмд үүсээд буй ярианд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан лхагва гарагт хариулт өгч, ард түмнээс асуухгүйгээр шинэ Үндсэн хууль батлах боломжгүй гэдгийг тодорхой хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаачилга гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хууль судлаачид Ерөнхий сайд болон холбогдох газруудад санал тавьсны үндсэн дээр ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Үндсэн хуулийн эхийг биччихлээ гээд шууд баталчих гэж байгаа юм биш. Үүнийг Монголын ард түмэн шийднэ. Нэмэлт, өөрчлөлт бол тодорхой цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөх замаар өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гол зорилго оршиж байна. Шинээр бичнэ гэвэл одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулийн 35-аас дээш хувийг өөрчилсөн тохиолдолд шинэ Үндсэн хууль батална гэдгийг ярьдаг. Энэ бүгдэд МАН-ын дарга, Ерөнхий сайд байр сууриа тодорхой илэрхийлсэн. МАН Үндсэн хуульд асуудал байна гэж үзвэл олон нийтийн санал асуулгын үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Шинээр Үндсэн хууль бичээд батлах боломжтой юу гэвэл эргэлзээтэй. Богино хугацаанд хийх зүйл огт биш гэдгийг судлаачид хэлж байгаа. Шинээр бичих шаардлага үүссэн гэж Монголын ард түмэн үзэж байгаа тохиолдолд шинэ Үндсэн хууль бичигдэж, батлагдтал дор хаяж 2-3 жил шаардагдана. Манай нам 2022 оны тавдугаар сард Үндсэн хуульдаа тодорхой өөрчлөлт оруулъя, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлье, сонгуулийн тогтолцоог санал гээгддэггүй холимог тогтолцоог оруулах нь зүйтэй юм байна гэдэг байр сууриа илэрхийлж байсан” хэмээн онцлов.
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-нд эхлэв. Уг санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс мэдээлснээр Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу хоёр үе шаттай явагдах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шат энэ сарын 30-ны дотор явагдаж дуусах бөгөөд зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр явагдах хоёр дахь үе шатны санал асуулга хоёрдугаар сарын 14-15-нд болох юм байна. Нэгдүгээр сарын 4, 11-нд зохион байгуулсан “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” сэдэвт үндэсний чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөллүүдээс ирүүлсэн нийт 1100 орчим саналыг харгалзан үзэж, нэгтгэн нягталж, олон удаа тал бүрээс нь хэлэлцсэний эцэст үндсэн 22 асуултыг боловсруулж Үндэсний статистикийн хороонд хүргүүлжээ.
Үндэсний статистикийн хороо хуульд заасан үүргийнхээ дагуу Анхдугаар санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1570 хүнээс авах бөгөөд дараагийн шатанд тэдгээр иргэдийн 50 хувийн төлөөллийг Төрийн ордонд урьж зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах аж. Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай асуудал огт байхгүйг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд онцлон дурдлаа.
УИХ завсарлаж, улс төр түр амсхийсэн ч, намуудын улс төр тогоо тогоондоо даргилж байна. Намууд гэдэг нь Ардчилсан нам бас дахин Ардчилсан нам. Ардчилсан нам үндсэндээ гурван хэсэгт хуваагдсан нь сүүлийн өдрүүдийн үйл явцаас улам тодорхой болж байна. Талцан хуваагдаад байсан хоёр хэсэг нь их эвлэрлийн ажлын хэсэг байгуулан ажиллаж, хамтран мэдэгдэл хүртэл хийсэн. Гэтэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо гэнэт 150 гаруй гишүүнтэйгээр хуралдан, дөрвөн хүнийг намын даргад нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр ялалт байгуулсан. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөөгүй талууд, тухайлбал С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам өчигдөр мэдээлэл хийв. Улсын дээд шүүхийн хүчин шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон тамга, гэрчилгээ бидэнд байгаа л гэв тэд. Мөн Ардчилсан намын даргын сунгааг зарлаж байгаагаа мэдэгдэв. Ийнхүү 2020 оноос хойш Ардчилсан намын тав дахь даргаар Л.Гантөмөр тодорсон ч С.Эрдэнэ зургаа дахь даргын сунгааг зарлаж байх шиг байна. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын даргаар сонгогдсон дарга Л.Гантөмөр болохоор Ардчилсан нам тамган дээр биш лидер дээрээ нэгдэнэ гээд байдаг. С.Эрдэнэ тамга тэмдгээ яриад байгаа. Ардчилсан намын улс төр ийн тогооноосоо халин ядан буцалж байна.
Нийгэмд өрнөсөн бусад үйл явдлын хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймагт хөрөнгө оруулалтын чуулган болж, Хар ус нуур дээр “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг зохиосон нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн анхны эвэнт байлаа. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаар 3000 орчим хүн бүртгүүлж, өчигдөр сонгон шалгаруулалтын шалгалт нь эхэллээ. Ийнхүү шударга сонгон шалгаруулалт, үнэлэмжээр залууст тэгш боломж олгож байгаа нь шинэлэг алхам болж байна. Нийслэлийн прокуророос Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн мэдээлэл олонд хүрсэн. Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулсан нь мөн нэг онцлох шийдвэр байлаа.
Г.Санчир
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/