ГХ-ны сайд Б.Батцэцэг өнөөдөр Монгол Улсын гадаад харилцааны бодлого чиглэл, тус салбарт 2022 онд хийгдсэн айлчлалууд, түүний үр дүн, 2023 онд тус яамнаас хэрэгжүүлэх голлох ажлуудыг танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улс 2022 онд гадаад харилцаагаа илүү идэвхтэй хөгжүүлж, эрчимжүүлсэн жил болсон" хэмээн дүгнэв.
Хөрш орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Гадаад харилцааны сайдын айлчлалыг БНХАУ-д хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнгээ өгч, улс төр, гадаад худалдаа, хил гааль гээд олон салбарт бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргахад нөлөөлсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалаараа гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн үзэж, ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцаж тохиролцжээ.
Буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эцэслэн ярьж тохирлоо. Энэхүү айлчлалын хүрээнд хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Гашуунсухайт, Ганцмод, Хангимандал, Замын-Үүд, Эрээний боомтын дэд бүтцийг сайжруулах, төмөр замын ажлыг эрчимжүүлэх, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил ярьсан гацаатай асуудлууд дээр бид ахиц гаргав. Хятад Улс боомтын хөгжлөө цогцоор нь авч үзэж, тавигдах шаардлагаа дээшлүүлсэн. Уг бодлоготой нийцүүлж Боомт хариуцсан сайдыг томилж, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинэчлэн байгуулж чамгүй ажлыг эхлүүлээд байгаа юм.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг БНХАУ тал бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цаашид байгаль орны чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна.
ГХ-ны сайд танилцуулгадаа "Гуравдагч хөрштэй өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны тухайд "Гадаадын өндөр, дээд түвшний төлөөлөгчид Монгол Улсыг зорин айлчилж байгаа нь яах аргагүй манай орны нэр хүнд өсөж, бидний баримталж буй бодлого, үйл ажиллагаа оновчтой байгаагийн тод илрэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн 12 жилийн хугацаанд хийгээгүй төрийн айлчлалыг Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн. Айлчлалаар өнгөрсөн 50 жилийн хугацааны хамтын ажиллагаагаа дүгнэж, ирэх 50 жилийн харилцааны зорилтоо дэвшүүлсэн юм. Япон Улс 50 мянган мод тарьж ойжуулах төсөл хэрэгжүүлэхээр болсноос гадна манай 20 мянган залуусыг энэ чиглэлээр сургахаа мэдэгдсэн. Гуравдагч хөршийн харилцаанд Солонгос Улстай харилцах харилцаа нэн чухал. Тус улсын Гадаад хэргийн сайд манай улсад 8 жилийн дараа айлчилж, гучин жилийн харилцаагаа дүгнэж, ирэх гучин жилийн хэтийн зураглалаа тодорхойлсон. Ингэхдээ тээвэр ложистик, эрчим хүч, дэд бүтэц, ХАА зэрэг салбарт үр ашигтай хамтарч ажиллахаар болсон. Мөн Монгол-Солонгосын газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг тус улсын тусмламжтайгаар байгуулахаар, “Ногоон хэрэм” гуравдугаар шатны төслийн хүрээнд 45 га-д мод тарихаар болсон. Үүний зэрэгцээ Солонгос Улс руу манай улсын иргэд визгүй зорчих асуудлыг үргэлжлүүлэн ярьж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэдний мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголдоо суурьшуулах хүрээнд тус улстай хамтарч ажиллах тал дээр тодорхой санал солилцож, хамтын ажиллагааны гурван баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн Ерөнхий сайд Герман Улсад албан ёсны айлчлал хийж, тээвэр ложистик, эрчим хүч, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, ХАА, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтсон юм. Мөн газрын ховор элементийн хагас боловсруулах үйлдвэрийг Монгол Улсад Германы тусламжтайгаар байгуулах чиглэлээр судалгааны ажил эхлүүлэхээр болсон" хэмээв.
Н.Нягт