Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.
-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аас батлан гаргалаа. Энэ хуулийг яаралтай горимоор, богино хугацаанд гаргах үндсэн шаардлага нь юу байв?-Олон нийтийн сүлжээ буюу цахим орон зай бидний амьдралын хэвшлийн нэг хэсэг болчихлоо. Бид энгийн амьдралдаа хэн нэгнийг цохиж зодож, доромжилж, эрхэд нь халдаж болохгүй гэдэг хэм хэмжээтэй амьдардаг. Гэтэл цахим орон зайд нэгнээ залилах, доромжлох, ялгаварлан гадуурах гээд дур зоргоор авирлах бүх төрлийн хэрэг зөрчил гарч байна. 2019-2020 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тоо 900 сая төгрөг байсан бол 2022 онд 20 тэрбум болтлоо өссөн. Тэгэхээр гэмт этгээдүүд энэ орон зайд бусдын эд хөрөнгө, нэр төрд хайр гамгүй халдаж, дайрч доромжлох боломжийг цаашид хүлээн зөвшөөрсөөр байх уу, үгүй юү гэдэгт л хариулт өгсөн хууль гэж ойлгож болно. Бид энэ хуулийг боловсруулахдаа олон нийтийн дунд өргөн хүрээний судалгаа явуулсан.
Энэ хуулийг боловсруулахдаа олон нийтийн дунд өргөн хүрээний судалгаа явуулсан
Ингэхэд “Сошиал хэрэглээ хэрээс хэтэрсэн, энэ сөрөг нөлөөллөөс бид өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалах ёстой, цахим орон зайд ямар нэгэн зохицуулалт шаардлагатай” гэдэг байр суурийг судалгаанд оролцсон хүмүүсийн олонх нь илэрхийлсэн. Энэ хуулиар хэн нэгнийг мөрдөн шалгаад, барьж илрүүлээд, хариуцлага тооцох ямар ч зорилго агуулгаагүй. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа тэртэй тэргүй хуулийнхаа дагуу явж байгаа. Иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх орон зай нь олон нийтийн сүлжээ мөн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гагцхүү энэ орон зайг бид хамгаалах учиртай юм. Үүний тулд зөрчилтэй контентыг тодорхойлоод энэ хүрээн дотроо л зохицуулалт хийнэ.
Олон нийтийн сүлжээнд зөвхөн иргэд, сэтгүүлч, албан тушаалтнууд байдаг юм биш, гэмт хэрэгтнүүд ч бий. Хуурамч аккаунттай буюу нүүрээ нуусан хулгайч, дээрэмчин, хүчирхийлэгч хүртэл байгааг мартаж болохгүй. Технологийн дэвшил бидэнд мэдээлэл солилцооны хурдыг нэмэгдүүлэхээс авахуулаад маш олон давуу талыг олгодог. Тэгвэл энэ нийтлэг орон зай хамгийн гол нь эрүүл, аюулгүй байх ёстой атал эрүүл бус болсон жишээ олныг дурдаж болохоор байна. Энгийн амьдрал дээр бид нүүрэндээ хар маск зүүчихээд өөд өөдөөсөө хараад хэрэлдээд байвал энэ эрүүл үзэгдэл биш биз дээ. Тийм л учраас үүний эсрэг “Фэйсбүүк” өөрийн дүрмээр тэмцдэг, манай улс ч өөрийн гэсэн бодлоготой байх ёстой гэж үзэж байгаа юм. Бидний хүүхдүүд, ирээдүй хойчид нэгэнт цахим орчны хэрэглээ нээлттэй байгаа учраас зохистой байлгах зайлшгүй шаардлагатай. Мэдээж эндээс бид авах юмаа авдаг, давуу тал олон бий. Гагцхүү сөрөг талыг нь засаж сайжруулъя гэж байгаа юм. Жишээлбэл, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, хүчиндэх гэмт хэргийн 2021-2022 оны тоо баримтыг үзэхэд 18 дахин, залилах гэмт хэрэг 180 хувиар өссөн байна. Энэ тоо бүрийн ард бодитой хүн байна шүү дээ. Гэтэл хохирогч хүүхдийн нэр төр, бэлгийн халдашгүй байдал, ирээдүй гээд ерөөсөө бүх амьдрал нь байгаа учраас хамгаалалт хэрэгтэй нь гарцаагүй.
-Энэ хуульд заасан санкц бүрийг зохицуулсан бие даасан хууль байхад давхардуулах ямар шаардлага байв гэдэг шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бүх гэмт хэрэгт хууль хяналтын байгууллага хэрэг үүсгээд тэмцэж байна уу гэвэл тийм. Гэтэл хохирогч нэн тэргүүнд юуг хүсдэг вэ. Миний хувьд 18 жил өмгөөлөгчөөр ажилласан. Хохирогч, шүүгдэгчийн аль аль талд ажиллаж байлаа. Хохирогчийн зүгээс өөрт нь хохирол учруулсан үйлдлийг нэн даруй таслан зогсоохыг л хүсдэг. Хэрвээ олон нийтийн сүлжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн золиос болчихсон бол Цагдаа, ХЗДХЯ, ХХЗХ өөр өөрийн шугамаар тухайн олон нийтийн сүлжээ эзэмшигчтэй харилцаж байгаа. Эдгээр төрийн байгууллагаас “Ийм пост, видео, зураг, дүрс контент нь энэ хүний эрх ашгийг ингэж зөрчиж байгаа учраас устгаж өгөөч” гэж “Фэйсбүүк” компанид ханддаг. Нийт хандсан хүсэлтийн 35 хувийг хүлээж аваад тухайн хаягийг хааж, устгадаг. Яагаад хааж, устгаад байна гэхээр “Фэйсбүүк”-ийн community standart буюу дүрэмд нь үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан, хүний эрхийг зөрчсөн бол тухайн хаягийг хаадаг. Энэ бол “Фэйсбүүк”-ийн өөрийнх нь зохицуулалт. Цахим орчинд хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. Тиймээс зайлшгүй шийдэх ёстой асуудлын хамгийн ноцтой нь энэ. Гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох ажилд энэ хуулиар дамжуулан дэмжлэг үзүүлэх юм. Мөн түргэн шуурхай байдал, шийдвэрлэлтийн хувь бага байгаа учраас Монгол Улс “Фэйсбүүк”-тэй харилцах сувгаа албажуулж, тодорхой болгох шаардлагатай байгаа юм. “Фэйсбүүк” компанийнхантай албаны болон бусад шугамаар уулзахад тэд хэд хэдэн шаардлагыг тавьдаг. Нэгдүгээрт, танайд хууль эрх зүйн орчин алга буюу хуулиар ямар нэгэн байдлаар зохицуулалт алга гэдэг. Энэ үнэн. Бид ямар агуулга бүхий контентыг зөрчилтэй гэж үзэх вэ гэдгээ өнөөдрийг хүртэл тодорхойлоогүй. Ингэж тодорхойлоогүйгээс болоод янз бүрийн үр дагавар гарч байна. Жишээлбэл, нэг албан тушаалтан “Энэ үйлдэл, пост надад таалагдахгүй байна” гээд холбогдох газруудад гомдол гаргах эрх нээлттэй. Гэтэл “Таалагдахгүй байна” гэдэг нь гомдол гаргах үндэслэл биш. Ямар тохиолдолд зөрчилтэй гэж үзэх вэ гэдгээ хуулиар тодорхой болгож байж хэмжээ хязгаараа тогтоосноор түүндээ захирагдах шаардлага үүсээд байгаа юм. Ингэхгүй болохоор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн бүрийн эсрэг аливаа нэг албан тушаалтан гомдол гаргаад, хаягийг нь хаалгаад байх эрх нээлттэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зохицуулалт, хүрээ хязгаар байхгүй болохоор олон нийтийн сүлжээ дур зоргын шинжтэй болчихоод байна шүү дээ. “Фэйсбүүк”-ийн дараагийн шаардлага нь танай улсаас маш олон байгууллагаас, янз бүрийн шаардлага тавьж байна, бид алийг нь шийдвэрлэх вэ гэдэгт ойлгомжгүй байдал үүсгэж байна гэдэг. Тийм учраас холбогдох сувгаа нэг болго гэдэг. Энэ бол зүй ёсны шаардлага шүү дээ.
-Монгол Улс “Фэйсбүүк”-тэй албаны шугамаар харилцдаг болсноор хэрэг шийдвэрлэлт хэдэн хувьд хүрэх боломжтой гэж үзсэн бэ?
-Бид хуульд “Ногоон суваг” гэдэг ойлголтыг хуульчилж өгч байгаа юм. Монгол Улсын зүгээс “Фэйсбүүк-тэй албан ёсоор харилцах ганц л суваг байна гэсэн үг. Мөн олон улсын байгууллагаас итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагаар энэ ажлыг хийлгэж болох эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Жишээ нь, манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэг компани бий. Эднийх бол олон улсын байгууллагаас зөвшөөрөгдсөн байгууллага. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан, албан байгууллагаас хараат бус байгууллагаар энэ ажлыг гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Монгол Улсаас “Фэйсбүүк” рүү хандсан гомдлын 25-35 хувь нь шийдвэрлэгдэж байна. Гэтэл олон улсын дундаж 65 хувь. Тиймээс олон улсын дунджид хүргэх шаардлагатай байгаа юм.
2020 оны дөрөвдүгээр улиралд “Фэйсбүүк” 1.4 тэрбум хуурамч аккаунтыг устгасан байна. Фэйсбүүкийн постны дээд хэсэгт гурван цэг байдаг. Тийшээ орохоор репорт гэсэн цэс бий. Иргэн хүсвэл энэ цэсийг ашиглаад репорт явуулснаар фэйсбүүк цаанаас нь тухайн хаягийг хаадаг. Үүнийг одоо ч ашиглах боломжтой. Гагцхүү энэ тохиргоог хүн бүр мэдэхгүй, англи хэлний мэдлэг дутах нь ч бий, хэрэглээнд дадаагүй учраас төр тусалж дэмжье, сошиал хэрэглээг зөв зохистой болгоё гэдэг үүднээс нь хууль боловсруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн нэгний нүцгэн зургийг дэлгэлээ гэхэд шууд устгах боломжгүй байдаг. Үүнийг яаралтай устгуулахын тулд бид “Ногоон суваг”-аараа албан ёсоор хандах гээд байна шүү дээ. Одоогийн нөхцөлд яаж яаралтай усгтгуулахаа мэдэхгүй хүн хохирсоор л байж болохгүй биз дээ. Албан сувгаараа, хуулийн үндэслэл бүхий тайлбар бичээд албан ёсоор хандвал тухайн асуудлыг шийдэх боломж, үндэслэл нэмэгдэнэ л гэсэн үг.
-Зөрчилтэй контент гэдгийг хэрхэн ойлгох вэ. Иргэдийн гомдол, мэдээллийг хэн хүлээн авч, “Фэйсбүүк” рүү хандан шийдвэрлүүлэх юм бэ?
-Хуульд 12 зүйлээр ямар контентыг зөрчилтэй гэж үзэх вэ гэдгийг маш нарийн зааж өгсөн. Хүүхдийн эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан, дайн самуун, эмх замбараагүй байдалд уриалсан, хар тамхи мансууруулах бодисыг дэмжсэн, зохиогчийн эрхийг зөрчсөн эсэх зэрэг шалгуур байна. Эдгээрээс өөр төрлийн гомдол хүлээн авахгүй. Энэ хуулийн хүрээнд Олон нийттэй харилцах нэгж байгуулна гэж заасан. Зөрчилтэй контент байна гэдгийг хэрэглэгч өөрөө тодорхойлох юм. Иргэдийн зүгээс Олон нийттэй харилцах нэгжид хүсэлтээ ирүүлнэ гэсэн үг. Ингэхдээ мэдээж үндэслэлээ гаргаж ирэх ёстой. “Ийм учир шалгаантай байна. Энэ пост, коммент нь миний эрхийг зөрчиж байна” гэдэг хүсэлтийг ирүүлэх нь байна. Түүнээс биш бид шууд санаачилгаараа хэн нэгний пост, комментыг хязгаарлаад хаагаад байхгүй. Тиймээс аливаа гомдлыг энэ хуульд заасан үндэслэлээрээ шалгана.
Аливаа гомдлыг энэ хуульд заасан үндэслэлээрээ шалгана
Тухайн хүсэлтийг Фэйсбүүк рүү 72 цагийн дотор илгээнэ. Ингэхдээ “Манай дотоодын хууль, тогтоомжийн энэ заалтыг зөрчсөн учраас” гэж үндэслэлээ тодорхойлж өгнө. Олон нийттэй харилцах төвд мэргэжлийн технологийн, хуулийн, хүний эрхийн мэргэжилтэн, сэтгүүлчид, олон нийтийн төлөөлөл оролцоно. Энэ бүтэц өргөдлийг хэлэлцээд хуулийн аль заалтад хамаарах вэ гэдгийг тодорхойлсноор “Ногоон суваг” буюу албан ёсны сувгаараа дамжуулан “Фэйсбүүк”-т уламжилж шийдвэрлүүлэх юм. Бидний илгээсэн хүсэлтийг хангах эсэхийг “Фэйсбүүк”, “Инстаграм”, “Твиттер” гээд харьяалах байгууллага нь шийднэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, шийдэх эрх мэдлийг энэ хуулиар авчихаж байгаа юм биш, авах ч боломжгүй. Бид бол операторын үүрэг гүйцэтгэж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Монгол Улс бие даасан хуультай болсноор цаашид хүссэн бүхэн биш албан ёсны “Ногоон суваг”-аараа дамжуулан үйлчилгээ үзүүлэгч “Фэйсбүүк”-тэй харилцана гэдгээ ойлголцсон учраас хэрэг шийдвэрлэлтийн хувь хэмжээ нэмэгдэнэ гэж харж байгаа. Ерөөсөө энэ хуулиар гуравхан л ажил хийнэ. Нэгдүгээрт, зөрчилтэй контент гэж юуг хэлэх вэ гэдэг агуулгаа тодорхой болгоно буюу хууль эрх зүйн орчноо бүрдүүлнэ. Хоёрдугаарт, “Ногоон суваг”-аар буюу нэг сувгаар хандана, гуравдугаарт, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр зорьж байгаа юм.
-Хуулийн гол агуулга, зорилгыг олон нийт ойлгож байгаа байх. Хамгийн гол нь энэ хуулиа хэр хугацаанд боловсруулсан бэ, цөөн хоногт багтаагаад батлуулчихлаа гэдэгт хардлага өрнөөд байна л даа?
-Бид энэ хуулийг санаанаасаа юм уу аль нэг албан тушаалтны хүсэлтийн дагуу гаргаад ирчихсэн юм биш. Хууль боловсруулахын өмнө маш олон төрлийн судалгаа хийдэг. Тухайлбал, энэ хуулийн тухайд олон нийтийн сүлжээний өөрийнх нь дүрэм журмыг судалсан. Тэр дундаа манай улсад хамгийн идэвхтэй буюу 2.7 сая хэрэглэгчтэй “Фэйсбүүк”-ийг тусгайлан судалсан. Хоёрдугаарт, Герман, Япон, Өмнөд Солонгос гэх мэт олон нийтийн сүлжээг өргөн хэрэглэдэг улсуудтай харилцсан. Ингэхдээ тэд яаж эрх зүйн орчноо ойлгомжтой болгов гэдгийг судаллаа. 2017 оноос хойш ХЗДХЯ-нд энэ хуулийг боловсруулж ирсэн. 2017 оноос хойш цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн томоохон судалгааг хийсэн байдаг. Хууль зүйн үндэсний хүрээлэн ч энэ судалгаанд оролцсон.
Ингээд судалгааны 400 гаруй хуудас тайланг гаргачихсан байна. Мөн 2022 оны тавдугаар сарын 22-ны өдөр ҮАБЗ-өөс гарсан 08 тоот зөвлөмж бий. Тус зөвлөмжид олон нийтийн сүлжээнд хүний эрх зөрчигдөж байна, эргээд хууль хяналтынхан иргэдийнхээ эрхийг хамгаалъя гэхээр хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Тиймээс холбогдох хуулийг боловсруулж ир гэдэг үүргийг Засгийн газарт, хэлэлцэн батлах үүргийг УИХ-д чиглэл болгосон. Ингээд судалгаа тооцооллыг хийгээд, томьёоллыг нь тодорхойлоод өдий хүрсэн гэсэн үг. Өргөн барьсан төслийн хувьд найруулгын болон асуудал шийдлийн хувьд алдаатай оноотой байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс тодорхой санал шүүмжлэлийг гаргаж, өрнүүлдөг. Ингэснээр хасаж, нэмээд, өөрчлөн найруулаад л явдаг. Энэ процессынхоо дагуу л хэлэлцүүлэг өрнөсөн. ЦХХХЯ хуулийг боловсруулах үүргийнхээ дагуу төслөө боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар төслийг дэмжээд УИХ-д оруулснаар эцэслэн баталсан.
Та цахим хаягаа өөрөө эзэмшдэг бол асуудалгүй
-Анх өргөн барьсан төслөөс хэчнээн заалтыг, ямар үндэслэлээр хасав. Ерөнхийдөө шүүмжлэлд өртсөн бүх заалтыг хаслаа гэж ойлгосон?
-Иргэдийн нэр төрийг гүтгэсэн, доромжилсон агуулгатай мэдээлэл байвал зөрчилтэйд тооцно гэж бичсэн байсныг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан байна гэж үзээд хасах шаардлагыг тавьсан. Энэ саналыг хүлээж аваад төслөөс хассан. Мөн 6.3 гэдэг заалтын тухайд багагүй маргаан гарсан. Энэ тухайд найруулгын алдаа гарсан үзэж байгаа. Нийтийн албан тушаалтан өдөр тутамд хүний хувийн мэдээлэлтэй харилцдаг. Гэтэл энэ мэдээллээ олон нийтийн сүлжээнд оруулаад байж болохгүй гэдэг үүднээс “Нийтийн сүлжээнд оруулахыг хориглоно” гэж бичсэн байсан. Гэтэл нийтийн албан тушаалтны мэдээллийг цахим сүлжээнд оруулахыг хориглоно гэж ойлгогдсон учраас энэ заалтыг хассан. Түүнчлэн төрийн бэлгэ тэмдэг болоод үндэсний өв соёл, заншлыг гутаан доромжилсон агуулга бүхий контент оруулбал зөрчилтэйд тооцно гэж оруулсан байсныг “Хэтэрхий өргөн хүрээтэй байна” гэж үзсэн учраас “төрийн бэлгэ тэмдэг” гэсэн хэсгийг үлдээгээд бусдыг нь хассан.
-Хуулийг мөрдөөд эхлэхээр хуурамч хаяг болон троллуудыг цэгцэлнэ гэж ойлгож болох уу. Цэцэг, навч, уул, усны зурагтай бол устгах нь гэдэг ойлголт түгээд байна. Та үүнд тайлбар өгнө үү?
-Иргэн та цахим орчинд хэдэн ч хаяг эзэмшиж болно, таны хаяг ямар ч зурагтай байж болно. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд энэ талаар хөндөөгүй. Хамгийн гол шаардлага нь тухайн хаягийг та өөрөө эзэмшдэг байх шаардлагатай. Харин тухайн хаягийн эзэшигч гэдгээ та өөрийн утасны дугаар болон цахим хаягаараа баталгаажуулна. Нэг асуудлыг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгааг тролл гээд байгаа. Үүнийг олж илрүүлж, шалгаад “Ногоон суваг”-аар “Фэйсбүүк”-т хандана. Гэхдээ ХЭҮК болон эрх бүхий байгууллагаас шаардлага ирүүлсэн тохиолдолд үүнийг шалгаад устгах хүсэлтийг хүргүүлнэ гэсэн үг.
Мөн зөрчилтэй мэдээлэл гэдгийг тогтоож байгаа бол нөгөө талдаа баталгаатай мэдээлэл гэдгийг зарлах ёстой. Тиймээс бид энэ хуулиар редакцтай, хариуцлагатай эх сурвалжуудаа ялгаж, баталгаажуулах юм. Verified болгоно гэж ярьдаг. Цэнхэр тэмдэглэгээ авч өгнө. Энэ ажил хууль хэрэгжиж эхлэхээр эхэлнэ. Ингэснээр албан ёсны мэдээллийн сайтуудыг баталгаагүй сайтуудаас ялгаж өгөх юм. Мөн албан ёсны эх сурвалж болсон тохиолдолд report хийсэн ч хаагдахгүй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/