“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөөтэй ярилцлаа.
-Улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал оролцоо ямар байх ёстой вэ. Энэ тал дээр та өөрийн байр сууриа хэлэхгүй юү?
-Хаан ухаан, хатан ухааны аль алиныг төрийн бөгөөд гэрийн хэрэгт оролцуулж байсан түүхэн уламжлал бол манай ард түмний, нүүдэлчний соёл. Их хаан өөд болоход дараагийн хааныг томилтол хатад төр барьж байсан баримт түүхэн эх сурвалжид олон тэмдэглэгдсэн байдгийг бид бүгд мэднэ. Монголын түүхэнд төр барьж байсан олон хатад бий. Энэ утгаараа нүүдэлчний соёлтой жендэрийн тэгш байдал гэдэг бол тодорхой хэмжээгээр анхаарч байсан гэдэг нь эндээс харагдаж байгаа.
Жендэр судлалын ухаан ч саяхан бий болсон зүйл биш. 1792 онд Английн гүн ухаантан М.Уолстонкрафт гэдэг эмэгтэй “Хүн төрөлхтнийг тээн төрүүлдэг эхчүүд ямар ч эрх мэдэлгүй байгаа” явдлыг анх хөндөж, хүн төрөлхтөнд өөрийн алдарт бүтээлээ гаргаж байсан. Амьдрал дээр гэрийн доторх шийдвэрийн 80 орчим хувийг эхнэрүүд, гэрийн гаднах шийдвэрийн дийлэнхийг эрчүүд гаргаж ирсэн. Тийм учраас эрэгтэй, эмэгтэй хоёр хүний энэ байгалийн онцлогийг хослуулан хэрэглэж байж төрд ч, гэр бүлд ч асуудлууд зөв шийдвэрлэгдэнэ. Эндээс харахад нүүдэлчид хэдийгээр соёл, жендэрийн эрх тэгш байдал гэж нэрлээгүй ч хаан ухаан, хатан ухаан хоёрыг эрт дээр үеэс хослуулж ирсэн ард түмэн гэдгээрээ бид бахархах ёстой.
-Орчин цагийн улстөрч эмэгтэйчүүдийн манлайлал ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Ямар хүн улстөрч байх юм. Эмэгтэй улстөрч байсны давуу тал нь юу юм гэдэг асуудал их чухал. Юуны өмнө эхлээд бид улстөрч эмэгтэйчүүдээ бэлдэх ёстой. Улс төр гэдэг чинь бодлогын түвшинд, алс хэтийг харсан, улс орны эрх ашгийг дээдэлсэн, асар том хандлага, бодлого, шинжлэх ухаан. Зүгээр нэг хүн санаанд орсон юмаа ярьж, амьдралд тулгарч байгаа асуудлыг хөндөөд улстөрч болчихдог юм биш.
Жендэрийн мэдрэмжтэй, эрх тэгш байдлыг хангана гэдэг бол өөрөө хөгжлийн арга зүй. Аливаа асуудлыг шийдэхэд хоёр хүйсийн төлөөллийн саналыг харгалзан шийдвэр гаргаж байх ёстой гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн. Эмэгтэй хүний байгалиас заяасан онцлог болоод нийгэм, гэр бүл, хүн төрөлхтний өмнө гүйцэтгэж байгаа үүрэг, эрчүүдийн үүрэг хоёрыг хослуулах нь хөгжлийн бодлогын суурь, зарчим юм.
Эмэгтэй хүн хүүхэд гаргах, хүмүүжүүлэх, гэр бүлийн амьдралын оролцооноосоо шалтгаалаад хөгжлийн асуудалд оролцох цаг нь багасдаг. Арга зүй дутах хандлагатай байдаг. Хэрвээ жендэрийн эрх тэгш байдлыг хангана аа гэвэл тэр сул талыг нөхсөн тийм бодлого, арга зүйг бас эмэгтэй лидерүүд, ирээдүйн эмэгтэй улстөрчид рүү явуулж, тэднийг хөгжүүлж байх ёстой юм. Түүнээс биш зүгээр эмэгтэй хүн байхаар бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Ямар эмэгтэй хүн төлөвшүүлж, ямар бодлоготой байлгаж байж бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах юм, ямар бодлого явуулж байж шийдвэрүүд бүх хүнд ээлтэй байх юм гэдэг асуудал энд яригдах болно.
-Өмнөх 30 жилтэй харьцуулахад эмэгтэй улстөрчдийн тоо өссөн. Гэхдээ хувь хүний төлөвшилтэй холбоотойгоор шүүмжлэлд өртөөд байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Улс төрийн намууд улс орныхоо хөгжлийн бодлогыг боловсруулахдаа давхар хүний нөөцөө бэлдэж явах ёстой. Бид хүнээ, эрэгтэйчүүдээ, эмэгтэйчүүдээ яаж бэлтгэх вэ гэсэн энэ арга зүй, бодлогоо тодорхойлоод, шийдсэн. Тэр нь амьдралд хэрэгждэг байх ёстой. Түүнээс биш нэг л өдөр зүгээр өөрөө улстөрч болоод гараад ирдэггүй. Социализмын үед бол ЕБС-д байхад нь хүүхдүүдийг сонгож, удирдан зохион байгуулах чадварыг нь харж, сонгож байсан. Шинэ залуу боловсон хүчин төгсөөд ирэхэд тодорхой үүрэг даалгавар өгч, ахмад хүмүүст хариуцуулан, мэргэжил, хувь хүн тал дээр төлөвшүүлж байгаад улс төрийн бодлого боловсруулах алхмыг нээдэг байсан.
“Бодлого боловсруулах шатанд эмэгтэй хүн байх ёстой” гээд гэв гэнэт нэг хүнийг дээш нь татаад гаргаад ирэх нь олон нийттэй харилцахаас эхлээд, бодлого боловсруулах хэмжээнд хүртэл мэдэхгүй, чадахгүйн хүндрэл тулгардаг. Тиймээс ийм шат дараатай бодлогыг улс төрийн намууд хийгээд явж байх ёстой юм.
-СДМЭХ-ны тэргүүн бол намын эмэгтэй улстөрчдийнхөө рейтинг, нэр хүндийг нийтээр нь унагахааргүй чанд хатуу, зөв хүн байх ёстой гэж бодож байна. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
-Лидер хүн бол хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Түүнээс биш албан тушаал авснаар лидер тодорхойлогдохгүй. Тухайн хүнийг тухайн нийгмийн бүлэг, тухайн байгууллагын хамт олон хүлээн зөвшөөрч дэмжиж байх ёстой. Түүнээс биш тав, арван жил дарга хийсэн ч гэсэн хөгжлийн бодлогод тодорхой хувь нэмэр оруулж чадахгүй бол тэр хүнийг лидер гэж үзэх боломжгүй. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Би Эрүүл мэндийн яамны Эх нялхсын асуудал хариуцсан орлогч сайдаар ажиллаж байхдаа Хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн бодлого тодорхойлох том төлөвлөгөө гаргаж, жил гаруй явж байж Засгийн газраар батлуулж, тэр арга хэмжээ хэрэгжиж байсан. Бодлого тодорхойлж тухайн хамт олон салбарыг хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг л лидер гэж үзнэ дээ.
Б.НҮҮДЭЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/