“Монгол Улсын гадаад харилцаа: Бодлого, үйл ажиллагаа”-ны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон ГХЯ-ны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Цар тахлын тааварлашгүй нөхцөл, олон улсын геополитикийн асуудал, эдийн засгийн хүндрэлтэй үед Монголын Улсын гадаад харилцаанд ямар бодлого баримтлав, ямар үр дүнтэй байсан талаар салбарын сайд дэлгэрэнгүй танилцуулав.
2022 он гадаад харилцаагаа эрчимжүүлсэн жил болжээ
Монгол Улсын Гадаад харилцааны яам энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тэнцвэртэй харилцаа, хамтын ажиллагаа манай улсын гадаад харилцааны амин сүнс гэж үздэг. Хоёр хөрш болон гурав дахь хөрш улсуудтай тэнцвэртэй харилцах НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд байр сууриа хадгалж, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад өнгөрсөн онд онцгой анхаарч ажилласан байна.
Монгол Улс 2022 онд гадаад харилцаагаа илүү идэвхтэй хөгжүүлж, эрчимжүүлсэн жил болсон гэж Гадаад харилцааны сайд дүгнэж байна. Учир нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд жилд 2-3 өндөр дээд хэмжээний айлчлал болдог байжээ. Тэгвэл өнгөрсөн онд 10 гаруй гадаад айлчлал хийсэн байна. Үүнээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон гадаад улс орнуудын Гадаад харилцааны зургаан сайд манай улсад айлчилсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхацсан. Айлчлалынхаа үеэр ноён Антонио Гутерреш “Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн онцолсон нь манай улсын нэр хүндийг гадаад улс оронд өргөсөн эерэг сурталчилгаа болж чадсан байна.
Өнгөрсөн онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлт, Египет улсад болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад тус тус оролцсон билээ. Энэ айлчлалын үр дүнгээр цаашид манай улс НҮБ-аас хэрэгжүүлж буй олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах гурван зүйл дээр хамтарч ажиллах чиглэл авсан байна. Үүнд “Тогтвортой хөгжил-2030”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж дижитал үндэстэн болох гэсэн бодлогын чиглэлд илүү нягтарч ажиллах ажээ.
Хөрш орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Гадаад харилцааны сайдын айлчлалыг БНХАУ-д хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнгээ өгч, улс төр, гадаад худалдаа, хил гааль гээд олон салбарт бодлогын томоохон шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн төрийн айлчлалаараа гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн үзэж, ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцаж тохиролцсон байдаг. Мөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эцэслэн ярьж тохирсон. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод-Ханги-Мандал-Замын-Үүд-Эрээний боомтын дэд бүтцийг сайжруулах, төмөр замын ажлыг эрчимжүүлэх, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил ярьсан гацаатай асуудлууд ахиц гаргасан билээ. Хятад улс боомтын хөгжлөө цогцоор нь авч үзэж, тавигдах шаардлагаа дээшлүүлсэн бол манай улс Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг тэргүүнд тавьж, Боомт хариуцсан сайдыг томилж, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинэчлэн байгуулаад байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг БНХАУ дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Цаашид байгаль орчны чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна. Манай талаас ТЭЗҮ-тэй сайн төслүүдийг Хятадын талд өгч, дараа дараагийн ажлаа тохирохоор болжээ.
2021 онд Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ уг ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 2022 оны хувьд үүссэн нөхцөл байдлын улмаас тус улсад хийсэн айлчлал харьцангуй цөөн хэдий ч тус улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилсан. Айлчлалаар хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түвшинд амжилттай хэрэгжиж байгааг харилцан тэмдэглэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Узбекистанд болсон ШХАБ-ын уулзалтаар гурван улсын Ерөнхийлөгч авто зам, төмөр зам зэрэг “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төслүүд дээр тодорхой тохиролцоонд хүрчээ. Ийнхүү өнгөрсөн онд манай улсын гадаад харилцаа эрчимтэй тэлж ирснээс гадна гадаад харилцаагаа эдийн засагжуулахад айлчлалуудын зорилго оршин байсныг дээрх яриа хэлэлцээ, төсөл, хөтөлбөрүүд илтгэж байна.
Японтой 50 мянган мод тарьж ойжуулах төсөл, Германд 1000 инженер бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хоёр хөршөөс гадна манай гадаад харилцаанд гуравдагч хөршийн харилцаа, хамтын ажиллагаа чухлаар тавигдсаар ирсэн. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Гадаадын өндөр, дээд түвшний төлөөлөгчид Монгол Улсыг зорин айлчилж байгаа нь яах аргагүй манай орны нэр хүнд өсөж, бидний баримталж буй бодлого, үйл ажиллагаа оновчтой байгаагийн тод илрэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн 12 жилийн хугацаанд хийгээгүй төрийн айлчлалыг Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийлээ. Айлчлалаар өнгөрсөн 50 жилийн хугацааны хамтын ажиллагаагаа дүгнэж, ирэх 50 жилийн харилцааны зорилтоо дэвшүүлсэн юм. Япон улс 50 мянган мод тарьж ойжуулах төсөл хэрэгжүүлэхээр болсноос гадна манай 20 мянган залуусыг энэ чиглэлээр сургахаа мэдэгдсэн. Гуравдагч хөршийн харилцаанд БНСУ-тай харилцах харилцаа нэн чухал. Тус улсын Гадаад хэргийн сайд манай улсад найман жилийн дараа айлчилж, 30 жилийн харилцаагаа дүгнэж, ирэх 30 жилийн хэтийн зураглалаа тодорхойлсон юм. Ингэхдээ тээвэр логистик, эрчим хүч, дэд бүтэц, ХАА зэрэг салбарт үр ашигтай хамтарч ажиллахаар, Монгол-Солонгосын газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг тус улсын тусламжтай байгуулахаар, “Ногоон хэрэм” III шатны төслийн хүрээнд 45 га-д мод тарих зэрэг тохиролцоонд хүрсэн. Үүний зэрэгцээ БНСУ руу манай улсын иргэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэдний мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголдоо суурьшуулах хүрээнд тус улстай хамтарч ажиллах тал дээр тодорхой санал солилцож, хамтын ажиллагааны гурван баримт бичигт гарын үсэг зурсан. Ерөнхий сайд мөн Герман улсад албан ёсны айлчлал хийж, тээвэр логистик, эрчим хүч, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө, аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттайгаар бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтсон юм. Мөн газрын ховор элементийн хагас боловсруулах үйлдвэрийг Германы тусламжтайгаар байгуулах чиглэлээр судалгааны ажил эхлүүлэхээр болсон” гэдгийг салбарын сайд онцоллоо.
Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үеэр Монгол иргэдийг визгүй зорчуулах саналыг тавина
Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгосон зарласан. Монгол Улсын иргэд 25 улс руу бүх төрлийн паспортоор, 36 улс руу дипломат албан паспортоор визгүй зорчдог байна. Манай улсад гаднын 61 улсын иргэд визгүй зорчдог байсан. Монгол зочлох жилийн хүрээнд 36 улсыг визгүй болгон нэмсэн байна. Мөн ГХЯ ХЗДХЯ-тай хамтран цахим визийн системийг нэвтрүүлж, Монгол Улс гадаад талдаа нээлттэй орон гэдгээ бататгаад байгаа юм. Манай улсын иргэд олноор ажиллаж, амьдардаг БНСУ-д зорчих визийн хөнгөлөлтийн асуудлыг төр, засгийн зүгээс байнга тавьж ирсэн. БНСУ-ын тал 2022 оны зургадугаар сараас Жэжү, Яньяны олон улсын нисэх буудалд бүлэг жуулчдыг визгүй зорчуулдаг болсон. Монгол Улсын Ерөнхий сайд ойрын хугацаанд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр монгол иргэдийг визгүй зорчуулдаг болох саналыг албан ёсоор тавихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Ингэхдээ эмчилгээний болон бизнесийн зорилгоор байнга зорчдог монгол иргэдийг визгүй зорчуулах саналыг тавих юм байна.
Гуравдагч хөршүүдтэй тээвэр логистикоо хөгжүүлнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад харилцаа, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Гадаад харилцааг эдийн засагжуулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Гадаад харилцааг эдийн засагжуулах Засгийн газрын бодлого хэрэгжиж байна. Бид түнш орнуудтай эдийн засгийн харилцаагаа сайжруулах, худалдаагаа нэмэгдүүлэхийг зорьдог. Дипломатуудаа худалдаа арилжаа, экспортын барааг нэмэгдүүлэх ажилд илүү чиглүүлж байна. Бүх улс оронд нэгдмэл ашиг сонирхол байдаг. Шинэ сэргэлтийн бодлогод заасан бүх ажлыг БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд уялдуулсан. Бид айлын бодлоготой уялдуулж, худалдаа, эдийн засгийн сонирхол, бизнесийнхнээ чиглүүлэхэд гадаад бодлого чиглэх ёстой. Үүнийг дагаад иргэдийн харилцаа, аялал жуулчлал хөгжинө. Гуравдагч хөршүүдтэй тээвэр логистикоо хөгжүүлнэ. Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулагдсан. Үүний доор Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдаж байгаа. Тиймээс Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг сэргээж байгуулж байгаа нь бидний ажилд маш тустай. Эдийн засгийн хөгжлийн яам бүх төслөө хариуцаж байгаа юм. Бид аль оронтой ямар эдийн засгийн төслийг хэрэгжүүлэх нь тодорхой болно. Гаднын яриа хэлэлцээг тогтвортой удаан хугацаанд хөгжүүлэх ёстой.
-Өндөр хөгжилтэй орнуудаас хөгжиж буй орнуудад дарамт шахалт ирдэг үү?
-Манай улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн өндөр дээд түвшний харилцаатай. Бидний хувьд бодит байдал дээр ямар нэг дарамт, шахалт ирсэн зүйлгүй. Бид гуравдагч улс орон, олон улсын байгууллага, хоёр хөрштэйгөө зөвшилцөж, аль аль талдаа таалагдсан шийдвэр гаргахын төлөө ажилладаг. Бид дипломат аргаар бусад улс оронд өөрийн ашиг сонирхлоо хэрхэн хамгаалж, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, бодлогоо хэрэгжүүлэх вэ гэдэг нь ГХЯ-ны үндсэн хийх ажил. Энэ ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Өнгөрсөн хугацаанд бидний хэрэгжүүлсэн бодлого зөв байсан нь бидний ажлын үр дүн. Бидэнд гурав дагч хөршийн бодлого маш чухал талаар хоёр хөршдөө байнга хэлдэг. Харилцааг тэнцвэртэй авч явах нь маш чухал юм.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/