УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг иргэдэд олгох эсэх асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Би хувьдаа ногдол ашгийг жил болгон тараах ёстой гэж үздэг хүн. Ингэж байж цаашдаа тооцоо, судалгаагүй популист амлалт өгөхөө болино шүү дээ. Одоогийн нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг олгох эсэхийг ТУЗ шийдээд байна. Гэтэл тэнд нь аль нэг төрийн өмчит компанийн төрийн албан хаагчид байгаад байдаг. Тэд л иргэдэд хэчнээн хувийн ногдол ашиг тараах, эсвэл томоохон бүтээн байгуулалтад зарцуулах эсэхийг шйидэж байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр ТУЗ-д төрийн албан хаагч байж болохгүй гэдэг зарчмын асуудлыг би хөндөөд байгаа юм. Нээлттэй сонгон шалгаруулалтаар, ард иргэдийн оролцоотойгоор шийдвэрээ нээлттэй гаргаж явдаг болохгүй бол өнөөдрийн хулгай луйврын асуудал 4-5 жилийн дараа ч дахиад л давтагдана гэсэн үг.
-Санхүүгийн гүйцэтгэл гараагүй байхад ногдол ашиг тараах эсэх талаар ярих нь эрт, иргэдэд хоосон хүлээлт үүсгэнэ гэх юм?
-Тухайн жилийн санхүүгийн тайлан баланс нь хоёрдугаар сарын 10 гэхэд эцсийн байдлаар гардаг. Жишээлбэл, энэ жил гэхэд “Эрдэнэс Тавантолгой” урьдчилсан байдлаар ашигтай гарсан байна лээ. Тийм ч учраас ногдол ашгийг иргэдэд тараах ёстой гээд байгаа юм. Ногдол ашиг тараана гэдэг нь зөвхөн иргэдийн халаасанд мөнгө очих гээд байгаа хэрэг биш шүү дээ. 100 төгрөг тараах гэж байгаа бол 85 нь улсын төсөвт орж, 15 нь иргэдэд ногдол ашиг хэлбэрээр очих учиртай юм. Улсын төсөвт оногдож байна гэдэг нь эргээд нийгмийн салбарт зарцуулагдана л гэсэн үг. Сургууль, цэцэрлэг, багш, эмч нарын цалин, эсвэл татвар зэрэгт зарцуулах боломж бүрдэнэ. Тийм учраас энэ талаар УИХ дээр хэлэлцэж таарна. Иргэд ч үүнд хяналтаа тавих бүрэн боломжтой. Бодит байдал ийм байхад шууд л их хэмжээний мөнгө тараах гээд байгаа мэтээр буруу ойлголт төрүүлээд байж болохгүй.
-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Чуулган завсарлах хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Аялал жуулчлалын багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан, миний бие ахлан ажиллаж байна. Бид энэ хуулийг ул суурьтай харж, судлах ёстой. Ингэж байж батлуулахгүй бол яаравчлах шаардлагагүй гэж хараад байгаа юм. Тиймээс аялал жуулалчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэйгээ биечлэн уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэх төлөвлөгөөтэй байна. Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлаад байвал УИХ байгаад яах юм бэ. Чуулган завсарлангуут УИХ-ын гишүүд амраад алга болдог гэж бодоод байдаг. Гэтэл бид өөрийн ахалсан хуулиуд дээрээ ажиллаж, судалгаа хийдэг. Тэр хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг хугацааны боломж гарч ирдэг л дээ.Тиймээс хоёрдугаар сард бүтэн хэлэлцүүлэг, судалгаа, тооцоолол хийнэ. Бусад орны жишгийг ч харна. Аялал жуулчлалын тухай хуулийг дагалдуулан Казиногийн тухай хуулийг оруулж ирсэн. Казинод монгол хүн орж болно, болохгүй гэдэг асуудал үүсэж байгаа. Миний хувьд Монгол Улсад казино байгуулчихаад, монгол хүн орж болохгүй гээд байж болохгүй байх. Яагаад гэвэл, Монгол Улсын иргэд гадагшаа яваад мөрийтэй тоглоомонд мөнгөө үрээд байна шүү дээ. Тэр бүү хэл, цахимаар хүртэл тоглож мөнгөө алддаг. Тиймээс энэ тухайд ямар нэгэн зохицуулалттай байх шаардлагатай. Тухайлбал, аливаа нэг төрийн албан хаагч орж болохгүй, эсвэл банкны өр зээлтэй хүн мөрийтэй тоглохыг хориглоно гэх мэтээр тодорхой зохицуулалт тусгаад нээлттэй орхих нь зөв болов уу гэж хараад байгаа. Гэхдээ чуулганы хэлэлцүүлгийн үеэр ямар санал гарч, анхны төсөл хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна.
-Морин бооцоот тоглоомын тухай хуулийг мөн дагалдан оруулж ирсэн. Энэ хоёр хуулийн хүрээнд эдийн засагт үзүүлэх үр нөлөөллийг хэрхэн тооцоолж байгаа юм бэ?
-Бооцоот морин уралдааныг зохион байгуулах эрхийг холбоонд хариуцуулахаар хуулийн төсөлд оруулж ирсэн. Тодорхой хэмжээнд бооцоотой, мөнгө төгрөгтэй холбоотой бизнесийн үйл ажиллагааг холбоонд хариуцуулахаар оруулж ирсэн нь татвар болон бусад талаар улсад ямар ашигтай байх тухайд онцгой анхаарах хэрэгтэй. Холбоо гэдэг өөрөө ашгийн бус байгууллага учраас Сангийн яам, татварын байгууллага шалгалт хийдэггүй. Хяналтыг нь сайн тавьж анхнаас нь зөв зохион байгуулалт хийхгүй бол мөнгө угаадаг хэрэгсэл болох эрсдэлтэй. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Бооцоот морин уралдааны тухай хуулийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзсэн.
Түүнчлэн казиногийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг хамгийн багадаа 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гээд заачихсан. Тэгэхээр энэ хөрөнгөд байшин саваа барина, ажлын байр бий болгоно. Аялал жуулчлалын багц хуультайгаа холбоотойгоор эдийн засагт нэлээд өндөр хэмжээний үр нөлөө гарна гэж тооцоолж байгаа. Энэ хуулийн хүрээнд гадаадаас ирэх бүх нислэгийг зөвшөөрье гэж байгаа юм. Манай улс олон тооны жуулчин татах зорилго тавьдаг ч боловсон нойлоос эхлээд, хогийн цэг, машины зогсоол зэрэг аялал жуулчлалын дэд бүтэц гэж байхгүй. Төр энэ асуудалд бодлогоор анхаарах цаг болсон. Тиймээс хуулийн шинэчлэлээр Аялал жуулчлалын сан байгуулж хөрөнгө төвлөрүүлэн дэд бүтэц бий болгох ажлыг цогцоор хийх хэрэгтэй. Мөн хуулийн шинэчлэлээр гаднын улсад Монголыг төлөөлж байгаа Элчин сайд нарыг үүрэг, хариуцлагажуулах зохицуулалтыг тусгахаар зорьж байна. Элчин сайд нар иргэндээ үйлчилдэг байх ёстой болохоос дарга, өндөр албан тушаалтнуудад үйлчилдэг байх ёсгүй. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон удаагийн судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг өрнүүлж нухацтай авч үзэн өөрчлөхөд анхааран ажиллаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/