​ С.Магнайсүрэн: Гадаадын иргэнд газар эзэмшүүлэхгүй, малчдад нэг га газрыг үнэ төлбөргүй олгоно


Монгол  Улс сүүлийн 20 жил  гар хүрээгүй Газрын тухай хуулиа өөрчлөхөөр багц  төслийг УИХ-д  өргөн барьсан.  Чуулган завсарлах хугацаанд тус төслийг  нэгдүгээр  хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбогдуулан  Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс  зарим зүйлийг тодрууллаа.

-Газрын тухай багц хуулийн төслийн гол концепц юу вэ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Газрын багц хуулийг  2002 оноос хойш 20 гаруй жил хүчин төгөлдөр  мөрдөхдөө 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хугацаанд бусад хуулийг батлахдаа Газрын тухай хуулийг дагалдуулан оруулж, нэмэлт, өөрчлөлт хийж явсаар өдийг хүрсэн. Ингэснээр Газрын тухай багц хуулийн үндсэн санаа, зохицуулалт алдагдчихсан. Өнөөдрийн байдлаар 60 гаруй хууль, 200 гаруй эрх зүйн актаар газрын асуудлыг зохицуулж байна. Тодруулбал, зургаан байгууллага өөр өөрийн эрх хэмжээ, салбарын хууль тогтоомжийн хүрээнд газар олгож байна. Үүнээс болоод газрын бодлого, төлөвлөлтийн нэгдмэл байдал  алдагдсан байдалтай байгаа нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гол үндэслэл болсон гэж ойлгож болно.

 Өнгөрсөн хугацаанд хуулийн төслийг боловсруулж,  хэд хэдэн удаа УИХ-д оруулах шатанд  гацсан тохиолдол ч бий. Энэ удаагийн Засгийн газраас багц хуулийг боловсруулж, газрын шинэтгэлийг хийх зорилгоор идэвхтэй ажилласнаар УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь дэмжсэнээр бид  эхний хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Хуулийн гол зорилго нь нэгдүгээрт,  газрын бодлого алдагдсан, сарнисан байдлыг нэгдмэл болгох, төвлөрсөн бодлогоор зангидах, хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах, бусад байгууллагууд дур зоргын байдалтайгаар өөрсдийн эрх, хэмжээний хүрээнд газрын асуудлыг шийддэг байдлыг таслан зогсооход оршиж байгаа юм. Хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн хөгжил болон салбар бүрт яригдаж, хэрэгжиж байгаа цахим шилжилтийг барилгын салбарт нэвтрүүлэх, үүнийг хуульчлан баталгаажуулах. Ингэснээр газар олголт 100 хувь хүнээс хамааралтай байдлыг болиулах нь чухал байгаа юм.  Үүний тулд  газрын  бүхий л төлөвлөлтийг цахимжуулна. Ингэж байж газрын асуудал  хэн нэгэн дарга, цэргийн хамаарлаас гарна, иргэдийн хувьд ч цаг зав хэмнэх боломж бүрдэх юм. 

-Газар олголтын тухайд  зохицуулалт,  шийдэл шаардлагатай болсныг бүгд мэднэ. Тэгвэл энэ замбараагүй байдлыг хэрхэн, яаж  цэгцлэхээр хуульд тусгасан  бэ?

-Одоогийн байдлаар 370 гаруй субьект газар олгох шийдвэрийг гаргаж байна. Үүнд 330 сумын Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байна. Зарим яамны сайдын түвшинд хүртэл газар олгож байна шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Ерөөсөө үүнээс үүдэлтэйгээр газар олголт, төлөвлөлт  замбараагүй болсон нь нууц биш. Тиймээс  ийм  байдлыг өөрчилнө. Ингэхдээ иргэд, олон нийтийн саналыг тусгасны үндсэн дээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлж, ИТХ-ын баталсан төлөвлөгөөний дагуу газрын мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруултын зарчмаар цахим системээр шийдвэрлэдэг болох юм. Ингээд гаргасан шийдвэртээ дээд шатны байгууллагын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжинэ. 

Газрын багц хуулийг дагасан дөрвөн хууль, нэмээд Геодези зураг зүйн болон Хот байгуулалтын тухай гэсэн долоон хуулийн төслийг багцаар нь эхний хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Энэ удаагийн хуульд оруулж буй гол онцлог нь Хот байгуулалтын тухай хуультай уялдуулж байгаа явдал. Цаашид  батлагдсан төлөвлөлт, төлөвлөгөөний дагуу  цахимаар буюу хүний оролцоогүйгээр  аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага нь газар олгодог болно. Хуулийн өөрчлөлтийг баталснаар дээр дурдсан газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг бүрэн утгаар нь ашиглах хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр газрын эрх олгох үйл ажиллагааны шат дамжлага, хүнд суртал багасаж, улс төр, ашиг сонирхлоос ангид мэргэжлийн шийдвэр гаргахаас гадна гарсан шийдвэр ил тод болж, тэр болгонд иргэд хяналт тавих нөхцөл бүрдэх юм.

-Дархан цаазтай газарт барилга барьдаг, ухаж төнхдөг асуудлыг хөндөх үү?

-Дархан цаазат газарт газар эзэмших боломжгүй.  Тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөгөөг манайх батална. Тухайн төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар биржээр газар олгоно. Харин яг хаана газар олгох вэ гэдгийг тухайн яам нь шийдэх юм.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль орж ирэх ёстой. Энэ нь найм дахь удаагийнх болох юм. Удахгүй  Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ руу орж ирэх байх, БОАЖЯ-наас төслийг боловсруулж байгаа. Ингэснээр бид  энэ талаарх асуудлыг цогцоор авч үзэх юм. Ингэж байж одоо байгаа асуудлаа бүрэн шийднэ гэж ойлгож болно. 

Ашигт малтмалтай холбоотой газар  олголт ч манайд ямар нэг төлөвлөлтгүй явсаар өдийг хүрсэн.  Тиймээс бид энэ тухайд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд барина. Өөрөөр хэлбэл,  улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөр ашигт малтмал олгохыг хориглох бүсийг тогтооно. Ингээд  ашигт малтмалын зориулалтаар олгох газрын төлөвлөгөөг жил бүр гаргана. Үүний дагуу л үйл ажиллагаа явуулах эрхтэй гэсэн үг.

-Хуулийн өөрчлөлтийн хүрээнд эдийн засагт  үзүүлэх үр нөлөөллийг хэрхэн тооцоолсон бэ?

-Иргэний хуулийн суурь зарчимд нийцүүлээд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг  хуульд тухайлан тусгасан.  Ингэснээр Газрын биржийн цахим системийг аймаг, нийслэлд  ажиллуулж эхлэх юм. Төв бирж нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт ажиллана. Ингэснээр иргэд өөрийн хувьчилж авсан газраа дуудлага худалдаанд оруулж, үнэд хүргэх боломж нээгдэх юм. Мөн өөрт байгаа барилга байгууламж барих эрхээ ч Газрын биржээр дамжуулан  борлуулж, шилжүүлж болно.  Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг энэ биржээр дамжуулна гэсэн үг. Ингээд нээлттэй, ил тод, ойлгомжтой байх зарчимд шилжинэ. 

Ингэснээр орлого олж буй этгээд татвараа тэр даруй улсад төлөх боломжийг ч бүрдүүлнэ гээд бүх талаас дэвшилттэй зохицуулалтыг хуульд тусгасан. Энэ тухайд Кадастрын тухай хуулиа мөн өөрчилнө. Тодруулбал, орон зайн  кадастр хийдэг болсноор давхар татварын системийг нэвтрүүлэх юм. Өөрөөр хэлбэл, тухайн газрын суурь үнэлгээнд үндэслэн татвар ногдуулахаас гадна  дээр нь барьсан үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Газрын төлбөрөөс бултаж зальддаг байдлыг таслан зогсооно л гэсэн үг. Цахим биржийн хувьд тусдаа бүтэцгүй, орон тооны бус удирдах зөвлөлтэй байхаар хуульд тусгасан.

-Малчдын өвөлжөө, хаваржааг 15 жилээс цааш дуудлага худалдаагаар худалддаг байдлыг хэрхэн зохицуулав?

-Хуучин хуулиар 15-60 жил гэж заасан нь маш хол хугацаа байсан. Хуулийн шинэ өөрчлөлтөөр шууд 33 жил гэж зааж өгсөн. Өмчлөх эрх бол хугацаагүй. Богино хугацаагаар олгоод, дахин сунгахдаа хүнд суртал учирдаг зэрэг асуудал үгүй болно. Нөгөөтэйгүүр малчдын хувьд өөрийн өвөлжөө хаваржаандаа хашаа, байгууламж барих газрыг нэг удаад нэг га газрыг үнэ төлбөргүйгээр авах бололцоог энэ хуулиар олгож байгаа. Мөн төрийн байгууллага болон бусад этгээд газрыг ашиглах зохицуулалтыг оруулж  байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар төрийн байгууллагууд өөрийн эзэмшлийн газарт өөр барилга бариулдаг, зардаг  зэрэг нь шүүмжлэл  дагуулдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх үүднээс ашиглаж байгаа газрыг  хэн ч хаашаа ч шилжүүлэхгүй, зарж үрэх, барьцаалах тухай ойлголт байхгүй болно.

-Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн газрын  70-80 хувийг хууль бусаар зарчихсан  талаар салбарын сайд нь мэдээлсэн. Хуулийн төсөлд энэ асуудлыг  цэгцэнд нь оруулах талаар хөндсөн үү?

-Цэгцэрнэ. Газрыг ерөөсөө гэрээгээр л ашиглуулна. Тийм учраас хүмүүс хоорондоо шилжүүлэх, зарах асуудал цаашид байхгүй болно гэж ойлгож болно.  Өмнө нь  бид газрыг өмчлөөд эзэмшээд ашигладаг байлаа шүү дээ. Эзэмшихийг хязгаарлагдмал нөхцөлтэй болгож байгаа юм.  Гэхдээ газар тариалан болон барилга, орон сууцны газрыг эзэмшихээр олгоно. Бусдыг нь ашиглах гэрээгээр олгоод эхэлчих учраас  газрыг дамжуулан худалдах асуудал хязгаарлалтад орно. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, гадаадын  иргэн газар эзэмших талаар нарийвчилсан зохицуулалт оруулсан. Тодруулбал,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд гадаадын харьяалал бүхий этгээд газрыг  эзэмшиж, ашиглахаар  зохицуулсан байсан. Тэгвэл энэ удаагийн  өөрчлөлтөөр эзэмших эрхийг цуцалсан. Гаднын иргэн бол зөвхөн гэрээгээр ашиглахаар зааж өгсөн.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24537/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 22 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22