Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд хоёр дах өдрөө үргэлжилж байна. Үндсэн хэлэлцүүлгээр Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвээр Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрхлэгч М.Алтанбагана үндсэн хэлэлцүүлэг тавилаа.
Гадаад улс орнууд одоо үе болон ирээдүй, хойч үедээ хуримтлал үүсгэх, ашигт малтмалын орлогыг захиран зарцуулах баялгийн санг байгуулж байна. Манай улсын хувьд Хүний хөгжлийн санг байгуулж байсан туршлага бий. Харин өнөөдөр Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлж байна. Тухайлбал,2023 оны улсын төсөвт төсвийн орлогын 2.7 хувийг Төсвийн тогтворжуулалтын сан, 11 орчим хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр тусгажээ. Манайх дээрх санг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр хуримтлуулж байсан туршлага байхгүй. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэддээ тэгш хүртээх заалтыг тусгасан байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгээр дээрх төвлөрүүлсэн мөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв үү гэсэн асуудлаар хэлэлцүүлэг үргэлжлэв.
Нийгмийн хамгааллын салбар дээрх эх үүсвэрийг зарцуулвал нийгмийн хамгааллыг сайжруулж, салбарын ачааллыг бууруулж, урт хугацаанд үр дүнгээ өгөх эерэг талтай. Нөгөө талдаа халамж хавтгайрах, ажиллах эрмэлзлийг бууруулах сул талтайг илгэгчид онцолж байлаа.
Олон улсад баялгийн сангаа хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглаж ирсэн туршлага байдаг байна. Сингапур гэхэд үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулж, гарсан үр ашгийг нь хүртэж, сангаа баяжуулж ажилладаг аж.
Үндсэн илтгэлийн дараагаар 54 бүлэг тус бүрдээ зөвлөлдөн, нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, судлаач, мэргэжилтнүүдэд асуулт тавьж, хариулт, мэдээлэл авч байна.
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, нийслэлээс нийт 801 хүн оролцож байна. Улаанбаатар хотоос 374 хүн, орон нутгаас 427 хүн хүрэлцэн иржээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны хувьд дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь дээд боловсролтой, 28 хувь нь бүрэн дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.
Н.Энх