Монгол бүсгүйчүүдэд органик бүтээгдэхүүнийг зөв хэрэглэж арьсаа эрүүлжүүлэх гүүр болохын тулд гоо сайхны брэнд үүсгэн байгуулсан бүсгүйтэй ярилцлаа. Зорьсон зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө БНСУ-д мэргэжлийн сургууль төгссөн тэрбээр байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аж. С.Батчимэгийн байгуулсан “28 day Organic Skin Care” брэнд ахуйн болон гоо сайхны 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Гоо сайхны бүтээгдэхүүний бизнесээ эхлүүлсэн түүхээсээ хуваалцана уу. Тэр үед хэдэн төгрөгөөр бизнесээ эхлүүлж байв?
-Намайг Санжжавын Батчимэг гэдэг. Дунд сургуулиа төгсөөд Бээжин хотын Нэгдсэн их сургуульд Олон улсын эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Багаасаа л янз бүрийн зүйлс хольж хутган, олон төрлийн юм туршдаг сониуч зантай хүүхэд байсан. Тэр зангаараа гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон доо. Фэйсбүүкийн пэйж хуудсаараа дамжуулан гурван жилийн өмнө мэдээллээ хүргэж байлаа. Тэр үед намайг маш сайхан хүлээж авч урмын үгээр мялаасан хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж явдаг. Олны үгэнд урамшиж, үйлдвэрлэгч болох гараагаа итгэл үнэмшилтэйгээр эхлүүлж байв. Тэгээс эхлүүлэх зорилго тавьж 10 сая төгрөгийн зээлээр гоо сайхны бизнест хөл тавьсан. Тухайн үед пэйж хуудсыг 1000 хүн дэмждэг байсан бол одоо 100 мянгуулаа болжээ. Брэндээ үүсгэн байгуулсан бяцхан түүх ийм байна.
-Би эмзэг арьстай учраас гоо сайхны бүтээгдэхүүн сонгоно гэдэг азын сугалаатай адил. Танай гарны тос харшил үүсгэдэггүй, шингэлт сайн, анхилуун үнэртэй юм билээ. Орц найрлагаа хэрхэн сонгодог вэ?
-Химийн гаралтай, харшил үүсгэдэг орц, найрлагаас татгалздаг. Байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдэрлэхийг эрхэмлэдэг. Хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль орчинд хоргүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ санал болгохийг хичээн ажиллаж байна. Манай бүтээгдэхүүний түүхий эд, орц найрлагууд гарал үүслийн гэрчилгээтэй. БНСУ-ын чанарын баталгаатай түүхий эдийг албан ёсоор нийлүүлж, монгол хүний арьсанд тусгайлан зориулж орц найрлагаа гаргасан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.
-Өмнөд Солонгосын технологиор эх орондоо үйлдвэрлэдэг юм байна. Яагаад солонгос технологийг сонгосон юм бэ?
-Дэлхийн гоо сайхны чиг хандлагад Өмнөд Солонгосын бүтээгдэхүүнүүд давамгайлж эхэллээ. БНСУ-ын гоо сайхны зах зээлд хувьсал хийгдэж “Clean beauty” буюу байгалийн найрлагатай, веган төрлийн брэндүүд хүчээ авч байна. Тэрхүү байгалийн гаралтай технологиор эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг эрмэлзсэн. Нөгөөтэйгүүр солонгос технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд ази бүсгүйчүүдийн арьсанд хамгийн тохиромжтой байдаг. БНСУ-д сурсан зорилгоо алхам алхмаар биелүүлж байна.
-БНСУ-д гоо сайхны чиглэлээр сурсан уу?
-Хуурай арьстай атал өсвөр наснаас батга гарч, арьсны олон төрлийн асуудалтай тулгардаг байлаа. Үе тэнгийн охид гоё арьстай, нүүрээ хүссэнээрээ будна. Гоё арьстай болох юмсан гэж боддог байсан. Магадгүй тэр бодолдоо хөтлөгдөөд өөртөө итгэлгүй болж, гутарна. Нүүр будалтын сургалтад суугаад “Би яагаад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэж. Арьс арчилгааны тухай мэргэжлийн мэдлэг олж, суралцъя” гээд зориг гарган ээждээ “БНСУ-д суралцахаар явлаа” гэтэл шууд зөвшөөрсөн. Ингээд Өмнөд Солонгос улсыг зорив. Үндэсний үйлдвэрлэгч болох суурь тэгэхэд тавигдсан юм болов уу. БНСУ-ын гоо сайхны мэргэжлийн сургуульд элсэн суралцлаа. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-д таван жил сурахдаа хэд хэдэн бүтээгдэхүүн зохиож өөрөө туршиж, арьсны асуудлаа бүрэн шийдсэн. Хуурайшилт, батга үрэвсэл, хялгасан үрчлээнүүд арилж, хүслээ биелүүлж, цэвэрхэн толигор арьстай болов. Хамгийн гол нь арьс арчилгааны бүтээгдэхүүн хийх чадварыг эзэмшсэн юм. Миний арьсанд органик гаралтай, зөөлөн бүтэцтэй, байгалийн идэвхтэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэгтэй байсныг мэдсэн. Яг л над шиг арьсны асуудалтай бүсгүйчүүдэд органик бүтээгдэхүүнийг зөв хэрэглэж арьсаа эрүүлжүүлэх гүүр нь болохын тулд брэндээ үүсгэн байгуулсан.
-Сүүлийн үед бүсгүйчүүд органик бүтээгдэхүүнийг таашаадаг, түлхүү хэрэглэхийг хичээдэг болсон. Зарим хүн гэртээ гар аргаар үйлдвэрлэвэл эко гэж боддог. Тэгвэл органик гэж ямар бүтээгдэхүүнийг хэлэх вэ?
-Гар арга, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэхдээ байгалийн гаралтай орц найрлагыг зөв сонгох хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө арьсандаа дургүй байсан би органик бүтээгдэхүүний ачаар 34 насандаа бодит үр дүнд хүрч болдгийг өөрийнхөө жишээгээр баталсан. Аливаа бүтээгдэхүүнийг тууштай хэрэглэж байж үр дүнгээ өгдөг. Гоо сайханчид хүртэл “Эрүүл чанга, гоё арьстай юм аа” гэхэд урамшиж, өөртөө улам итгэлтэй болдог шүү. Мэргэжлийн, органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгтээ сэтгэл дүүрэн явдаг. Хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй, илүү хичээн ажиллана.
-Одоогоор хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьс арчилгаа, цэвэрлэгээ , гэр ахуйн бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэх бодолтой байна.
-Хавар ирж байна. Арьс арчилгаандаа санаа тавьдаг эмэгтэйчүүдэд ямар бүтээгдэхүүнээ зөвлөх вэ?
-Залуужуулах, арьс чангалах серумаа зөвлөе. Олон төрлийн пептид, молекултай гиалуроны хүчил, EGF уураг, зуун наст, сарнай цэцгийн ханд, коллаген, эластин, витамин Е зэрэг арьсанд нэн шаардлагатай идэвхтэй нэгдлүүдийг агуулсан “Anti Aging Serum”-аа 25-аас дээш насныхан хэрэглэхэд тохиромжтой. Эрс тэс уур амьсгалтай хаврын улиралд арьсанд дутагдсан тэжээлийг нөхөж, ус чийгийн тэнцвэртэй байдлыг хамгаална. Ээжийн найзууд “Яаж ингэж хөгшрөх тусам залуужаад байдаг юм бэ” гэж асуудаг болсон. Энэ бүхэн ердөө л хортой хэрэглээгээ багасгаж, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсний үр дүн юм шүү. Хавар болохоор охид бүсгүйчүүд фитнес, йогоор хичээллэдэг. Нүүрээ бүрэн цэвэрлэж, чийгшүүлэх тос эсвэл серум түрхээд нарны тосоо хэрэглээд дасгалдаа ороорой. Нүүрний будагтайгаа дасгал хийвэл арьсны нүх сүв тэлж нүхжилт нэмэгдэх, батгаших шалтгаан болдог. Дасгалын дараа цусны эргэлт эрчимжиж, арьс эмзэгшсэн байдаг учраас тайвшруулах хөнгөн цэвэрлэгээнд зориулсан манай “28 day” брэндийн Алоэ гелийг түрхээд 5-10 минут болгоод арчаарай. Алоэ гелээ хөргөгчинд хадгалаад хүйтэн байдлаар хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн антиоксидант агуулсан бүтээгдэхүүнээ санал болгож байна. Арьс арчилгааны “Anti Aging” цувралын найрлагад антиокидант ихээр агуулсан гурван төрлийн пептид орсон. Витамин, ботокс, дерма пептид нь антиоксидант их хэмжээгээр агуулдаг. Витамины пептид шөнө унтаж байхад арьсыг эсийн түвшинд антиоксидантаар хангаж чөлөөт редикалыг саармагжуулж, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Орой гэртээ ирээд нүүрээ аль болох эрт бүрэн цэвэрлэж арчлах нь чөлөөт радикалын хор нөлөөнөөс хамгийн сайн хамгаалдаг. Хамгийн эрүүл бөгөөд антиоксидант агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшээрэй.
-Үйлдвэрлэлээ хөгжүүлж, хүчин чадлаа нэмэх үү. Бизнесээ өргөжүүлэхэд санхүү, боловсон хүчнээ нэмэх шаардлагатай. Танай брэндийн хэтийн зорилго юу вэ?
-Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа хийдэг. Цаг үе, эдийн засгийн байдлаас шалтгаалаад хүссэн хэмжээндээ өргөжүүлж чадахгүй л байна. Цаашдаа өргөжөөд брэндээ гоё болгохыг хичээж, мөрөөддөг. Хэтдээ боловсон хүчнээ тэлж, Монголдоо төдийгүй олон улсад алдартай гоо сайхны брэнд, үйлдвэртэй болно.
-Үндэсний брэндээ дэмждэг хүмүүсийн хувьд Цагаан сарын зөв зүйтэй бэлэг болох нь ээ. Захиалга хэрхэн авдаг вэ. Хүргэлтийн үйлчилгээтэй юү?
-Цагаан сарыг угтан гарны тосны худалдаандаа урамшуулал зарласан. Зорьж ирсэн худалдан авагчид “Чанаргүй бараа сонгосноос үндэсний үйлдвэрийн гарны тос бэлэглэнэ” гээд сонголтоо хийдэг. Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, дотоодын нэг ч гэсэн брэнд хөл дээрээ зогсоосой гэсэн сэтгэлтэй болжээ. Манай брэндийг сонгосон, байнгын худалдан авагчдадаа талархлаа илэрхийлье. Хүргэлтийн үйлчилгээтэй. Ахмад настнууд, бага насны хүүхэдтэй ээжүүд манай фэйсбүүкийн пэйж хуудас болон утсаар захиалгаа өгдөг.
-Таныг сургалт зохион байгуулдаг гэж сонссон. Энэ тухай мэдээлэл өгнө үү?
-Их сургуулиа төгсөж ирээд гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулдаг байсан. Шавь нар минь үндэсний брэнд үүсгээд, бизнесээ амжилттай хөгжүүлж байна. Тухайлбал, арьс арчилгааны “Suren”, гар ариутгагч, саван үйлдвэрлэдэг “Gobidara “, ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүний “Govigoo “ зэрэг брэндийг шавь нар маань байгуулсан. Сургалтад суусан бүсгүйчүүд саван, ванны бөмбөлөг зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээ гэртээ хийдэг.
Байгальд ээлтэй сав баглаа боодолтой учир дахин ашиглах боломжтой. Тос цэвэрлэгчний сав бүрэн вакумтай дуслыг ч үлдээхгүй дуустал нь хэрэглэдэг. Бүтээгдэхүүнийхээ орцыг нэг бүрчлэн бичдэг, идсэн ч болох хоргүй бүтээгдэхүүн тул жирэмсэн бүсгүйчүүд хэрэглэхэд ямар ч эрсдэлгүй. Байгаль эхийн бүтээлээр үйлдвэрлэсэн “28 day” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглээд арьс арчилгааны эрүүл хэв маягтай болоорой.
Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжиж, хамтдаа гоё арьстай болцгооё.
Цахим хаяг:
“28 day Organic Skin Care”
Хүргэлтийн дугаар: 77162828
Захиалга: Улаанбаатар хотод хүргэлт үнэгүй. Хөдөө орон нутагт унаанд дайж үйлчилнэ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/