“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалт Төрийн ордонд хоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын сөрөг нөлөө, олон улсад өрнөж буй геополитикийн огцом өөрчлөлттэй зэрэгцэн сүүлийн гурван жил Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг хямралд автаж буй. Нийгэмд илэрхий нөлөөлсөн эдгээр гадаад хүчин зүйл сүүлийн 30 жил дотоодод өрнөсөн тогтолцооны хямралтай хоршин, хувь хүн, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд томоохон дарамт болон өргөжиж байгааг бид нийгмээрээ өдөр бүр, цаг тутамд хөндөж ирлээ.
Ажлын байр байхгүй, байсан ч хангалттай цалин авч чадахгүй хэвээрээ яваа. Бараа таваар хомстож, үнэ өслөө гэсэн бараан мэдээлэлтэй зэрэгцэн иргэд гарц шийдэл эрэн хайж, янз бүрийн байр суурь, үзэл бодлоо олон нийтийн сүлжээн дэх хувийн хаягаараа дэлгэн тавьсаар байна. Ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй нийгмийн бухимдал ихсэж, монголчууд баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсыг шаардан, авлига хээл хахууль авагчдад хариуцлага тооцох ёстойг сануулан жагсах нь ердийн хэрэг болов.
Хамгийн сүүлийн, хамгийн том жишээ бол оны өмнө -30 хэмийн хүйтэнд төв талбайг дүүргэсэн нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчдод хариуцлага тооцохыг сануулсан залуусын жагсаал. Олон нийтийг хамарсан бухимдал, нийгмийн сэтгэл зүйд гарсан эдгээр эрс өөрчлөлт, эдийн засагт тулгарсан бэрхшээл, асуудлыг шийдэх, гарц шийдэл хайх ёстойг сануулах болжээ.
Тиймээс УИХ 2022 оны төгсгөлд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг эш үндэс болгон улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэлж, шийдвэрлэх арга зам, гаргахын тулд талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 80 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож, Ажлын хэсэг байгуулаад буй.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газар ШУА-тай хамтран 2023 оны нэгдүгээр сарын 4-нд “Нийгэм, ус төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бол нэгдүгээр сарын 11-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг зохион байгуулсан.
Төрийн ордонд зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад 630 хүн оролцож, 191 хүн үг хэлж, 501 хүн санал гаргажээ. Мөн Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хүрээнд Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг хуралдуулж, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, нүүрсний хулгайн эсрэг жагсаал хийсэн залуучуудын дуу хоолойг сонсож, Засгийн газрын үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөөг сонсож, гарц шийдлийг хэлэлцсэн билээ.
Энэ долоо хоногт Төрийн ордонд хоёр өдөр болж өнгөрсөн “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт дээр
- Иргэний болон улс төрийн эрх хариуцлага,
- Парламентын ардчилал,
- Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах,
- Нийгмийн тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлж, санал асуулга явууллаа. Зөвлөлдөх зөвлөл эдгээр дөрвөн багц асуудлыг нэгдүгээр сард зохион байгуулсан арга хэмжээнд цугларсан байр суурь, санал, зөвлөгөөг үндэслэн гаргажээ.
“Зөвлөлдөх санал асуулгад хэнийг, хэрхэн оролцуулж байгаа вэ” гэсэн асуулт цөөнгүй гарч байна. Тэгвэл оролцогчдыг Зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу социологи, математикийн шинжлэх ухааны аргачлалаар нийт ард түмнийг төлөөлж чадахуйц иргэдийг сонгосон аж. Тодруулбал, хэлэлцүүлэгт оролцох иргэдийг Үндэсний статистикийн хороо статистикийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд энд нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулж чадсан байна.
Өөрөөр хэлбэл, нийт Монголын ард түмнийг төлөөлж чадахуйц малчин, эмч, багш нар болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөллөө Монголын төр хоймортоо иргэдээ урьж, үгийг нь сонсож, иргэд цаг үе, нийгмийн өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.
Нийгмийн тулгамдсан асуудлаар мэдлэг мэдээлэлтэй болсон иргэдийн саналд хөндлөнгийн нөлөө оруулахгүй байхыг Зөвлөлдөх санал асуулгын хуульд тусгайлан заасан байдаг. Мөн оролцогчдын санал асуулгыг Үндэсний статистикийн хороо бие даан зохион байгуулсан юм.
Ардчилсан тогтолцооны амин сүнс нь шийдвэр гаргалтад иргэдийг оролцуулах юм. Яаж оролцуулах вэ гэдэг дээр өнөөг хүртэл үндсэн гурван шийдэл хөгжиж ирсэн байдаг. Тэдгээрийн нэг Зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулж явуулснаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд иргэдийн санаа бодлыг сонсох, ойлгох улмаар тухайн асуудлаар шийдвэр гаргахдаа тэдний нийтлэг ашиг сонирхлыг тусгах болон шийдвэр гаргах үйл явцад иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлж ирсэн жишиг олон байдаг.
Энэ жишгийн дагуу улс төрийн өөр өөр тогтолцоотой, хөгжлийн янз бүрийн шатанд яваа дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй улсууд, тухайлбал АНУ, БНХАУ, Япон болон Европын холбооны гишүүн орнууд асуудлаа амжилттай шийдэж иржээ.
Монгол Улс ч үүнийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тодорхой нэрлэвэл, 2015 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг эрэмбэлэх асуудлаар нийслэлийн хэмжээнд анхны Зөвлөлдөх санал асуулга явагдаж байсан бол 2017 онд улсын хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар, 2018 онд Налайхын уурхайн асуудлаар Налайхын хэмжээнд зөвлөлдөх санал асуулгыг тус тус зохион байгуулж байсан юм.
Д.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/