Х.Булгантуяа: Салбар бүрийн чадварлаг, сэтгэлтэй эмэгтэйчүүдтэй нам үл харгалзан хамтран ажиллана


УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол ардын намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Булгантуяатай ярилцлаа. 

 

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх дугаарт бид ярилцаж байна. Юуны өмнө танд үндэсний хэм­жээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын ерөнхийлөгчийн хариуцлагатай албанд томи­логдсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Танай сониноор дам­жуулан нийт охид, эмэгтэй­чүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

-Монгол ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага өнгөрсөн нэгдүгээр сард болсон ээлжит бус Их хурлаараа нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилсөн. Энэхүү өөрчлөлтийн талаар тодруулж ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?

-Монгол ардын нам 30 дахь Их хурлаараа дүрмээ шинэчлэн баталж, нийгмийн ардчилсан үзэл баримтлалаа тодотгон, социал демократ үзэл баримтлалтай болсон. Социал демократ үзэл баримтлал гэдэг нь ерөнхийдөө хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэлж байгаа юм. Манай намын хувьд зүүн төвийн үзэл баримтлалаа хадгалсаар байна. Бид олон эрхтэй. Дагаад хариуцлага бий. Хүн амын хувьд цөөн, тэгш бус байдал ихтэй манай улсад цөөнх нь тасраад яваад байдаггүй. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн үзэл баримтлал нь монголчуудын зан заншил, ёс суртахуунд илүү нийцдэг. Энэхүү үзэл баримтлалаа тодотгон МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд нэршлээ өөрчилсөн. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо Их хурлаараа нэрээ өөрчилж, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо боллоо. 

 

Удирдах зөвлөлдөө салбар бүрийн төлөөллийг багтааснаар эмэгтэйчүүдээс гадна иргэнд ээлтэй бодлого гаргах холбоо болж чадна

 

-Арав гаруй мянган эмэг­тэйчүүдийг нэг үйл хэрэг, үзэл бодлын дор нэгтгэсэн энэ бай­гууллагыг удирдан чиглүүлэх ажилд хамтрахаар төрийн бус байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулсан. Та эмэгтэйчүүдийн бай­гууллагынхаа шинэ гишүүдээ танилцуулж болох уу. Ямар шал­гуураар тэднийг сонгосон бэ?

-МАН-ын дүрмийн өөрчлөлт, ялангуяа ёс зүй, хариуцлагыг сайжруулах өөрчлөлтийн хүрээнд намын дэргэдэх байгууллагууд дүрмээ уялдуулан шинэчилсэн. Холбооны гишүүдийн тоо нэмэгдсэн. МАН, МАХН нэгдсэнтэй холбоотойгоор дэргэдэх төрийн бус байгууллагууд ч нэгдсэн тул холбооны Бага хурал, Удирдах зөвлөл өргөжсөн гэж хэлж болно. Удирдах зөвлөлийн зарим мэдээллийг та бүхэнд хүргэе. Манай СДМЭХ-ны Удирдах зөвлөл маань 25-60 насны нийт 71 гишүүнтэй бөгөөд 35-45 насны гишүүд маань дийлэнх олонх буюу 60 хувийг бүрдүүлж байна. Хамгийн залуу Удирдах зөвлөлийн гишүүн маань 29 настай, бизнес эрхлэгч эмэгтэй бий. Мэргэжил, ажиллаж буй салбарын хувьд эрүүл мэндийн салбарын тав, боловсролын салбарт ажилладаг арав, хууль, эрх зүйн салбарын таван эмэгтэй гэх мэт олон төлөөллийг багтаасан.

 Боловсролын хувьд бакалавр, хос бакалаврын зэрэгтэй эмэгтэй 25 хувийг, магистрын зэрэгтэй эмэгтэй 35 хувийг, үлдсэн 40 хувийг докторын зэрэг хамгаалсан оюунлаг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Бид нэгдүгээрт, үе үеийн төлөөллийг хангахыг зорилоо. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн төлөөллөөс гадна эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, эрүүл мэнд, боловсрол гэх мэт эмэгтэйчүүдийн хувьд чухал салбаруудын төлөөллийг оролцуулахыг зорьсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөллөөс манай холбооны Удирдах зөвлөлд бий. Салбар бүрийн төлөөллөөс Удирдах зөвлөлөө бүрдүүлснээр эмэгтэйчүүдээс гадна иргэндээ ээлтэй бодлого гаргах холбоо болж чадна. 

-Монгол ардын намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоонд салбар, салбарын төлөөлөл багтжээ. Та бүхэн хэд хоногийн өмнө анхны хурлаа хийж цаашид хийх ажлын төлөвлөгөө гаргасан. Ирэх жилүүдэд ямар, ямар чиглэлд анхаарал хандуулж ажиллахаар болов?

-Нэгдүгээрт, МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн олон бодлого туссан. Эдгээр бодлоготой уялдан зарим хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Хуулиудаа эмэгтэйчүүдийн дунд хэлэлцүүлэх, батлуулах, хэрэгжүүлэхэд эрх баригч намын эмэгтэйчүүдийн байгууллага идэвхийлэн ажиллах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, эхлээд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана. 

Хоёрдугаарт, холбооны гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэх, дэмжих ажлыг өрнүүлнэ. “Ковид-19” цар тахлаас үүдэн олон нийтийн арга хэмжээ сүүлийн гурван жилд хязгаарлагдмал байлаа. Эрх баригч намын эмэгтэйчүүдийн байгууллага идэвхтэй, зохион байгуулалт сайтай байвал эмэгтэйчүүд, хүүхдэд ээлтэй бодлогыг дэвшүүлэх, батлуулах, хэрэгжүүлэх боломжтой. Эмэгтэйчүүд бизнес, улс төр, нийгмийн бүхий л салбарт манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад манай холбооны гишүүд ч идэвхтэй ажиллах нь чухал юм. Тиймээс энэ ажлыг 2023 оны томоохон ажлын нэг болгоно. Үүнтэй зэрэгцэн, холбооны гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, эмэгтэйчүүд бие биеэсээ болон эрэгтэй манлайлагчдаас суралцаж, туршлагаа хуваалцах ажлыг мөн зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Холбоотойгоо ижил төстэй зорилготой төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм­тэн судлаачид, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Бусад намын эмэгтэйчүүдийн байгуул­лагуудтай ч хамтын ажиллагааг өргөжүүлэх болно. Эмэгтэйчүүд, хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгох нь улстөржих асуудал биш. Амархан шийдвэрлэх ч асуудал биш. Тийм ч учраас зорилгынхоо төлөө бүх талын хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал гэж үзэж байна. Ингэж чадвал 2024 оны шат шатны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөр ч илүү олон талын саналыг тусгасан, оролцоог дэмжсэн байх болно. 

-Онцлон асуухад, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдээ дэмж­сэн ямар ажлуудыг зохион бай­гуулахаар төлөвлөөд байна вэ?

-Манай холбоо 21 аймаг, 330 суманд салбартай. Холбооны дүрмийн дагуу салбар, зөвлөл бүр бие даан ажиллах эрхтэй. Холбооны Удирдах зөвлөлөөс баталсан 2023 оны төлөвлөгөөний дагуу бид бүсчилсэн зөвлөгөөн, сургалт, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өрнүүлнэ. Удирдах зөвлөлийн гишүүд болон дэд ерөнхийлөгчид нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг хуваан хариуцаж ажил­лаж байгаа. Аймаг, дүүрэг бүрийн эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаард­лага өөр. Тиймээс хүрч ажил­лах төлөвлөгөө ч өөр байх юм. 

 

Эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг дэмжих чиглэлээр цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөөд байна

 

-Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Эрүүл мэнд- Үндэсний баялаг” уриан дор охид эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг дэмжин ажиллах гэж байгаа юм байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийх гэж байна вэ? 

-Монгол Улсын Засгийн газраас иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” уриан дор зохион байгуулсан. Бид биеэ өвдөхөөс наана эмчид ханддаггүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаггүй сул талтай. Хүн өөрийнхөө төлөө болон гэр бүлийнхээ төлөө ядаж жил бүр тогтмол эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй. Манай холбооноос эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг дэмжих чиглэлээр цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөөд байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар эрт илрүүлэгт нийт хүн амын 25.7 хувь хамрагдсан гэсэн албан мэдээлэл байсан. Тал хувьд нь ч хүрэхгүй бага байгаа учир энэ ажлыг эрчимжүүлэх чиглэлээр судалж байна. 

-Монгол ардын нам жендэрийн тэгш оролцоог хангах, хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаа­рал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хийхээр зорьж байгаа аж­лаасаа танилцуулна уу?

-Өнөөдөр бид хүний эрх, жен­дэрийн тэгш оролцооны чиг­лэ­лээр хангалттай мэдээлэл авч байна. Нэг үеэ бодвол дуугар­даг, асуудал хэлэлцээд байгаа юм шиг боловч шийдвэр гаргах түв­шинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Манай намын эмэгтэйчүүд энэ асуудалд онцгойлон анхаарч, холбогдох хууль тогтоомж дээр ажиллаж ирсэн. 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлуулахын тулд Д.Оюунхорол дарга эмэгтэй­чүүдийн лобби бүлэг байгуулсан. Бид холбооныхоо үе үеийн удирд­лагуудын бодлогыг тууштай хэрэгжүүлж, үргэлжлүүлнэ. Хэдий­гээр квот тогтоох замаар эмэгтэй­чүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүрэгтэй боловч энэ нь хангалтгүй байна. Хуулиар тогтоосон шаард­лагаас гадна улс төрийн намууд сайн дурын үндсэн дээр тодорхой бодлогыг хэрэгжүүлбэл ахиц дэвшил гарна. Тиймээс Монгол ардын нам Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын баримт бичигтэй болохоор ажиллаж байна. 

 

Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо гээд зөвхөн нам, улс төр л яриад сууж болохгүй 

 

-Үнэнийг хэлэхэд, намын дэргэ­дэх эмэгтэйчүүдийн байгуул­лагаас зохион байгуулдаг зарим үйл ажиллагаа /хязгаарлагдмал хүрээнд болоод байдаг. Үүнийг намын анхан шатны байгууллагад хүр­дэг болтол нь ажиллах шаард­лага бий. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллая гэж бодож байна вэ?

-Үнэн. Эмэгтэйчүүдийн бай­гуул­лага намын хороо, ахмадын байгууллагын урдуур орж ажил­лахаас илүү дэмжин ажиллаж ирсэн. Гэхдээ намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо байлаа гээд зөвхөн нам, улс төр л яриад сууж байж болохгүй. Салбар салбарын чадварлаг, сэтгэлтэй эмэгтэйчүүдтэй нам үл харгалзан хамтран ажиллах, тэдний оролцоо­тойгоор төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. Манай намын гишүүдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд Монгол Улсын хэмжээнд 21аймаг есөн дүүрэг, 330 суманд 128.000 орчим гишүүн дэмжигчидтэй намын дэргэдэх үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага юм. 

Дунд болон дундаас дээш түвшинд, ялангуяа анхан шатанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг. Би эвлэлдэн нэгдэж, хамтдаа ажиллахдаа хойрго хандаж болохгүй. Ковидын дараа сургалт, семинар зохион байгуулах, хамтран ажиллах, эрх барих намын байгууллага учраас төрийн бодлого, шийдвэрийг зөв зүйтэй болгох тал дээр идэвхтэй ажиллах хүсэл сонирхол байна. Үүн дээр манай холбооныхон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

-Төгсгөлийн асуултыг танд үлдээе.

-Эмэгтэйчүүдийн манлайлал гэж ярихаар хүмүүс “Энэ дарга болох гээд байна” гэж хардаж, шүүмжилдэг. Манай улсын хувьд 3.4 сая хүн амтай. Үүний тал хувь нь эмэгтэйчүүд. Тэднийг “Улс орныхоо хөгжилд идэвх санаачилгатай оролцоосой, хүйсийн тэгш эрх хангагдаасай, эмэгтэй болж төрсний минь төлөө ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байхгүй юм байна. Хүсэх юм бол би хаана ч хүрч болох юм байна” гэдэг ийм хүсэл эрмэлзэлтэй байлгахын төлөө бид үүнийг ярьж байна. Манай улсын хувьд ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэй, эмэгтэй хүний хооронд дөрвөн хувийн ялгаатай байсан. Одоо эмэгтэйчүүд ажил хийх нь багасаад 10 орчим хувь болж нэмэгдсэн. Хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн олонх нь албан бус нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, эсвэл хамгийн түрүүнд цомхотголд ордог үйлчилгээний салбаруудад ажилладаг. Амьдралд нь ямар нэгэн зүйл тохиолдох буюу өрх толгойлоход эмэгтэйчүүд шууд ядуурлын түвшин рүү шилжиж байна. Манлайлагч бай гэдэг нь дарга бай гэсэн үг биш. Амьдралдаа, эх орныхоо хөгжилд идэвхтэй эмэгтэйчүүдийг бий болгохыг яриад байгаа юм. Манай холбоо улс орон даяар сүлжээтэй байгууллагын хувьд холбооны гишүүд эмэгтэйчүүд маань илүү манлайлан оролцоосой гэж хүсэж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22