Иргэд “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлд хулхидуулахгүй байхыг анхаарууллаа


-Иргэн Б.Нямжав хуурамч бичиг баримтаар хуулийн этгээд үүсгэж бүртгүүлснийг прокурорын байгууллага тогтоожээ-

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд амьдарч буй газраа чөлөөлж, орон сууцтай болох гэсэн хэсэг иргэн залилангийн хохирогч болсон талаараа манай сонинд хандлаа. Тодруулбал, 2014 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Сүнжин гранд” зочид буудлын ойролцоох 9.4 га хэсэгчилсэн газарт дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Тухайн хэсэгт “Цагаанхуаран консалтинг” ХХК төсөл хэрэгжүүлэх эрх авсан бөгөөд иргэдийн саналыг авах ажлыг эхлүүлэхдээ айлган, дарамтлах замаар газрыг нь үнэгүйдүүлэн авах тактик барьж эхэлсэн байна. Тэдний энэхүү зохисгүй үйлдлийг иргэд эсэргүүцэн учраас уг компанийн батламжийг хүчингүй болгожээ. Тухайн үйл явцаас үүдэлтэйгээр оршин суугчид нэгдэж хуулийн этгээд болох нь зүйтэй гэх шийдэлд хүрсэн байдаг. Ингэснээр 9.4 га газар дахь 152 нэгж талбарын буюу хашааны айл өрхийн эрхийг хангах үүднээс нөхөрлөлийн хэлбэрийг сонгосон аж. Хашаа бүр хэмжээнээс үл хамааран, нэг өмчлөлийн гэрчилгээ нэг саналын, ижил тэнцүү эрхтэй байх, тухайн нөхөрлөлийн бүх гишүүн нь бүрэн хариуцлагатай (ББН) буюу хамтын шийдвэр гаргадаг, хэн нь ч удирдах төлөөлөх эрхтэй байх боломжтой хуулийн этгээдийг үүсгэн байгуулахаар тохиролцжээ. Иргэдийг ийнхүү зохион байгуулалтад орж эхлэх үед тухайн хэсэгт өөрөө оршин суудаггүй ч, аавынх нь өмчлөлийн хашаа байдаг Б.Нямжав гэх эмэгтэй иргэдтэй нэгдэж, “Би хуулийн мэдлэгтэй” хэмээн орж ирсэн бөгөөд иргэд олзуурхан, түүнд итгэл хүлээлгэн нөхөрлөл байгуулах эрх өгсөн байна. Тэр цагаас хойш Д.Нямжав бичиг цаастай холбоотой бүх ажлыг хариуцах болж, 2014 оны долдугаар сард хуулийн этгээдийн гэрчилгээгээ албан ёсоор авчээ. 

Тухайн гэрчилгээн дээр үүсгэн байгуулагч таван хүний (иргэн Д.Гомбодорж, Д.Наранцогт, Б.Анударь, Чимэддорж агсан, болон Б.Нямжав багтана) бүрэлдэхүүнтэй байхаар тохиролцож, Д.Нямжав бүх бичиг баримтыг хөөцөлдөн гэрчилгээ гаргуулсан байдаг байна. Тэдгээр иргэний хувьд газрыг нь үнэгүйдүүлэн авах гэсэн түрэмгий компаниас газраа хамгаалахыг чухалчилсан болохоос бичиг баримтад төдийлөн анхаарал хандуулаагүй нь Д.Нямжавт олз болжээ. Тэрбээр нөхөрлөл үүсгэн байгуулагчдад “Хуулийн этгээдийн гэрчилгээн дээр та бүхний нэр байгаа, бид бүгд тэгш эрхтэйгээр энэ нөхөрлөлийг удирдана” гэж хэлсэн байна. Тэд ийнхүү нэгдэхдээ шинэ тутам зохион байгуулалтыг санаачилсан бөгөөд дахин төлөвлөлтөд орсон газрын иргэдтэй барилгын компани шууд гэрээ байгуулдаг жишгийг шинэчилсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийнхөн өөрсдөө төсөл хэрэгжүүлэгч болсноор гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах замаар ажил явуулахаар зохион байгуулалтад орж, НИТХ-ын ээлжит хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах “Газрын эзэн Баянзүрх” төслийн талбар хэмээн батлуулж авсан байна. Ингээд Б.Нямжав өөрийн аавын хашааг тойруулаад 14 айлын нэрийн өмнөөс архитектур төлөвлөлтийн даалгавар 2016 онд мөн гаргуулан авчээ. Үүнээс хойш иргэн Б.Нямжав нөхөрлөлийг үүсгэн байгуулсан хүмүүстэй огт холбоогүй болсон байна. Харин тэдний цуглуулсан мэдээлэл, иргэдийн гарын үсэг, өргөдөл хүсэлт зэргийг бүгдийг Д.Нямжав өөртөө авсан байсан аж. Гэтэл 2021 оны долдугаар сард “З” хэсэгчилэн талбайн зарим айл нүүж эхэлсэн бөгөөд нөхөрлөлийн гишүүд учрыг лавлахад хаанаас, ямар зөвшөөрлөөр энэ ажил эхэлж, ямар компани орж ирж байгаа, компанийн санхүүгийн чадвар гэх мэт чухал мэдээллийг мэддэг хүн байгаагүй аж. Иргэд газраа байраар солих хүсэлтэй, мөн 2014 оноос нөхөрлөл иргэдийн эрх ашгийг илэрхийлсээр ирсэн учир 2021 он гэхэд Б.Нямжав нөхөрлөлийг бүрэн өөрчилж, хувийн ашиг сонирхолдоо захируулсныг мэдээгүй ч түүнд итгэн нүүцгээсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас тус нөхөрлөлийн тухай лавлагаа авснаар анх иргэдийн эрх ашгийг тэгш тусгахаар байгуулсан нөхөрлөл “төрөл арилжсан” байсныг үүсгэн байгуулагч гишүүд мэдэж авсан байна. 

 Хуулийн этгээдийн бүртгэлийг хоёр удаа өөрчилжээ

 13 дугаар хорооны хэсэгчилсэн талбайн хэсэг айл газраа чөлөөлөн нүүж эхэлснээр нөхөрлөлийн гишүүд Д.Нямжав хуудуутай зүйл хийж явсныг зах зухаас нь мэдсэн байна. Хуулийн дагуу бол барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө иргэдийн саналыг авч, гэрээ байгуулсны дараа нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх учиртай. Тэрбээр 2021 оны долдугаар сард тодорхой тооны айлыг элдэв аргаар нүүлгэж, барилгын ажил эхлэхэд нь харьяа хэсгийн иргэд ямар учиртай юм болж байгааг сонирхож үзэхэд, барилгын ажил эхлэх үед ямар нэгэн батламж зөвшөөрөл гараагүй байсан аж. Мэдээж, үүний өмнө авах ёстой байсан иргэдийн 80 хувь нь дэмжсэн санал огт байхгүй, төслийн танилцуулга ч тухайн орон нутагт хийгдээгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх ч зөвшөөрөлгүй байсан байна. Барилгын ажил эхэлснээс хойш буюу 2022 оны гуравдугаар сард Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэх батламжийг “Газрын эзэн Баянзүрх” ЗБН буюу зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэр дээр авсан байжээ. 

Нөхөрлөлийн хэлбэр ББН бус, ЗБН болсны шалтгааныг тодруулахаар УБЕГ-аас хуулийн этгээдийн лавлагааг авч үзэхэд Б.Нямжавын үйлдсэн хууль бус үйлдлүүд ил болсон байна. Тэрбээр нөхөрлөлийн статусыг хоёр ч удаа сольсон байжээ. Тодруулбал, 2018 онд өөрчлөлт оруулахдаа үүсгэн байгуулагч таван хүн хамтын хурал хийсэн мэтээр хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж, гэрээ байгуулсан байна. Үүнд нөхөрлөлийн үүсгэн байгуулагч иргэн Д.Гомбодорж, Д.Наранцогт нарыг “Нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцохгүй байна” гэдэг шалтгаанаар хасаж, өөрийн аав Б.Бат-Өлзий, төрсөн дүү Б.Мөнх-Амар нарыг өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлсөн шийдвэр гаргажээ. Ингээд өөрөө ганцаараа үлдсэн байдаг. Гэтэл ганц гишүүнтэй нөхөрлөл байх боломжгүй бөгөөд иргэн Б.Нямжав нь бүрэн хариуцлагатай ганц гишүүн хэвээр үлдэж, өөрөө өөртэйгөө хүртэл гэрээ хийсэн байх юм. Анх иргэд нэг хашаа нэг саналын эрхтэй, бүх газар өмчлөгч тэгш эрхтэй байхаар тохиролцож нөхөрлөлийн ББН хэлбэрийг сонгосон утгыг ал­даг­дуулж, иргэн Б.Анударь талийгаач Чимэддорж нарын оронд өөрийн аав болон төрсөн дүүг оруулсан байсан нь Улсын бүртгэлийн мэдээллээр илэрсэн байна. Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу бол гишүүн нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцох ёстой байдаг байтал нөхөрлөлийг үүсгэн байгуулахаас өмнө гадаад оронд суралцахаар явсан дүүгээ, мөн аавыгаа үүсгэн байгуулагч гишүүн болгосон нь анхнаасаа бүлэг зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаагаа нөхөрлөлийн үүсгэн байгуулагчид хэлж байгаа юм. Түүнчлэн нөхөрлөл үүсгэн байгуулагдаад ажиллаж байхад аав нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүйг ч иргэд хэлж байна. Ингэж нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой байсан нөхөрлөлийг анхнаасаа нэгэн гэр бүлийн эрх ашигт үйлчлэхээр хувиргасан байсан нь тодорхой болжээ. 

Харин хоёр дахь удаагаа буюу 2021 онд ЗБН буюу зарим гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болгон хэлбэрийг нь өөрчлөөд, 64 хүнийг гишүүнээр элсүүлсэн гэж материал бүрдүүлэн УБЕГ-т өгсөн байна. Гэтэл тухайн иргэдтэй хурал хийгээгүй, гарын үсэг аваагүй атлаа хуурамчаар бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан нь тогтоогдсон байна. Түүгээр ч зогсохгүй, нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Д.Гомбодорж, Д.Наранцогт нарын өмнөөс гарын үсэг зураад зогсохгүй, хуралдааны явцад үг хэлж, санал бодлоо тусгасан мэтээр хурлын тэмдэглэлийг хүртэл зохиож бичжээ. Энэ бүх үйлдлийг мэдсэн үүсгэн байгуулагчид нэгдэн өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн холбогдох газруудад хандсанаар Д.Нямжавын хууль бус үйлдлийг эхнээс нь тогтоож эхэлжээ. 

Тухайлбал, УБЕГ-ын улсын байцаагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2018 оны “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хянан үзээд, ...“Б.Нямжавын дээрх үйлдэл нь эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт шинжтэй байх боловч ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул...” хэмээн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 5227 тоот прокурорын тогтоолд заасан байна. 

Мөн оны УБЕГ-ын улсын бай­цаагчийн 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 1035 тоот дүгнэлтийг гаргажээ. Уг дүгнэлтэд: ”5.1. Газрын эзэн Баянзүрх ББН-ийн захирал Б.Нямжав нь тус хуулийн этгээдийн 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоол, 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоол, мөн өдрийн нөхөрлөлийн гэрээнд тус тус зарим гишүүний гарын үсгийг хуурамчаар зурж, нөхөрлөлийн гишүүд хуралд бүгд оролцсон мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж бүртгүүлсэн болох нь хяналтын улсын байцаагчийн 2022 оны 13 дугаар албан шаардлага, мөн 5508 дугаар дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 5227 тоот прокурорын тогтоол болон холбогдох бусад баримт мэдээллээр тогтоогдож байх бөгөөд, энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад “үнэн зөв, бодитой байх” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй...” гэж тус тус заасныг зөрчсөн.

5.5. ...Хяналт шалгалтын хүрээнд “Газрын эзэн Баянзүрх ББН-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2018 оын хоёрдугаар сарын 14, 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр тус тус хуурамч бичиг баримт бүрдүүлж, бүрт­гүүлсэн нь тог­тоогдсон тул улсын бүртгэлийн болон холбогдох хууль, жур­мыг зөрчсөн дээрх үйлдлийг тас­лан зогсоох, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, хол­богдох хууль тогтоомжид нийцүүлэх, цаашид тухайн бүртгэлтэй холбоотой дахин зөрчил дутагдал гарахаас урдчилан сэргийлэх зорилгоор уг бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв” гэжээ. 

Ингэснээр “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөл хуулийн этгээдэд оруулсан 2018, 2021 оны бүртгэлийн өөрчлөлтийг хүчингүй болгосон байна. Ийнхүү Д.Нямжав Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны дахин төлөвлөлтийн “З” хэсэгчилсэн талбайн 152 нэгж талбарын иргэдийг хууран мэхлэхээс гадна хуулийн этгээдийн бүртгэлийг мөн хуурамчаар үйлдэн төрийн байгууллагыг давхар залилсан нь ил болж эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй, төсөл гүйцэтгэгч компанийг ч давхар хохироосон асуудал мөн хөндөгдөж байгаа юм. Тиймээс цаашид дахин төлөвлөлтийн хүрээнд газраа байраар солих үйл явцад оролцон, иргэдийн болон барилгын компаниудыг хууран мэхлэх вий гэдэг болгоомжлолын үүднээс “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн үүсгэн байгуулагчид ийнхүү манай сонинд хандсаныг сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтлэн хүргэж байна. 

 Барилгын компанийг давхар хуурчээ

 Дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барихын тулд төсөл хэрэг­жүүлэгчийн зүгээс айл өрхүүдтэй тохи­ролцсоны үндсэн дээр гүйцэт­гэгчтэй гэрээ байгуулах учиртай аж. Гэтэл айл өрхүүдтэй тохиролцоогүй байж хуурамч бичиг баримт бүрдүүлэн төсөл хэрэгжүүлэгчийн батламжийг 2022 оны гуравдугаар сард хотын даргаас авсан Д.Нямжав гүйцэтгэгч компанийг давхар хуурсан байна. Ингэхдээ “Барилга барих газар орчмын 152 өрхийн гарын үсэг бүрдсэн, та бүхэн ажлаа эхлэхэд бэлэн” гэж хэлснээр ажил гүйцэтгэх барилгын компанийг татан оролцуулжээ. Төсөл гүйцэтгэгч оршин суугчдын 80-аас дээш хувьтай нь гэрээ хийснээр ажил эхлүүлэх учиртай байтал одоог болтол 60 гаруйхан хүнээс бусадтай тохиролцоогүй байдаг аж. Анх нөхөрлөлийг үүсгэн байгуулахдаа 0.07 га газартай айлд 120 ам.метр орон сууц олгоно гэж гэрээнд тусгасан байна. 

Гэтэл 2021 онд хуулийн этгээдийг өөрчлөхдөө барилгын материал үнэд орсон гэх шалтгаанаар 0.07 га газартай айлд 90 ам.метр орон сууц олгоно хэмээн анхны гэрээнд өөрчлөлт оруулан, иргэдийн өм­нөөс шийдвэр гаргаснаар газраа чөлөөлсөн айлуудад очих ёстой 120 ам.метр талбайг 30 ам.метрээр багасгажээ. Б.Нямжав нь ингэж иргэдийг хохироохын зэрэгцээ төсөв хөрөнгөө оруулаад ажлаа эхэлсэн гүйцэтгэгч компаниар 160 айлын хоёр блок барилгыг бариулж амж­сан байна. Айлуудыг нөхөрлөлдөө нэгтгэхийн тулд хамгийн их цаг зав зарцуулсан нь иргэн Д.Наранцогт, Д.Гомбодорж нар байна. Гэтэл тэдний ингэж уйгагүй явсан ажлыг Б.Нямжав өөрийн болгоод зогсохгүй 152 айлын өмнөөс шийдвэр гаргах эрхийг өөрт авчихаад байсныг ийнхүү илрүүлээд байгаа ажээ. 



 13 дугаар хорооны иргэн: Өөрийн газрыг ашиглахын тулд Д.Нямжаваас зөвшөөрөл авах нөхцөлийг үүсгэчихсэн байсан

 -Бидний амьдарч байгаа, дахин төлөвлөлтөд орсон 9.4 га газар тэр чигтээ Б.Нямжавын мэдэлд оччихсон байсныг саяхан мэдсэн. Би тухайн газарт амьдарч байгаа иргэн атлаа амьдарч байгаа газраа эргэлтэд оруулах, ашиглах тохиолдолд заавал Б.Нямжаваас зөвшөөрөл авах хэмжээнд хүрчихсэн байсан. Миний амьдарч байгаа газар давхар эзэнтэй болчихоод байна гэсэн үг шүү дээ. Манай ойр орчмын иргэдийн өмнөөс энэ хүн шийдвэр гаргаж, гарын үсэг зурж байсан юм билээ. Түүнийгээ ашиглаад УБЕГ, Орон сууцны бодлогын газар зэрэг төрийн бүхий л байгууллагад өгч, хүссэн шийдвэрээ гаргуулсаар өдийг хүрсэн байна. Өнгөрсөн хугацаанд түүний хийсэн эдгээр хууль бус үйлдлийг бид бүгдийг нь баримтаар тогтоосон, холбогдох газруудад нь өргөдөл гомдлоо гаргасан. 

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс болон АТГ, УБЕГ зэрэгт хандсан. Бусад иргэд, барилгын компаниуд энэ хүнд хууртаж, эрсдэлд орох вий гэдэг үүднээс танай сонинд хандаж байгаа юм. Б.Нямжав нь нөхөрлөлийн бүх эрхийг өөртөө төвлөрүүлснээр аав, дүү, ах, нөхрөө хамруулан гэр бүлээрээ луйвар хийсэн гэж үзэж байгаа. 2016 онд НИТХ-ын 11 дүгээр тогтоолыг гаргуулж, “Гэр хорооллын орон сууцжуулах” ОНӨУҮГ-тай гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээ нь гурван жилийн хугацаатай байсан бөгөөд энэ хугацаанд төсөл хэрэгжих ёстой байсан ч нэг ширхэг чулуу ч хөдөлгөөгүй, 2019 онд тухайн гэрээ дуусгавар болсон ба Орон сууц бодлогын газраас 2021 оны наймдугаар сард тус талбайд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах тендер зарласан байтал Д.Нямжав “Бид 2016 онд өөрсдөө газраараа нэгдээд төслийн хэрэгжүүлэгч бол­сон” гэж явсаар байгаад тус тен­дерийг хүчингүй болгуулж өөр дээрээ батламж гаргуулан авсан байдаг. 

Иргэд өөрсдөө ч мэдээгүй бай­хад амьдардаг газар нь төслийн талбай болж, барилгын гүйцэтгэгч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж барилгажуулах ажлыг эхлүүлсэн байсан. Бид энэ хүнийг гэр бүлээрээ нийлээд ашиг хонжоо олох сонирхолтой байсан гэж үзэж байгаа. 2016 онд хотын дарга байсан Э.Бат-Үүлтэй хийсэн хурлын тэмдэглэлд улсаас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар тохиролцсон байдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж байгаа төсөл хэрэгжүүлэгчид улсаас дэмжлэг үзүүлдэг юм билээ. Ерөөсөө иргэдийн нэрийг барьж өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлсэн гэж үзэж байна” гэлээ. 

Ийнхүү иргэн Б.Нямжав нь “Газрын эзэн Баянзүрх” гэх хуулийн этгээдийн нэрийг барьж, оршин суугч иргэдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэнээс гадна “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэг­жүүлэгчээр шалгаруулсан батламж” авсан, мөн төрийн байгууллагуудыг хууран мэхэлсэн, хуурамч барим­туудыг үүсгэн дахин дахин ашиглаж, хууль бус үйлдэл хийж нөхөрлөлийн эрх мэдлийг өөртөө авсан болох нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэдэд тодорхой болсон учраас түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоолгохоор зохих газруудад хандаад байгаа ажээ. 

Х.ЦАЦРАЛ



3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.34.27
2024/02/21
0
0
Үүнээс болоод одоо Официер хороолол ашиглалтад орж чадахгүй холион бантан болчоод байна.
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр