Иргэд орон нутагт шилжин суурьших хүсэлт гаргаж эхэллээ


Энэ долоо хоногт Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд цаг үеийн асуудлаар олон нийтээс санал хүсэлт нэлээд ирүүлсэн байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах асуудлыг цогцоор нь шийдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд орон нутагт шилжин амьдарч байгаа иргэдэд ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн. 

Засгийн газрын энэ шийдвэр олон нийтэд хүрч, уг асуудаар 11-11 төвд 10 гаруй иргэн өнгөрсөн хугацаанд хандаж, санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Иргэн Э.Сарантуяа “ Орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдийг дэмжин, ипотекийн зээлийг олгоно гэсэн. Гэвч манай гэр бүл орон нутагт шилжиж ирээд байрны зургаан хувийн зээлээ шийдүүлэх гэтэл энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна гэв. Энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж, тодорхой хариу өгнө үү” гэсэн бол иргэн Б.Магсаржав “Хөдөө орон нутагт гэр бүлээрээ шилжин суурьшиж тэндээ амьдрах иргэдтэй гэрээ байгуулж, ипотекийн зээлийг гурван хувь болгон хамруулж, урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргаж Засгийн газар баталгаа болно гэсэн мэдээлэл уншлаа. Энэ үнэн бол хөдөө орон нутаг руу гэр бүлээрээ нүүж тэндээ шилжин суурьшмаар байна” хэмээн санал, хүсэлтээ илгээжээ. Иргэдийн санал хүсэлтэд “Засгийн газрын наймдугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар тогтоолоор Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн зээлийг олгох асуудлыг шийдвэрлүүлсэн. Одоогоор арилжааны банкуудтай холбогдох уулзалт зохион байгуулж, зээл олголтыг эхлүүлэхээр ажиллаж байна” гэсэн хариултыг холбогдох байгууллага өгсөн байна.

Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайдууд, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчид багтсан юм. Энэ ажлын хэсгийн анхны хуралдаан болж, 2023 оны улсын төсвийн төсөлд Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах чиглэлээр хийх ажлаа тусгажээ. Үүнд Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх юм байна.
Түүнчлэн нийслэл, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхоноос бусад аймаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжихээр тусгасан байна. Ингээд өнгөрсөн өдрүүдэд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэе.

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙ ҮЗЭХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АНХААРЧ АЖИЛЛАНА

САНАЛ - 000292485
“Чингис хаан” музейг иргэдэд үзүүлэх үнэлгээг буруу хийсэн байна. Гэр бүлийн багц 20000 төгрөг буюу гэр бүлийн хэдэн ч хүн байсан энэ багцаар орж болно гэжээ. Мөн 0-18 насны хүүхэд болон тэтгэврийн насны хүмүүс үнэгүй гэнэ. Их мөнгө зарж байгуулсан, үнэт бүтээн байгуулалтыг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Хүн гэдэг үнэгүй юманд хайр гамгүй ханддаг. Даарсан, уйдсан иргэд үнэгүй ороод холхиод байвал элэгдэл хорогдол тэр хэмжээгээрээ түргэн явагдана. Тиймээс тодорхой хэмжээний төлбөртэй байх шаардлагатай гэж үзэж байна. Миний саналыг холбогдох газарт нь уламжилж өгнө үү.

Соёлын яам:
-Хүсэлт гаргасан иргэн Ё.Алимаатай утсаар холбогдож, санал солилцож, хүсэлтийнх талаар ярилцсан. Төлбөрийн хэмжээг багасгах боломж байхгүй боловч цаашид төлбөрийн хэмжээг анхаарч ажиллах талаар мэдэгдсэн болно.

АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ДУУСГАХ ЧИГЛЭЛ ӨГСӨН

ГОМДОЛ - 000293238

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IX хороонд гэр хорооллын айлуудын хашаанд био ариун цэврийн байгууламж тавьж байгаа юм. Гэвч холбогдох ажилтнууд тухайн ажлыг хийхгүй ухсан нүх л байна. Ухсан нүхэнд харааны бэрхшээлтэй иргэд унах аюул эрсдэлтэй. Яамнаас шалгалт хийж байгаа гэх боловч ажлын явц удаашралтай, хийсэн зүйл алга. Энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, шийдвэрлэж өгнө үү.

*Байгаль орчин, аялал жуулчлалын яам:
-Өргөдөл гаргагч иргэнтэй утсаар холбогдож мэдээлэл өгсөн. Гүйцэтгэгч “Оргил өргөө” ХХК-ийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж ажлыг яаралтай дуусгах чиглэл өгсөн болно.

ҮНЭ ХАНШТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ШӨХТГ-Т ШАЛГУУЛАХ БОЛОМЖТОЙ

САНАЛ - 000291804
Хөдөө аж ахуйн тариалан эрхэлдэг тариаланчдад хөнгөлөлттэй зээл тусламж маш ихээр олгосон. Тухайн үед намар үнэ ханшийн нэмэгдэлгүй дотоодын бүтээгдэхүүн хэрэглэнэ гэж байсан. Гэтэл одоо үнээ нэмж, дахин зээл тусламж шаардаж байна. Тариаланчдад асуудал байна уу эсвэл зээл олгосон байгууллагад асуудал байна уу. Хэдэн тэрбум төгрөгийн зээл хүрэх ёстой хүмүүстээ хүрсэн эсэхийг шалгаж өгнө үү. Эсвэл үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа тариаланчид болон гурилын үйлдвэрийнхэнд арга хэмжээ авна уу. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.
*Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:
-“Ковид-19” цар тахал, хил гаалийн болон хөрш орны дайны байдлаас шалтгаалан газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр, бордоо, шатахуун, ургамал хамгааллын бодис, техник тоног төхөөрөмжийн өртөг зардал нэмэгдсэнээс шалтгаалан улаанбуудайн үйлдвэрлэлийн өөрийн өртөг зардал нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банк, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Тээвээр хөгжлийн банкны дотоод эх үүсвэрт тулгуурлан тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай олгох ажлыг зохион байгуулсан.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн зээлээс 72 тэрбум төгрөгийг 460 иргэн аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн зээлээс 27.4 тэрбум төгрөгийг 971 иргэн аж ахуйн нэгж, нийтдээ 99.4 тэрбум төгрөгийг 1431 тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгж тухайн зээлд хамрагдсан байна. Тус хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны дотоод эх үүсвэрээр арилжааны банкны зээлийн нөхцөлөөр олгосон бөгөөд зээлд Монгол Улсын Засгийн газраас хүүгийн дэмжлэгийг олгосон болно. Мөн үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гомдол гарган шалгуулах боломжтой. 

ЗАМЫН ЭВДРЭЛИЙГ ТҮР НӨХӨХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

ГОМДОЛ - 000292367
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын боомтын авто замыг сайжруулах, засах арга хэмжээ авч өгмөөр байна. Тухайн замаар ачаа тээврийн машинаа явуулдаг олон жолоочийн эрх ашгийг хамгаалж өгнө үү.

*Өмнөговь:
-Тухайн замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Гашуун сухайт” ХХК аравдугаар сарын 4-нөөс эхлэн замын эвдрэлийг түр нөхөх ажлыг шат дараатай гүйцэтгэжээ. Мөн замын эвдэрсэн хэсгүүдэд “Хурдаа хас” гэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, жолооч нарт анхааруулан ажиллаж байна.

ЭМЧ НАРТ ХОЛБОГДОХ АСУУДЛААР ХАРИУ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

ГОМДОЛ - 000293673
“Өргөө” амаржих газрын эмч нарыг эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс мөнгө авдаг гэж Үйлдвэрчний эвлэлийн дарга нь хэлж байна. Үүнийг холбогдох байгууллагад нь уламжилж, шалгалт оруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх хэрэгтэй байна.

*Эрүүл мэндийн яам:
- Энэ нь хууль хяналтын байгууллагын шалгаж тогтоох асуудал тул бидний зүгээс хариу өгөх боломжгүй.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ ӨРХИЙН ЭМТ-Д БИЧҮҮЛНЭ
ГОМДОЛ - 000293444

Дүүргийн эмнэлгүүдэд даралтны эм, шинжилгээ өгч байгаа нь маш буруу. Өмнө нь өрхийн Эрүүл мэндийн төвд өгч болдог байсан. Үүнийг хэвийн горимд нь буцааж оруулж өгнө үү.

*Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар:
-Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийг жагсаалтаар баталсан. Эм бичих эмчийн ангиллыг мөрдөхгүй байгаа талаар тайлбарлаж, өрхийн Эрүүл мэндийн төвд хөнгөлөлттэй эмийг бичүүлэх болж байгаа талаар иргэнтэй холбогдож ойлгууллаа.

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛНА

ГОМДОЛ - 000293248
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлж болдоггүй юм уу ? Элэгний В, Д вирустэй иргэдэд хуучнаар нь 70 хувийн хөнгөлөлттэй үнээр эм олгодог баймаар байна. Яагаад 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож болохгүй байгаа юм бэ ? Энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, шийдвэрлэж өгнө үү.

*Эрүүл мэндийн яам:
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Аравдугаар сардаа багтаж хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна.

Н.ЭНХБАТ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24522/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… Өчигдөр
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ Өчигдөр
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна Өчигдөр
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн Өчигдөр
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… 2024/12/25
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… 2024/12/25
Шатрын шинэ хаан 2024/12/25
Хийморийн дарцаг хатгахад сайн 2024/12/25
Улаанбаатарт 17 хэм хүйтэн 2024/12/25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23