Хөдөөгийн сэргэлт-Хөгжлийн шийдэл


Монгол Улсын Засгийн газраас анх удаа  хөдөөд чиглэсэн томоохон чуулга уулзалтыг,  өргөн бүрэлдэхүүнтэйгээр  зохион байгууллаа.  Энэ удаагийн чуулганыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор явуулснаараа онцлогтой байлаа. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг атлаа нийт иргэдийн  талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг. Энэ их төвлөрлөөс үүдэлтэйгээр нийгмийн өмнө тулгамдсан маш олон асуудалтай  болчихоод байгаа нь restart хийх цаг болсныг бэлхнээ харуулдаг учраас төр засаг  ийнхүү хөдөөд бодлогоо чиглүүлж эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт иргэдэд нээлттэй болсон бөгөөд хөдөөгийн хөгжлийн талаарх мэдээлэл авахаар маш олон иргэн хүрэлцэн ирсэн байлаа. Түүнчлэн энхүү чуулга уулзалтыг жендэрийн эрх  тэгш байдлыг хангасан буюу оролцогч, илтгэгчдийн тал орчим хувь нь эмэгтэйчүүд байсныг чуулганд оролцогчид олзуурхаж байв. Чуулга уулзалтад оролцогчид  “Бүсийн хөгжил-хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөн ба залуусын манлайлал” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд зургаан салбар хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Ийнхүү бүтэн өдрийн турш хэлэлцсэний дүнд Монгол Улсын ирээдүйн хөгжил хөдөөд байна гэдэгтэй чуулганд оролцогчид дуу нэгтэйгээр санал нийлсэн юм. 

Хөдөөг хөгжүүлэх шинэ шийдлийг хэн илүү  санаачилж, иргэдийг урин дуудна, тэр аймагт хөгжил ирнэ гэдгийг  ч онцолж байлаа.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар   Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтнүүд болон 21 аймгийн удирдлагууд оролцов.  

Чуулганы хүрээнд   Засгийн газраас хөдөөгийн хөгжлийг дэмжин хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээс гадна төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахын зэрэгцээ нийслэлээс хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдэд үзүүлэх дэмжлэг, туслалцааны талаар мэдээлэл өгсөн юм.  Чуулганыг  Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлаг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “JCI Mongolia” олон улсын байгууллага, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, холбогдох эрх бүхий албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд,  21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл, томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд гээд 1400 гаруй хүн оролцсон  үндэсний хэмжээний чуулган боллоо.

 

Л.Оюун-Эрдэнэ:  Улаанбаатараас орон нутагт шилжин суурьшигчдыг төрийн бодлогоор  дэмжинэ 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд  нийгэм, эдийн засгийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулаад Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд иргэдийг нийслэлээс хөөх бус харин орон нутагт очиж амьдрах орчин, санхүү, татварын боломжуудыг бүрдүүлсний дараа урьж ирүүлэх нь чухал гэдгийг онцолсон. Хөдөө амьдрах сэдэл төрүүлэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд Засгийн газар анхаарах, иргэд төдийгүй төрийн байгууллагууд ч хөдөөгийн талаарх хандлагаа өөрчлөх шаардлагатайг тэрбээр тэмдэглээд сүүлийн үед орон нутаг руу шилжиж бизнес эрхэлж, ажиллаж, амьдарч буй гэр бүлийн тоо нэмэгдэх болсонд олзуурхаж буйгаа илэрхийлэв. 

 Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5,  үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, нийт автомашины 84 хувь нь төвлөрч байна. Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна. Тиймээс аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг цаашид орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал хөшүүрэг болжээ. Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийг Засгийн газар хэрэгжүүлэх гэж байгааг ч хэллээ. Тухайлбал, төвлөрлийг сааруулж, аймгууд хүн амаа өсгөх зорилтын хүрээнд томоохон суурьшлын бүсийн хүн амыг 20 хувь, аймгуудын хүн амыг 10 хувиар нэмэгдүүлнэ. 

Шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Орон нутагт шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно. Орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгоно. Дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх зэрэг боломжийг Засгийн газар хэрэгжүүлэхэд бэлэн болсныг танилцууллаа.

 

Д.Амарбаясгалан:  Монгол Улсын  иргэн хаана ч амьдарсан ижил нөхцөл, боломжтой байх учиртай 

“Хөдөөгийн сэргэлт” чуулганд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүд” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан. Тэрбээр  өнгөрсөн 30 жилийн хугацаанд Орхон, Говьсүмбэр аймгийг эс тооцвол бусад аймаг цэвэр дүнгээр шилжин ирснээс хэд дахин илүү иргэн нутгаа орхин явжээ. Тухайн аймаг, нутаг дэвсгэрээс шилжин явсан болон шилжин ирсэн иргэдийн зөрүү буюу цэвэр шилжилтийг тооцож үзвэл 1990-2019 оны хооронд нийт 454 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсныг мэдээллийн эхэнд онцолсон юм.  Улаанбаатар хот руу чиглэсэн урсгал хүчтэй өрнөсний улмаас Улаанбаатар хот маань анх төлөвлөлт хийж байснаасаа хэд дахин төвлөрөл бий болж олон асуудал бэрхшээлтэй тулгарч байгаа нь нууц биш. 

Төвлөрөл нэг талаараа хөгжил, дэвшил, эдийн засгийн хувьд олон давуу талыг бий болгодог боловч ганц байршилд хэт төвлөрлийг бий болгох нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй  гэдгийг онцлоод Засгийн газраас 2022 онд “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Тус тогтоолын дагуу Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээг холбогдох яамд, аймгийн Засаг дарга нар хэрэгжүүлж байна. Улмаар орон нутагт ажлын байр бий болгох, аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг дэмжих зорилготой “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг аймаг бүр баталж, хэрэгжүүлж эхэлсэн.  Түүнчлэн орон нутагт шилжих сонирхолтой иргэдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор мэдээллийн цэгүүдийг ажиллуулах, цахим порталыг нээх зэрэг арга хэмжээг энэ жил хэрэгжүүлнэ. Мөн 21 аймгийн 2400 бодлого боловсруулах мэргэжилтэн болон шилжин суурьшигчдад шууд үйлчилгээ үзүүлдэг албан хаагчдад “Орон нутаг дахь шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” сургалтыг НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр хийж  байна. Иргэдийн хамгийн нэн тэргүүний шаардлагуудад буюу ажлын байр, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах асуудал багтаж байна. 

Орон нутагт тогтвортой ажлын байрыг бий болгоход хувийн хэвшлийг бүх талаар дэмжинэ. Иймд ч Засгийн газраас 2022 оны  есдүгээр сард төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төрөөс эрхлэхгүй байх тухай тогтоолыг гаргаж хэрэгжүүлж эхлээд байгаа. Боомтын сэргэлтийн хүрээнд буюу дэд бүтцийн төслүүд дээр 650 гаруй ажлын байр бий болоод байна. Цаашид эрчим хүчний төслүүд хэрэгжсэнээр 700 гаруй ажлын байр бий болох болно гэсэн урьдчилсан тооцоо байна. Мөн түүнчлэн цаашид танил тал, ашиг сонирхлын зөрчлөөр ажилд авдаг, энгийн хүмүүст боломж олддоггүй байдлыг арилгахын тулд ажлын байрыг нээлттэйгээр зарлаж, зохих шаардлагыг хангасан хүмүүсийг ажлын байранд оруулах зорилготой журмыг Засгийн газраас баталлаа. Энэ оноос эхлэн орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид Улаанбаатар хотод ажиллаж байгаа албан хаагчидтай харьцуулахад 20-100 хувийн илүү цалин хөлстэй ажиллах боломжтой болсон. 

Улсын төсвөөс 20 хувийн нэмэгдлийг хариуцаж байгаа бол орон нутгийн удирдлагууд 80 хүртэл хувийн нэмэгдлийг төрийн захиргааны албан хаагчдад олгох тухай Засгийн газрын тогтоол гаргаад байгаа. Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд eMongolia төрийн үйлчилгээний цахим порталаар одоо үзүүлж буй 440 төрийн үйлчилгээн дээр 350 үйлчилгээг нэмж холбоно. Хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд аж ахуйн нэгжийг тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг мэдээллээр хангах, шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх www.huduu.mn мэдээллийн сайтыг ажиллуулж эхэлнэ.  Эдгээр бодлого, үйл ажиллагаа нь Монгол Улсын хаана ч очиж амьдарсан амьдралын ижил нөхцөл боломжтой байхад томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Та бүхнийг хөдөөд тавтай морил гэж уриалъя. Хөдөөгийн хөгжлийг хувийн хэвшил, хөдөлмөр эрхлэлтээс эхлүүлж, хаана ч очсон ижил тэгш боломж бүхий орон нутгийг бий болгоход хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.

 

Хөдөөд хөгжлийн гарц байна

 “Хөдөөгийн сэргэлт” чуулганы үеэр Соёлын төв өргөөнд   “Хөдөөд тавтай морил” 21 айм­гийн нээлттэй үзэсгэлэн гаргажээ.  Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ямар бодлого, зорилт хэрэгжүүлж байна, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаа, шилжин ирэгсдэд ямар боломж олгож байгаа талаар  аймгууд танилцуулга хийж, “Манай аймагт тавтай морилоорой, манайд ирээрэй, манай аймгаар аялаарай” хэмээн уриалж байв. Тухайлбал, Өмнөговь аймаг төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлж, “Нутгийн дэм” хөтөлбөрийг хэрэг­жүүлж байгаа аж. Өрх тол­гойл­сон, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настны өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуусын гарааны бизнесийг, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Харин “Дорноговь аймаг Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх салбараа хэмээн тодорхойлж, эдгээрийг хөгжүүлэх бодлогын зорилт, үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн байна. Дорноговь аймагт шилжин суурьшихаар зорин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж, хамтын хүчээр нутгаа хөгжүүлэхээр энэ оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жил болгон зарлажээ. Ийнхүү аймгууд хөгжлийн зорилтоо танилцуулж байлаа. Аймгуудын танилцуулгыг QR код уншуулан үзэх боломжтой болгосон байна. Тэгвэл Өвөрхангай аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа юм байна. Иргэд, бизнес эрхлэгч өөрсдийн сонирхол, бизнесийн төрлөөсөө хамаарч, аймгуудыг судлан, шилжин очвол ямар боломж, дэмжлэг байгаа талаар асууж байсан юм.  

 

“Залуус Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж байгаа аймгуудыг сонирхож байна” 

Мөн чуулганы үеэр Хөдөл­мөрийн бирж ажиллуулж, иргэд бүртгүүлж байлаа.  Энэ талаар МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал Т.Төртүвшингээс тодруулахад  “Манай нээлттэй ажлын байранд хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуусын 100 гаруй анкетыг бүртгэж авлаа. Нээлттэй ажлын байр 21 аймагт 2100 бий. Бид салбарууддаа зуучилна.  Төрийн албаны 902 ширхэг ажлын байранд иргэдийг зуучлах хүсэлт авсан. Төрийн албаны зөвлөлтэй ярилцаж байж эдгээр иргэний хүсэлт дараагийн шатанд орно. Орон нутагт хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуус хамгийн түрүүнд “Тухайн аймаг бидэнд ямар боломж өгөх вэ” гэдэг асуултыг тавьж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аймгуудад шилжин суурьших хүсэлтэй олон залуус, гэр бүл байна. Тухайлбал, Өмнөговь, Ховд, Дорнод аймгийг сонирхож байна. Ерөнхийдөө бүх аймгийг сонирхож байгаа ч, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж байгаа аймгуудыг сонирхох хандлага илүү байна” хэмээв.  


Аймгуудын боломж, бүсийн хөгжил 

“Хөдөөгийн сэргэлт”  чуулган  үдээс хойш “Бүсийн хөгжил-хамтын ажиллагаа” зургаан салбар хуралдаанаар үргэл­жилж, Соёлын төв өргөө, Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгууллаа. 

Төвийн бүсийн аймгуудын салбар хуралдаанд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал илтгэлт тавьсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотод соёл, боловсрол, эрүүл мэнд гээд төрийн төв байгууллагуудын төвлөрөл байгаа учраас иргэд  олноор амьдарч байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд эдгээр хүчин зүйлээс орон нутагт чиглүүлбэл иргэдийн хүсэл сонирхол орон нутаг руу төвлөрлөх бүрэн боломжтой. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөрш, зэргэлдээ долоон аймгийг танилцуулж байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Булган, Орхон, Хөвсгөл, Төв гэсэн долоон аймаг хамгийн тэгш харьцаатай, Монгол Улсын ДНБ-ий 20 хувийг хангадаг, зөв хөгжилтэй. Эдгээр аймгийн гурав нь улсад орлогоо төвлөрүүлдэг. Энэ аймгуудад нягтаршил сийрэг учир хөгжих боломжтой. 

Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаагаар гурав нь эхний зургаан байрт орсон байдаг. Тиймээс зэргэлдээ аймгуудаа хөгжүүлэх боломжтой. Эрдэнэтэд 80 хувь нь аж үйлдвэрийн, Архангай, Булган газар тариалан, Дархан-Уул үйлчилгээний байгууллага хөгжсөн байдаг. Бүс нутгаар хөгжих боломж нь мөн хангагдсан” гэдгийг онцоллоо. Дээрх аймгууд нь эдийн засгийн боломжоороо ойрын хугацаанд иргэдийг татах чадвартай гэж үзэж байна. 10 мянган аж ахуйн нэгжид 230 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Цаашдаа дээрх аймгуудад 300 мянган ажлын байр бий болох боломжтой гэнэ. Түүнчлэн шилжин ирэгсдийг  ч таатай нөхцөл хүлээж байгаа аж. Зөвхөн 2023 онд ашиглалтад орох 6700 айлын орон сууц бий. Сүүлийн жилүүдэд 54 мянган иргэн шилжин ирсэн бөгөөд тэдгээрийн тоо нэмэгдсээр байгаа юм. “Дархан-Уул аймаг өөрөө орлогоо төвлөрүүлдэг, түгжрэлгүй, барилгын материалын үйлдвэрлэлийг сайн хөгжүүлсэн, боловсролын хамран тойрох сургалт хөгжсөн, хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах боломжтой. Ирээдүйд Дархан хотыг байгуулах газрыг төлөвлөн баталсан, дэд бүтцийн бүрэн чадамжтай.

 Авлига, ашиг сонирхлоос ангид улсын тэргүүний аймаг болох зорилт тавьж байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүс хүссэн бүхнээ хий”  хэмээн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал орон нутгаа сурталчлав. Харин тус аймагт шинээр газар олгох боломжгүй бөгөөд 2014 оноос хойш газар олгоогүй, агаарын бохирдол буурсан, барилгажилт явагдаж байгаа ажээ. Тус салбар хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон Булган аймгийн Хутаг-Өндөр суманд шилжин суурьсан малчин Х.Энхбилиг “Би сэтгэл зүйч мэргэжилтэй. 2020 оны гуравдугаар сард Хутаг-Өндөр суманд очсон. Булган аймаг байгалийн үзэсгэлэнт газартай. Би боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхээр очсон. Намайг тэр үед нүүж очиход өнөөдрийн нэг хувьтай зээл байгаагүй.  Энэ цаг мөчид энэ бол маш гоё боломж” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Аж ахуйн нэгжийн төлөөлөл “Апу дэйри” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай “Хот, хөдөөгийн сэргэлт гэдэг манай компанийн стратеги. Бид 1600 малчин өрхтэй сүү нийлүүлэхэд хамтран ажиллаж байна. Орон нутагт сүү нийлүүлэгч байвал малчин өрхийн амьдрал дээшилнэ. Бид органик, байгалийн сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог. Цаашид орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн онцлогийг бүхий л салбарт хэрэгжүүлэх хэрэгтэй.  Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх. Үүрээр босоод үнээгээ саадаг. Үнээ саах технологийг автоматжуулбал хөдөлмөрийн бүтээмж дээшилж, сүүний гарц нэмэгдэнэ. Ингэснээр тухайн айлын орлого нэмэгдэнэ” гэсэн саналыг хэлсэн юм. 

Хөдөөг зорьж байгаа иргэдэд төрөөс үзүүлж байгаа томоохон дэмжлэгийн нэг нь ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгосон явдал юм. Энэ талаар БХБ-ын дэд сайд Э.Золбоо “Хөдөө, орон нутагт шилжин суурьшигчдад төрөөс үзүүлж байгаа хамгийн чухал дэмжлэгийн нэг нь ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгосон. Ипотекийн зээлийн хүртээмжийг дээшлүүлэхээр жилдээ 2500-3000 ипотекийн зээл гаргахаар  нэмэгдүүллээ. Өмнө нь жилдээ 1500 орчим ипотекийн зээл гаргадаг байсан. Мөн ипотекийн зээлийн зургаан хувийн хүүг гурван хувь болгож, үлдсэн гурван хувийг Сангийн яамнаас зохицуулахаар  болж байна. Мөн урьдчилгаа 30 хувийн 18 хувийг  Зээлийн батлан даалтын сангаас дааж гаргаад, иргэн 12 хувийн урьдчилгаа төлөх зохицуулалт хийсэн. Учир нь, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төлөх нь иргэдэд  хамгийн их дарамттай байдаг. Банкууд гэрээгээ үзэглэвэл иргэд ирэх долоо хоногоос ипотекийн зээлд хамрагдах боломжтой” хэмээсэн юм. Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэгт оролцогчид  “Малчдыг дэмжье гэвэл мах, сүүг нь худалдан авах систем хэрэгтэй. Үүний тулд хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай гэж үзжээ. Төвийн бүсийн аймгууд хүнсний хангаж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэхэд тус тусын боломжоо ийнхүү хэлэлцэв. 

Дараагийн Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай аймгийг хамруулсан салбар хуралдааныг илтгэлтийг Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж танилцуулав. Дээрх зургаан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар, дэд бүтцээр холбогдсоноороо онцлогтой байна.  Мөн сургууль, цэцэрлэг хүрэлцээтэй, усан бассейнтай, эрүүл мэндийн үйлчилгээгээг хангагдсан гэж үзэж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд дээрх аймгуудад босоо тэнхлэгийн авто замтай болох аж. Дорноговь аймаг гурван улсын автозамаар холбосон, Алтанширээ аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар төмрийн хүдрийн үйлдвэр баригдаж, ажлын байр бий болох юм. Шилжин ирж байгаа иргэд, аж ахуйн нэгжид газар олгох боломжтой, татвар бага тогтоосон зэрэг таатай боломжууд бий гэнэ. Өвөрхангай газар зүйн байрлал сайтай, боловсролоороо сүүлийн гурван жил тэргүүлсэн аймаг юм. Орхоны хөндийн аялал жуулчлал хөгжсөн. Харин Өмнөговь аймгийн бүх сум бохир, дулааны шугамд холбогдсон гэдгийг онцолж байлаа. 

Энэ салбар хуралдаанаар эрчимж­сэн мал аж ахуйг хөгжүүлэхэд арилжааны банкууд зээл олгодоггүй талаар хөндөж байв. Мега төслийн хүрээнд “Оюутолгой” төслийн хэрэгжилт, говийн дэд бүсийн хөгжлийн баримтлалын хэрэгжилт, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хөдөө орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай бол Улаанбаатарт илүүдэлтэй байдаг юм. 

 

Газрын зургаа зөв харцгаая 


Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн бүсийн хөгжлийн талаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Монгол Улсын алслагдсан энэ аймгууд эрчим хүчинд холбогдсон. Дээр нь эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгохоор ажиллаж байгаа. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өөрөө нийслэлээс шилжин суурьшигч. Тиймээс дасан зохицоход багадаа зургаан сарын хугацаа шаардлагатай гэдгийг онцолж байв. Мөн шилжин ирэгсэд ямар хүлээлттэй байгаагаа сайн мэдэх хэрэгтэй. Үүнээс гадна газрын зургаа сайн харж, Улаанбаатараас баруун аймаг бус, баруун аймгаас бусад улстай хэрхэн холбогдож байгаа талаар өнцгөө өөрчлөх хэрэгтэйг онцолж байлаа.  Мөн орон нутагт хүйсийн харьцаа, эмэгтэйчүүдийн ажлын байрыг бий болгох зэрэг жендэрийн асуудал ч энэ салбар хуралдаанаар хөндөгдөв.  Ипотекийн зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн зах зээлийг суманд бий болгохад орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах юм байна. Түүнчлэн жалга, довны үзлийг арилгах талаар ч шилжин суурьшигчид ярьж байв. 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг хамарсан зүүн бүсийн хөгжлийн талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат  салбар хуралдаанд үндсэн илтгэл танилцуулав.  Салбар хуралдааны үеэр оролцогчдоос ирүүлсэн асуултуудыг багцлан хариулж байлаа. Тухайлбал, шилжин ирэгсдэд нэг хувийн хүүтэй бизнесийн зээл өгч байна. Ямар шалгуур тавих вэ гэсэн асуултад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Орон нутаг руу шилжин очиж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор аж ахуйн  нэгжид 500 сая хүртэл, иргэнд 50 сая хүртэл нэг хувийн хүүтэй зээл олгохоор ажиллаж байна. Энэ зээл арилжааны банкуудын бизнес эрхлэгчдэд олгодог шалгуураар олгоно” гэсэн юм.  Түүнчлэн суугуул иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуултад аймгуудын удирдлагууд “Бид иргэдээ тогтоон барихад анхаарч ажиллана. Орон нутгийн дэмжлэг нь зөвхөн шилжин ирж байгаа иргэдэд өгнө гэсэн үг биш. Тэнд амьдарч байгаа иргэд хүртэх боломжтой” хэмээн хариулж байлаа. 

Ийнхүү төвийн бүсийн аймгууд Монгол Улсын хүнсний 70 хувийг хангах бол, аймгуудад ямар боломж байна, хүн амьдрах боломжийг хэрхэн бүрдүүлсэн  аймгууд  хөдөөгийн сэргэлтийн хүрээнд бүсийн хөгжлөөр бие биенээ дэмжиж ажиллах юм.

Ийнхүү чуулганыг хааж “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Батлах хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Өнөөдрийн чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, 21 аймгийн удирдлагын баг, эх орны өнцөг булан бүрээс ирсэн 1400 гарай төлөөлөгч, олон улсын байгууллагын удирдлагууд оролцлоо. “Хөдөөд тавтай морил”  чуулганд 2100 ажлын байранд 261 иргэний мэдээллийг аваад байна. 

Зургаан салбар хуралдааны үеэр өнгөрсөн 30 жилийн хугацааны хот, хөдөөгийн хөгжлийн алдааг тунгаан хэлэлцлээ. Хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх талаар Засгийн газрын түвшинд ойлголт, нэгдсэн бодлого нэг болсон. Иргэд аж ахуйн нэгж чөлөөтэй бизнес эрхлэх, тогтмол орлого олох нь чухал гэж тэмдэглэж байна. Иргэдийн хөдөөг зорьсон урсгалыг дэмжихэд чиглэж байна. Хөдөөг харах өнцөг өөрчлөгдөж байна” хэмээв.

 М.Өнөржаргал

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22