О.Заяат: Эх орны эр цэрэг байна гэдэг нэр төрийн хэрэг


Бүгд Найрамдах Өмнөд Судан /БНӨС/ улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай UNMISS энхийг дэмжих ажиллагааны XI ээлжийн цэргийн багийн захирагчийн үүрэг гүйцэтгэсэн хурандаа О.ЗАЯАТТАЙ ярилцлаа.

-Юуны өмнө танд Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа.
-Та Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцсон Монгол Улсын зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн захирагчийн үүргийг гүйцэтгээд ирсэн. Бие бүрэлдэхүүн эсэн мэнд, мандатад заасан үүргээ амжилттай биелүүлээд ирэв үү?
-Батальоны захирагч бүрийн нэг том хүсэл бол хариуцан удирдаж яваа бие бүрэлдэхүүнээ ажиллагааны газар оронд эрүүл энх байлгаад эх оронд нь эсэн мэнд авч ирэх, ээж, аав, гэр бүлийн хүмүүст нь “халуун чихийг нь атгуулах” байдаг. Бид сайн яваад үүргээ сайн гүйцэтгээд ирсэн. Сая болсон тайлангийн хурлаар манай бие бүрэлдэхүүний үүргийг сайн гэж үнэлгээ өгсөн. Тийм болохоор зорилгоо биелүүлээд ирсэн гэж бодож байна.

 -Манай XI ээлжийн цэргийн баг Өмнөд Судан улсад хэдэн сар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ээлж солих хугацаанд өөрчлөлт орсон. Ингэснээр хамгийн сүүлийн ээлж 2023 он гараад ирсэн, нийтдээ 15 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал, миний бие, гол гол ажил хүлээлцэх албан тушаалтан мөн манай штабын офицерууд 15 сарын хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн.Түүнээс гадна манай батальон энхийг дэмжих ажиллагааны 11 ээлжийн хугацаан дахь хамгийн олон эмэгтэй цэргийн алба хаагчтайгаараа онцлогтой байлаа /тухайн үед үүрэг гүйцэтгэх хугацаандаа/. Нийтдээ эмэгтэй 66 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоог нэмэгдүүлэх санаачилга, ажил хэрэгжиж байна гэсэн үг.

-Энхийг дэмжих ажиллагааны хугацаанд орчны нөхцөл байдал ямар байсан бэ?

-Биднийг үүрэг гүйцэтгэж байсан газар орон, бүс нутагт үе усны нөхцөл байдал үүссэн байсан. Нил мөрний ус хальж, баазын эргэн тойронд орж ирсэн, үерлэсэн байдалтай байлаа. Үүнийг нутгийн иргэд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байсан юм. Тэдний хэлж байгаагаар тухайн газар оронд 60 жилийн өмнө одоогийнх шиг үертэй байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн юм билээ. Хальж орж ирсэн их ус нь 3-4 жилийн дотор татарч алга болсон гэж байсан. Одоогийн үер усны нөхцөл байдал олон жил үргэлжлэн явагдах болов уу гэж бодож байна. Бид Өмнөд Судан улсад хуурай улиралд очсон ч үеэр устай, үйл ажиллагаагаа явуулахад хязгаарлагдмал нөхцөлд НҮБ-ын мандатад заасан энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн байгууллагад тусламж үзүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс эргүүлээр явах, нутгийн иргэдээс мэдээлэл цуглуулах зэрэг үүргийг гүйцэтгэн, сайн ажилласан.

-Монголын бие бүрэлдэхүүн Өмнөд Суданы аль хэсэгт үүрэг гүйцэтгэв?

-БНӨСУ-ын газар нутаг нь 10 мужид хуваагддаг. НҮБ-ын UNMISS ажиллагаанд нийт 10 батальон үүрэг гүйцэтгэж байна. Юнитийн секторт Манай бие бүрэлдэхүүн Гана улсын батальонтой хамтарч үүрэг гүйцэтгэдэг.Юнити мужийн хойд хэсгийг Монголын батальон /дуудлага нэр: Мон-бат/ хариуцлагын бүсэд байдаг. Урагшаа болохоор Гана улсын батальон буюу Гана-батын хариуцлагын бүс гэж ярьдаг. Манай хариуцсан бүсэд дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран байдаг. Дүрвэгсдийн хуаранд 120 мянга гаруй хүн амьдарч байна. Иргэний дайнаас үүдэн уугуул иргэд олон жилийн өмнө гэр орноо орхиод дүрвэгсдийн хуаранд ирсэн. Цагийн байдал тайван болохоор иргэд уугуул нутаг руугаа явдаг. Энэ удаад үер усны аюулаас шалтгаалан энгийн иргэд эргээд дүрвэгсдийн хуаранд ирэхээс аргагүйд хүрсэн. Мөн тэдний хуаранг зорих нэг шалтгаалан нь хүмүүнлэгийн байгууллагууд хоол хүнс, тодорхой хэмжээний материаллаг зүйлээр тусалдаг явдал юм.

-Үерээс дүрвэгсдийг хамгаалахын тулд ямар зохион байгуулалттайгаар ажилласан бэ?

-Юнити мужийн засаг захиргаа, НҮБ-ын бүсийн удирдлага хамтарсан шийдвэр гарган Дотоодын дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын бааз болон Бэнтью хотыг оруулаад нийтдээ 80 гаруй км газар үргэлжлэх 1.7 метрийн өндөртэй далан байгуулж, үер уснаас хамгаалсан, манай бүрэлдэхүүн энэ ажилд бас оролцсон, арал дээр байгаа юм шиг л амьдарсан.

-Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй үймээн, хөл хөдөлгөөнтэй хэсэгт энхийг дэмжин ажиллах амаргүй. Та бүхнийг үүргээ гүйцэтгэж байх хугацаанд үймээн самуун гарсан уу?

-Үүрэг гүйцэтгэх хугацаанд биднийг чиглэсэн үйл ажиллагаа, зэвсэгт халдлага гараагүй. Харин энгийн иргэд зэвсэгт бүлэглэлүүдийн золиос болох тохиолдол байсан. Тийм нөхцөл үүсгэхгүй байх нь бидний гол үүрэг. Гэхдээ тэр том газар нутагт нэг батальоны хүн хүч хүрч ажиллахад хүндрэлтэй. Зарим талаараа хязгаарлагдмал байдаг. Дээр нь газар орны явах маршрутаасаа эхлээд цаг хугацааны хувьд ч хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Аль нэг тосгонд “Зэвсэгт этгээдүүд халдлаа” гэсэн мэдээлэл аваад очиход үйл явдал аль хэдийнэ өнгөрчихсөн байдаг. Тиймээс аюулгүй байдлыг сахих үүднээс хамгаалалт гаргаж, түр баазууд байгуулан ажилладаг. Ер нь энхийг сахиулах ажиллагаа амаргүй ажил шүү. Гэхдээ бахархалтай ажил юм.  “Энхийг сахиулах гэдэг бол хүнд, амаргүй ажил, гэхдээ зөвхөн цэргийнхэн л хийж чадна” гэж НҮБ-ын Нарийн бичгийн дарга байсан нэгэн эрхэм хүн хэлсэн байдаг.

-Үүрэг гүйцэтгэхээр очсон алба хаагчид тухайн газар орондоо дасан зохицоход тодорхой хугацаа шаардлагатай. Үүнд та батальоны захирагчийн хувьд хэрхэн анхаарсан бол?

-Ажиллагааны өмнөх сонгон шалгаруулалтаас эхлээд сонгогдсон цэргийн алба хаагч нар БНӨСУ-ын талаарх мэдээлэл авдаг. Улмаар ажиллагааны өмнөх бэлтгэлд хамрагдаад ирэхээр онолын сургалтууд орж тодорхой мэдээллийг өгдөг. Ингэж тодорхой хэмжээний мэдээлэл авсан хүмүүс яг ажиллагааны газар нутагт нь очихоор хандах хандлагаасаа эхлээд өөр, хурдан ч дасан зохицдог. Бид эрс тэс уур амьсгалд амьдардаг учраас дасан зохицох чадвар өндөртэй. Хүйтэн сэрүүн нөхцөлд монгол цэрэг алзахгүй. Харин нэмэх 40 хэмийн халуунд очиход хүндрэлтэй асуудал үүсдэг. Ялангуяа хувь хүн талдаа. Тэр халуунд хантааз, дуулгатай буу зэвсгээ бариад харуулын цэгт зогсох, эргүүл цуваанд явахад нэлээд хүндрэлтэй. Энэ утгаараа наанадаж нэг, хоёр сар болоод нөхцөл байдалдаа дасан зохицдог. Мөн алба хаагчдыг сургалт, мэдээллээр хангаж зааварчилгаа өгдөг. Дасан, зохицох талаар яриа таниулга хийж, халуун газар оронд хэрхэн ажиллах, амьдрах талаар туршлага хуваалцах, мэдээлэл солилцох ажлыг тухай бүр нь хийж ирсэн. Цэргийн баг болгон эмч, эмнэлгийн бүлэгтэй явдаг. Тэд нар маань тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эмчилгээ үйлчилгээг хийдэг юм.

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон монгол цэргүүдийн талаарх сайхан мэдээ олон. Хүний амийг аварсан, тэмцээн уралдаанд монгол хүний тэвчээр хатуужлыг гаргаж түрүүлсэн гээд амжилтын талаар дурдвал хөвөрнө. Та бүхнийг үүргээ гүйцэтгэх үед Өмнөд Суданд тэмцээн уралдаан болсон уу. Ямар амжилт гаргасан бэ?

-Үүрэг гүйцэтгэх хугацаандаа аль болох эх орон, зэвсэгт хүчнийг сурталчлах, монгол цэргийн ур чадвар ямар байдгийг харуулахыг батальон болгон дор бүрнээ хичээн ажилладаг. Тэр чинээгээрээ биднийг таньдаг, мэддэг. Бидэн шиг төрхтэй хүмүүсийг нутгийн иргэд харахаараа “Монголиа, Мон-бат” гэж нэрлэдэг. Биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс цэргээ хандивласны 20 жилийн ой тохиосон цаг үед үүрэг гүйцэтгэсэн. Тэмцээн уралдааны хувьд 2022 оны тавдугаар сарын 29-нд Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотод “Мон-марш 2022” тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд оролцох алба хаагч 10 гаруй км-ийг тодорхой хэмжээний ачаатай туулах байв. Тэмцээнд манай батальоны цэргийн алба хаагч дөрөвдүгээр байрт шалгарсан. Нэг, хоёрдугаар байрт Этиоп улсын алба хаагчид тодорсон. Тэмцээн зохион байгуулснаар бусад улс орны батальонтой харьцуулахад бид ямар түвшинд яваагаа харьцуулахад дөхөм болдог. Тэр өнцгөөс хүмүүсээ уралдаан тэмцээнд оруулдаг. Тэмцээн бидний байрлаж байгаа газраас хол учраас олон хүн оролцуулж чадаагүй. “Мон-марш 2022” Тэмцээнд гадаад, дотоодын 140-өөд алба хаагч оролцсон. Эмэгтэй 30-аад алба хаагч тэмцээнд хурд хүчээ сорьсноос эхний байруудад Монголын эмэгтэй алба хаагчид шалгарсан байгаа. Мөн Балбын Вант улс буюу Непал улсын Зэвсэгт хүчний өдрөөр Жуба хотын НҮБ-ын бааз “ЮН хаус”-д зохион байгуулсан “Энхийг сахиулагчдын марш-2022” тэмцээнд манай цэргийн алба хаагч нар маань сайн оролцсон. Тухайн тэмцээнд Хятадын батальоны бүрэлдэхүүн манайхаас хэдхэн секундийн өмнө орж тэмцээнд тэргүүлсэн. Манай батальоны хувьд хоёрдугаар байрт орсон амжиллтайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

-Таны захирагчаар ажилласан цаг хугацаа цар тахлын хүнд үед таарлаа. Мэдээж алба хаагчдыг үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулахгүйн тулд олон зүйлд анхаарч ажиллах шаардлагатай болсон байх?

-Бид Өмнөд Судан улсад очоод 14 хоног тусгаарлалтад орсон. Сүүлд Африкт Омикрон хувилбар дэгдсэнтэй холбоотойгоор манай үүрэг гүйцэтгэж байсан секторт гаднын офицерууд өвдөж эхэлсэн. Яг тэр үед ээлж солигдоод манай батальоноос мэр сэр хүн омикроны халдвар авсан. Түүний талаар секторын штабт мэдэгдсэн, улмаар хүчний командлагчийн шийдвэрээр 14 хоног батальоноороо тусгаарлагдсан. Хэдий тусгаарлагдсан ч харуул хамгаалалтын үүргээ биелүүлсээр байсан. Биднийг секторт ирэхгүй байх, намайг зөвхөн цахимаар хуралд оролцох байдлаар үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байсан юм. Агаар дуслаар халдварладаг учраас хөл хорио тогтоохоос ч өөр арга байгаагүй. Энэ хугацаанд манай эмч нар сайн ажилласныг дурдах нь зүйтэй. Батальоны удирдлага, эмч, сувилагч нар маань алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч, дархлааг дэмжих, урьдчилан сэргийлэх чиглэлээр  шуурхай арга хэмжээ авч, тасралтгүй ажилласан. Бие бүрэлдэхүүнийг эрүүл байлгахын тулд нийтийн биеийн тамирт хамруулах талд анхаарч Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд батальоноороо нэгдэж өглөө бүр өглөөний дасгал хөдөлгөөн, дараа нь дотооддоо “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал” нэртэй аяныг, үдээс хойш 16:00-18:00 цагийн хооронд чөлөөт гүйлтийг НҮБ-ын бааз дотор явуулсан, би бас гүйдэг байсан. Энэ арга хэмжээ үр дүн өгч, хүмүүс өвдөж, янз бүр болоогүй.

-Тухайн үед та алба хаагчдынхаа сэтгэл зүйг хэрхэн дэмжиж байв?

-Хүнийг харахад ямар байгаа нь андашгүй л дээ. Тиймээс тэдэнтэй уулзаж, ярилцдаг байлаа. Мөн соёл, олон нийтийн ажлыг зохион байгуулсан. Ер нь долоо хоног болгоны сүүлчээр тодорхой хэмжээний урлаг, уран сайхны арга хэмжээг зохион байгуулдаг. Дээр нь анги, байгууллагаа сурталчлах өдөрлөг зохион байгуулдаг байсан юм. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, удирдлагуудад өөрийн санал бодлоо танилцуулаад алба хаагчдаасаа Уганда улсад хэд хоног амруулах ажлыг зохион байгуулсан нь үр дүнтэй болж, 220 орчим цэргийн алба хаагчийг хамруулсан. Мөн нэлээд алба хаагчийг Жуба хотод амраасан. Эдгээр ажил цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг дэмжихэд үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Мөн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, сэтгэл зүйгээ тогтвортой байлгахын тулд “Гитар хөгжмийн сургалт”, “Бүжгийн сургалт”, “Бие хамгаалах урлагийн сургалт”-ыг нээлттэй байдлаар лхагва, пүрэв, баасан гарагт үдээс хойш 17:00-20:00 цагт явуулдаг байсан. Мөн академи сургуульд орох офицеруудад зориулж “Тактикийн бэлтгэл сургалт”-ыг явуулсан.

-Орон нутгийн иргэд, энхийг дэмжихэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын харилцааг  нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа энэ үед эмэгтэй энхийг сахиулагчдыг оролцуулах нь ач холбогдолтой юу?

-Ер нь олон харчууд дунд эмэгтэй алба хаагч ороод ирэхээр харах өнцөг, юманд хандах хандлага нь хүртэл өөрчлөгддөг. Мөн зэвсэгт мөргөлдөөн, дайн болж байгаа газруудад хамгийн их хохирч байгаа нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Ажиллагааны үед нутгийн иргэнээс мэдээлэл авахад эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоо их чухал. Тэр өнцгөөс нь харахад энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдыг оролцуулах нь зөв зүйтэй ажил юм. Тэгэхээр бид ч гэсэн үүнтэй хөл нийлүүлээд явах ёстой. Тиймээс  эмэгтэй цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, ялангуяа гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай.Тэгж байж очсон газар орондоо мэдээлэл цуглуулах боломж бүрдэх юм. Энхийг дэмжих ажиллагаанд Энэтхэг, Бангладеш, Пакистан, Гана зэрэг олон тоогоор цэргээ хандивладаг улс орны офицерууд, тэр дундаа эмэгтэй офицерууд англиар төрөлх хэл шигээ ярьдаг. Бид тэдэн шиг болъё гэвэл хүмүүсээ /эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагч нар/ хэлний мэдлэгээ эртнээс сайжруулах  хэрэгтэй.

-Та анх 2003 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Энэ хуга­цаанд олон ажиллагаанд оролцон туршлага хуримтлуулсан гэж бодож байна?

-Би анх “Иракийн эрх чөлөө” ажиллагааны нэгдүгээр ээлжид холбооны офицерын үүргийг зургаан сар гүйцэтгэсэн. Ингэж анх хилийн дээс алхаж байлаа. Тэнд байхдаа бусадтай өөрийгөө харьцуулж цаашид яах ёстойгоо ойлгосон. Тэрнээс хойш цэргийн багт гурван удаа, ганцаарчилсан ажиглагч, штабын офицерын үүрэгтэйгээр гурван удаа энхийг дэмжих, олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих үйл ажиллагаанд 2002 онд хамгийн анхны хоёр ажиглагчаа явуулж байсан. 2003 онд цэргийн баг энхийг дэмжих ажиллагаанд оролцсон. Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багаар үүрэг гүйцэтгэсний 20 жил, энхийг дэмжих ажиллагаанд монгол цэрэг оролцсоны 21 жил энэ онд  тохиож байна. Миний удирдаж явсан батальон, хамт олон маань Монгол цэрэг энхийг сахиулах, дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 жилийн ойн дээр үүрэг гүйцэтгэсэн онцлогтой юм.

-Ажиллагаанд явахад нь арын ажлыг тань нугалдаг эхнэрээ танилцуулаач. Тантай адилхан цэргийн хүн үү?

-Манай гэр бүлийн хүнийг Ч.Пүрэв гэдэг, хувийн байгууллагад ажилладаг. Намайг байнга дэмжиж, хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэх боломжоор хангаж өгдөгт нь баярлаж явдаг юм. Би боломж олдвол түүндээ бас баярлалаа гэж хэлдэг. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Бүгдээрээ эрүүл энх аж төрж байвал дараагийн зүйл нь аяндаа болно гэж бодож явдаг.

-Хүүхдүүдээс тань аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх нь хэн байна?

-Би бага хүүгээ л миний ажил мэргэжлийг өвлөж явах болов уу гэж боддог юм. Хүү минь одоо дөрөвдүгээр ангид сурдаг учраас энэ талаар ярихад эрт байна. Зэвсэгт хүчин гээд энэ их айлын эгнээнд гишүүн болж орсон нь миний хувьд азтай явдал гэж боддог.

-Хатуу чанга байх ёстой цэргийн хүн ч эх орноо санаж, төрийн дууллаа сонсохоор өөрийн эрхгүй огшдог болов уу?

-Цэргийн тангаргийн үг, утга агуулга гүн гүнзгий шүү дээ. Эх орны төлөө эр цэрэг байна гэдэг нэр төрийн хэрэг юм. Үүнийгээ дагаад маш их хариуцлагатай байхыг шаарддаг. Ер нь энхийг дэмжих ажиллагаанд оролцоод хилийн дээс алхахаар “Монгол хүн болж төрсөн нь ямар их аз вэ” гэж боддог. Хүмүүстэй ярилцаж суухад бүгд тийм бодолтойг мэдсэн. Тэгэхээр эх орны талаарх ойлголтыг өгье гэвэл монгол хүнийг хилийн дээс алхуулаад гадна талаас нь эх орныг нь үзүүлээд өөрийг нь мэдрүүлчихвэл эх орон гэдэг зүйлийн талаар хүмүүс нэлээд сайн ойлголттой болох байх гэж боддог. Би ч  гэсэн эх орондоо байхдаа үүнийг төдийлөн анзаардаггүй байсан. Сүүлд хилийн дээс алхаад тийм бодол санаанаас гарахаа больчихдог юм билээ. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон залуустаа энэ талаар ойлгуулчих юмсан гэж ярьж, хэлж явлаа. Амьдрал л юм хойно хүнд алдаж онох зүйл гарна. Алдаа гаргасан дээр нь гээд хүнийг дарамтлах, нухчин дарах бус аль болох зөв ойлголтыг өгөхийг, дахин тэр алдааг гаргахгүй байлгахыг зорилго болгож, олон талаас нь хэлж, ярьж ойлгуулахыг хичээсэн. Зөв үгтэй, зөв бодолтой, зөв үйлдэлтэй байхыг, амьдрахыг боломж олдвол цэргүүддээ хэлж ярьж ирсэн.

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Мэдээж мөрдэс нэгт ахан дүүстээ хандаж үг хэлэх байх?

-Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүн, мөн хамтран үүрэг гүйцэтгэсэн XI ээлжийн батальоныхоо цэргийн алба хаагч нартаа, мөн чөлөөнд байгаа генерал, офицер ахлагч нартаа, мөрдэс нэгт андууддаа Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. Та бүгдийн маань бие эрүүл, үйлс бүтэмжтэй, аз жаргалтай байгаасай гэж хүсэн ерөөе.

  Монгол Улсын төлөө зүтгэе!

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр