Б.Солонгоо: Судлагдсан, батлагдсан хөтөлбөрийг Монголын хөрсөнд буулгасан


-Сургалтаа тогтвортой явуулахаас гадна үнэ цэнтэй байлгана гэдэг амжилт-

Х.ЭРДЭНЭЗАЯА

 Хувь хүний хөгжлийн талаар “ФранклинКови Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ОУ-ын сургагч багш Б.Солонгоотой ярилцсан юм. Түүнийг “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” ном, сургалтаар нь шинийг эрэлхийлэгчид сайн мэддэг.

 

-Та “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” сургалтыг зохион байгуулдаг. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулахад хэн, юу таныг чиглүүлэв?

-Миний ах Б.Сайнбаяр намайг чиглүүлсэн. Ах минь өндөр боловсролтой, номын мөр хөөсөн хүн. Одоо Вашингтонд ажиллаж амьдардаг. “Форбс” сэт­гүүлээс 30 хүртэлх насны шилдэг залуусыг нэрлэхэд боловсролын салбараас шалгарч байсан. Ах МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургуулиас сонголт хийх үед MIU сургууль Монголд дөнгөж байгуулагдаж байв. Хичээл нь англи хэлээр ордог учраас ах сонгон суралцсан. Коно Мүн гэдэг солонгос багш нь “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 дадал” номын англи хэвлэлтийг зөвлөсөн байдаг. Ах минь дүү нарынхаа үлгэр дуурайл, зөв чиглүүлэгч нь байх монгол гэр бүлийн үүрэг хариуцлагаа багаасаа ухамсарласан. Дүү нартайгаа үргэлж хамт байж чадахгүйгээс хойш хувь хүний хөгжлийнх нь луужин байхыг хүсэж энэхүү номыг таван найзтайгаа хамтран орчуулсан. Дүү нартаа зориулсан хө­рөнгө оруулалт болох номын хэвлэлтийн ажилд тусалдаг байлаа. Ах минь 2012 онд энэ байгууллагын номыг хэвлэн нийтлэх, хувь хүний манлайллын хөтөлбөр, зохион байгуулдаг үйл ажиллагаанд нь оролцох албан ёсны эрхийг авсан. Би арын албыг хариуцахын сацуу их сургуульд сурч боловсорч байв. “ФранклинКови Мон­гол” компанийн бүхий л ажилд оролцоотой яв­саар 2015 онд багшлах эрх, Олон улсын сургагч багшаар ажиллах дипломоо авч, 2017 онд Бизнесийн удирдлагаар мэргэшин, “ФранклинКови”-ийн 7 дад­лын албан ёсны сургагч багш, Дэйл Карнегийн албан ёсны итгэмжлэгдсэн  трэйнер болсон. Ах минь хоббигоо хөөгөөд АНУ-ыг зорьж, би ажлыг нь Монголд хариуцаж үлдсэн. Олон улсын компанийг удирдах, чиглүүлэхдээ ажил цалгардуулах вий, алдаа гаргах вий гэсэн айдастай байсан. Тэр үед  “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номынхоо уг үндэс рүү сайн ороогүй байж. Хичээл заахын тулд дахин дахин уншиж, хоёр сар судаллаа. Арга ухаанаа эзэмшээд зөв дадлаар явсан учраас 15 жилд бий болгох амжилтыг гуравхан жилийн дотор үзүүллээ. Аав, ээжийн минь итгэж өгсөн хөрөнгө оруулалт олон хүнд хүрээсэй гэсэн хүсэл, тэмүүлэл байсан.

-Сургалтынхаа онцлог, давуу талаас дурдана уу?

-Сэтгэлтэй, зүтгэлтэй, зоригтой хандаж биеэ дайчилсны хүчинд 30 гаруй ном бүтээлийг монголчууддаа хүргэж, сургалтынхаа агуулга, хүнд үлдэх өгөөжөөр ялгарч чадсан. Манай сургалтыг төгсөгчид “Миний амьдралыг, хандлагыг өөрчилсөн” гэж нүүр бардам хэлнэ. Сургалтаа тогтвортой явуулахаас гадна үнэ цэнтэй байлгана гэдэг бас амжилт шүү. Би одоо ч хөтөлбөрөө судалдаг. Хүн суралцах тусмаа сайжирдаг.  Олон улсад 1500 ам.долларын үнэтэй сургалтыг бид монголчууддаа боломжийн ханшаар санал болгож байна. Сонирхуулахад, мэргэжил сонголтын зөвлөгөө өгдөг багш нар манай “Өсвөрийн 7 дадал” номыг гарын авлага болгон ашигладаг. Үүнээс бид зүгээр нэг бестселлер орчуулаагүй. Судлагдсан, батлагдсан хөтөлбөрийг Монголын хөрсөнд буулгасан гэсэн үг.  Нэг удаагийн сургалтад суугаад хичээл дуусахгүй.  Бид төгсөгчдөө ч гэсэн үргэлж усалж байдаг.

-Бид барууны орнуудад хүүхдийг шинжлэх ухааны хичээлээс нь илүү хувь хүний хөгжилд нь анхаардаг тухай их ярьдаг. “Аз жаргалтай хүүхдийн 7 дадал” сургалт хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлдөг байх даа?

-Охиноо таван наснаас нь эхэлж сургасан. Охиндоо өдөр бүр үлгэр уншиж өгдөг. Тэгэхдээ уран яруу уншаад бичлэг хийдэг. Сэргэлэн, залхуу ээжийн заль, цагийн менежмент  юм. Охин минь үлгэр сонсох бол тэр бичлэгийг сонсоно. “Аз жаргалтай хүүхдийн 7 дадал”-ыг сурсан миний охин одоо наймдугаар анги. Гоё зурдаг, бүжиглэдэг, дуулдаг, эелдэг, найрсаг, бусадтай хуваалцаж сурсан өгөөмөр бялхам зантай бас зоригтой. Хамгийн гол нь өөрийгөө илэрхийлэх чадвартай. 

-“Үр муу бол үүрдийн зовлон” гэдэг. Хүүхдээ аз жаргалтай болгох гэж материаллаг хэрэг­цээг нь хангах бус өөрийгөө илэр­хийлэх чадвартай дадалд сургах хэрэгтэй юм байна, зөв үү?

-Хүүхэд эцэг, эхээ харж, суралцдаг юм байна. Эд материалаар бялхуулахдаа бус бие даасан, цагийн төлөвлөлттэй, өөрийгөө хөгжүүлдэг эрмэлзэлтэй дадалд сургасан  эцэг эх зовохгүй. Миний хүүхэд надтай, надгүй амьдралыг зөв туулахыг харах сайхан. Заримдаа би охиныхоо хандлагыг хараад “Юу билээ” гэж эргэцүүлдэг. Монгол Улсын ерөнхий боловсролын хөтөлбөрт оруулахсан гэж  боддог шүү. “Аз жаргалтай хүүхдийн 7 дадал” ном бага, өсвөр нас гээд хүүхдэд тохирсон хувилбартай. Одоо охиноо ажиглаж, судалж 14-18 насныхны хувилбарыг боловсруулж байна. Хүүхдээ гуравхан өдрийн сургалтаар өөрчилнө гэж өндөр хүлээлт тавьж болохгүй. Үе шаттай дадал учраас багадаа гурван сар, цаашлаад гурван жил шаардлагатай.  Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Олон мянган ам.доллароор хүүхдээ сургах боломжгүй ч Монголдоо хамгийн шилдэг сургалтыг сонгоод ирвэл бидэнд  боловсруулсан гарын авлага, сурах бичиг байна.

-Бүсгүй хүн учраас эмэг­тэйчүүдийн манлайлалд түлхүү анхаардаг болов уу?

-Өнөөдрийн нийгэм эмэгтэй­чүүдийг байнгын челлэнжид бэлэн байхыг шаарддаг. Тэр бүрд бүсгүйчүүд бид өөрсдийгөө золиослож, элээж даван туулж байна. Энэ цагтаа амьдралаа болгоод байгаа юм шиг санагдах ч дараагийн сорилтыг төвөггүй давахын тулд сурах хэрэгтэй. Арга ухаан, мэдрэмж шаардсан цаг үеийнхээ дүрмээр тоглохоос өөр аргагүй. Эмэгтэйчүүдийн манлайл сэтгэл зүйгээс эхэлнэ. Ямар нэг юмнаас хараат бус байж, сэтгэл зүйгээрээ мэдрэмжээ тохируулж чадах хүч манлайлагч эмэгтэйгээс л гарна. Тийм болтлоо бид тайвширч болохгүй. “Юуны төлөө сураад байгаа юм”, “Хэний төлөө гоё сайхан байх гэж” бодогдох төдийд л бид өөрсдийгөө 10 дахин алдах, ялагдлыг хүлээн зөвшөөрдөг. Дотроо шантрахгүй тэмцэх л хэрэгтэй.

-Ахынхаа үлдээсэн  “Франк­линКови Монгол” ХХК-ийг удирдахын сацуу Монголын томоохон компаниудад ажил­лаж байжээ?

-Амьдралын аль ч чиг шугамыг сонгосон хөрвөх чадвартай байхыг хичээдэг. Явцын дунд MCS, “Анунгоо”, “Сүү” компани, “Коко Кола Монголиа, “World wine” компанийн орон нутаг дахь брэнд хөгжүүлэлт, борлуулалтыг хариуцан ажиллаж байсан. Ээж, аав маань орон нутагт 10 гаруй сүлжээ дэлгүүртэй. Гэр бүлийнхээ бизнесийг ч орхилгүй тусалж байсан. Хүмүүс эдгээр компаниас аль нэгийг нь л сонгодог бол би  зэрэг ажиллаж чадсан. Гоё тохироо байсан.  Магадгүй зөв дадлаа эзэмшсэн учраас чадсан болов уу. Нөгөөтэйгүүр эдгээр компанийг хүнийх гэж харалгүй өөрийн гэсэн чин сэтгэлээр ажиллаж, олсон туршлага өнөөдрийн  бизнесийн хүч болсон.

-Таны ярианаас сонсоход завгүй эмэгтэй байна. Амьд­ралын нэг өдөр хэрхэн өнгөр­дөг вэ?

-Би 2003 онд 16 настайдаа их сургуульд элсэж төгссөн.  22 насандаа ганц бие ээжийн амьдралыг үүрч, илүү хариуцлагатай болсон. Залуу ээж учраас хүүхдийнхээ ирээдүйн төлөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж бодоод 20 жил тасралтгүй сурлаа. Найман төрлийн мэргэжил эзэмшиж, боловсролтой мундаг эмэгтэй болохыг зорьсон.

Энэ хугацаанд япон хэлний орчуулагч, нягтлан, бизнесийн удирдлага, боловсрол судлалын магистр, хүний нөөцийн удирдлага, олон улсын сургагч багш, сэтгэл судлаач, бизнесийн удирдлага, манлайллын трэйнер мэргэжлийг эзэмшлээ.

-Ямар хүн амжилтад хүрч, урагшилдаг юм бэ?

-Өөрийгөө байнга ажиглаж, хэмнэлээ тааруулж чадсан хүн  хөгждөг, амжилтад хүр­дэг гэж хардаг. Амжилтад хүрсэн хүн сэргэг, соргог байдаг. Өөрийгөө челленж сорилтоор байнга сорьдог хүн дараа дараагийн зорилго бүтэх, ашиг орлого нэмэгдэх, цаг хугацааг хожих зэрэг амжилтын бүх л хэлбэрийг эзэмшсэн байдаг.

-Өрсөлдөх чадвар гэж ярих боллоо. Монгол Улсын өрсөлдөх чадварын ин­декс гэж гаргадаг. Тэгвэл мон­голчуудын хувь хүний өр­сөлдөх чадвар ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Уг нь “Гэрээ засаад төрөө зас” гэдэг. Гэхдээ бид одоо төр засгийн шийдвэрийг шүүх биш өөрсдийгөө өөрчлөх үед амьдарч байна. Сүйхээтэй хүмүүс үүргээ ухамсарлаад учраа  эрт олдог.  Учраа олоогүй хүмүүс гэр бүл, эрүүл мэндийн боловсролоос илүүтэй хувь хүний боловсролын тухай ойлголтгүй байдаг. Боловсролыг амьдралдаа хэрэгжүүлэх арга ухаантай бол хүнд төвөг удахгүй. Тиймээс зохион байгуулалттай мэдлэгийг авбал хохирогчийн байр сууринаас ханддаг, шүүмжлэгчийн дүрээс гар­даг. Нийгмээ дагаж өөрч­лөгдөнө гэж хүлээж суух хэрэггүй. Жаахан ч гэсэн цаг гаргаад өөрийгөө хөгжүүлээрэй. 

Би “Мэдлэг, мэдрэмж, боловсролд өлөн бай” гэж хэлэх дуртай. Амьдралдаа эзэн болбол  өөрчлөлтийг алхам бүрдээ авч чадна. Ялангуяа дэлхийн топ шилдэг сургалт болох “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” номыг уншиж, сур­галтад нь суувал маш том алхам болно. Манайх цахим болон танхимаар технологийн өндөр түвшинд сургалтаа явуулдаг. Ямар ч салбарын хүн хамрагдах боломжтой.

2010-2023 он гэхээр 13 жил тасралтгүй Монголдоо болон олон улсад үйл ажиллагаа явуулсан туршлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22