XX Их хурал намын бүрэн эрхийн өөрчлөлтийг харууллаа


БНХАУ-ын Коммунист намын XX Их хурал Бээжинд болж байна. Их хурлыг нээж тус улсын дарга Ши Жиньпин хоёр цаг үргэлжилсэн илтгэл тавьсан. Түүний илтгэл Коммунист намын ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн хураангуй байдаг. Гэхдээ энэ удаад эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэх тодорхой шийдэл дэвшүүлсэнгүй. Тухайлбал, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд заналхийлж буй үл хөдлөх хөрөнгийн уналтын талаар тодорхой дурдаагүй аж.

“Goldman Sachs”-ийн шинжээч “XX Их хурал бодлогын томоохон өөрчлөлтүүдийн эргэлтийн цэг биш байж магадгүй. Ши Жиньпин 2018 онд улиран сонгогдох хязгаарлалтыг цуцалсны дараа эрх мэдлээ бэхжүүлж, дахин арван жил засаглах төлөвтэй байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Ши Жиньпин Коммунист нам, БНХАУ-ын дарга, Цэргийн төв комиссын даргын албаа үргэлжлүүлнэ. Түүний нээлтийн үгийг 2017 оны Их хурлын илтгэлтэй харьцуулсан. Аюулгүй байдал, иргэд, социализм гэх үгийн давтамж нэмэгдсэн бол эдийн засаг, зах зээл, шинэчлэл гэсэн үгийг цөөн хэлсэн. Энэ бол намын бүрэн эрхийн өөрчлөлтийг харуулж байна. 2023 оны гуравдугаар сар хүртэл буюу улс төрийн бүтцийн өөрчлөлт бүрэн дуустал үл хөдлөх хөрөнгийн салбарыг цогцоор нь шийдэх боломжгүй. БНХАУ 2023 оны хоёрдугаар улирал хүртэл ковидын хязгаарлалтаа сулруулахгүй байх.

Аугаа гүрэн болгох төлөвлөгөө

Ши Жиньпин 2012 онд төрийн дээд эрхийг авч намынхаа оршихуйг тодорхойлж, Хятадыг дахин аугаа гүрэн болгохоо амласан. Өмнөх удирдагчдын “Хүчээ нууж, цаг заваа зориулах” үе ард хоцорчээ. Тэрбээр дэлхийд олон туйлт дэг журам тогтоох хэтийн зорилгоо нуудаггүй. Эдийн засаг, цэргийн хүчээ нэмэгдүүлснээр барууны орнуудтай зэрэгцэн оршиж, АНУ болон түүний холбоотнуудтай сөргөлдөж эхэлжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтөд ковидыг тэглэх бодлого. хатуу зохицуулалт сөргөөр нөлөөлсөн.

БНХАУ-ын хил 2020 оны гуравдугаар сараас хойш гадаадын аялагчдад хаалттай байна. Омикроны халдвараас сэргийлж, намрын баярын өмнө дотоодын аялал жуулчлалыг мөн хоригложээ. БНХАУ-ын дарга илтгэлдээ “Ковид тэг” бодлогоо гайхалтай амжилтын түүх гэж тодотгосон. Хятадын эдийн засгийн удаашрал 1.4 тэрбум хүний орлогын өсөлт түүнд улс төрийн томоохон сорилт болдог. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ши Жиньпин даргын өгөөжтэй бодлогын ачаар иргэдээ аварч цар тахлын жилүүдэд БНХАУ ялалт байгууллаа. Ковидыг үл тоомсорлодог гаднын “харгис” бодит байдал олон хүний амийг авч одсон” гэж суртал ухуулгын нэвтрүүлэг цацсан байна. Ковидыг тэглэх бодлогыг барууны ажиглагчид урьд өмнө хэзээ ч байгаагүй их эрх мэдлийн айдас гэж тайлбарладаг. Хятадын албан тушаалтнуудын хувьд энэ бол удирдагчдаа үнэнч байгаа эсэхийн шалгуур. Ши Жиньпиний явуулсан суртал ухуулга нийгмийн өргөн хүрээнд дэмжлэг олсон ч тогтолцоонд дургүйцсэн бүлэг ч байна.

“Бээжингийн кибер цагдаа” гэж нэрлэдэг хиймэл оюун ухааны цензурууд намын шугамтай зөр­чилдсөн мэдээллийг устгаж, интернэтийг цэвэрлэж байна. Томоохон хотын оршин суугчдын хөдөлгөөнийг боловсронгуй тех­нологиор хянах болсныг XX Их хурлын үеэр үймээн дэгдээхээс урьдчилан сэргийлсэн үйлдэл гэж барууныхан хардаж байна.
БНХАУ цар тахлаас өмнө хяналт, хамгаалалтын камерын тоогоор олон улсад тэргүүлдэг байсан. Ухаалаг гар утасны эрин үед зайлшгүй шаард­лагатай программууд иргэдийн статусыг шалгах, хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд хянах боломжийг Засгийн газарт олгодог.
Ши Жиньпин зах зээлээ либералчлах бодолгүй байгаа. Харин Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг сааруулж, аюулгүй байдал, бие даасан байдалд чиглэсэн бодлогоо хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсжээ. Олон улсын валютын сан, Дэлхийн банк Хятадын ДНБ-ий энэ оны өсөлтийн таамаглалаа бууруулсан. Ши Жиньпин монопольчлолын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, "хэт их орлогыг" зохицуулах шаардлагатайг илтгэлдээ дурджээ. Энэ нь том бизнесүүд болон чинээлэг хүмүүст хатуухан тусаж байна.

"Нийтийн хөгжил цэцэглэлт" кампанит ажлын далбаан дор Бээжин хувийн хэвшлийн эсрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч, технологи, санхүү, цахим тоглоом, боловсролын компаниудад хүнд цохилт өгсөн. Засгийн газар уг кампанит ажлаа орлогын зөрүүг багасгах, шударга ёс тогтооход чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болохыг онцолсон. Хятадын зах зээлийн боломжит өсөлт 2030 оноос буурна гэж шинжээчид тооцоолдог. Иргэдийн орлого буурсан, үл хөдлөх хөрөнгийн хямралаас эхлээд залуучуудын ажилгүйдэл нэмэгдэж БНХАУ-ын эдийн засаг хүнд байна. Үүнд дургүйцсэн иргэд Бээжингийн гүүрэн гарцан дээр ковидын бодлого, дарангуйлагч засаглалыг эсэргүүцсэн хоёр том баннер өлгөжээ. Энэ бол улсынхаа дээд удирдлагуудыг эсэргүүцсэн ховор тохиолдол юм.

“Долоон инженер”-ийн томилгоо

Коммунист намын дээд удирдах байгууллага Улс төрийн товчооны Байнгын хорооны долоон гишүүний дөрөв нь тэтгэвэрт гарна. Эдгээр гишүүдийг “Хятадыг бүтээн байгуулдаг долоон инженер” гэж нэрлэдэг. Тэд буурай, алслагдсан мужуудаас ахиж дэвшсэн ижил замналтай. Угаас хүнд нөхцөлд туршлага хурааж дэвших нь Бээжингийн элитүүдийн нийтлэг намтар. “Коммунист намд албан тушаал ахихад хувь хүнээс илүүтэй фракцын холбоонд тулгуурладаг. Энэ бол сонгууль биш. Сонгон шалгаруулалт” гэж улс төрийн шинжээч Бо Жиюэ “South China Morning Post” сонинд ярьжээ.

Улс төрийн товчоо 25 гишүүнтэй. Тэднээс Байнгын хорооны долоон даргыг сонгодог. Тэд 68 нас хүрээд карьераа дуусгадаг бичигдээгүй хуультай. Гэхдээ энэ жил 67 настай Ли Көцян Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албан тушаалаа өгөхөөр болжээ. Тэрбээр намын шатлалаар Ши Жиньпиний дараа хоёрдугаарт бичигддэг.
Тэтгэврийн насанд хүрээгүй учраас түүнийг Намын Төв хороонд үлдээж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга гэсэн бэлгэдлийн албанд томилж магадгүй. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй Ли Көцян анхны бүрэн эрхийнхээ хугацаанд өндөр байр суурьтай байсан ч сүүлийн жилүүдэд улс төрөөс хөндийрсөн.

Түүний эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох төлөвлөгөө ковидыг тэглэх Ши Жиньпинийн шаардлагатай зөрчилдсөн бололтой. Тиймээс түүнийг дээд удирдлагатайгаа санал зөрөлдөөнтэй байгаа гэсэн цуурхлын шалтгаан болжээ. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг хариуцдаг Ерөнхий сайд хоёр мужид засаг захиргааны алба хашсан байх шаардлагатай.
Шинэ Ерөнхий сайдыг ирэх оны гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлаар албан ёсоор зарлана. Харин намын шатлалын шинэ дарааллыг ирэх ням гарагт зарлах юм. Улс төрийн товчооны дөрөвт эрэмбэлэгддэг, 67 настай Ван Ян албан тушаалдаа үлдэх төлөвтэй байна. Улс төрийн карьер нь дээшилж буй тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай. 2013-2018 онд Ли Көцяны танхимын дөрвөн дэд сайдын нэг байсан бөгөөд чинээлэг Гуандун муж, Чунцин хотын намын даргаар ажиллажээ. Ван Ян 2007 онд Улс төрийн товчооны гишүүн болсон. Ингэхдээ Ши Жиньпин засгийн эрхэнд гарсны дараа хүч суларсан фракц болох Коммунист залуучуудын холбоогоор дамжин Бээжингийн элитэд багтсан. Хэдийгээр шинэчлэлийг дэмжигч, харьцангуй либерал дүр төрхтэй ч Төвөдөд коммунист дэглэмийг хүлээн зөвшөөрүүлэх, Шинжанд “тогтвортой байдлыг хангах” ажлыг эрчимжүүлэхийг уриалдаг.

Ши Жиньпинийн гол холбоотон, гадаад бодлогын ахлах зөвлөх Ван Хунин Улс төрийн товчооны Үзэл суртал хариуцсан байнгын хорооны даргаар үлдэнэ.
Тэрбээр “Нео-авторитаризм”-ын тухай онолоороо алдартай академич юм. Түүнийг Ши Жиньпиний улс төрийн үзэл бодлыг төлөвшүүлэхэд нөлөөлсөн гэдэг. Мөн Мао Зэдуныг нас барсны дараа тогтсон хамтын удирдлагаас зайлсхийж, гадаадын нөлөөллийг эсэргүүцэх хүчирхэг, төвлөрсөн төр, хүчирхэг төвийн удирдлагыг дэмжигч аж. Намын авлигатай тэмцэх дээд байгууллага болох Сахилгын хяналтын төв хорооны дарга Жао Лэжи тэтгэвэрт гарах насанд хүрээгүй (65 настай) тул албандаа үлдэнэ. Жао намын хүчирхэг зохион байгуулалтын хэлтсийг удирдаж, Хятад даяар бүх өндөр албан тушаалтнуудын томилгоог хянадаг. Тэрбээр Ши Жиньпинтэй ойр биш ч холбоотнуудыг нь чухал албан тушаалд томилж, үнэнч байдлаа харуулсан.

Энэ удаагийн их хурлаар 72 настай Ли Жаншу, 68 настай дэд Ерөнхий сайд Хан Жэн, 72 настай Сун Чунлан нар тэтгэвэртээ гарна. Тэдний албыг залгамжлах магадлалтай нэр дэвшигчдийг хэвлэлүүд онцолжээ. Жагсаалтын эхэнд Ши Жиньпиний улс төрийн итгэлт туслах Дин Шюэсян бичигдсэн. Тэрбээр Ши Жиньпинийг Шанхайн намын даргаар 2007 онд томилогдоход нарийн бичгийн даргаар нь ажиллажээ. Энэ жил 60 настай.
Түүнийг 2027 оны намын ээлжит Их хурлаар Ерөнхий сайдын албанд очих магадлалтай гэж ажиглагчид таамагладаг. “Улс төрийн од” гэгддэг Ху Чунхуа “Долоон инженер”-т багтахаар зэхэж байна. Өдгөө Төрийн зөвлөлийн дэд даргаар ажилладаг тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэг. Ху Чунхуа Коммунист залуучуудын холбоогоор дамжин намын эгнээнд багтсан. Карьерынхаа 20 жилийг Төвөдөд өнгөрүүлжээ. Мөн Хэбэй мужийн захирагч, Өвөрмонголын Өөртөө засах орон, Гуандун мужийн намын даргаар ажилласан.

Тэрбээр 59 настай бөгөөд Бээжингийн хамгийн залуу элит. Коммунист залуучуудын холбооны фракцаас гаралтай учраас түүнийг Ши Жиньпинтэй төдийлөн дотносдоггүй гэж ажиглагчид үздэг. Шанхай хотын намын дарга Ли Цян бол Байнгын хороонд орох хүчтэй өрсөлдөгч. Ши Жиньпинийн холбоотон түүнийг дэд Ерөнхий сайдын албанд томилж магадгүй. Түүнчлэн Улс төрийн товчооны бусад гишүүн болох Гуандуны намын дарга Ли Си, Чунцин хотын намын дарга Чэнь Миньэр, Тяньжиний намын дарга Ли Хунжун, Бээжингийн намын дарга Цай Ци, Төвийн хөдөөгийн ажлын хэсгийн дэд дарга Чэнь Куангуо нарыг Байнгын хороонд орох боломжтой хүмүүсээр нэрлэсэн байна.


“Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг барьдаг. Харин эрчүүд захирдаг”
Хятадын “Төмөр хатагтай”, 72 настай Сун Чунлан Их хурлаар тэтгэвэртээ гарна. Тэр бол Бээжингийн дэглэмийн хүчирхэг гүйцэтгэх байгууллага болох Улс төрийн товчооны цорын ганц эмэгтэй гишүүн. “Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг барьдаг. Харин эрчүүд захирдаг” гэсэн Мао Зэдуны үг зөвхөн эрчүүдээс бүрддэг Хятадын эрх мэдлийн тогтолцооны жишээ болдог. Тус улсад эмэгтэйчүүдийг удирдах албанд төдийлөн томилдоггүй.
Сун Чунлан Улс төрийн товчоог орхисноор намын дээд шатанд эмэгтэйчүүдийн орон зай эзгүйрнэ. Түүнийг Гуйжоу мужийн намын даргаар ажиллаж байсан Шэнь Ичин залгамжлах магадлалтай. Шэн Бай үндэстний цөөнх, мужаа ядуурлаас гаргасан намын дарга нарын нэг юм. Берлинд төвтэй Хятад судлалын “Меркатор” хүрээлэнгийн судлаач Валари Тан “Хятадын Засгийн газар өөрийгөө дэлхийн хамгийн тэгш эрхт дэглэмийн нэг гэдэг. 1949 онд БНХАУ-ыг тунхагласнаас хойш Коммунист нам хүйсийн тэгш байдлыг "хуучин Хятад"-аас ялгарах тэмдэг болгосон. Хүн амын 48.7 хувь буюу 703 сая эмэгтэйн улс төрийн эрх мэдэл хязгаарлагдмал.

XX Их хурал нь намын дээд шатны байгууллагуудыг шинэчлэх, улс төрийн шилэн таазны эсрэг тэмцлийг манлайлах боломж байсан. Гэвч эмэгтэйчүүдийн төлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй. 1949 оноос хойш Улс төрийн товчоонд ердөө зургаахан эмэгтэй ажилласан. Тэдний гурав нь коммунист Хятад улсыг үүсгэн байгуулагчдын эхнэрүүд байв. Улс төрийн товчооны гишүүдийг сонгож, шийдвэрээ баталдаг Төв хорооны 300 гаруй гишүүний 30 нь эмэгтэй. Товчхондоо, намын удирдах албан тушаалын найман хувийг л эмэгтэйчүүдэд олгосон” гэжээ.

Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №41/24522/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө