Ши Жиньпиний айлчлалаас талууд сэтгэл хангалуун үлдлээ



БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Москвад гурван өдрийн айлчлал хийлээ. Ши Жиньпин  БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоныхоо дараах анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлсэн нь барууны анхаарлыг татжээ.  Тэрбээр 2013 оноос хойш Хятад улсыг удирдаж байна.  ОХУ-ын Ерөнхийлөгчийг гэмт хэрэгт буруутгаж Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлахаа мэдэгдсэн. Шийдвэр Хятад улсын даргын айлчлалтай давхацсан. Гаагийн шүүхийн хууль ёсны байдлыг ОХУ, БНХАУ  тэр байтугай АНУ хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс шийдвэр Ши Жиньпиний айлчлалд саад болоогүй юм. Түүнчлэн энэ цаг үед Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Киевт гэнэтийн айлчлал хийжээ.  Ямартай ч В.Путин Ши Жиньпиний уулзалт энэ оны хамгийн чухал дипломат үйл явдал боллоо. Энэ айлчлалаас ОХУ өндөр хүлээлттэй байсан. Украинд явуулж буй цэргийн ажиллагааг буруутгаагүй цорын ганц их гүрэн бол БНХАУ. Хятад улс барууны экспортын алдагдлыг нөхөж, Орост нэн шаардлагатай цэргийн техник, хэрэгслээр хангаж, Оросын нөхцөлийн дагуу энхтайвны хэлэлцээр хийхэд туслахаа мэдэгдсэн.   ОХУ-ын зах зээлийн боломжийг  Европ, АНУ-тай харьцуулбал хол зөрүүтэй.  Гэхдээ Москва, Бээжингийн  хамтын ашиг сонирхол ижил. Ши Жиньпин барууны орнуудтай хүчирхэг байр сууринаас хэлэлцээр хийж байгаа юм биш.  Хятадын эдийн засаг гурван жилийн турш Ковидыг тэглэх бодлого, үл хөдлөх хөрөнгийн хямралын улмаас ганхсаныг дурдах хэрэгтэй.   ОХУ-ын нэгэн адил Хятад улс АНУ-ын ноёрхол, либерал дүрэмд суурилсан олон улсын дэг журамд дургүй. 

2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг батлав

Ши Жиньпин, В.Путин нарын уулзалтыг хоёр улсын хэвлэлүүд “түүхэн” гэж онцолсон. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи,  Төв хорооны Гадаад харилцааны дарга Ван И, Гадаад хэргийн сайд Цин Ган нарын “Бээжингийн элитүүд” багтжээ.  Кремльд болсон уулзалтад Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд  Дмитрий Чернышенко, Төв банкны Ерөнхийлөгч Эльвира Набиуллина, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Роскосмосын тэргүүн Юрий Борисов, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дарга Дмитрий Шугаев нар оролцжээ.   Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс харвал  цэрэг, техник, эрчим хүчний хамтын ажиллагаа, улс орнуудын харилцан ойлголцол, итгэлцлийг улам бэхжүүлэх найрамдлын айлчлал болсон байна.  Ши Жиньпин цэрэг-улс төрийн эвслийн талаар хэлэлцэхийг хүсээгүй ч Москватай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь дамжиггүй. Эдийн засаг, худалдаа, айлчлалын нэгэн  гол сэдэв. ОХУ БНХАУ-тай  худалдаа, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа.  Худалдааны эргэлт жилд 190 тэрбум ам.доллар даваад байна.  2024 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрнэ. Өөрөөр хэлбэл, сүүлийн арван жилийн хугацаанд бараа эргэлт 116 хувиар өссөнийг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэсэн.  Түүний хэлснээр, Хятад улс Оросын хамгийн том худалдааны түнш юм. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийсэн төрийн айлчлалыг Бээжин өндрөөр үнэлсэн. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсанд Хятадын тал олзуурхаж байна. Төрийн мэдлийн “Глобал таймс” сонинд   “Ши Жиньпин даргын айлчлал ач холбогдолтой боллоо” гэсэн нийтлэл хэвлүүлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Киевийн санал болгосон Украины байдлыг зохицуулах төлөвлөгөөг хэлэлцээгүй. Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков  “Украины энхтайвны төлөвлөгөөг хэлэлцээгүй. Хятадын энхийн төлөвлөгөөнд тусгасан заалтуудын талаар санал солилцсон” гэжээ. 

Барууны хэвлэлүүд: Ши Жиньпиний том тоглоом

Хятад улсын даргын айлчлалыг дэлхий нийтээрээ анхааралтай ажигласан. Шинжээчид, улстөрчид БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн яриа хэлэлцээрийг олон талаас нь дүгнэсэн юм. Тэд энэхүү айлчлалыг  Москва, Бээжингийн  стратегийн түншлэлд бус Ши Жиньпиний нэгдүгээр  тоглогч болох хүсэлтэй холбон тайлбарласан. Барууны хэвлэлүүдэд энэ тухай хэрхэн дүгнэснийг тоймлон хүргэе.

“Newsweek”: АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ОХУ-ыг хариуцсан ахлах зөвлөх асан Томас Грэхэм “Ши Жиньпиний айлчлал Путинд  чухал. Вашингтонд санаа зовох шинэ шалтгаан боллоо.  Гэхдээ Бээжин  АНУ-ыг дэлхийн улс төр дэх  цорын ганц тоглогч биш гэдгийг харуулах сонирхолтой байна” гэжээ. Хоёр удирдагчийн тэврэлт дэлхийн анхаарлыг татдаг.  Мөн Бээжин, Москва хоёр дэлхийн шинэ дэг журмыг гэнэт гаргаагүй.  Хятад улс дэлхий дахинд ямар дэг журам байх ёстой гэсэн өөрийн гэсэн үзэл баримтлалыг бий болгосоор хэдэн жил болж байна. 

“Нью-Йорк таймс”: ОХУ, БНХАУ-ын харилцаа  1990-ээд онд Зян Зэминий үеэс сэргэсэн.  Хоёр улсын харилцаа одоо ердийнхөөрөө  үргэлжилнэ. Гэхдээ талууд барууны хоригийн эсрэг  хамгаалалт эрэлхийлж байгаа учраас эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ.

“Вашингтон Пост”:  Москва, Бээжингийн  эдийн засгийн харилцаа төдийгүй улс төрийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна.  Путин Америкийн эсрэг үзэлтэй дэлхийн дэг журам тогтоохыг хүсдэг. Тэдний уулзалт барууны орнуудад АНУ-ын ноёрхлыг няцааж болох юм гэдэг дохио өглөө. 

“Уолл стрийт журнал”: В.Путин, Ши Жиньпин нарын харилцаа барууны улс төрд түгшүүр төрүүллээ. ОХУ, БНХАУ бол Вашингтоны холбоотнуудын хүчтэй өрсөлдөгч. Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлал Хятадын зуучлалаар Саудын Араб, Ираны хооронд байгуулсан томоохон дипломат хэлэлцээрийн дараа болж байна.  Саудын Араб, Иран бол АНУ-ын харааны бүс байсан. Гэтэл Хятад улс зуучлагч хийсэн Ши Жиньпин Вашингтонд захирагдахгүй гэсэн үг.

“Блүүмберг”: Владимир  Путин, Ши Жиньпин нар зарчмын зөрүүтэй хэлэлцээрт  хандсан.  Бээжин Оросын газрын тос, байгалийн хийн гол хэрэглэгч болохын сацуу дэлхийн эрчим хүчний системийг сэргээн босгохыг эрмэлздэг. Улмаар үндэсний эдийн засгаа өсгөнө.

CNN:  Иран, Саудын Арабын  хэлэлцээр Ши Жиньпиний гол тоглогч болох хүслийг харуулсан.   Тэрбээр одоо  Украинд энхийг сахиулагч болохыг эрмэлзэж байна. Хятад улсын даргын гадаад айлчлалууд дэлхийн улс төрийг орвонгоор нь эргүүлсэн түүх байхгүй. Тэд эх орондоо байхдаа л хамгийн аюултай тоглогч байдаг.

“Финансиал таймс”: Одоо хүчний харьцаа тодорхой болсон. Өөрийгөө тусгаарласан ОХУ Хятад улсад хөнгөлөлттэй үнээр  шатахуун түгээх станц болсон. Ши Жиньпин үүнийг үнэлэх нь тодорхой.

Их Британийн “The Guardian”:  Орос, Хятадын харилцаанд  удирдагчдын хувийн эв найр  чухал.  Үүний цаана Москва Бээжингээс улам бүр хамааралтай болж байна.

Францын “Le Monde”:   БНХАУ Орос улстай  “хязгааргүй түншлэлийн” харилцаа тогтоож, хүч чадлаа дэлхийд харуулахыг эрмэлзэж байна.  Гэхдээ Хятад улс болгоомжилдог. НҮБ-аас гаргасан Украины тухай тогтоолд Бээжин түдгэлзсэн санал өгсөн.  Хятад улс Москвагийн төлөө эрсдэл хүлээхэд бэлэн биш.

Германы “Frankfurter Allgemeine Zeitung”: Ши Жиньпиний айлчлал  бэлгэдлийн чанартай байсан. Шинэ үйл явдал болсонгүй. Ши Жиньпинд В.Путинтэй найзлах олон шалтгаан байгаа. Тэд  бол урт хугацааны түнш бөгөөд айлчлалаас өмнө ч  хамтын ажиллагаа нь барууны эсрэг чиглэж байсан.  Хятад улс Оросын нефтийг таатай худалдаж  аваад зогсохгүй экспортоо нэмэгдүүлэх зорилготой. Хоёр улс навигацийн үйлчилгээний хэрэглэгчийн онцлогт хяналт тавихаар төлөвлөж байна.  Зөвхөн  батлан хамгаалах салбарт чиглээгүй, зарим талаараа стратегийн ач холбогдолтой төсөл юм. Түүгээр ч барахгүй “Сибирийн хүч-2” төслийг (Монгол Улсаар дайрсан хийн хоолой) эхлүүлэхэд шаардлагатай  бүх үзүүлэлт бэлэн болсныг уулзалтаар баталгаажуулжээ. Энэ бол зөвхөн хоёр талын эдийн засгийн харилцааны түүх биш. Барууны орнуудыг тойрч буй дэлхийн эдийн засгийн харилцааны бодит тогтолцооны нэг хэсэг юм.

   Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24542/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22