​ “Харилцан хүндэтгэе” аян өндөрлөлөө



Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе” нэг сарын аяныг эхлүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн. Аяны хүрээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх нөлөөллийн ажлыг өрнүүлжээ. “Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриан дор бүтэн нэг сарын турш жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулснаараа онцлогтой юм. “Харилцан хүндэтгэе” аян отголж байгаа тул хийсэн ажлуудыг онцлон товчоор тоймлон хүргэе. 

Авлигын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо

Жендэрийн үндэсний хорооноос энэ сарын 1-нд зарласан аяны хүрээнд хийсэн анхны  ажил нь “Авлигын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо”-г нэмэдүүлэх чиглэл өгсөн хурал байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр 2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн даргын албанд эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш. Цаашид жендэрийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлөх хэрэгтэй. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв  тогтолцоогоор хангая.  Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй. Аливаа асуудалд аль нэгийг нь дэмжих бус тэнцвэржүүлбэл нийгэм хөгжинө. Тиймээс хандлагын өөрчлөлт чухал” хэмээн онцолсон юм. Улмаар Л.Оюун-Эрдэнэ дараах асуудлыг онцгойлон анхаарахыг үүрэгдсэн байдаг. 
-Жендэрийн үндэсний хороо 2023 оныг “Авлигын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо” -ны жил болгох. Төрийн албаны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг томилох, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх замаар авлига, хүнд суртлыг үл тэвчих хандлагыг түгээхэд манлайллыг дэмжин ажиллах,  
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх иргэнээ эрүүл мэндийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг ижил тэнцүү, идэвхтэй, орхигдуулахгүй хамруулах, цугларсан мэдээллийн санд үндэслэн эрүүл мэндийг нь дэмжсэн үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгосныг онцолъё.
 
ЗУРААЧ ЭМЭГТЭЙЧҮҮД БҮТЭЭЛЭЭРЭЭ дуу хоолойгоо өргөв

Монголын урчуудын эвлэлээс дүрслэх урлагийн салбар дахь эмэгтэй уран бүтээлчдийн нэгдсэн “Эмэгтэй уран бүтээлчид-2023” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэв. Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулдаг Жендэрийн үндэсний хорооны “Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриан дор үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе-2023” аяны хүрээнд дүрслэх урлагийн бүхий л төрлөөр туурвидаг 90 гаруй эмэгтэй бүтээлч нийгэмд дуу хоолойгоо өргөсөн бүтээлүүдээ дэлгэснээрээ онцлогтой. Уг үзэсгэлэнд дэлгэсэн зургууд зүгээр бүтээл бус ямар нэгэн санааг илэрхийлсэн гэдгээрээ өмнөх уламжлалт үзэсгэлэнгээс ялгаатай байлаа. Бүтээлүүд нь өнөөгийн нийгэмд гэрэл гэгээ нэмэх, уран бүтээлчдийн өнгө төрх, мэдрэмж, үзэл хандлага зэргийг харуулах, эмэгтэй урчуудад чөлөөтэй оролцох боломжийг нээх, тэднийг дэмжих зэрэг ач холбогдолтой байлаа. Өнөөдөр дүрслэх урлаг ард түмний оюун санааны эрэлт, хэрэгцээг хангаж, хүсэл сонирхолд нь нийцэхээс илүүтэй нийгэмд болж буй үйл явдал, бодит байдал, юмс үзэгдлийг дүрслэх урлаг, уран сайхны хэлээр сурталчлан таниулж байна. Уран бүтээл нь  нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт хөгжил дэвшлийн хурдаас шалтгаалж сэдэв, агуулга нь тухай бүр өөрчлөгддөг. 


Сургалтаар дамжуулан Жендэрийн мэдлэг олгосон нь

“Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриатай “Харилцан хүндэтгэе-2023” аяны хүрээнд дөрвөн удаагийн сургалт зохион байгуулжээ. Эхний сургалтаар жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслах зогсооход эрэгтэйчүүдийг хэрхэн татан оролцуулахыг мэргэжилтнүүд зааварласан юм. 21 аймгийн ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон уг сургалт дөрвөн өдөр үргэлжилсэн бөгөөд төрийн болон  төрийн бус байгууллагуудын албан хаагчдыг жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох  25 сургагч багшийг бэлтгэв. 
Тэгвэл хоёр дахь нь хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад чиглэсэн сургалт байлаа. Энэ нь мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэдэг нийтлэл нэвтрүүлгийн чанар болон хувь хүний ур чадварыг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн мэдээлэлд мэргэжлийн хариу өгөх аргачлалд суралцуулах, ажил үүргээ мэргэжлийн түвшинд, жендэрийн мэдрэмжтэй гүйцэтгэхэд арга зүйн туслалцааг үзүүлэх зорилготой сургалт байв. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт “Жендэрийн эрх тэгш байдал” гэж эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хэлнэ хэмээн заасан байдаг. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг их юм. Нийтлэл, нэвтрүүлгийн эх сурвалжийг хүйсийн тэнцвэртэй сонгох, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын талаар мэдээлэхдээ ямар хэм хэмжээг баримталж, хэрхэн мэдээлэх вэ гэдэг нь сэтгүүлчдийн ур чадвартай шууд холбоотой. Тиймээс олон нийтийн жендэрийн хэвшмэл хандлагыг өөрчилж, соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал учир cэтгүүлчдэд зориулсан жендэрийн онол, практик хосолсон сургалт явуулсан нь энэ. 
Аяны хүрээнд хийсэн ээлжит сургалт нь жендэрийн сургагч багш бэлтгэх байлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/-ийн 4.2.7-д “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтлах” зорилтын хүрээнд, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй “ Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн санхүүжилтээр 2019 оноос эхлэн үндэсний хэмжээнд 224 сургагч багшийг бэлтгэжээ. Сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбарын түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулна. 
“Харилцан хүндэтгэе” аяныг зөвхөн насанд хүрэгчдэд зориулаагүй гэдгийг долоон дүүргийн 16 сургуулийн 33 сурагч оролцсон сургалтаас харж болно. Уг сургалтаар ЕБС-ийн сурагчдад жендэрийн анхан шатны ойлголт мэдээлэл өгсөн юм. Сурагчдын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, өсвөр үеийн хүүхэд залуусыг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой байв. Уг сургалтад суусан сурагчдад Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр сертификат гардуулсан юм. Сургалтад хамрагдсан 33 сурагчаар дамжуулан 16 сургуульд 2000 ширхэг “Эрхээ Тэгшээ” комик цуврал хандивлалаа.
 
Жендэрийн тэгш байдлыг хангахад түншлэгчид чухал

Аливаа арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад түншлэгч байгууллагуудын хувь нэмэр онцгой байр суурь эзэлдэг. Жендэрийн үндэсний хороо, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монгол дахь олон улсын хөгжлийн түншлэгчидтэй уулзав. Энэ удаа гадаадын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчийн газруудаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар төсөл хөтөлбөрийн нэгдсэн уялдааг хангах, давхардлыг арилгах, төслийн төсвийг үр ашигтай зарцуулах, харилцан мэдээлэл солилцох зорилготой байлаа. Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын  төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцжээ.
 
НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын 67 дугаар чуулганд оролцов 


АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр оролцжээ. Уг чуулганаар “Дижитал орчинд жендэрийн тэгш байдлыг хангах,  охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах инновац, технологийн өөрчлөлт ба боловсрол” технологи, инновац институцийн эргэн тойронд байгаа охид, эмэгтэйчүүдийг гадуурхаж буй, хүйсийн буруу хэвшмэл ойлголтыг засах ерөнхий сэдвийн доор болж буйгаараа онцлогтой. Чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш үг хэлж, охид, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, жендэрийн тэнцвэртэй хөгжлийг хангахын тулд боловсролыг сайжруулж, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, тооны салбарт тэдгээрийн оролцоо, манлайллыг дэмжих, цахим орчныг аюулгүй орчин болгох уриалга гаргасан юм. Энэ удаагийн хурлаар

-  Эмэгтэйчүүд, охидод технологийн дэвшил, инновацын давуу талыг ашиглахад дижитал хэрэгсэл, боломж, хүртээмжийн ялгааг арилгах, тэгш хуваарилах,
-  Технологийн дэвшил нь хөгжиж байгаа болон буурай орны охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүйсэд суурилсан хүчирхийллийг даамж­руулахыг таслан зог­сооход дэлхийн удирдагчид нэгдэж хамтрах,
-  Эмэгтэйчүүд, охидын боловс­ролыг тех­нологи, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бий болгох
-   Цахиурын хөндий эмэгтэйчүүд, охидод ээлтэй байж технологийн салбараар мэргэшиж боловс­рол эзэмших боломж хязгаар­лагдмал байгааг өөрчлөх,
- Технологийн дэвшил нь эмэг­тэй­­чүүд, охидын эрхийг хэрэгжүүлэх өөрчлөлт дэвшлийг бий болгох цаг үе ирсэн тухай хэлэлцсэн юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22