Т.Энхбаяр: Жендэрийн тэгш байдлыг хангах эцсийн зорилго нь монгол хүний амьдралын чанарт ахиц гаргах юм


Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа. 

-Ярилцах саналыг минь хүлээж авсан Танд баярлалаа. Ярилцлагаа 2022 онд хийсэн томоохон ажлуудын тоймоор эхлүүлбэл ямар вэ?
-Өнгөрсөн жил бодлогын болон хэрэгжүүлэлтийн түвшинд олон ажил амжуулсан завгүй жил байлаа. 2022 онд Жендэрийн үндэсний хорооны ажлын алба 10 зорилтын хүрээнд 89 үйл ажиллагаа төлөвлөж, 98.5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Жендэрийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, орлогч даргаар ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан ажиллаж байна. Бодлогын өөрчлөлтөөс эхлээд хууль эрх зүйн ямар ажил хийснээ дэс дараатай товч хүргэе. 
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг дунд хугацаандаа хөтөлбөрүүдээр дэмждэг. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2017 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлуулж, 2021 онд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж дууслаа. Уг хөтөлбөрт үнэлгээ хийсний дараа, дараагийн бодлогын баримт бичгийг гаргасан. Энэхүү баримт нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг дагаад Засгийн газраас долоон зорилтот хөтөлбөр гаргаж байна. Үүнийг УИХ-аар батлуулж, Монгол Улс цаашид яам, агентлаг гэх мэт бүх түвшиндээ үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлахаа больсон. Өөрөөр хэлбэл, долоон зорилтот хөтөлбөртөө нийцүүлэн салбарын сайд, байгууллагууд нь дунд хугацааны арга хэмжээгээ баталж, төлөвлөөд явна. Үүнтэй уялдуулж Жендэрийн хороо хуулийн хэрэгжилтийг дэмжих ямар бодлогын баримт бичигтэй болох вэ гэсэн нийгмийн олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, эхний ээлжинд 2017-2021 онд хийсэн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмжихэд 80.4 хувийн гүйцэтгэлтэй байв. Үүнээс сургамж авч 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г батлууллаа. Энэхүү төлөвлөгөөг 2023 оноос хэрэгжүүлж эхэллээ. Салбар дундын стратеги төлөвлөгөөнд 240 гаруй ажлыг 10 жилийн хугацаанд ямар суурь үзүүлэлтээр, ямар зорилтот түвшинд хүргэж, хэн хэрэгжүүлж, шалгуур үзүүлэлтээр хэмжих вэ гэдгийг баталсан. Энэ бодлогын том баримт бичгийг 1.6 жилийн хугацаанд хийж, батлууллаа. 


-10 жилийн хугацаанд энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд ажиллана гэсэн үг үү?
-Яг тийм. Үүнийг хэрэгжүүлж чадвал монгол хүний амьдралын чанарт ямар ахиц гарах нь харагдана. Дараагийнх нь жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого юм. Энэ нь байгууллагын өмчийн хэлбэрээр үл хамаарна. Нэг ёсондоо төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн бүх байгууллага уг бодлогыг шууд хэрэгжүүлж болно. Энэхүү бодлогыг 2019 онд манай байгууллага санаачилсан. Зөвхөн Жендэрийн үндэсний хороо батлах бус Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороогоор батлуулах нь маш үр дүнтэй. Бодлогыг ХНХЯ-тай хамтран боловсруулж, 2022 онд батлууллаа. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн наймдугаар зүйлд улс төрийн намууд хоёр жил тутамд манай хороонд тайлан өгдөг заалттай. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүхий л нам тайлан өгөх ёстой байтал мэдлэг, мэдээлэл байдаггүй. Жендэрийн хорооны ажлын албанаас тайлан татах туршлага дутмаг байжээ. Үүнийг бид өнгөрсөн онд эхлүүлж, хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар бүх намын үндэсний форум зохион байгууллаа. 1992-2020 он хүртэлх найман удаагийн сонгуульд 650 төлөөлөгч сонгогдсоны 65 хувь нь давхардсан тоогоор эмэгтэйчүүд байжээ. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Хөдөлмөрийн насны хүмүүсийн 50 хувь нь, сонгогчдын насны 52 хувь нь эмэгтэйчүүд байхад тэдний дуу хоолой 30 хувьд нь ч гарахгүй байна гэдэг жендэрийн тэгш байдал алдагдаж байна гэсэн үг. Үүнд манай хороо анхаарч ажиллаж байна. Форумыг зохион байгуулахад намууд үзэл санааны хувьд тэгш байдал алдагдсанаа хүлээн зөвшөөрсөн. Намаас тунхаг бичиг гарч, квотоо хамгийн багадаа 40 хувь байлгах ёстой гэдэгт санал нийлсэн. Дэлхий жишиг 50:50-руу явж байхад 40 хувь гэдэг зүй ёсных юм. Энэ бол манай хорооны бодлогын хүрээнд огт эхлүүлээгүй байсан ажлыг бид өнгөрсөн онд эхлүүллээ. Үүнээс гадна жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр УИХ-д лобби бүлэг байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Ингээд дурдаад яривал маш олон ажлын эхлэлийг 2022 онд тавьж, өнөөдөр ч үргэлжлүүлээд явж байна. 


-Эрэгтэйчүүдэд тохиолддог жендэрийн асуудалд танай хорооноос ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт яагаад 10 жилийн зөрүүтэй байна вэ. Яагаад үүнд өнөөдрийг хүртэл анхаардаггүй байв. Зөрүү нь дэлхийгээс яагаад хоёр дахин өндөр байна зэргийг хамруулсан үндэсний судалгааг явууллаа. Уг судалгааг Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо хамтарч 2019 онд 19-25 насны 9600 эрэгтэйг хамруулан 10 жилийн зөрүүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон. Гэтэл уг зөрүү 1992 оноос эхлэлтэй байгаа юм. Монгол эрчүүдийн урт наслалтыг дэмжих нь зөвхөн Эрүүл мэндийн яамны ажил биш. Эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт маш бага хувиар хамрагддаг, жендэрийн хэвшмэл ойлголт гүнзгий, эрэгтэй хүн өвдөж болохгүй, стресстэж болохгүй гэх мэт. Түүнчлэн монгол эрчүүдэд өөртөө зарцуулах цаг хугацаа хомс. Ерөөсөө эрэгтэй хүн бол машин гэдэг ойлголттой. Ийм хэвшмэл буруу ойлголтууд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ. Тиймээс энэ талаар бид зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлэх ажлыг тодорхой аянуудаар дамжуулж хийж байна. Ер нь бүсийн сургалт, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг бид тогтмол хийдэг. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 68 удаагийн сургалт зохион байгуулж, 3250 албан хаагчийг хамруулснаас 1140 эрэгтэй хүн байлаа. Төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан 50 мэргэжилтнийг сургагч багшаар бэлтгэсэн. Жендэрийн үндэсний хорооны цахим хуудсаар олон нийтэд 3840 мэдээллийг 246 мянган хүнд хүргэжээ. Энэ нь соён гэгээрүүлэх ажлын нэг хэсэг юм. Мөн МҮОНТВ-ийн “Өглөө” хөтөлбөртэй хамтран жендэрийн мэдээллийн цаг хийсэн. Нийт 10 минутаар 16 дугаар бэлтгэхдээ 16 сэдэв хөндсөн байна. Эдгээр ажлыг бид 2022 онд хийжээ. 


-“Харилцан хүндэтгэе” нэг сарын аян өндөрлөж байна. Энэ аяны үр нөлөө юу байв. Үүнийг эхлүүлэх болсон шалтгаан юу юм бол?
-“Харилцан хүндэтгэе” нэрийг хоногшуулах үүднээс 2022 оноос хэрэглэж эхэлсэн юм. Жендэрийн эрх тэгш байх анхан  шатны ойлголт нь бие биенээ хүндлэх, ойлгохоос эхэлдэг. Үүнийг л яриад байгаа юм. “Харилцан хүндэтгэе” аяныг хийж буй цаад агуулга нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан хийсэн. Энэ хооронд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнээ ойлгож “Харилцан хүндэтгэе” гэсэн томьёоллыг гаргаж ирлээ. Зорилго нь, жендэрийн ялгаатай хэрэгцээг хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг ойлгуулахыг хүссэн юм. Аяны хүрээнд хийсэн контентууд үндсэн эрхийг хөнддөг. 
-Жендэр гэдгийг шууд хүчир­хийлэлтэй холбодог нийтлэг ойлголт монголчуудад байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн сургалтуудаас ямар үр дүн гарав?
-Өнөөдөр олон нийтийн жендэрийн талаарх ойлголт харьцангуй сайн болсон гэж бодож байна. Бүх түвшинд үүнийг ярьдаг учраас хэдэн жилийн өмнөхөө бодвол өөр болсон. Энэ нь нөгөө аяны хүрээнд хийж буй сургалт, зохион байгуулж байгаа арга хэмжээний үр дүн, нөлөө юм. Байгууллагууд олноороо сургалт авдаг. Энэ үеэр жендэрийн хэвшмэл ойлголтыг тайлбарлаж өгөх хүсэлт тавьдаг. Жендэрийн ойлголттой байх нь ямар ач тустай вэ. Уг хэрэгцээнд нь бид дөрвөн түвшний мэдээлэл өгч байгаа юм. Нэгдүгээрт, жендэрийн талаар ойлголт, мэдлэгтэй байх нь хувь хүнд ямар хэрэгтэй вэ. Гэр бүл, байгууллага, салбарт яаж ач тусаа өгөх вэ гэдэг мэдээллийг харилцан адилгүй өгч байна. 


-2023 оны эхний улирал дуусаж байна. Ер нь энэ жил ямар ажилд гол анхаарлаа хандуулах юм бол?
-Жендэрийн үндэсний хороо гуравдугаар сарын 2-нд хуралдахдаа хоёр чиглэлд анхаарч ажиллахаар болсон. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны “Авлигын эсрэг жил” болгон зарласан. Үүнийг Жендэрийн үндэсний хороо хэрхэн дэмжиж ажиллах вэ гэхээр шийдвэр гаргах түвшинд тэнцвэртэй оролцоог хангах нь авлигын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна. Томилгоонуудыг тэнцвэртэй хийнэ гэсэн үг шүү дээ. Тэнцвэрт байдал алдагдахаар аль ч салбарын үйл ажиллагаа доголдоод эхэлдэг. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. 
Хоёрдугаарт, Засгийн газраас зарласан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт эрэгтэйчүүдийн урт наслалтыг нэмэгдүүлэхэд анхааръя. Түүнчлэн эх, хүүхдийн эрүүл мэндэд бид хувь нэмрээ оруулах ёстой. Тэгэхээр Жендэрийн үндэсний хороо эрэгтэйчүүдийн урт наслалтыг дэмжих, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн хоёр чиглэлд түлхүү анхаарна. Дээрх чиглэлээр энэ жил 69 ажил хийхээр төлөвлөсөн. 


-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэж ярьсан шүү дээ. Үүн дээр Жендэрийн үндэсний хороо ямар арга замаар хэрхэн оролцож байгаа вэ?
-Ирэх зургадугаар сард сонгууль болон улс төрийн тухай хуулийг батлах юм. Үүнд Жендэрийн үндэсний хороо үндсэн мандатынхаа  хүрээнд уг хуулиуд яаж жендэрийн мэдрэмжтэй байх, ээлтэй байх, хэрхэн эмэгтэйчүүд дэмжлэг авах вэ гэдэг дээр ажлын хэсэг байгуулсан. Сонгуулийн тогтолцоог холимог болговол эмэгтэйчүүдэд боломж нээгдэнэ. Улс төрийн намууд ч үүн дээр санал нэгдэж байгаа юм билээ. Ер нь сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэх асуудал дээр анхаарч байна. Дээр нь улс төрийн намыг дагаад намын санхүүжилтийн тухай хууль дээр ажиллана. Ингэж байж  30 хувийнхаа квотыг хангах боломж дээр анхаарах юм. 
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг нэмж оруулах санал өглөө. Тодруулбал, нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30- аас доошгүй байхаар саналд тусгалаа. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах, жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх боломжийг хангах нь зүйтэй гэдэг улс төрийн хувьд үнэхээр түүхэн шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нь сонгуулийн үр дүнд чухал үүрэг гүйцэтгэж, жинхэнэ утгаараа улс төрд жендэрийн тэгш байдлыг хангахад бодит үр дүнд хүрэхийг тодорхой болгож буй түүхэн шийдвэрийг УИХ дэмжин батална гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл,  1:1 байхаар Засгийн газраас  барьж буй нь улс төрийн хувьд түүхэн шийдвэр юм.
Мөн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл бий. Энэ нь МҮХАҮТ-ын дэргэд Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл гэж байдаг. Уг зөвлөл багагүй  хугацаанд эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэсэн хуулийн тодорхойлолтыг хууль, эрх зүйн орчинд суулгах, бий болгох асуудлаар олон ажил хийж ирсэн. Өнөөдөр 35 орон эмэгтэй бизнес эрхлэгч гэдгийг хуульчилсан. 30 улс эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжсэн бодлоготой байна. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгчдийн гаргасан санаачилгыг Жендэрийн үндэсний хороо мандатынхаа асуудлын түвшинд дэмжихээс гадна олон улсын байгууллагууд ч дэмжсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл манлайлж, хуулийн төсөл өргөн бариад, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тоонд орсон. Улмаар өчигдөр /уржигдар/ Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар  пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.  Үүнийг Жендэрийн үндэсний хороо хоёр үндсэн асуудлаар дэмжиж байгаа юм. Нэгдүгээрт, олон улсын гэрээ, конвенцид тусгагдсаны дагуу эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх. Хоёрдугаарт, эрэгтэйчүүд  гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрөөх, аз жаргалыг мэдрэх, өөртөө зориулах цагийг бий болгох хэрэгтэй байна. Энэ нь жендэрийн асуудал учраас дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. 

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.251
2023/03/31
0
0
Тэгш боломж бүрийн төлөө дуу хүргэж байгаа гэж хардаг. Амжилт хүсье
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22