Хэлний сургалтын төв гэхээр аль нэг улсын хэл л зааж сургадаг гэж бодож байсан ойлголт минь ямар явцуухан хүрээнд эргэлдэж байсныг Гомбодоржийн Шүр-Эрдэнэ захирал надад ойлгуулж өглөө. Ингээд түүнтэй ярилцсанаа толилуулъя.
-“Еэти боловсролын академи” хэдэн онд байгуулагдсан бэ. Ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бэ?
-Манай “Еэти боловсролын академи” сургалтын төв нь 2008 оны есдүгээр сарын 8-ны өдөр байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш англи хэлний сургалт болон гадаадад тэтгэлэгтэй сурах зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхэлсээр 14 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Мөн манай төв Монголын оюутан залуусыг сайн дурын ажилд манлайлан уриалж ажилладаг. Энэ үйл ажиллагаа маань ч нарийн учиртай. Англи хэлний сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж болоцоог нээж өгдөг гадаадын болон төрийн ямар нэгэн санхүүжилтгүй ашгийн бус байгууллага.
-“Еэти боловсролын академи”-ийн амжилтаас цухас дурдаад хоёулаа гол яриандаа орвол ямар вэ?
-Манай хамт олон одоогийн байдлаар Америк, Ази, Европын томоохон их, дээд сургууль, коллежид бакалавр, магистр, докторын хөтөлбөрт засгийн газрын болон сургуулиудын 50-100 хувийн сургалтын, дотуур байрны тэтгэлгээс гадна сар бүрийн мөнгөн тэтгэмжтэйгээр 500 гаруй оюутан, сурагчдыг илгээжээ.
-Ингэхэд хоёулаа танилцаагүй юм байна?
-Намайг Гомбодоржийн Шүр-Эрдэнэ гэдэг. Би англи хэлний багшийн ажлыг 18 жил хийж байна. Америкийн ETS-ийн TOFEL-ийн сургагч багш бэлтгэх эрхтэй сургагч багш. Товчхондоо ийм.
-ETS гэж юу билээ ETS-ийн TOFEL-ийн сургагч багш бэлтгэх эрхтэй сургагч багш гэдгээ манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?
-ETS 60 гаруй жил TOFEL ийн хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа байгууллага юм. Дэлхий дээр Англи хэлийг сонгон суралцаж байгаа хүмүүст зориулсан 33 төрлийн шалгалтаар англи хэлний шалгалт авах боломжтой байдаг. Эндээс бидний хамгийн сайн мэддэг нь IЕLTS болон TOFEL. Тэр тусмаа TOFEL Монголд илүү өргөн нэвтэрч нутагшсан болохоор Америкаас TOFEL-ийн чиглэлийн багш нарыг түлхүү бэлтгэж явуулдаг. Тэндээс бэлдэж явуулсан багш нар нь энд багш бэлтгэх боломжтой байдаг. Эдгээр шалгалтын үнэлгээний алийг нь ч сайн ба муу гэж зэрэглэл тогтоох боломжгүй. Гадаадын ямар нэгэн улсад мэргэжил эзэмшихээр боллоо гэхэд таны суралцах гэж буй сургууль ямар шалгалт танаас нэхэж байна түүгээр нь л та түвшин тогтоох шалгалтад бэлдэнэ гэсэн үг. Англи хэлний багш нарын хувьд эдгээр шалгалтуудаас алийг нь ч заах чадвартай байх ёстой. Харин сурагчид ямар программаар шалгалт өгөхөө судалж мэдчихээд сургалтын төв дээр ирж бэлтгэх ёстой. Одоогоор ийм зэрэглэлийн багш Монголд гурав л байгаагийн нэг нь би.
-Та тэгвэл багшийн багш гэсэн үг юм байна. Одоогийн байдлаар хэдэн ийм багш бэлтгэв?
-Би Монголд ирээд 13 аймгийн 78 багшид “Үндэсний сургагч багш” TOFEL ITP-гийн шалгалт авах, заах эрх өгөх, бэлтгэх сургалтыг зохион байгуулж бэлдсэн байна. Энэ дунд Багануур дүүрэг бүтэн багаараа орж ирсэн. Манай сургалтад суусан багш нар сурагчдадаа тухайн шалгалтыг зөвлөж, чиглүүлж мөн түүнчлэн өөрийнхөө сургууль дээр шалгалт авах эрхтэй болдог онцлогтой. TOFEL ITP-гийн шалгалтыг хүссэн үедээ сургууль дээрээ авах нь том давуу тал. Сургуулийнхаа нэр дээр шалгалтын төвтэй болох боломжтой. Манайх тухайн багшийг сургалтанд сууж мэдлэг, боловсролоо дээшлүүллээ гэдгийг нотлож сертификат олгоно. Сертификат нь Америкаас гарын үсэгтэйгээ хүрээд ирнэ.
-Та түрүүн оюутан залуусыг сайн дурын ажилд манлайлан уриалж ажилладаг. Энэ үйл ажиллагаа маань ч нарийн учиртай гээд орхичихсон?
-Бид нарын дунд TOFEL-ийн шалгалт өгөөд тэнцэх юм бол тэтгэлэг авдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ буруу ойлголт. Шалгалтаа өгөөд тэнцэх юм бол тухайн сургуульдаа тэнцлээ гэсэн л үг. Ингээд тэтгэлэг буюу хүний мөнгөөр сурах гэдэг ойлголт орж ирнэ. TOFEL-ийн шалгалт нэмэх нь сайн дурын ажил. Сайн дурын ажил гэдэг нэгдүгээрт, дунд сургуулийн сурагчдад нийгмийн талаасаа сайн үйлс боловч хүүхдэд өөрт нь хайр, мэдлэг мэдээлэл өгч төлөвшихөд нь туслалцаа үзүүлдэг. Хоёрдугаарт буюу бидэнд хамгийн их хэрэгтэй байгаа тэтгэлэг өгөх газруудын сонирхон судалдаг чанар. Магистр, докторын тэтгэлэг авахад судалгааны ажил маш чухал байдаг бол, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тэтгэлэг өгөх гэж байгаа газар нь “Энэ хүүхдэд бид хөрөнгө орууллаа гэхэд цаашид нийгэмд юу хийж бүтээх юм бэ” гэдгийг нь буюу сайн дурын ажлын оролцоог нь голлон анхаардаг гэсэн үг. Тэгэхээр TOFEL, сайн дурын ажил, гадаадад суралцах гээд энэ бүх хэрэгцээ нийгэмд байгаа учраас үүнийг удирдан чиглүүлэх багш байх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Сүүлийн таван жилд 78 багш бэлдсэн гэж түрүүн дурдсан. Энэ багш нараас хамгийн сайн ажиллаж байгаа нь Дархан-Уул аймгийн Хишигбаяр багш. Хишгээ багш шиг бусад багш нар идэвхтэй ажиллах юм бол оюутнууд зөвхөн шалгалт өгөхийн тулд Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болчихно. Наашаа ирэх хэмнэгдсэн тээврийн зардлаараа шалгалтынхаа төлбөрийг төлчих боломжтой болно.
-TOFEL IPT бусад 32 үнэлгээнээсээ юугаараа давуу талтай юм бэ?
-TOFEL -ийг дээд боловсролынхон их шаарддаг, дээрээс нь ахлах ангийн сурагчид өгч байвал сайн. Тэгэхээр TOFEL үнэлгээ дотроо дөрвөн янз байдаг. Энэ хэлний үнэлгээгээр гадаадад, олон улсад, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад энэ хүний хэлний үнэлгээ ийм байна шүү гэдгийг баталгаажуулж өгч байгаа юм. Хүн заавал нэг давуу тал харах гээд байдаг зантай. Энэ тал дээр бүгд ижилхэн үнэлгээтэй учраас хэлэх юм байдаггүй. Зүгээр үнэлэх аргачлалын хувьд өөр, өөр байж болох юм. Жишээ нь нэг үнэлгээ нь хүүхдийн IQ талыг хардаг бол TOFEL үнэлгээ ойлгоц талаас нь хардаг байхгүй юу. Тэгэхээр энэ нь сайн, энэ нь муу гэж зэрэгцүүлж харах шаардлагагүй. Хэлэх юм гэвэл дунд сургуулийн хүүхдэд TOFEL ITP-гээр сургалт өгсөн тохиолдолд Англи, Америк хаана очсон ч хэлний бэрхшээлгүй хичээлээ ойлгоод суралцчихдаг. Ерөөсөө манай сургалтын программ нь англи хэл заах өвөрмөц арга. Зүгээр үг цээжлүүлээд ямар нэгэн үр дүн гарч болох юм. Гэхдээ зөвхөн үг цээжлээд суугаад байх биш өгүүлбэр цээжилбэл ямар байх вэ. Үгс өгүүлбэрт хаана орж байгаагаас шалтгаалаад утга нь өөрчлөгдөөд явчих боломжтой байдгийг бид өөрсдийн эх хэл дээрээ ч мэднэ шүү дээ. Манай сургалт үг цээжлүүлэх гэхээсээ хуулан бичлэг маш их хийлгэдэг. Энэ нь өөрөө маш олон давуу талтай. Бичих дадал суухаас гадна үг, өгүүлбэрээ нүдлэчихдэг.
-Тэгэхээр “Еэти боловсролын академи” сургалтын төв TOFEL ITP-гийн шалгалт авах, заах багш бэлтгэхээс гадна ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Бид оюутан, сурагчдыг сургаж байх явцдаа гадагш яаж явах процессыг багш, сурагчдадаа зааж өгдөг. Тухайлбал миний хамгийн сүүлд ажилласан газар “Цэлмэг” дунд сургууль. Тус дунд сургуулийн 12-р ангийн хүүхдүүдтэй ажиллаад хүүхдүүдэд юу хийх, сургуулиас ямар материал шаардахыг нь заагаад, багш нарт нь хүүхдүүдэд ямар материал гаргаж өгөхийг нь чиглүүлж өгч байгаа юм. Ингээд хүүхэд, сургууль хоёрын дунд гүүр болоод холбоод өгөхөөр сургууль талаасаа ч материал нь төгс, хүүхэд талаасаа ч материал нь төгс болчихно. Тэгээд “Цэлмэг” дунд сургуулийн арван багшийг бэлтгээд өгчихөөр сургууль нь “Цэлмэг” шалгалтын төв болчихож байгаа юм. Ингэхээр энэ сургуулийн төгсөгчид хичээлээс гадуур тухайлбал над дээр ирээд шалгалт өгөх шаардлагагүй болчихож байгаа юм. Энэ нь өөрөө эрүүл процесс.
-Яг энэ жишгээрээ өөр бусад сургуулиудыг тийм болгоё гэдэг санал тавьж үзсэн үү?
-Бусад сургуулиудад санал тавьж үзсэн. Гэхдээ одоо ч гэсэн мөн бусад сургуультай хамтран ажиллах чинхүү хүсэл надад байсаар л байгаа. Нөгөө талд дунд сургуулийн багш нарт цаг зав маш хомс байдаг юм билээ. Тэгэхээр TOFEL-ийг хөтөлбөрт нь оруулж өгөхгүй болохоор тэр олон цагийн хичээлээс гадуур TOFEL дээр ажиллана гэвэл цалин хөлснөөс эхлээд багш нар хохироод үлдэх магадлалтай болчихож байгаа юм. Уг нь хичээлийнхээ хөтөлбөрт оруулчих юм бол хүүхдүүдэд амар болно. Гэтэл бас заавал TOFEL-ийг оруулна гэвэл буруу болоод явчихна. Цаана нь 32 шалгалт байгаа шүү дээ.
-Энэ TOFEL-ийг ЕБС-ийн хичээлийн шалгалт авах хөтөлбөрт оруулъя гэдэг саналыг яаманд тавьж үзсэн үү?
-Яг аль яаманд. Уг нь эх хэлний зөв суурьтай байх нь хүүхдүүдэд гадаад хэл сурах том давуу боломж бий болдог. Энэ талаас нь хараад сургалтын хөтөлбөр боловсруулаад явчихаж болох байж магадгүй. Гэтэл бид боловсролын салбарт ажиллаад, хүүхдүүдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгээд байгаа боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харъяалагддаг. Бид энэ яаманд төлбөрөө төлж гэрчилгээ авна. Манай сургалтын төв байгуулагдаад 15 жил болохдоо бүх татвар хураамжаа энэ яаманд төлсөөр ирсэн. Том, том хэлний сургалтын төвүүд ч хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хамаарагддаг. Гэтэл яам нь биднийг тоодоггүй. Нөгөө үсчин, тогоочийн дамжаанууддаа анхаарал хандуулаад явчихдаг. Тэгэхээр би БСШУЯ-нд яаж санал тавих вэ дээ. JET, “Сантис” гээд том боловсролын байгууллагуудын олон жил заачихсан тэр хөтөлбөр, туршлагууд дээр дүгнэлт хийж, яг яаж энэ хүүхдүүд өндөр оноо аваад байна гэдэг тал дээр нь ярьж байгаад уг хөтөлбөрийг санал болгох ч юм уу нэг тийм арга зам бодоод л байгаа. Бас бүгдийг буруутгах юм ч алга л даа. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас англи хэлний багш бэлтгэх “Pearson” хөтөлбөрийг туршилтаар сургалтад оруулчихлаа гэх мэт дэвшлүүд байна.
-Ямар сонин юм бэ. Яагаад Боловсрол, шинжлэх ухааны яаманд биш Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харъяалагдана гэж. Би ёстой ойлгохгүй юм байна?
-Харин тийм ээ. Би одоо 18 жил TOFEL-оор сурагч оюутнаас эхлүүлээд доктор, магистрт суралцагчдыг хүртэл бэлдсэн боловсролын тэргүүн ч байдаггүй юм шүү дээ.
-За ярилцсанд баярлалаа.
Хичээлийг англи хэлийг 18 жилийн туршид заасан туршлагаар дүүрэн ШҮРЭЭ багшаар удирдуулсан багш нар заана.
Ярианы хичээлийг гадаад багш орох болно.
Та англи хэлийг хүүхэддээ сайн багшаар сайхан орчинд заалгуулж
ирээдүйд нь хөрөнгө оруулаарай.
Хөтөлбөр: 1 сарын туршид танхим хичээл 12 удаа
цахим хичээл 8 удаа
давтлага хичээл 4 удаа
цахим шалгалт 4 удаа
танхимын хичээлийн 4 өдөр нь
гадаад багш ярианы хичээл орно.
Санаанд багтамгүй хямд төлбөрөөр маш үр дүнтэй цэгцтэй эрдэмийг сурах боломж.
Хаяг: Улаанбаатар, СБД, 1-р хороо, UBH Center, 15 давхар, 1513 тоот, Ulaanbaatar, Mongolia
Утас: 9191 3719
Пэйж: Yeti Educational Academy Еэти Боловсролын Академи
yetischool.e@gmail.com
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/
Сэтгэгдэл (15)