Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмж байдаг уран тансаг интерьертэй цөөхөн барилга байдгийн нэг нь хотын баруун дүүргийг чимэн сүндэрлэнэ билээ. Саппорогийн буудлын ард байх Голомт банктай барилга гэхээр улаанбаатарчууд андахгүй. Энд “Бармон” компанийн захирлын оффис бий. Аргагүй барилгын компанийн төв оффис ийм байхаас ч яахав. Тэр Утаанбаатарыг Улаанбаатар болгохоор зорьж яваа нэгэн юм билээ. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө уншигч танд толилуулъя.
-“Монголын үнэн” сониноос тантай ярилцахаар ирсний хувьд нэрний тань учрыг асуухгүй байж чадахгүй нь. Монголд хэр түгээмэл нэр юм бэ. Нэгэнт нэрний тань учрыг асууж байгаа хойно хэн нэр хайрлав, хаана төрөв зэргээр Үнэнбат гэдэг хүний амьдралын эхлэл цэгээс яриагаа эхлэх үү?
-Би 1974 онд Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газар төрсөн. Тухайн үеийн Барилгын яамны залуухан мэргэжилтнүүд байсан ээж, аав хоёр маань таван хүүхдийнхээ хоёр дахь хүүг буюу намайг төрүүлээд аав маань Дундговь аймгийн барилга трестийн ерөнхий инженерээр томилогдоод явсан байж. 1974-1984 он хүртэл арван жил тэнд ажиллаж амьдарсан гэхээр би тэнд ухаан орно биз дээ. Хэдийгээр аавынхаа Завхан аймгийн Идэр сумаар овоглож явдаг ч Дундговь аймагтай миний бага нас салшгүй холбоотой. Нэрний тухайд аав маань л өгсөн. Ямар нэгэн учир утгатай эсэхийг нь мэдэхгүй юм. Амьдралдаа ийм нэртэй хүнтэй таарсан нь гарын арван хуруунд багтах юм даа. Хүмүүсийн сайн мэддэг хүн гэх юм бол Монгол банкны ерөнхийлөгч байсан Ж.Үнэнбат. Миний одоо мэдэж байгаагаар бол Хөдөө аж ахуйн яаманд нэг хэлтсийн дарга бий.
-“Монголын үнэн” сонины уншигчид 21 аймгийн 300 гаруй сумдад бий. Хэн гэдэг хүний үртэй ярилцсан юм бол гэж сонирхох нь лавтай?
-Аавыг маань барилгын салбарынхан андахгүй. Монгол Улсын Гавьяат барилгачин Шагдаррагчаа гэж Барилгын яамны орлогч сайд хүртэл хийж явсан хүн. Ээж маань барилгын эдийн засагч мэргэжилтэй Бурмаа гэж Сэлэнгэ аймгийн уугуул. Насаараа барилгын салбарт ажилласан мундаг хүн дээ. Намайг Шагдаррагчаагийн Үнэнбат гэдэг. Барилгын үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын “Бармон” ХХК-ны захирал. Дөрвөн хүү, нэг охин таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүү.
-Дөрвөн хүүг ажилд сургаж, хүний зэрэгтэй хүн болгоно гэдэг том ухаан байх. Би ганц хүүтэйгээ учраа олох гэж тэвдэх л юм байна шүү?
-Аав, ээж хоёр биднийг бага байхаас л ажил, амьдралд сургасан. Бусад хүүхэд зуныхаа амралтыг аваад хөдөөлж, сүү цагаан идээн дээр гардаг бол бид барилга дээр шавар зуураад л тууж явна. Ирэх жилийнхээ хичээл сургуулийн бэлтгэлээ базаана. Хөдөлмөр хийж, хөлс хүчээ урсгаж олсон мөнгө ямар их үнэ цэнтэйг ингэж ойлгуулсан байгаа юм. Санхүүгийн сахилга баттай болох суурь хүмүүжил эндээс эхлэлтэй. Төрүүлж өсгөсөн дөрвөн хүү, нэг охин нь одоо бүгд барилгын чиглэлээр бизнес эрхлээд явж байна. Сайн эцэг, эхийн өгсөн хүмүүжил, сургаал ном гэж сүсэглэж явдаг даа.
-Аав ээж хоёр нь барилгынх, төрүүлсэн таван үр нь бас барилга дагачихсан, хүүхдүүд чинь барилгынх бол гурван үеэрээ барилгачид болох нь, арай өөр мэргэжилтэй юү?
-Би хоёр хүү, нэг охинтой. Охин маань одоо 15-тай. Арай мэргэжлээ сонгоогүй байна. Нэг хүү маань барилгын зураг төслийн чиглэлээр компани байгуулсан хөл дээр нь босгочих гээд зүтгэж байна. Нэг хүү маань “Бармон” компанийнхаа ерөнхий менежер хийгээд “Шинэчлэл хороолол” төсөл дээр ажиллаж байгаа. Манайх гурав биш дөрвөн үеийн барилгачид. Аавын маань аав Ламжав гэдэг хүн Завханы Идэр суманд модон байшин барьдаг хүн байж. Харин ээжийн аав Банзрагч мужаан гэж Сэлэнгийн Шаамарт бас л модон байшин барьдаг хүн байсан. Тэгэхээр дөрвөн үеэрээ Монголын бүтээн байгуулалтын талбарт ажиллаж байгаа биз.
-Арга байхгүй хүлээн зөвшөөрөх юм байна. “Бармон” компаниа 1995 онд үүсгэн байгуулсан байх аа?
-“Бармон” компани 1995 онд Нөхөрлөл, компаний тухай хууль батлагдахад компанийнхаа нэрийг солиод тухайн оноор байгуулсан гэж огноолсон. Уг нь ээж маань 1994 онд “Өлзийт хайрхан” ББХК байгуулсан юм. Ээжийн анхны бизнес орос хадаас байлаа. Би тухайн үед оюутан байсан. Хичээлийнхээ зав чөлөөгөөр ээжийн бизнест туслана. Одоогийн нэгдүгээр хорооллын замын урд хэсэг тэр чигээрээ аж ахуйн хашаа. Тэнд нэг манаачийн шовгорын хажууд сууж байгаад л хадаасаа зарна шүү дээ. Ээж их дайчин, ухарч шантрахыг мэддэггүй хүн. Бизнесээ бага багаар өргөжүүлээд л байсан. Ингээд ээж бид хоёр барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцлаа. Барилгын материалын худалдаа хурдацтай өсөж дэвших боломж ойрын хэдэн жил харагддаггүй, барилгын засал чимэглэл рүү орох, цаашдаа барилга барьж үзмээр санагдаад болдоггүй.
-Тэр нь хэдэн он юм бэ. Ерээд он бол нийгмийн амьдрал тогтворжоогүй, юун байшин барилгаа засуулахтай манатай л байсан. Гэхдээ л алсыг харж чадаж дээ?
-Таны хэлдэг үнэн. Олон хүн цуглуулаад ажилтай, амьдралтай болгоно гээд зорьчихсон хүнд зогсох эрх байхгүй. Амжилтаа багаар харж их дээр буух сайхан. Ингээд ажил ч овоо урагштай болж ирлээ. Манай компанийн анхны том ажил “Нефтийн цагаан” гэгддэг “НИК” компанийн ажилчдын байрыг засварлах захиалга байсан юм даа. Мэдээж чанарын өндөр түвшинд, шуурхай ажлын гүйцэтгэл сайтай хийгээд дуусгалаа. Үүнээс хойш томоохон албан газар, сургууль, эмнэлгийн засвар өргөтгөл хийсэн. Одоо манай компанийн оффисын хажууд 12 давхар улаан барилгуудыг барьж байлаа. Тухайн үед цутгаад хаячихсан хэдэн суурь л байсан.
-Нээрээ таныг хэлэхээр л саналаа. Энэ хавийн “уудаг улс” цугласан жаахан эвгүй газар л байсан?
-2001-2003 оны хооронд “Шинэ зуун” төслийн хүрээнд барьж гүйцэтгэсэн ажил. Угсармал орон сууцны барилгад зориулан тавьсан суурь л даа. Социализмын үеийн Байшин үйлдвэрлэх комбинатыг татан буулгасан, угсармал хийц үйлдвэрлэхээ больчихсон үе шүү дээ. Тэгээд бид технологийн хувьд ямар шийдэл зүгээр байх вэ гэдэг талаар нэлээд ярилцаж байгаад бүрэн цутгамал карказтай барихаар шийдээд гүйцэтгэсэн.
Улаанбаатарчууд “Барилгачдын талбай” гэхээр ямархуу газар байсныг нь төсөөлж л байгаа байх. Барилгачдын талбай гэхэд тодотгох юм багатай ч эргэн тойрон Монголын барилгын түүхийг харуулсан уран барилгуудтай, такси зогсоолтой, өвөрмөц газар. 2004 онд “Барилга корпораци” ХК-ийн захиалгаар “Барилгачдын талбайн шинэчлэлт” төсөл, цогцолбор барилга байгууламжийг гүйцэтгэн ашиглалтад оруулсан.
Уг нь арын хэсэгт тал саран хэлбэртэй ханан дээр барилгын салбарын үүсэл хөгжлийг харуулсан барельеф зургуудтай байсан юм. Тэгээд нураагаад хаячихсан.
-Яагаад нураачихсан юм бэ?
-Н.Энхбаяр гуай Барилгын яам руу орчихоод гарч явахдаа хараад нураа гэсэн юм гэнэ лээ. Монголд нураалгасан анхны барилга болж байлаа. Би танд барьж, бүтээн босгож байсан сонин содон түүхүүдээ л яриад байгаа хэрэг шүү дээ. Анхны шилэн фасадтай барилгын ажлыг Замын-Үүдийн билетийн кассын барилга дээр гүйцэтгэсэн, анх удаа тендерт оролцож ялаад Дорноговь аймгийн Сайншанд хотын нэгдсэн эмнэлгийн барилгын их засварыг ажлыг гүйцэтгэж ашиглалтад өгч байв. Дорноговийн нэгдсэн эмнэлэг манай хотын гуравдугаар эмнэлгээс том. Мянга гаруй өрөөтэй нүсэр барилга. “Бармон” ХХК 250 гаруй барилгын барилга угсралт, шинэчлэл, өргөтгөл засварын ажлыг хийж гүйцэтгэж барилгын үйлдвэрлэл явуулах арвин туршлага, шинэ технологи, арга техниктэй болчихсон хамт олон.
-Би танаас нэг сонин юм асууя л даа. Амжилттай яваа бизнесмэн хүнээс ийм юм асуух нь тэнэг хэрэг санагдаж байж ч магадгүй юм. Таныг эргээд залуу насанд чинь аваачвал та юуг засах байсан бэ?
-Би эртхэн улс төрд орох байсан. Хэдийгээр би 1995 онд үеийн хэдэн залуустай нийлэн Монголын Ардчилсан социалист залуучуудын үүрийг байгуулж байсан ч идэвхийлэн оролцоогүй юм. Монгол ардын намын шинэ боловсон хүчнийг бэлдэх залуусын байгууллага шүү дээ. Тухайн үед би “Бид сайхан нийгэм байгуулахаар зүтгэж байна. Иргэд дор бүрнээ хариуцлагатай, хууль ёсоо чандлан сахиад, оногдсон ажилдаа шударга, зарчимч, эзний сэтгэлээр хандаад явчихвал улс орон минь хөгжихөд юухан байхав” гэж боддог, нөхдөдөө ч үүнийгээ хэлдэг байлаа. Гэтэл одоо юу болж байна вэ. Тогтолцооны өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй болчихлоо. Хэрвээ би арай эрт 25 настай улс төрд орсон бол энэ гажуудлыг засаж дийлэхгүй байлаа гэхэд байнга дуу хоолойгоо ард иргэддээ, төр засагт хүргэсээр л байх байсан.
-Сүүлийн үед тогтолцооны өөрчлөлтийг хүмүүс ярьдаг болчихлоо. Үндсэн хууль, сонгуулийн систем гэх мэт. Хууль нь болохгүй байна уу. Гэхдээ Үндсэн хууль биш, дагалдах хуулиудыг хэлж байна?
-Бидэнд хууль хангалттай бий. Гагцхүү мөрдөх, хэрэгжүүлэх тал дээр үнэхээр сул. Хуулиа мөрдөхийг шахаж шаардах тогтолцоо нь нураад уначихсан. Хууль тогтоох дээд байгууллагаас хэчнээн сайхан хууль гаргалаа ч хэрэгжүүлэх, мөрдүүлэх дунд, доод шатандаа цалгардаад алга болчихдог. Төрийн захиргааны байгууллага, агентлаг, газрын дарга тэдний доод албан тушаалтнууд юу хийдэг юм бүү мэд. Салбар салбартаа аж ахуйн нэгжүүд л эрхгүй тухайн салбараа чирээд явж байна. Албан хаагч нар ажлаа мэдэхгүй. Тэгээд зогсохгүй төр нь хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөөд бизнес хийдэг. Манай салбарт л гэхэд ТОСК, НОСК гээд ашгийн байгууллагууд байна. Төрийн давуу эрх мэдлийг ашиглаад үнэгүй газар дээр дэд бүтэц тавиулчихаад түүн дээрээ барьж босгосон байрнуудаараа бидэнтэй өрсөлдөөд байдаг. Хувийн хэвшилд зүгээр ажлаа хийж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр аваад юу болгов бэлээхэн жишээ байна шүү дээ. Хөгжлийн гацааг төр хийгээд байна шүү дээ.
-Төр стратегийн том том аж ахуйн салбаруудаа мэдэлдээ байлгах нь зөв юм биш үү. Жишээ нь ард иргэдээ жигд хямд өртөгтэй орон сууцтай болгоход анхаарч ажиллах үүднээс гол түүхий эдийнх нь үйлдвэрүүдийг мэдэлдээ байлгах гэдэг ч юм уу?
-Төр бизнес хийж болохгүй. Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, төрийн захиргааны байгууллагууд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах ёстой. Гэтэл төрийн алба сая төгрөгийн цалин аваад ажиллаж чадна гэж боддог чадваргүй, сэтгэлгүй боловсон хүчнээр дүүрчихсэн. Тэд яаж том, том данхар хар тэрэг унаад, тансаг хаусанд амьдраад байгаа юм. Гэтэл би 30-аад жил бизнес хийчихээд тийм машин унаж чадахгүй л байна. Ард иргэдийг байртай болгоход “Бармон” компани шийдэл олоод хийж хэрэгжүүлж чадсан. Чингэлтэй дүүргийн 10-р хороонд баригдсан “Шинэчлэл хороолол” төслийн байрнууд урьдчилгаагүй, хүүгүй 60 сарын хугацаанд төлбөрөө төлж барагдуулаад ордероо нэр дээрээ шилжүүлж авах гэрээтэй айлууд орсон. Хойтон гэхэд бүгд төлбөрөө барагдуулаад ордероо авна. Сэтгэл байхад болохгүй ажил, шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй. Бас энэ төсвийн тодотгол гэдэг юмыг бүр больчих хэрэгтэй.
Энэ төсвийн тодотголоос болоод Засгийн газрын тоглоомын дүрэм ойлгомжгүй болчихож байгаа юм. Төсөвт суусан ажил аваад хийх гээд зардал мөнгөө гаргачихаад яг эхлүүлдгийн даваан дээр төсөв тодотгоод нөгөө ажлыг хасаад хаячих жишээтэй. Ингээд нөгөө компани зардлаараа хохироод л хоцорно. Төрийн худалдан авах газраас зарласан тендерт ордог компани гэж одоо бараг байхгүй. Засаг муу найз болсон. Жишээ нь дахин төлөвлөлтийн 24 байршил байсан одоо ажил нь явж байгаа нь гарын таван хуруунд багтах тоотой л байна. Засаг амласнаа хийдэггүй. Танай компани тэр байршилд орон сууц барьчих, бид дэд бүтцийг нь шийдээд өгье гэдэг. Орон сууцаа барьчихлаа тог цахилгаан, цэвэр бохирын шугам, зам нь ирэхгүй. Нөгөө барилга яах вэ үхмэл хөрөнгө болоод л хоцорно.
-Та нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын даргын зөвлөх гэсэн сонгуульт албатай байсан?
-Хэдийгээр түр түдгэлзчихээд байгаа ч би МАН-ын гишүүн, бага хурлын гишүүн. Намд санаа бодлоо хэлдэг ярьдаг нийгмийн нэлээд идэвхтэй. “Бармон” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр 2014 онд Чингэлтэй дүүргийн 10-р хороонд шалгараад 39.7 га газарт 3800 айлын орон сууцны хороолол, нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгуудыг барихаар ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. 2016 онд намаас надад Чингэлтэй дүүргийн 9, 10, 11-р хороонд очиж сонгуульд өрсөлдөөд НИТХ-д нэг суудал олж ир гэдэг даалгавар өглөө. Сонгуулийн үеэр иргэдтэй уулзахдаа хийж байгаа ажлаа л ярьсан. Би угаасаа худлаа ярьж чаддаггүй хүмүүжилтэй хүн. ИТХ-д нэг суудал авчирсан. Ерөөсөө хийж байгаа ажил маань тус тойргийнхны нүдэнд ил, иргэдийн хамгийн их хүсэмжилж байсан ажил учраас л тэр. Одоо би танаас нэг асуулт асуучих уу. Та зээлтэй юу?
-Байхгүй ээ.
-Яагаад зээл авдаггүй юм бэ?
-Би өрнөөс айдаг л даа.
-Үгүй та айдаггүй.
-Эргээд төлж чадахгүй. Төлөх боломж ч үгүй гэж боддог. Та яагаад ингэж асуув?
-Монголд банк санхүүгийн систем нь буруу учраас та айж байгаа юм. Ямар ч өрсөлдөгчгүй банкууд хүүгийн өсөлтөөр туйлдуулж байна. Өнөөдөр Монголд бизнес хийх шиг эрсдэлтэй юм алга. Хэчнээн аж ахуйн нэгж дампуурч байгааг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас асуучихад болно. Ковидын хямрал ч нөлөөлөө биз. Банк санхүүгийн системд гадаадын банк оруулж ирэх хэрэгтэй. Яахав тодорхой хугацаатай, хязгаарлалттай байж болно шүү дээ. Хэрэглээний зээл гаргадаггүй байж болно.
-Та түрүүн тоглоомын дүрэм тодорхойгүй гэлээ. Энэ Засгийн газар тоглоомын дүрмээ тодорхойлчихоод байгаа юм биш үү. Урт хугацааны “Алсын хараа” гэх мэт?
-Л.Оюун-Эрдэнэ сайдын танхим зөв замынхаа дэргэд ирчихээд байгаа юм уу гэж би хараад байгаа. Урт хугацааны бодлогуудаа тодорхойлоод, зөв хөтөлбөр, төслүүдээ дэмжээд, хүний өөрийнгүй нам дамнаж бугшсан идээ бээрийг шахаж гаргах зэрэг шударга ёсны салхи сэвэлзээд эхэлчих шиг боллоо. Одоо энэ Засгийн газар тогтвортой байх ёстой. Дөрөв, дөрвөн жилээр үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүд бол явахгүй шүү дээ.
-Тантай уулзах гээд мэдээлэл ухаж байтал Хөгжлийн банкнаас авсан 17 тэрбумын чанаргүй зээл гэсэн мэдээг нүдээ эрээлжилтэл харлаа?
-Ноднин жил сэтгүүлч Өнөрцэцэг, Лодойсамбуу хоёрын нийгэмд цахимаар тарьсан шуугиан. Ийм мэдээлэл нийгэмд гарсан даруйд өргөдлөө өгч шалгуулах хүсэлтээ гаргасан. Намын 30 дугаар Их хурлаас гарсан дүрмийн өөрчлөлтийг хамгийн түрүүнд хэрэгжүүлж, намаас түдгэлзэж, албан тушаалаасаа татгалзлаа. Би шалгуулахад бэлэн суугаад байна шүү дээ. Жилийн өмнө АТГ-аас дуудаж нэг мэдүүлэг авсан, сая УИХ-ын сонсголд дуудсаны дагуу нөхцөл байдлаа тайлбарласнаас өөр юмгүй би гайхаад л сууж байна.
-Юу болсон юм бэ?
-“Бармон” компани 2019 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Чингэлтэй дүүргийн 10-р хороонд “Шинэчлэл хороолол” орон сууцны төслийнхөө санхүүжилтэд таван жилийн хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэй 15 тэрбум төгрөг зээлсэн. Зээлийн мөнгө зориулалтынхаа дагуу зарцуулагдаж ажил хийгдээд явж байгаа. Энэ бол Монголын эдийн засаг хийгээд нийгэмд тодорхой хувь нэмэр оруулахуйц төсөл шүү дээ. Хамгийн наад захын нүдэнд өртөж гарт баригдах үр дүн гэхэд хороолол баригдсанаар Чингэлтэй дүүргийн 10-р хорооны айлуудын яндан алга болж, тэр хэрээр агаар цэвэршинэ. Мөн төдий тооны ил жорлонгоос салж, хөрсний бохирдол багасна. Барилгын бизнесийг дагаад дам болон шууд 100 гаруй бизнес цэцэглэж байдаг. Ингээд бодохоор хэнд ч ойлгомжтой үр өгөөж. Гэтэл гэрээний хугацаа дуусах болоогүй байхад буюу хоёр жил болоод л Хөгжлийн банк мөнгөө эргүүлж дуудсан.
-Мөнгөө дуудах шалтгаан байсан юм болов уу?
-Зээл авсан хугацааг та анзаарч байгаа байлгүй. Яг зээл авсан хугацаатай зэрэгцээд арваннэгдүгээр сараас гуравдугаар сар гартал тодорхой хугацааны зайтай цар тахлын хөл хорио тавигдчихсан шүү дээ. Сар бүр төлбөрөө төлдөг иргэдийн зээлийг төр хойшлуулж болох тухай шийдвэр гаргачихдаг. Зээлийн хүүгийн эргэн төлөлттэй холбоотой санхүүжилт доголдоод эхэлнэ биз дээ. Хөгжлийн банкнаас хүүгээ цаг тухайд нь төлж байх мэдэгдэл ирмэгц би санхүүжилт зогссон тухайд Засгийн газрын шийдвэрийг үзсэн боловч Төрийн банкны зүгээс “Тэр арилжааны банкуудад зориулсан шийдвэр тул манай банканд хамаарахгүй” гэдэг тайлбар өгдөг. Ингээд Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж “Форс Мажор”-ын нөхцөл байдал тогтоогдлоо гэдэг тодорхойлолт авч очсон боловч хэрэгссэнгүй. Ингээд 2022 онд Хөгжлийн банкнаас компанийг хүүгийн эргэн төлөлт доголдсон гэдэг шалтгаанаар шүүхэд өгөөд, компанийн дансыг хаалгаад жил болж байна. Энэ хооронд таван удаа шүүх хурал зарлагдсан боловч нэхэмжлэгч талаас нэг ч удаа хүн ирэлгүй хойшлуулсаар байгаа. Төлөлт хийх гэхээр данс хаачихсан учир ямар ч боломжгүй. Гэтэл энэ хооронд зээлийн хүү бодогдсоор л байгаа. Саяхан компани дотоод нөөц боломжоо ашиглаж 1.5 тэрбумын төлөлт хийсэн. Хэрвээ компанийн данс нээлттэй бол төлөлтөө хийгээд явчих бүрэн боломжтой.
-Эдийн засаг, улс төрийн талаар ч би маруухан хүн шүү дээ. Хууль дүрэм нь тийм байдаг юм болов уу даа гэж бодоод л сууж байна?
-Тоглоомын дүрэм ойлгомжгүй, Засгийн газар хувийн хэвш-лийнхний хувьд муу найз байсан гэж би хэлээд байгаа шүү дээ. Одооны Засгийн газар тогтолцооны энэ гажуудлыг засах талд нь яваад байгаад би их талархалтай хандаж байгаа. Хөгжлийн банкнаас гарсан гурван их наядын зээлийн 60-70 хувь төрийн өмчит компанийн зээл байгаа. Төрийн өмчит компаниуд 3-6 хувиар зээл авна гэсэн мөртлөө зээлээ эргэн төлөх тал дээр гараа ч хөдөлгөөгүй.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна