Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон юм. Форумыг дөрөвдүгээр сарын 20-нд зургаан чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах үүрэг өгсөн. Нийслэлийн Засаг дарга 2023 онд нийт 444 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлэхээс гүйцэтгэл 90.9 хувьтай байна. Зураг төсөв, ажлын даалгаваргүй 94 ажил байснаас 34-ийг нь шийджээ.
Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд дүүрэг бүр тоглоомын талбайд үзлэг шалгалт хийж, гэмтлийг засварлахаар санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах хашаа, гарааш арга хэмжээний ажлыг эхлүүлж, тохижилтын ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Ажлын хэсгийг байгуулжээ. Энэ онд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөсөн. Мөн гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн 14 байршилд 14 мянган ам метр талбайд явган замын засвар, шинэчлэл хийх юм.
“Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан автобуснууд орж ирнэ”
Автобусны парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Энэ жил 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус. Дөрөвдүгээр сарын 26-н гэхэд цахилгаан автобуснууд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобуснуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарна. Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан автобуснууд орж ирэхээр төлөвлөсөн” гэлээ.
Хотын дарга автобуснууд нэгдсэн стандарттай байх ёстойг онцолж байлаа. Мөн автобусны буудлын шинэчлэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Энэ жил гэр хорооллын бүсэд автобусны 200 буудлыг шинэчлэхээр төлөвлөсөн. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байгаа” хэмээв.
477 оюутныг цагийн ажилд зуучиллаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.7, ажилгүйдлийн түвшин 4.3 хувьтай байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 56.1 хувьтай байгаа. 2018 онтой харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн түвшин 4.3 пунктээр өсөж, ажилгүйдлийн түвшин 3.3-аар буурч, ажиллах хүчний оролцооны түвшин 2.7 пунктээр өссөн. 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажил үйлчилгээнд 69 мянган иргэн хамрагдлаа. Өнөөдрийн байдлаар ажил олгогчоор бүртгэгдсэн 482 аж ахуйн нэгж, байгууллага 2093 ажлын байрны захиалга өгч, 3673 иргэнийг “E-job” системд бүртгэж, 948 иргэнийг ажилтай болгосон. Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Оюутныг дэмжих 18 төвтэй хамтран ажиллаж, 477 оюутныг цагийн ажилд зуучиллаа” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.
Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд их үйлдэгдэж байна
Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай байна. Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байгаа. 10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Зургаан түр хамгаалах байр, найман нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. 922 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 65.5 хувь нь хүүхэд байна” гэлээ.
Хотын дарга хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг долоо хоног тутам танилцуулж байхыг үүрэг болгов.
Жуулчдын тоо өсжээ
Аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 4500 орчим жуулчин ирсэн. Мөн аялал жуулчлалын форум зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийлээ. “Өвлийн наадам” арга хэмжээнд Буриад, Тува, Халимаг Улсаас 20, ӨМӨЗО-ноос зургаа, 21 аймгаас 400 гаруй, Улаанбаатар хотоос 450 орчим тамирчин оролцож, сонирхогчдын тэмцээнд 500 гаруй үзэгч оролцож, 10 мянга орчим хүн үзэж сонирхсон. “Бүргэдийн баяр” арга хэмжээг зохион байгуулахад 19 бүргэдчин оролцож, 8000 орчим хүн үзсэнээс 600 гаруй нь гадаадын жуулчин байлаа. Он гарснаас хойш нэгдүгээр улиралд Монгол Улс 102,528 жуулчин хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оноос 36 хувиар өссөн үзүүлэлт” гэв. Тэрбээр мөн БНХАУ, БНСУ, Япон, Англид болох аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байгаагаа уламжлав.
Дээрх жуулчдын 60 орчим хувь нь Улаанбаатарт ирж, нийслэлийн төсөвт 60 сая ам.долларын орлого оруулжээ. 2019 онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин ирж байсан.
Ү.Оюунзул: KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн тохижилтын ажил хийнэ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайн 183 га талбайд тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ талбайн ерөнхий төлөвлөлт гарчихсан. KFC компани 2014 оноос хойш байгууллагынхаа ойг тохиолдуулан нийслэлийн иргэдэд хэрэгтэй тохижилт, бүтээн байгуулалт хийх хүсэлтийг тавьж, төслөө бичиж, хөрөнгөө босгосон. Ингээд манай төлөвлөлтийн дагуу 1.1 га талбайд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, хүүхэд, залуучууд, ахмадууд, гэр бүлүүдэд зориулсан тохижилтын ажил хийхээр болсон юм. Энд ямар ч худалдаа үйлчилгээ, хөшөө, дурсгал байхгүй. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж, нийслэлийн өмчид бүртгүүлнэ. Мөн ногоон байгууламж сүйтгэхгүй, олон улсын стандартад нийцсэн зүлэг хийж, мод тарина” гэлээ.
Хотын дарга хууль, дүрмээ баримталж ажиллаарай хэмээсэн юм.
Барилгын ажлын явцад гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна