Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багц хууль доторх Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг шинээр боловсруулаад байна. УИХ-аар хэлэлцэхээр болсон энэ хууль хэнд, ямар ач холбогдолтой талаар “Ардын тэтгэврийн данс” компанийн Гүйцэтгэх захирал, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн гишүүн О.Амарболдтой ярилцлаа.
-Манай улс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай бие даасан хуультай болохоор хэлэлцэж эхлээд байна. Энэ шинэ тутам хуулийн үндсэн концепц нь юу байх вэ, бидэнд гол ач холбогдлынх нь талаар мэдээлэл өгнө үү?
-Нийгмийн даатгалын багц хуулийг анх 1994 онд баталж, 1995 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ цагаас хэд хэдэн удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өндөр насны тэтгэврийн насыг уртасгах, тэтгэврийн хэмжээг өөрчлөх зэргээр жижиг өөрчлөлтийг хийсээр ирсэн. Харин энэ удаад томоохон өөрчлөлт хийхээс аргагүй нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сан сүүлийн есөн жил дараалан алдагдалтай, улсын төсвийн татаастай ажиллаж ирлээ. Энэ хэвээр үргэлжилсээр байвал цаашид улс даахаа болих учраас томоохон өөрчлөлт хийх, хувилбар гаргах шаардлага үүссэн гэж ойлгож болно. 1994 онд анх хуваарилалтын тогтолцоо буюу эв санааны нэгдлийн үзэл баримтлалаар хуулиа баталсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд дараагийн шат руу шилжихээс аргагүй болсон нь аль хэзээнээс харагдаж эхэлсэн. Үнэндээ өндөр насны тэтгэврийн хэмжээ ахмад настан, буурлуудын маань амьдралд хүрэлцээтэй байна уу гэдэг асуудал сөхөгдөнө. Тиймээс олон тулгуурын тэтгэврийн орлоготой буюу амьдралд хүрэлцээтэй тэтгэвэртэй байх шаардлага үүсч байгаа. Энэ талаар олон ч удаа ярьсан боловч ямар нэгэн алхмыг хийгээгүй өдийг хүрсэн гэхэд болно. Тиймээс хожимдсон ч гэсэн хагас хуримтлалын, цаашлаад бүр бүтэн хуримтлалын тогтолцоог бий болгох ёстой гэж үзсэн хэрэг.
Ингэж байж бид Сингапур, Нидерланд шиг тэтгэврийн хуримтлалын тогтолцоог бий болгох боломжтой. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн хүрээнд Хувийн тэтгэврийн сан бий болох юм. Ингээд хүн бүр ажил хийж эхэлснээс хойш хувийн тэтгэврийн санд нэгдсэнээр тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Онцлог нь бүх хуримтлал өвлөгдөнө. Хувийн тэтгэврийн шимтгэл гэж нэрлэх хуримтлалын орлого нь татвараас чөлөөлөгдөнө. Харин тэтгэвэр тогтоосны дараа улсаас сар бүр тэтгэвэр авна, мөн Хувийн тэтгэврийн сангаас нэмэлт тэтгэврийг ч сар бүр авна. Хөдөлмөрийн чадамж буурч, гавьяаны амралтад гарлаа гэж ярьдаг. Тэгвэл тэр үедээ тэтгэврийн орлогоо хоёр янзаар бүрдүүлэх боломжтой болох нь байна шүү дээ. 100 хүн тутмын 70 нь тэтгэвэртээ гараад аялна гэдэг яриа бодит болно. Мөн Хувийн тэтгэврийн сантай болсноор санд тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрнө. Энэ мөнгийг хөрөнгийн зах зээл, эдийн засгийн эргэлтэд оруулна. Ингээд хуульд заасан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаар өндөр хүү, төлбөрийн дарамтаас шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд салж эхэлнэ гэсэн үг. Гагцхүү тухайн хөрөнгийг нь хөрөнгө оруулалтын менежментийн компани удирдаж, кастодиан бүртгэж, үйл ажиллагаа явна. Цаашлаад байгууллагын хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Энэ нь эргээд хүний нөөцийн баталгаа болохоос гадна ажилчдын тогтвортой байдал зэрэгт эергээр нөлөөлнө. Ерөөсөө хүн бүр ажилласан хэмжээгээрээ хуримтлалтай болох боломж нээгдэж байна гэж ойлгоорой. Товчхондоо, олон улсад үр дүнгээ өгсөн, бидэнд зайлшгүй хэрэгтэй юм байна гэдэг үүднээс нийгмийн даатгалын багц хуулийн нэгээхэн хэсэг болж байгаа. Ерөөсөө л иргэн та тэтгэвэрт гарахад маш бага хэмжээний тэтгэвэр авдаг буюу орлого эрс буурдаг явдал цаашид үгүй болох үндэс юм.
-Тэтгэврийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх боломжийг энэ хуулиар бүрдүүлнэ гэж ойлгож болох уу?
-Ганцхан жишээ татахад, энэ оны байдлаар нийгмийн даатгалын санд улсаас 560 тэрбум төгрөгийн татаас авч байна. Энэ нь та бидний цалингийн татвараас татаж байна гэсэн үг шүү дээ. Угтаа нийгмийн даатгал бол нийгмийн хамгааллын хамгийн чухал зүйл. Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэвэр, тэтгэмжээс авахуулаад хамрах хүрээ өргөн. Үүнд нэмэх нь Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг оруулж ирж байгаа юм. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар иргэн хүн ажил хийгээд улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөөд л байдаг. Эцсийн дүндээ багахан хэмжээний тэтгэвэр л тогтоолгодог. Өөр үүсгэсэн хуримтлалгүй л үлддэг. Монгол Улсад өнөөдөр 400 гаруй мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээрийн 90 хувь нь буюу 360 мянга нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.
Үлдсэн 10 хувь нь 500 мянгаас дээш хэмжээний тэтгэвэртэй. Энэ бүхнийг харахаар ганцхан газраас эх үүсвэртэй байж болохгүй л гэсэн үг. Хэрвээ та хөдөлмөр эрхэлдэг бол хуримтлал үүсгэх хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм. Өнөөдөр та нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай бол тэтгэвэрт гарахдаа 45 хувиа тооцууллаа гэхэд 650 мянга орчим төгрөгийн л тэтгэвэртэй гарах нь байна шүү дээ. Тэгэхээр та хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэснээр тэтгэвэрт гарахад хоёр сая ба түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авах боломжийг өөртөө үүсгэж байгаа юм. Энэ бол олон тулгуурт орлого. Нийгмийн даатгалын сан иргэн танаас 11.5, аж ахуйн нэгжээс 12.5 буюу нийтдээ 24 хувийн шимтгэл авдаг. Хэрвээ сая төгрөгийн орлоготой бол 240 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд таны нэрээр сар бүр төвлөрүүлдэг. Энэ 24 хувийн шимтгэлээс 17 хувь нь зөвхөн тэтгэврийн даатгалын санд ордог. Гэсэн атлаа тэтгэврийн даатгалын сан жил бүр алдагдалтай ажиллаад байдаг. Тийм л учраас олон тулгуурт орлоготой болгох үүднээс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль орж ирсэн гэсэн үг.
-Тэгэхээр иргэн хүн ажил хөдөлмөр эрхэлдэг эсэхээс үл хамаараад тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжтой болно гэсэн үг үү?
-Хувийн тэтгэврийн сан буюу нэмэлт тэтгэврийн үйлчилгээнд хувь хүн болон аж ахуйн нэгж, байгууллагаараа хамрагдах боломжтой. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эсвэл эрхлэх боломжгүй хүмүүс сайн дураар нэмэлтээр үүсгэх боломжтой. Жишээлбэл, сарын сая төгрөгийн орлоготой хүн эхлээд нийгмийн даатгалын албан журмын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараа төлөөд гар дээр 796.500 төгрөг авдаг. Тэгвэл одоогийн хуулийн өөрчлөлтөөр гурван тулгуурт тогтолцоотой болгоё гэж байгаа юм. Ингэхдээ таны нэг сая төгрөгийн цалингаас 11.5 хувийн шимтгэлийг авсны дараа хэрвээ сайн дурын тэтгэврийн үйлчилгээнд хамрагдъя гэвэл таны тухайн хуримтлалд хийж буй орлогыг татвараас чөлөөлнө. Нэг сая төгрөгийн орлогоосоо 11.5 хувийн шимтгэлээ төлөөд үлдсэн 885 мянгаасаа сард 50 мянган төгрөгийг хувийн тэтгэврийн санд хуримтлуулъя гэж бодоход үлдсэн 835 мянган төгрөгөөс татвар боддог болох юм. НДШ-ийн дараа шууд татвар боддог байсан бол НДШ + хувийн нэмэлт тэтгэврийн шимтгэлийг хасаад, үүний дараа ХХОАТ бодогдоно гэсэн үг. Татвараас чөлөөлөгдөх буюу хасагдах онцлог нь л энэ юм.
Хувийн тэтгэврийн сан дэлхий нийтэд үүсэж бий болоод даруй 200 шахам жил болж байна. Манай улсад санхүүгийн байгууллагуудын зүгээс энэ төрлийн хуримтлал үүсгэх боломжийг бодитоор хэрэгжүүлж байгаа нь “Ардын тэтгэврийн данс” компани. 2007 онд байгуулагдсанаас хойш удаан хугацааны тэтгэвэрт гарахдаа хэрэглэх хуримтлал бий болгох зорилгоор ажиллаж эхлээд өнөөдөртэй золгож байна. Үндсэндээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 16 жил боллоо.
-Тэгэхээр энэ туршлагадаа үндэслээд Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Бидний хувьд хувийн хэвшлээ төлөөлөөд дэд ажлын хэсэгт буюу Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн ажлын хэсэгт багтсан. Энэ хуулийг батлаад амьдралд хэрэгжүүлээд эхлэхээр алдаа оноо гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсын тэтгэврийн сангийн тухайд нэг шат ахиж чадна. Чөлөөлсөн дүнгээсээ эхлээд орлогоо хийчихээд дараа нь татвараа бодуулдаг болох нь байна. Энэ бол аж ахуйн нэгждээ ч хувь иргэндээ ч ээлтэй бодлого. Тэтгэврийн даатгалын сан бол улсын татан төвлөрүүлдэг сан. Хувийн тэтгэврийн сан бол хувийн хэвшил удирддаг сан. Иргэн хүсвэл улсаас татан төвлөрүүлдэг тэтгэврийн сангаас гадна хувиараа тэтгэврийн хуримтлалтай болох боломжийг үүсгэж байна гэсэн үг. Гэхдээ сайн дурын үндсэн дээр хэрэгжих нь байна шүү дээ. Ирээдүйн орлогоо бүтээж байна гэсэн үг.
-Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг хэлэлцүүлэгт оруулахын өмнө судалгаа хэр хийсэн бэ. Олон талаас нь судалж байж боловсруулсан болов уу?
-Маш олон төрлийн судалгаа хийсэн байдаг. Тухайлбал, ХНХЯ-нд Дэлхийн болон Азийн хөгжлийн банкнаас судалгаануудыг хийж байсан юм билээ. Манай компани Азийн хөгжлийн банк, Сингапурын тэтгэврийн сангаас техникийн туслалцаа авч ажиллаж байсан. Манайх нийгмийн хамгааллын буюу хувийн тэтгэврийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ууган компани. Манай компанийн үйлчилгээ нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, цаашлаад Монголын иргэдэд ирээдүйн орлогоо бүрдүүлэх боломжийг бий болгох. Ингэхдээ мэдээж мөн л одоогийн хуульд тусгасанчлан сайн дураар буюу албан журмын биш хэлбэрээр үзүүлдэг үйлчилгээ юм.
-Хувийн тэтгэврийн санг байгуулснаар өргөн утгаараа Монгол Улсад ямар үр нөлөө үзүүлэх вэ?
-Маш олон талын ач холбогдолтой, олон салбарт эергээр нөлөөлнө. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо үүссэнээр Монголын хөрөнгийн зах зээл дээрх аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөрөнгийн зах зээл бүрэн хөдлөх, хөгжих боломж бий болно. Санхүүгийн байгууллагууд, боловсрол, эрүүл мэндийн салбарт ч үр өгөөжөө өгнө. Ер нь хаана санхүүжилт, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Тухайн хөрөнгө оруулалтаар асуудлыг шийддэг салбар бүрд хэрэгтэй, өгөөжтэй үйлчилгээ гэсэн үг. Мэдээж зохицуулалт, журмынхаа дагуу хүлээн зөвшөөрөгдсөн газруудад хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ. Эрх зүйн хүрээнд дэлхийн хаана ч байсан Хувийн тэтгэврийн сан эрсдэлийн удирдлагыг хамгийн сайн хангаж ажилладаг. Хувийн тэтгэврийн сан хэрхэн ажилладаг вэ гэхээр хөрөнгө оруулалтын менежментийн компани буюу 24 цагаар хөрөнгийн зах зээлд ажилладаг тусгай шинжээчдээс бүрдсэн компаниар удирдуулдаг. Судалгаа шинжилгээний үндсэнд өрнөдөг хөрөнгийн удирдлага, процесс учраас эрсдэлгүй гэж ойлгож болно.
-Хувийн тэтгэврийн сангийн хөрөнгөөр хаана, ямар бизнесд хөрөнгө оруулж болохоор хуульчилсан бэ. Хувийн хэвшлийн явуулдаг үйл ажиллагааг бие даасан хууль болгохын ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ?
-Болох, болохгүйн хязгаарыг нарийвчлан заасан. Хэдэн хувийг, ямар бизнест хөрөнгө оруулах вэ гэх зэргээр тусгасан. Жишээлбэл, дотоодын зах зээлд буюу Хөрөнгийн бирж дээр ямар хэлбэрээр, гадаадын зах зээлд ямар хэлбэрээр хэд хүртэлх хувийн хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэх мэтээр зааснаар эрсдэлийг тархаан байршуулсан гэсэн үг. Монгол Улс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуультай болсноор манай компанийн явуулж буй үйлчилгээ албажиж байна. Илүү нарийн хяналттай болж байна. Санхүүгийн зохицуулах хороо бүрэн хяналтаа тавина. Ингэснээр энэ үйлчилгээ бүх талаас зөв зохицуулалттай, эрсдэлгүй болно. Хууль болж албажсанаар цаашид Хувийн тэтгэврийн сангийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж таарна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж байгаа 1.2 сая иргэн бий.
Үүнээс манай компанид хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэчихсэн 144 мянган хүн байна. Дээр хэлсэнчлэн хувийн тэтгэврийн санг манай компани үүсгэн бий болгоод 16 жил болсон. Сүүлийн жилүүдэд хуримтлал үүсгэх хүмүүсийн тоо маш их нэмэгдсэн. Ерөөсөө энэ тогтолцоо олон улсад маш зөв, үр дүнтэй хэрэгждэг учраас манай улсын иргэд хүлээн зөвшөөрөөд нэгдээд байна шүү дээ. Таны хадгаламжид хийсэн мөнгийг банк жилийн 8-13 хувийн хүүтэйгээр хуримтлалдаа аваад нөгөө талдаа 18-24 хувиар бизнесийн зээл болгож гаргаад хоёрхон жилийн дотор хүүгийн ашиг хийдэг. Харин тэтгэврийн сан бол богино хугацаанд мөнгө зээлэх, зээлийн хүүгээр орлого төвлөрүүлэх гэх мэтээр банктай адил үйл ажиллагаа явуулдаггүй. Харин дээр хэлсэнчлэн богино, дунд, урт хугацааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оруулдаг. Хөрөнгө оруулалт нь илүү өгөөжтэй гэж үздэг. Илүү өндөр өгөөж санал болгодог. Ингээд тэтгэврийн сан удаан хугацаандаа үр өгөөжийг нь гаргадаг. Тэгэхээр насан туршдаа хуримтлал үүсгэх боломжтой. Таны хуримтлуулсан мөнгө таны хүүхдүүдэд өвлөгдөнө.
-Тэтгэвэрт гарахаас өмнө хуримтлалаа цуцлах боломж байх уу?
-Хувийн тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө. Хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэсэн л бол тэтгэвэрт гартал зарлагадаж гаргах боломжгүй гэж хуульд зааж өгсөн. Эсвэл нас барах, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хуримтлалыг зарлагадна. Гэхдээ онцгой нөхцөл гэж бий. Энэ нь тухайн иргэн эсвэл гэр бүлийн гишүүндээ нэг удаа хуримтлалын 30 хүртэлх хувийг сургалтын төлбөрт зориулан авах боломжтой. Хоёрдугаарт, орон сууц худалдан авах бол урьдчилгаандаа хувийн тэтгэврийн хуримтлалынхаа 30 хүртэлх хувийг авах боломжтой. Гуравдугаарт, эрүүл мэндийн үйлчилгээний зардалд 30 хүртэлх хувийг зарцуулж болохоор заасан. Гэхдээ нэг л удаа зарцуулах хүсэлт гаргах боломжтой гэж заасан. Энэ бол ерөөсөө л та тэтгэвэрт гарах хүртэлх хугацаандаа хуримтлал үүсгэх боломж бүрдүүлэх нэг хэлбэр. Монгол Улс 2024-2040 он хүртэл хагас хуримтлалын тогтолцоо, түүнээс цааш бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих бодлого барьж байгаа. Нийгмийн даатгалын багц хуульд зааснаар 1979 он болон түүнээс хойш төрсөн иргэд 1997 онд бий болсон нэрийн дансны тооцооллоор өндөр насны тэтгэвэр тогтоолгох буюу нийт төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тэтгэвэрт гарахаар хуульд тусгасан. Тэгэхээр НДШ багаар төлж байгаад сүүлийн таван жилд ахиу төлөөд тэтгэврээ өндөр тогтоолгоё гэдэг хандлага цаашид арилна.
-Хууль батлагдахаар хувийн тэтгэврийн хуримтлалыг иргэд хаана, хэнд хандаж нээлгэх боломжтой вэ?
-Хууль батлагдахаар дагалдах журмуудыг батлан гаргадаг. Ингэснээр Хувийн тэтгэврийн сангууд бий болно гэсэн үг. Одоогоор манай компани л энэ төрлийн үйлчилгээг нээлттэй үзүүлж байна. Хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани гэж байдаг шиг Хувийн тэтгэврийн сангууд үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Иргэд сайн дурын үндсэнд тэдэнд хандан хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Хувийн тэтгэврийн сан хуультай, журамтай СЗХ-ны бүрэн хяналтад, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах учраас аливаа эрсдэлийг төрийн байгууллагуудын оролцоотойгоор хааж байна. Нэг ёсондоо иргэн таны ирээдүйгээ харж хуримтлуулсан мөнгө эрсдэлгүй болж байна. Хувийн тэтгэвэртэй болоод хүмүүс хоёр орлоготой болоод нийтлэгээрээ амжиргааны түвшин, амьдралын чанар дээшлэх боломжтой. Ийм л зөв систем Монголд хэрэгжих гээд байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна