Б.Гүрсоронзон: Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг 87 улсад хүлээн зөвшөөрөх бломжтой


“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал  Б.Гүрсоронзонтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Авто тээврийн талаар төрөөс баримтлах  бодлого чиг үүргийг  хэрэгжүүлэх үүрэгтэй “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ –ыг удирддаг хүний хувьд өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд авто тээврийн салбарт  2015 онд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнээр ажилд орж байлаа. Түүнээс хойш ахлах мэргэжилтэн, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга гээд шат дараатайгаар буюу удирдах албан тушаалтнуудын  баримталж ажиллаж ирсэн мерит зарчмаар дэвшиж одоо захирлын албан тушаал хашиж байна.

-Тэртээ 1925 онд “Монгол транс” нэртэй байгуулагдсан Монголын авто тээврийн салбар 100 жилтэйгээ золгоно. Монгол Улсын хөгжилд авто тээврийн салбарын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй гэдэгтэй та санал нийлэх байх аа?

-Тэгэлгүй яах вэ, “Монгол транс” нэртэйгээр анх байгуулагдсан авто тээврийн салбар 2025 онд 100 жилтэйгээ золгоно. Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг манай  салбар төдийгөөс өдий хүртэл хөгжин дэвшсээр ирсэн. Дэд бүтэц сул хөгжсөн манай оронд 21 аймаг, 330 суманд ачаа, шуудан, зорчигч тээврийн  үйлчилгээг хүргэх хамгийн тохиромжтой тээврийн төрөл нь авто тээвэр бөгөөд үндэсний тээвэр, логистикийн  сүлжээгээр дамжуулан  дотоодын  тээвэр, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

-Хот хоорондын  зорчигч тээврийн үйлчилгээ бол хамгийн их анхаарал, хяналт тавих газар. Ямар хяналт тавьж ажиллаж байна, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг хэрхэн шалгаруулдаг вэ?

-АТҮТ нь хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 669 тээврийн хэрэгсэл, 1440 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж байна. Ерөнхийдөө 21 аймгийн авто тээврийн төв, хоёр салбар, Улаанбаатар хотын зорчигч тээврийн хоёр төвөөр дамжуулан хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулдаг. Үйл ажиллагааг нь авто тээврийн хяналтын мэргэжилтэн, тээвэр зохицуулагчаараа дамжуулан хяналт тавьж ажилладаг. Мөн хөдөлгөөний удирдлагын төвийн ажилтнууд 24 цагаар тээвэрлэлтийг  А цэгээс  Б цэг хүртэл байнга хянадаг. Хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталдаг. Одоогоор 109 чиглэлийг сайдын тушаалаар баталсан. Тээвэрлэлт гүйцэтгэхгүй байгаа чиглэлүүдэд  аж ахуйн нэгжүүд  хүсэлт  гаргая  гэвэл нээлттэй. Аж ахуйн нэгжүүд манай байгууллагын сайт руу ороод бүрдүүлэх материалын жагсаалтуудаа татан  аваад  материалаа  бүрдүүлээд хүсэлт гаргана. Хүсэлтийг хариуцсан мэргэжилтэн судлаад ажлын хэсэгт оруулан шийдвэрлүүлэх гэсэн процессын дагуу шийдвэрлэдэг. Түүнчлэн заавал хэвлэсэн  материал авчрах  шаардлагагүйгээр teever.transdep.mn цахим хаягаар нэвтрээд зорчигч тээврийн шинээр тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлт хэсэгт шууд хандан хүсэлт гаргах боломжтой.

-Манай тээвэрчид улс хооронд ачаа тээвэрлэж байна. Улс хоорондын ачаа тээвэрлэлт бол Монгол Улсын тээврийн салбарын хөгжлийг  гадаадад харуулах “толь” юм. Хэдэн боомтоор хэчнээн аж ахуйн нэгж ачаа тээврийн  үйлчилгээ эрхэлж байна вэ?

-Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийг “Тээврийн нэгдсэн систем”-ээр  2019 оны  3-р улирлаас олгож эхэлсэн. Тээврийн нэгдсэн системд  бүртгэлтэй 533 ААНБ-ын  31202 чирэгч, 45680 чиргүүл, 29396 жолооч бүртгэлтэй байна. Үүнд:

•Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын чиглэлд 349 ААН-ийн 23322 тээврийн хэрэгсэл,  22017 жолооч,

•Шивээхүрэн боомтын чиглэлд 93 ААН-ийн 3882 тээврийн хэрэгсэл, 3266 жолооч,

•Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын чиглэлд 11 ААН-ийн  327 тээврийн хэрэгсэл, 239 жолооч,

•Ханги боомтын чиглэлд 40  ААН-ийн 1267 тээврийн хэрэгсэл, 940 жолооч,

•Сүхбаатар аймгийн Бичигт боомтын чиглэлд 26 ААН-ийн  562 тээврийн хэрэгсэл, 561 жолооч,

•Дорнод аймгийн Баянхошуу боомтын чиглэлд  гурван ААН-ийн 116 тээврийн хэрэгсэл, 107 жолооч,

•Говь-Алтай аймгийн Бургастай боомтын чиглэлд нэг ААН-ийн  202 тээврийн хэрэгсэл, 103 жолооч,

•Ховд аймгийн Ярант боомтын чиглэлд 42 ААН-ийн 1426 тээврийн хэрэгсэл, 1395 жолооч бүртгэлтэй байна.

Монгол Улс,  БНХАУ-ын  Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг /17 дугаар зүйл, жил бүрийн ээлжит уулзалтаар харилцан тохиролцдог/ хэрэгжүүлэх  яамд хоорондын протоколын  нэгдүгээр зүйлээр эрх олгосон байгууллага нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ байна” гэж заасан. Үүний дагуу 2023 онд  БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг авто замын боомтуудаар ашиглах улс хооронд байнгын ачаа тээвэрлэхэд ашигладаг хил нэвтрэх зориулалттай “С” төрлийн зорчих 50 мянган зөвшөөрлийн бичиг, ШУӨЗО-той хиллэдэг авто замын боомтуудаар  ашиглах “С” төрлийн зорчих 6000 зөвшөөрлийн бичгийг тус тус солилцон ашиглаж байна.

-Тээврийн хэрэгслүүдийн бүх төрлийн  мэдээлэл цахимжсан. Илүү боловсронгуй болгохоор юу хийж байна?

-2022 оныг Цахим жил болгосон тул АТҮТ-өөс  онлайнаар буюу цахимаар тээврийн хэрэгслийн бүх төрлийн лавлагааг авах боломж бүрдүүлсэн.  Энэ оны эхнээс Гар утасны autobox апп-ын хөгжүүлэлт дээр ажиллаж эхэлсэн. Үүгээр тээврийн хэрэгслийн хасалт, импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, зорчигчийн тасалбар захиалга, техник хяналтын үзлэгийн цаг захиалах үйлчилгээ, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, хот хоорондын зорчигч тээврийн аяллын мэдээлэл GPS, УБ хотын замын ачааллын мэдээлэл, бүх үйлчилгээнд зориулсан цахим төлбөр тооцоо, автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, мэргэшсэн жолоочийн цахим үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах зэрэг үйлчилгээг хийнэ.

-Тээврийн хэрэгслийн азын дугаарын тухай яриа тасардаггүй. Азын дугаартай байх  нь тухайн жолоочийн хобби гэх үү дээ. Дуудлага худалдааны орлого мэдээж төсөвт төвлөрдөг байх?

-Монголд анх удаа иргэдийн сонирхол татахуйц тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цахимаар явуулж байна. Одоогоор өссөн дүнгээр 11 серийн 5307 дугаарыг дуудлага худалдаанд оруулж 5221 дугаар борлогдон давхардсан тоогоор нийт 53558 иргэн оролцсон. Дуудлага худалдаанаас олсон орлогоос 10.4 тэрбум  төгрөгийг Хүүхдийн төлөөх санд төвлөрүүлсэн.

- Машинаа үзлэгт оруулсан зарим жолооч “Ялихгүй зүйл дээр тэнцүүлэхгүй буцаалаа, яаж дахин ирэх юм” хэмээн  бухимддаг. Техникийн хяналтын үзлэгийн төвүүд  нийслэлд арай цөөн байх шиг. Олон болбол дараалал багасна, цаг хэмнэнэ шүү дээ?

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар бий.  Ерөнхий шаардлага MNS 5011:2020 стандартын дагуу 161 үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийдэг. Үзлэгийн гол зорилго нь техникийн хувьд бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох эрхийг олгож буй тохирлын үнэлгээ юм. Нөгөө талаас тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилготой хийж байгаа хяналт юм. Гэтэл зарим  жолооч ташаа ойлголтоос “шалихгүй зүйл” гэж байгаа нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас гарах үр дагаврыг ойлгоогүй гэсэн үг.

Манай Техникийн хяналтын үзлэгийн төвүүд MNS ISO 17020 стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн. Манай төвүүдэд хийсэн техникийн хяналтын үзлэгийн  дүгнэлтийг  87 улсад  хүлээн зөвшөөрөх боломжтой  гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинтай мөр зэрэгцэн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг  Монгол Улсад нэвтрүүлж   байна.

Жишээ нь: тээврийн хэрэгслийн ослын гэрэл асахгүй байгаа нь жолоочийн хувьд шалихгүй мэт зүйл боловч үүнээс үүдэн гарах үр дагавар аюултай юм.  Харанхуй, үзэгдэх орчин  хязгаарлагдсан үед гэрэл асахгүй бол хойноос гүйцэж буй тээврийн хэрэгслийн жолооч харалгүй мөргөх цаашлаад  хүний  амь  эрсдэх аюултай.  Мөн жолоочийн тоормосны удирдлагын дөрөө дэх хамгаалалтын резин байхгүй байх нь шалихгүй зүйл мэт боловч гэнэтийн аюул тохиолдох, яаралтай зогсоох арга хэмжээ авах үед хөл халтирах, улмаар тээврийн хэрэгслийг  зогсоож чадахгүй  байх  аюултай.

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон стандартын шаардлагыг 100 хувь хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохын ач холбогдол нь энэ бөгөөд шалихгүй зүйл гэсэн ойлголт байхгүй. Эцсийн зорилго нь болзошгүй зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах юм.  АТҮТ нь  орон нутагт 22, Улаанбаатар хотод  таван  үзлэгийн төвөөр үйл ажиллагаа явуулж байна. Иргэд, ААН-д төрийн үйлчилгээг ойртуулах, үзлэгийн төвийн ачааллыг бууруулж түргэн шуурхай үйлчлэх зорилгоор  БГД-ийн 20 дугаар хороо “Нимонс” ХХК-н байранд, ЧД-ийн 10 дугаар хороо буюу “Дэнжийн 1000”-ын захаас  Баянхошуу явах зам дагуу үзлэгийн төвийг шинээр нээсэн. Мөн СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах “Таван богд” ХХК-ийн байранд шинэ төвийг нээхээр бэлтгэж  байна.

-Замын-Үүд дэх салбарын үйл ажиллагаа жигдэрсэн байх. Тус  боомтоор хоногт хэчнээн хэмжээний ачаа нэвтэрч байгаа бол?

-БНХАУ-ын  Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс “Ковид-19” өвчний зэрэглэлийг бууруулснаар Монгол-Хятадын авто замын хилийн боомт хэвийн горимд шилжин ажиллаж эхэлсэн.  Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2023 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар 11286 тээврийн хэрэгслээр 273.054 тн /барилга, сэлбэг, тоног төхөөрөмж, гэр ахуй, хүнс, бодис/ ачаа тээвэрлэж, өдөрт дунджаар 112 тээврийн хэрэгслээр 2967 тн ачаа импортолж, 1806 тээврийн хэрэгслээр 480.187 тн ачаа бараа /нүүрс, тоног төхөөрөмж, малын гаралтай түүхий эд, мах, амьд мал/ экспортолж, өдөрт дунджаар 22 тээврийн хэрэгслээр 6000 тн бараа материал экспортолсон. Он гарснаас хойш Замын-Үүд боомтоор нэг удаагийн 12590 ширхэг хил нэвтрэх зориулалттай “D” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг, 175 ширхэг байнгын ачаа тээврийн хил нэвтрэх зориулалттай “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг тус тус олгосон байна.

-Гашуунсухайт боомтын ачаа тээвэрлэл­тийн талаар асууя. Нүүрс тээвэрлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн “C”  зөвшөөрлийг  хэрхэн ол­­годог вэ, үйл ажиллагаанд нь ямар хяналт тавьж байна?

-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэгч нарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  2022 оны  03/3019 тоот албан бичгээр хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д 60 хувь, “Энержи ресурс” ХХК-д 25 хувь, “Тавантолгой” ХК-д 15 хувиар хуваарилан олгохыг Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-д тус тус хүргүүлсэн.

БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг авто замын  найман боомт байдаг ба Гашуунсухайт боомтын чиглэлээс бусад боомтуудад АТҮТ-өөс зөвшөөрлийн бичиг олгох ажлыг хариуцаж байна.

-Авто тээврийн үндэсний төвөөс санаачлан орон нутгийн 150-170 км тутамд  Аялал жуулчлалын цогцолбор байгуулах сонгон шалгаруулалт зарласан. Энэ төсөл иргэдийн талархлыг хүлээсэн байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

-Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам болон тус үйлдвэрийн газар нь хамтарсан ажлын хэсэг байгуулан хот хоорондын замд 150-170 км тутамд зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах төслийг эхлүүлэн сонгон шалгаруулалт зарласан. Нийт 16 ААНБ-тай 21 байршилд зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах гэрээг хийсэн. Өнөөдрийн байдлаар аялал  жуулчлалын  голлох бүс болох Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл чиглэлд гэрээ байгуулсан байгууллагуудын төслийн хэрэгжилттэй танилцахаар бүрэлдэхүүн томилогдсон байгаа.

-Орон нутгийн зорчигч тээврийн автобусны үнэ тарифын тухай  үе үе хөнддөг. Гэвч орон нутгийнхны цалин хангамж ямар байгаа билээ, зоргоор нь нэмээд байх боломжгүй болов уу?

-Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд төрөөс нөхөн олговор олгодоггүй бөгөөд АТҮТ нь  аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан тээвэрлэлтийн үнийг тохиролцож баталдаг. Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үнийг 2012-2019 он хүртэл тогтвортой мөрдөж ажилласан. Тухайн үед хот хоорондын зорчигч тээврийн хүн. км 45-55 төгрөг байсан хэдий ч хот хоорондын нийтийн тээврийн үнэ тарифыг тооцоолохдоо хүн.км 38 төгрөг байхаар тооцсон. Энэ хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж  26.7 хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд  хүсэлт гаргасны дагуу  ЗТХ-ийн сайд 2019 оны 374 дүгээр тушаалаар хүн.км 60-75 төгрөг болгосон. Гэсэн хэдий ч  түлш өссөөр байсан тул аж ахуйн нэгжүүд  удаа дараа тариф нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Нөхцөл байдалтай уялдаж Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны наймдугаар сарын 22-ны  А/233 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн нэг хүн.км-ийн жишиг тариф 100-150 болж батлагдсан. Гэхдэ  үнэ нэмэгдүүлэх  хүсэлтийг жишиг тарифын тооцоолол, ашиг алдагдлын тооцоолол, эдийн засгийн үзүүлэлтүүдийг харьцуулан нарийн тооцоолон нэмэгдүүлдэг. Одоогоор хот хоорондын нийтийн тээврийн дундаж  жишиг тариф  85-90 төгрөг байна.

-Улс орон даяар тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллого зохион байгуулан явагдаж байна. Энэ талаар товчхон ойлголт өгнө үү.

-Манай улс иргэдээ, өрхөө, малаа тухайн цаг хугацаанд тоолоод явдаг. Харин тээврийн хэрэгслийг  2007 онд / хуучнаар замын цагдаагийн газар / тоолсон бөгөөд үүнээс хойш тооллого хийгээгүй. Энэ жил ЗТХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний тухай 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн А/57/48 дугаар тушаал, ЗТХСайдын 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталсан.

 Оны эхээр техникийн хяналтын үзлэгт таваас дээш жил ороогүй байсан 150 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан. Өнөөдөр 1136290 тээврийн хэрэгсэл  бүртгэлтэйгээс 1-4 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 290 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгаа судалгааг нийслэл аймаг, сум, дүүрэг тус бүрээр гаргасан.Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллого явуулснаас хойш  шинэчилсэн бүртгэлд хамрагдсан тээврийн хэрэгслийн тоо 4289, үүнээс журмын хүрээнд хассан 736, хасуулах хүсэлт өгсөн 1085, өмчлөгчийн мэдээллийг шинэчилсэн 3549, мэдээллийн санд бүртгэлгүй гурав, худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэлээр тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн боловч худалдан авсан иргэн нэр дээрээ бүртгэл хийлгээгүй 985 тээврийн хэрэгсэл байна. Энэ үйл ажиллагаа ирэх зургадугаар сар хүртэл үргэлжилнэ.

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

Ж.Намжил

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24524/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22