Хүүхдийн цахим хүчирхийллийн эсрэг аяныг эхлүүллээ


 

Цахим хүчирхийллийн эсрэг “Anti social bully” аян эхэллээ. Уг аяныг “Бодлогод суурилсан залуучуудын ухаалаг гарц” төрийн бус байгууллагаас санаачилсан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын сайтын холбоо, Хүний нөөцийн ассосиацтай хамтран зохион байгуулж байгаа юм. Аяныг Сүхбаатар дүүргээс албан ёсоор эхлүүлсэн бөгөөд аяны хүрээнд өнөөдөр ХХЗХ, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулжээ.  Сургалтад Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 50 гаруй сургуулийн  захирал, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудыг хамруулсан байна. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх аянаар нийслэлийн есөн дүүргийн ЕБС-уудын захирал, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш зэрэг 20 мянга орчим алба хаагчийг сургалтад хамруулах гэнэ.  Энэхүү аян 2023 оныг дуустал үргэлжлэх юм. Аяны талаар холбогдох хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

Г.Нянтайсанжаа: Өсвөр насныханд зориулсан хаалттай 100 групп байна

 /“Anti social bully” аяныг санаачлагч/

-Өсвөр насныхан цахим орчноос ямар ч шүүлтүүргүй мэдээлэл авч байна. Тиймээс тэднийг бид хамгаалах үүрэгтэй. Монгол Улсад өсвөр насныханд зориулсан хаалттай 100 групп бий. Өсвөр насны бүртгэлтэй 300 мянга гаруй аккаунт байгаагийн 83.7 хувь нь хуурамч. Насанд хүрээгүй хүүхэд сошиалаар дамжин залиланд өртөх, бэлгийн хүчирхийлэлд автах зэрэг таагүй, хар бараан мэдээлэл долоо хоног алгасахгүй хэвлэл мэдээллээр цацагддаг болсон. Энэ бүхнийг нийгэм тэр чигээрээ харж байгаа хэрнээ ямар нэгэн дорвитой үйлдэл хийхгүй байх шиг. Тиймээс цахим орчинд гэмт хэргийн золиос болж байгаа хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ авъя, таслан зогсооё, шаардлагатай хүмүүст нь мэдээлэл дамжуулах, анхаарлын төвд оруулах зорилгоор уг аяныг эхлүүлж байгаа юм. Аяныг хэрэгжүүлснээр цахим орчинд үйлдэх хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо 50 хувиар буурна гэж үзэж байна. Цахим гэмт хэрэгт  нэг ч гэсэн хүүхэд өртөхөөс сэргийлж чадвал бидний эхлүүлсэн аян үр дүнгээ өгч, зорилго биелнэ гэсэн үг. Хүүхдийг цахим гэмт хэргээс хамгаалах гэдэг утгаараа төрийн болон хувийн хэвшлийнхэн бидний аяныг уриалгахан хүлээн авч, дэмжин ажиллаж байна. Цахим орчинд “Anti social bully” нэртэй пэйж хаяг нээсэн. Үүгээрээ дамжуулан цахим гэмт хэргээс хэрхэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, хуурамч акаунтыг яаж ялгах зэрэг контент бэлтгэл хүргэхээр зэхэж байна. Өнөөгийн өсвөр насныхан цахим орчинд олон цаг өнгөрүүлдэг учраас түүгээр нь дамжуулан олон төрлийн таниулах арга хэмжээ, зөвхөн хүүхдэд зориулсан контент хүргэх юм. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх учраас цахимыг нь ашиглаж хүүхдүүдэд хүрч ажиллах болно.


О.Батхүү: Цахим мэдээллүүд шүүлтүүргүй байгаад эмзэглэж байна

/Монголын сайтын холбооны ерөнхийлөгч /

 -Манай холбоо бол 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өмнө холбооныхоо гишүүдэд чиглэсэн сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жил хэрэглэгчид рүү хандсан цахим акц өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүний эхлэл нь цахим хүчирхийллийн эсрэг “Anti social bully” аян болж байгаа юм. Мөн хоёр хүүхдийн аав гэдэг утгаараа хүүхэд хамгаалах чиглэлээр дорвитой ажил өрнүүлж, дуу хоолойгоо өрнүүлэх ёстой гэж үздэг. Цахим мэдээллүүд шүүлтүүргүй явж байгаад эмзэглэж байна. Энэ аян үр дүнгээ үзүүлнэ. Яагаад гэвэл аяны цаад агуулга нь мэдээлэлд шүүлтүүртэй хандах. Ийм байр сууринаас хандаж, сайтын холбоо аяны хүрээнд зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг олон нийтэд түгээх, иргэдийг мэдээллээр хангах үүргээ биелүүлж уриалан ажиллах юм. Нийгмийн сэтгэлзүйч нар энэ аяны арга хэмжээнд түлхүү оролцоосой. Иргэд болон хүүхдүүдийн сэтгэл зүйг гэмтээсэн мэдээллийг манай сайтууд олон нийтэд түгээхдээ шүүлтүүртэй байхыг уриалж, бас холбооны зүгээс анхаарч байна. Энэ жил “Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэнэ” гэсэн уриалгыг Монголын сайтын холбооноос дэвшүүлж, хэрэгжүүлж байгаа юм. Монголын сайтын холбоо 14 жилийн ой, мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан уг арга хэмжээг санаачилж, хамтран хэрэгжүүлэгчдийн нэг болж байгаадаа баяртай байна.


Т.Батболд: 13-18 насны хүүхдийн 77 хувь НЬ фэйсбүүкийн хоёроос дээш хаягтай

 /ХХЗХ-ны Интернэтийн сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга/

-“Бодлогод суурилсан залуучуудын ухаалаг гарц” төрийн бус байгууллагын залуус хүүхэд хамгаалах чиглэлээр аян өрнүүлэхээр манайд хандсан. Аяны хүрээнд сургуулиудын нийгмийн ажилтнуудыг сургалтад хамруулж, хэд хэдэн контент бэлтгэнэ. Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар судалгаа хийсэн. 7-12 насны хүүхдүүдийн 62, 13-18 насныхны 71 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг байна. Хүүхдийн 80 хувь нь 10-14 насандаа интернэт ашиглаж сурсан байгаа юм. Тэгвэл 97 хувь ухаалаг гар утсаараа интернэтэд холбогддог байна. 7-18 насныхан 2-4 цагийг интернэтэд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Уг нь бол 1-2 цаг л байх ёстой. Түүнчлэн хүүхдүүдийн 89 хувь нь аав, ээжийнхээ эзгүйд интернэтээр аялдаг байна. Хүүхдийн хамгийн их ашигладаг сошиал медиа нь фэйсбүүк, youtube, инстаграм, тик ток. 13-18 насны хүүхдүүдийн 77 хувь нь хоёр болон түүнээс дээш фэйсбүүк хаягтай байгаа юм. Шалтгааныг нь асуухад “Нэг хаягаар нь гэрийнхэн болон ах, дүү нартайгаа харилцдаг. Харин нөгөө хаягаараа найз нөхөдтэй болж, бусадтай чөлөөт харилцаа үүсгэх, эцэг, эхийн хяналтгүй сошиал ашиглах зорилготой” гэж хариулжээ. Ер нь хүүхдүүдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдлэг, мэдээллээр сайн хангах хэрэгтэй. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана.


Г.Ариунчимэг: Цахим хэрэглээг эцэг, эхчүүд үлгэрлэх хэрэгтэй

 /ГБХЗХГ-ын Сургалт, судалгаа мэдээллийн төвийн захирал/

-“Бодлогод суурилсан залуучуудын ухаалаг гарц” төрийн бус байгууллагаас санаачилсан аяныг манай байгууллага есөн дүүрэг дэх салбараараа дамжуулан илүү далайцтай өрнүүлэхээр зэхэж байна. Аяны хүрээнд эцэг, эхчүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтнууд, сурагчдад сошиал орчныг ашиглан олон талт мэдээлэл өгөх юм. Ер нь бол цахим орчин дахь гэмт хэрэг сүүлийн үед нийгмийг хамгийн их цочирдуулдаг асуудлын нэг болсон. Тиймээс бид дэмжиж, хамтарч ажиллах ёстой. Хүүхдүүд яагаад цахим халдлагад өртөж байна вэ. Сургуулиудын багш нар цахим орчинд хэрхэн ажиллах мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас хүүхдүүдэд нөлөөлж чадахгүй байна. Тиймээс тэднийг сургалтад хамруулж, энэ талын мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар эцэг, эхчүүдийн цахим хэрэглээ замбараагүй атлаа хүүхдүүдийнхийг хязгаарлаж чадахгүй байгаа юм. Бид үлгэрлэх ёстой. Дэлхий дахинд цахимыг өргөн хэрэглэж байхад бид хязгаарлаж, хорьж чадахгүй. Гагцхүү мэдээллийн эрсдэл, аюулыг ялгаж сурах нөлөөллийн аяныг цахимаар зохион байгуулна. Үр дүн нь тодорхой хэмжээгээр гарна гэж итгэж байна. Эрсдэл, аюултай мэдээллийг ялгаад сурвал аяны үр дүн гарч, цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэрэг багасах байх.

 

Г.Арсланхуяг: Хүүхдүүд сониуч зангаасаа болж цахим гэмт хэрэгт холбогдох тохиолдол олон гарч байна

 /ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа/

-Цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдаад 70 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэй нас насны онцлогт нь тохирсон нөлөөллийн ажил, арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүүхэд, багачууд цахим гэмт хэрэгт өртөж хохирох, заримдаа сониуч зангаасаа болж холбогдох тохиолдол олон гарахын зэрэгцээ үе тэнгийн хүүхдүүд  нэгнийгээ дээрэлхэх, цахим орчинд сөрөг мэдээ мэдээлэл түгээх, нэр төрийг нь гутаан доромжлох асуудал багагүй гарч байна. “Anti social bully” аяны хүрээнд цахим орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хамгаалах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарын хамтын ажиллагаа сайжруулах чиглэлээр ажиллах юм. Цаашид зөвхөн эцэг, эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийг мэдлэг мэдээлэлтэй болгохоос гадна хүүхдийг хүний эрхийн мэдрэмжтэй болгох, хэн нэгний эрхэнд халдахгүй байх, цахим орчны зохистой хэрэглээний талаар болон цахим гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос өөрийгөө хамгаалах, өртсөн тохиолдолд хаана хэнд хандах талаар мэдлэгтэй болгох зорилгоор үр дүнтэй сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  


С.Наранбаатар: Сургуулийн удирдлагууд, багш нар орчноо бус хүүхдийг тэргүүнд тавиасай

 /Монголын хүний нөөцийн хөгжлийн ассосиацын  гүйцэтгэх захирал/

-Сүүлийн үед сошиал хэрэглээний асуудлыг хүмүүс нэлээд хөндөж байна. Мөн сургуулийн орчин дахь цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага нийгэмд бий болсон. Цахим орчинд хүүхдийн асуудал сургуулийн багш, удирдлагуудын хамгийн тэргүүлэх стратегийн бодлого байгаасай гэж харж байна. Хүүхэд дундаа цахим орчин болон бусад эрсдэлийг бодлогын түвшинд гаргаж ажиллаасай гэдгийг уриалж, хамтран ажиллах юм.

Байгууллага бүр өөрийн гэсэн стратеги төлөвлөгөө, бодлоготой. Тэгвэл нэн тэргүүнд хүүхдийн цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо тавиасай гэж хүсэж байна. Хамтдаа бодлогууд нь хэрэгжээд эхлэхээр урьдчилан сэргийлэх бодлого нь зөв болж байгаа юм. Дээрээс нь хичээлийнхээ хөтөлбөрт тодорхой хэмжээгээр оруулах, хичээл эхлэхийн өмнө энэ чиглэлээр сануулга өгмөөр байна. Энэ талаас нь манай ассосиац хамтран ажиллаж байгаа.

Аяныг хэрэгжүүлснээр эрсдэлийг бууруулахад үр нөлөөгөө өгөөсэй. Мөн тухайн сургуулийн багш хичээлийн хөтөлбөртөө, захирал стратегийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийг хүүхэд болговол бидний аяны үр дүн бодитоор гарч, биеллээ олох юм. Анзаараад байхад сургуулиуд тохижилтын асуудлыг нэгдүгээрт тавиад байх шиг. Тэгвэл үүнийг түр хойшлуулж, хүүхдийг тэргүүн эгнээнд авч үзээсэй гэж хүсэж байна даа. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22