Х.Пүрэвжаргал: Авто замчдын хөдөлмөрөөр авто замын салбар хурдацтай хөгжиж байна



 “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргалтай ярилцлаа.

 
-Олон нийтийн шүүмжлэл да­гуул­даг авто замын чанар буюу нимгэн, зузааны асуудлаас яриагаа эхэлье?
-Манай байгууллага олон улс, улсын чанартай авто замыг хариуцан ажилладаг. Олон улс, улсын чанартай авто зам нь олон улсын зэрэглэлээр гурав, Налайхын зам хоёр, Хөшигийн хөндийн зам нэгдүгээр ангилалд багтдаг. Бидний өдөр бүр зорчдог, зорчих хэсгийн өргөн нь долоон метр, хоёр талдаа 1.5 метрийн хөвөөтэй авто зам бол гуравдугаар ангиллынх. 
Авто зам төсөллөх норм ба дүрэмд заасан шаардлагыг үндэслэж тухайн чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо буюу хөдөлгөөний эрчимд суурилж төлөвлөдөг. Гэтэл үүнийг хөдөлгөөний эрчим, ангилал зэрэглэл өндөртэй бусад улс орны авто замтай харьцуулж, шүүмжилдэг нь өрөөсгөл ойлголт. Тухайн улс орнууд хөдөлгөөний эрчмийг үндэслэн нэг, хоёрдугаар ангиллын авто зам байгуулахаас өөр аргагүй. 


-Улсын болон олон улсын чанартай гэх ангилалд хэдэн км авто зам багтаж байна. Мөн манай улс нийт хэдэн км хатуу хучилттай авто замтай болоод байна вэ? 
-Монгол Улсын авто замын сүлжээ 112 мянга гаруй км, үүнээс олон улс, улсын чанартай 14921.3 км авто замтай бөгөөд 7485.6 км хатуу хучилттай авто зам. 17482.1 у/метр гүүр, тусгай зориулалтын буюу хүнд даацын 908.6 км авто замыг барьж ашиглаж байна. Нийслэл хотыг аймгийн төвүүдтэй, аймгийн төвүүдийг хооронд нь, мөн нийслэл хотыг хилийн боомтуудтай холбосон замыг олон улс, улсын чанартай авто зам гэдэг. Энэхүү авто замын засвар, арчлалтыг улсын хэмжээнд 32 авто зам засвар арчлалтын компани хариуцан ажилладаг.

Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд манай байгууллагын чиг үүргийг тодорхой тусгасан. Бид энэ чиг үүргийнхээ хүрээнд долоон хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, захиргаа санхүүгийн хэлтэс, бодлогын хэрэгжилт, зураг төслийн магадлал, стандарт, норм нормативын хэлтэс, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын хэлтэс, барилга угсралтын хяналтын хэлтэс, авто зам ашиглалтын хэлтэс, авто замын итгэмжлэгдсэн төв лаборатори,  төлбөр авах үйл ажиллагааны хэлтэс. Бодлогын хэрэгжилт, зураг төслийн магадлал, стан­дарт, норм нормативын хэлтэс салбарын баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох дунд хугацааны хө­төл­бөрийг хэрэгжүүлэх, стандарт, норм норматив боловсруулж батлуулах, зам, замын байгууламж, төмөр зам, аэродромын зураг төсөлд магадлалын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна  зураг төслийн чанарыг сайжруулах, магадлалын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиг үүрэгтэй.  Бид 2015 оноос хойш 1053 зураг төсөлд магадлал хийж, баталсан байна. Харин олон улсад нэвтэрч буй шинэ техник технологийг судлах, салбарт нэвтрүүлэх судалгаа, улсын чанартай авто замын хөдөлгөөний эрчим, техник ашиглалтын түвшин, хөрөнгийн элэгдлийг тогтоох, ашиглалтын байдлын үнэлгээг гаргах, орон зайн болон мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, паспортын мэдээ баяжуулалтыг эрдэм шинжилгээ судалгаа, инновацын хэлтэс гүйцэтгэж байна. БНСУ-ын Барилгын технологи, судалгааны хүрээлэн /KICT/-тэй хамтран авто замын засвар арчлалтыг төлөвлөх, ээлжит засварыг гүйцэтгэх ажлын судалгааг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Таны дурдсан хэлтсээс авто замын итгэмжлэгдсэн төв лабораторийг онцолж асуумаар байна. Тухайн хэлтэсийнхэн авто замын чанарт шинжилгээ хийдэг байх. Энэ тухай тодруулна уу?

-Тус лаборатори сүүлийн үеийн өндөр нарийвчлал бүхий багаж, тоног төхөөрөмж ашиглан зам, гүүрийн барилгын 12 төрлийн материалын дээжид 108 үзүүлэлтээр сорил туршилт, мөн хийцийн орц, норм тогтоох, физик, механик, химийн шинж чанарыг тодорхойлох шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Манай лаборатори олон улсын “ЖАЙКА” байгууллагатай хамтарч, дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хамгийн өндөр хүчин чадалтай,  орчин үеийн тоног төхөөрөмжтэй болсон.

-Дараагийн онцлох нь барилга угсралтын хяналтын хэлтэс байна. Тухайн хэлтэс одоогоор хэдэн авто замын ажилд хяналт тавьж байна вэ?

-Монгол Улсад шинээр барьж буй бүх авто замын захиалагчийн хяналтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, манай байгууллага төрийн өмнөөс чанарын хяналт хийдэг гэсэн үг. Энэ сарын 9-ний байдлаар 28 обьектод хяналтын ажил гүйцэтгэж байна. Эдгээр нь шинээр барьж байгуулж буй авто зам, гүүрийн барилга угсралтад хяналт хийнэ гэсэн үг. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн учир цаашид энэ тоо нэмэгдэнэ.

-Олон нийтийн ялангуяа тухайн чиглэлд зорчдог иргэдийн шүүмжлэлд өртөж буй Дарханы авто замд шинжилгээ хийж, хяналт тавьсан уу. Ямар дүгнэлт гарсан бэ? 

-Бид олон улсын зээл тусламж, гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан авто замд хяналт тавьдаггүй. Тэдгээрийн нэг нь Улаанбаатар-Дархан чиглэлийн зам. Тиймээс тухайн замын ажилд хяналт тавих эрхгүй гэсэн үг. Яагаад гэвэл, санхүүжүүлэгч байгууллага техник технологийн зөвлөх үйлчилгээ буюу захиалагчийн хяналтаа тендер зарлаж сонгодог.

-Шинээр барьж буй авто зам, гүүрийг хүлээж авахад ямар шаадлага, шалгуур тавьдаг вэ. Ер нь тухайн шаардлага, шалгуурыг хангаж чадаж байна уу?

-Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах журам”, барилга угсралтын үед мөрдөх техникийн шаардлага холбогдох бусад стандарт норм баримт бичгийг үндэслэж хүлээж авдаг. Тэдгээрээс хамгийн гол нь анх баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг баримталдаг. Гэвч барилга угсралтын шатанд зураг төсөлд тусгаагүй, төсөвт тооцоолоогүй асуудал, бэрхшээл тулгардаг. Техникийн шаардлагын дагуу бариагүй чанар муутай барьсан тохиолдлууд ч бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Тиймээс шинээр барьж буй авто замыг чанарын шаардлага хангуулахад Зам, тээврийн хөгжлийн яамныхаа чиг үүрэг, удирдлагын дагуу барилга угсралтын хяналтын хэлтсийнхэн маань үйл ажиллагаагаа улам сайжруулах чиглэл барьж ажиллаж байна. 

-Манай улсын авто замын салбар бусад улс оронтой харь­цуулахад ямар түвшинд байна вэ?

-Манай улс өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөтэй учраас хол зайд урт замууд баригддаг. Эрс тэс уур амьсгалтай тул барилгын ажлын хугацаа богино байх онцлогтой. Гэсэн хэдий ч анх мянганы замын тухай төлөвлөж, барьж эхлүүлж байхад хол сонсогддог байсан. Бид үндсэндээ голлох зорилтуудаа биелүүлж 21 аймгаа хатуу хучилттай авто замаар бүрэн дүүрэн холбох ажлыг 2022 онд амжилттай дуусгасан. Бусад улс оронтой харьцуулахад хүн ам, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн үндсэн үзүүлэлт зэргийг харьцуулахад бүх аймгаа,“Нутгийн зам” хөтөлбөрийн хүрээнд 100 орчим сумыг хатуу хучилттай авто замаар холбосон нь маш том үзүүлэлт. Монголын авто замын салбар маш хурдацтай, үсрэнгүй хөгжиж байна гэж дүгнэж болохоор байна.

-Нэг үеэ бодвол манай улсын авто замын салбар хурдацтай хөгжиж байгаа ч барьж бай­гуулсан авто зам, гүүр эвдрэх асуудал нэлээд гардаг. Энэ нь чанартай холбоотой байна уу. Эсвэл өөр шалтгаан бий юү?

-Хамгийн эхний асуудал нь чанар учраас бид үүнд нэлээд анхаарч, холбогдох норм, дүрэм, стандартаа баримтлан ажилладаг. Чанарын зарим нэг жижиг доголдол дээр нэмэгдэж буй томоохон асуудал бол даацын хязгаарлалт. Өөрөөр хэлбэл, том оврын ачааны машинд даац хэтрүүлж ачих нь авто замын эвдрэлийн гол шалтгаан болж байна.

Бидний одоогийн ашиглаж байгаа нийтийн зориулалттай, гуравдугаар ангиллын авто зам буюу бүх жин нь 44 тонн даацтай байхаар тооцож барьсан. Гэтэл энэхүү замаар 80 болон түүнээс дээш тонн ачаа ачсан том оврын ачааны автомашин зорчиж, эвдрэл үүсгээд байгаа юм. Олон улсад эдгээр ачаа тээврийг зорчих зориулалт бүхий тусгай зориулалтын авто замаар зорчуулдаг. Ая тухтай, аюулгүй зорчиход бүх талын оролцоо чухал. Авто зам бол иргэн, төр хоёрын хамтын хөрөнгөөр бий болсон нийтийн өмч. Гэтэл тодорхой хэсэг бүлгийн ашиг олох зорилгоор даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож, нийтийн өмчийг эвдэлж, бусдын эрх ашгийг хохироож болохгүй. Даац хэтрүүлэн тээвэр хийснээс үүдэж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Тиймээс авто замаа хайрлаж, даац хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.

-Манай улсын хувьд даацын авто зам хэр хүртээмжтэй вэ. Энэ төрлийн авто замыг нэмэгдүүлэх боломжтой юу?

-Авто зам төсөллөх норм дүрэмд зааснаар хүнд даацын ачаа эргэлтийг гүйцэтгэх тусгай зориулалтын авто замын шаардлагыг тусгасан. Энэхүү стандартаар авто зам барих төсөвт өртгийн хувьд маш өндөр. Одоогийн улс болон олон улсын чанартай авто замаар хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 5-7 хувийг ачааны авто машин эзэлдэг. Тиймээс үүнд зориулж, даацын тусгай авто зам барих шаардлага байхгүй.

-Улаанбаатар хот дотор, мөн нийслэлээс орон нутаг руу хүнд оврын ачаа тээвэрлэдэг жолооч нар хаагуур зорчих вэ. Үүнийг шийдэх гарц шийдэл нь юу вэ?

-Тусгай зориулалтын замаар зорчих хүсэлт гаргасан тохиолдолд хар өнгийн дэвсгэр бүхий улсын дугаар олгох зохицуулалт бий. Хүнд даацын ачааг задалж, жинг нь багасгаж зөөвөрлөх шаардлага тавьдаг. Задалж, даацыг нь багасгах боломжгүй ачааны тухайд зөвшөөрсөн хэмжээнээс 10 орчим хувийн илүү жинтэй бол тодорхой хэмжээний төлбөр төлж тээвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Харин үүнээс илүү даацтай ачааг төмөр зам ч юм уу ямар нэгэн зориулалтын тусгай замаар тээвэрлэх ёстой.

-Зам засварын ажлыг тодорхой график төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэдэг үү. Эсвэл эвдэрсэн үед нь янзлах ёстой юу?

-Авто замын засвар арчлалтын ажлыг урсгал, ээлжит, их засвар гэж хуваадаг. Урсгал засварыг жил бүр төлөвлөгөөний дагуу, ээлжит засварыг 3-5 жил тутамд хийдэг. Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалж, манай улсын авто зам өвөл хөлдөж, зун халж, хавар, намарт гэсдэг онцлогтой. Температурын болон бусад нөлөөллөөс замын өнгөн хэсэгт хагарал үүсэж, доод бүтээцүүдэд ус нэвчсэнээр эвдрэл үүсдэг. Хавар, намрын хөрсний гэсэлтийн үед хучилтын бүтээц эмзэг болсон замаар том оврын тээврийн хэрэгслийн нөлөөгөөр ямар ч сайн чанартай авто зам эвдрэх нөхцөл бүрддэг. Ийм ан цавын хагарлыг гагнах ажлыг халуун, хүйтэнд хийж болдоггүй, жил бүрийн энэ хугацаанд гүйцэтгэдэг. Энэ мэт урсгал засварын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Харин ээлжит засварын ажлыг хөрөнгө мөнгөгүйгээс болж цаг хугацаанд нь хийж чаддаггүй. Хэрэв ээлжит засварыг цаг хугацаанд нь хийж байвал их засварын хугацааг уртасгах, хийхгүй байж болох хүртэл боломжтой. Замыг их засвар хийх хэмжээнд хүртэл ээлжит засвар хийхгүй байвал зардал өндөр бөгөөд эдийн засагт хүндрэл, бэрхшээлийг үүсгэдэг.

-Дээр дурдсан ээлжит болон их засварын ажлыг энэ жил хийх үү. Энэ ажилд шаардлагатай тоног төхөөрөмж байдаг уу?

-Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт томоохон хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, 35 тэрбум төгрөгийг зөвхөн их засварт зарцуулахаар улсын төсөвт тусгуулсан. Ийм өндөр хэмжээний санхүүжилтийг өмнө нь төсөвт тавьж байгаагүй. Энэ төсвөөр 2023 оны зуны улиралд хэд хэдэн байршилд томоохон их засварын ажил хийж гүйцэтгэнэ.

Бид 2021 оноос ээлжит засварын ажлыг эхлүүлсэн. Олон улсад 1950 оноос ашиглаад хэвшсэн ээлжит засварын технологийн хоёр машин шинээр худалдаж авсан. Хучилтын гадаргууд бага зэрэг элэгдсэн замын өнгөн хэсэгт уг машинаар нимгэн элэгдлийн үе дэвсэж, насжилтыг 3-5 жилээр уртасгадаг. Авто замын засвар арчлалтыг хөнгөвчилж байна гэсэн үг. Энэ жил 60 орчим км замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн.

-Их засварын ажилд зо­риулж төсөвт тусгасан 35 тэр­бум төгрөгийг аль чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

-Хэнтий, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Архангай гэсэн таван чиглэлд их засварын ажил хийнэ. Эвдрэл ихтэй, зайлшгүй их засвар хийх шаардлагатай хэсгийг сонгож байгаа. Авто замын бүтээн байгуулалтын хувьд их засварт зарцуулахаар төлөвлөсөн 35 тэрбум төгрөг бол хангалттай хэдий ч цаашид авто замын их засварт зарцуулах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт суулгах нь зүйтэй.

-Ер нь зам засвар, арчлалтыг цаг хугацаанд нь хийж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулах төсөв мөнгө хангалттай байж чаддаг уу?

-Жил бүр авто замын сүлжээний урт болон насжилтыг нэмдэг. Энэ жилийн хувьд олон улсын болон улсын хэмжээний авто замыг засаж сайжруулахад 160 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл улсын төсөвт 59 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Үүний тодорхой хувийг хөдөлгөөний эрчмийн тооллого, үер усны аюул гэх мэт онцгой тохиолдолд гээд олон ажилд зарцуулдаг. Засварын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалт хасагдсаар дөрөв дахин бага буюу 44 тэрбум төгрөг үлдсэн. Энгийн үгээр тайлбарлавал, энэ мөнгөөр дөрвөн нүхний нэгийг нь л нөхөх боломжтой. Авто замын тухай хуульд авто замын засвар, арчлалтын хөрөнгийг Авто замын санд долоон эх үүсвэрээс бүрдүүлэхээр заасан ч нэгээс бусад  эх үүсвэрээс орлого бүрдүүлэх заалт хэрэгжихгүй байна.  Нэг­дүгээрт, улсын төсвийн хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт, гадаадын зээл тусламж. Гуравдугаарт, импортоор оруулж ирж буй авто машины татвар. Дөрөвдүгээрт, авто зам ашигласны төлбөр хураамж. Тавдугаарт, авто замын зурвас газарт үйлчилгээ эрхэлсний төлбөр хураамж. Зургадугаарт, хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч нарын гаргасан зөрч­лийн торгуулийн орлого. Долдугаарт, Засгийн газрын тогтоол. Импортолж буй бензин, шатахууны татварын тодорхой хувийг зам засварын ажилд зарцуулах ёстой. Дөрөвдүгээр заалтыг хэрэгжүүлэхийн тулд авто замын дагуух зурвас газраа Газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, кадастрын бүртгэлд хамруулах ажлыг гүйцэтгэж байна.

Авто зам ашигласны төлбөр хураамжаар жилд ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөг хуримтлуул­даг. Нийслэл Улаанбаатар хотоос гарах, орох таван байршилд ТАЦ-ийг цахимжуулж дэлхийн жишигт нийцүүлсэн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тодруулбал, дугаар таних үйлдлийн системийг нэвтрүүлж, нэхэмжлэхийг жолооч руу цахимаар илгээдэг болсон. Тухайн жолооч төлбөрөө ebarimt, emongolia болон бусад цахим хэтэвч ашиглаад төлөх боломжтой. Цаашид бид улсын хэмжээний 32 постыг цахимжуулахаар ажиллаж байна. Хотоос гарах товчоог цахимжуулснаар тээврийн хэрэгсэл хоёр секундэд нэвтэрдэг болсон. Гэсэн ч жолооч нар үүргээ биелүүлэхгүйгээс болж цахимд шилжээд хагас жил болж байхад төлөлтийн биелэлт 6-7 хувь байна. Төлөлт ийм хэмжээнд үргэлжилбэл авто замыг засаж сайжруулахад зарцуулах шаардлагатай мөнгийг хуримтлуулж чадахгүйд хүрнэ.

-Тэгвэл цахим төлбөр төлөлтийг эрчимжүүлэх ямар шийдэл байна вэ?

-Захиргааны арга хэрэглэхээс өөр арга байхгүй. Жишээлбэл, авто машинаа үзлэг оношилгоонд оруулахад, нэр шилжүүлэхэд төлбөр хураамжаа бүрэн төлсөн байх ёстой гэх байдлаар арга хэмжээ авах хэрэгтэй.

-Ярилцлагын төгсгөлд жолооч нарыг бухимдуулдаг, харилцан адилгүй, янз бүр байдаг хурд сааруулагчийн талаар тодруулъя?

-Хурд сааруулагчийг гүйцэт­гэгч компаниуд янз бүр хийдэг. Тиймээс бид нэг стандартын дагуу хийж гүйцэтгэх албан шаардлагыг хариуцаж буй байгууллагуудад нь хүргүүлсэн. Авто замын тухай хуулиараа аймаг доторх авто замыг тус аймгийн захиргаа, хот доторх замыг хотын захиргаа хариуцдаг.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22