Н.Учрал: Ирэх 30 жилд хүн биш хууль, технологи засагладаг улс болохын төлөө ажиллаж байна


Төрийн үйлчилгээний нэгдсэн платформын “E-Мongolia 3.0” шинэчилсэн хувилбарыг нээсэнтэй холбогдуулан ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛТАЙ ярилцлаа.

-Төрийн үйлчилгээг цахимжуулах ажил нэг шатаар ахилаа. “E-Мongolia 3.0” шинэчилсэн хувилбарын онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ. Иргэдэд ямар давуу талыг бий болгож байна вэ?

-2020 онд “E-Мongolia” системийг нээсэн. Үүнээс хойш 82 мэдээлэл хариуцагчаас, 1000 гаруй үйлчилгээг цахимаар олгодог болсон. Гол  давуу тал нь өнгөрсөн хугацаанд бид “Таны хувийн мэдээллийг төр ашиглалаа” гэж мэдэгддэг байсан бол одоо хиймэл оюун ухаанд түшиглээд эхлээд сануулдаг болсон. “Гадаад пастортын хугацаа чинь дууслаа, иргэний үнэмлэхээ сунгуулна уу” гэх мэтээр сануулга өгөх нь байна шүү дээ. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй болон  багш,  оюутны  мэдээллийн  санг нэмлээ. Тэгэхээр эдгээр мэдээллээ заавал цаасаар авч явах шаардлагагүй боллоо гэсэн үг. Энэ удаад нотариатын үйлчилгээ цахим системд нэгдсэн нь хамгийн том дэвшил.

Нотариатаар байгуулсан гэрээнүүдийг “E-Мongolia” руу оруулаад эхлэхээр та аль ч төрийн байгууллагаас худалдах, худалдан авах гэрээгээ шалгах бүрэн боломжтой. Төрийн бүх байгууллагуудад лавлагааг нэвтрүүлсэн учраас иргэний зөвшөөрснөөр нотариатын гэрээг харж болно. Цаашид нотариатын гэрээг заавал цаасан хэлбэрээр шаардахааргүй болж байна. Мөн бид шинэчилсэн хувилбарын хүрээнд ухаалаг чат бот ашиглаж эхэллээ. Ингэснээр иргэд цаг алдалгүй мэдээлэл авах боломж бүрдэж байгаа юм. Вагоны билет захиалах юм уу онлайнаар шоппинг хийх зэрэг бусад үйлчилгээг зөв интеграц хийсэн. “E-Мongolia”-гийн үндсэн зорилго бол цахимжилтыг бий болгож, авлигагүй нийгмийг бүтээхэд чиглэж байгаа.

Бидний эхлүүлсэн цахимжилтын ажил байгаагүй бол төрийн  1027 үйлчилгээ хүнээс хамааралтай хэвээр байх байлаа. Үүнийг дагасан хүнд суртал, авлига хээл хахууль гэдэг зүйлийг  халж, технологийн шинэчлэлийн хүрээнд хүнээс хамааралгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжийг бий болгож байна. Сүүлийн үеийн ганцхан жишээ татахад,  хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор асуудал үүссэн. Учир нь  төрийн холбогдох байгууллагын мэдээллүүд зөрүүтэй байсан. Энэ тухайд л гэхэд бараг 25 мянга орчим гомдол,  санал бидэнд ирсэн. Одоо тэгвэл ийм асуудал үүсэхгүй. Яаж гэхээр төрд байгаа мэдээллээ буюу мэдээлэл хариуцагч 5000 байгууллагын мэдээлэл нь үнэн зөв эсэхийг  иргэд өөрсдөө хянаад засварлах боломжтой боллоо. Түүнчлэн иргэд төрөөс хүссэн үйлчилгээнийх нь явц ямар байгааг “E-Мongolia”-гаас харж болохоор болсон. Аль байгууллагад өөрийнх нь хүсэлт очсон, түүний шийдвэрлэлт ямар байгааг иргэн өөрөө харах боломжтой буюу хэрвээ хариу ирүүлээгүй тохиолдолд аль байгууллага гацаагаад байгааг мэдчих нь байна шүү дээ. Ингээд эргээд  холбогдох газарт нь мэдэгдээд асуудлаа шийдүүлэх боломж нээгдэж байна. Ерөнхийд нь дүгнэхэд энэ удаагийн шинэчлэл илүү иргэн талдаа шийдэл болсон гэж хэлэх байна. Шилэн, ил тод, нээлттэй нийгмийг бүтээхэд “E-Мongolia” маш том хувь нэмэр оруулж байгааг хаана хаана ойлгох хэрэгтэй. “E-Мongolia 3.0”  системийн хүрээнд бид гаднын орнуудаас шууд дуудлага хүлээн авдаг боллоо. Өөрөөр хэлбэл, гадаадын аль ч улс оронд амьдарч буй иргэн эх орон руугаа буюу төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар ЦХХХЯ-ны Олон нийттэй харилцах хэлтэстэй холбогдох боломжийг бүрдүүллээ. Мөн чат илгээхэд бид хиймэл оюун ухаанаар дамжуулан хариу өгөх боломжтой болж байна. 


-Цаашид цахимжилтыг ямар түвшинд хүргэхээр зорьж байна вэ?
-Зөвшөөрлийн хуулиар 360 зөвшөөрөлтэй болчихсон. Компани, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг салгаад  “E-Вusiness”-ээр тоон гарын үсгээрээ дамжуулаад зөвшөөрөл авдаг болчихсон шүү дээ. Үүнд  бизнесийн 270 гаруй зөвшөөрлийг нэгтгэсэн. Үүн дээр 1027  үйлчилгээг нэмж байгаа юм. Бид энэ тоог цаашид 2000-д хүргэхээр зорьж байна. Үүний зэрэгцээ технологийн  дэвшил дээр нэмээд хууль эрх зүйн шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг цомхон болгож, тоог багасгах зорилготой. Жишээлбэл, зөвшөөрөл гэхэд 1300 байсан бол одоо 360 болж багассан. Үүний адилаар  төрийн үйлчилгээг илүү цомхон хүрээнд явуулахыг л зориод байгаа юм. Ерөөсөө аливаа үйлчилгээ хүнээс хамааралтай байх тусмаа олон асуудал дагуулдаг. Төрийн үйлчилгээг иргэд аливаа чирэгдэл, хүнд суртал, хүлээгдэлгүйгээр хурдан шуурхай авч байх учиртай.

 
-Төрийн үйлчилгээг цахимжуулахад хууль эрх зүйн орчин хангалттай байж чадаж байна уу.  “E-Мongolia”-гаас бид маш олон бичиг баримтыг цахимаар авах боломжтой ч заавал цаасаар, бодитоор нэхдэг байдал өнөөдөр ч бий шүү дээ?
-Миний хувьд Цахим бодлогын байнгын хорооны дарга байхдаа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мээдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Тоон гарын үсгийн тухай хуулийг ахлан батлуулж байсан. Харин одоо эдгээр хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллаж байна. Ингэх явцад хуулийг эргэн харах зайлшгүй шаардлага гарч байна. Товчхондоо, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний хувиар хууль дээр ажилласан бол энэ удаад Засгийн газрын гишүүний хувиар ажиллах ялгаатай  байгааг тодотгох нь зүйтэй байх. Энэ бол онол, практикийн зөрүү гэсэн үг. Тиймээс эдгээр хуулийн хэрэгжилтийг хангуулах тухайд ажлын хэсэг ажиллаж байна. Учир нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй маш олон хуульд аливаа бичиг баримт, лавлагааг заавал цаасан хэлбэрээр нэхдэг.  Компанийн юм уу Патентын тухай хуульд гэхэд “Гэрчилгээгээ заавал цаасаар авч ир” гэдэг. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг цахимаар гаргах, банкны данс нээхийн тулд заавал өөрөө ирэх ёстой гээд байдаг. Гэтэл эдгээрийг холбогдох хуульд нь заагаад өгчихсөн байгаа учраас цаанаас нь шаардаад байгаа юм. Тиймээс энэ мэтчилэн “E-Мongolia” руу мэдээллийг нь оруулсантай холбоотойгоор маш олон хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм.  Бид цахим баримт бичгийг хэвшил болгохын тулд дүрэм журмын түгжээнээс гарах хэрэгтэй байгаа юм. Тийм ч учраас ЦХХХЯ-наас оруулж, Засгийн газраас дэмжсэн Төрийн цахим үйлчилгээг  зохицуулахтай холбоотой хуулийн  давхардал, хийдэл, зөрчлийг арилгах 138 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээр дэмжээд байна. Одоо УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Энэ өөрчлөлтийг хийснээр тухайн хуулиудад “Цаасан болон цахимаар” гэдэг үгийг нэмж оруулах юм. Үүний үр дүнд бид дүрэм журмын түгжээнээс гарна. Ингэснээр  “E-Мongolia”-гаас гаргаж буй бүх баримт бичиг эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болох юм. Дээр дурдсанчлан банк, шүүхээс авахуулаад заавал цаасан баримт бичиг, эсвэл өөрийн биеэр байх ёстой гэдэг байдал үгүй болно. Ерөөсөө цахимжилт бол нэг талаас технологийн асуудал мөн боловч аль ч улс орон цахимжтилтыг эрчимжүүлэхийн тулд улс төрийн манлайлал, эр зоригт  суурилдаг.  Сайдын тушаал, нийслэл болон дүүрэг, аймгийн ИТХ-ын тогтоол, бодлогын чиглэл  зэргийг цуцлах шаардлага гарч байгаа. Өөрөөр хэлбэл, энэ мэтээр цахим шилжилт хийхийн тулд багагүй саад  бэрхшээлийг давж байна. Олон жил  мөрдөөд хэвшчихсэн, хаалттай хаалга, хөшигний цаана болдог байсан олон үйл явцыг халж байна. Набор, чихэр барьж явснаар ажлаа бүтээдэг байдлыг үгүй болгож, хандлагын өөрчлөлтийг хийж байна. 

   
-Хувь иргэний бүх мэдээлэл  төрд байдаг.  Тэгвэл одоо цахимжуулалтын хүрээнд бүгд нээлттэй боллоо. Эдгээр мэдээллийг хэрхэн хамгаалж байна вэ?
-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан. Хувь хүний мэдээллийг ашиглаж л байгаа бол мэдэгдэл хүргэдэг болсон нь том дэвшил.  Мөн  Кибер аюулгүй байдлын тухай хуулийг мөн баталсан.  Үүнтэй холбоотойгоор Кибер аюулгүй байдлын төвийг байгуулж байна. Тогтолцоо бүрдсэн гэж ойлгож болно. Энэ нь бид кибер аюулгүй байдалд онцгой анхаарч байгаагийн илрэл. Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд кибер аюулгүй байдлаа хангах ажлыг энэ ондоо багтаан  эхлүүлнэ.  Харилцаа холбооны салбар бол хоёр өргөн агуулгатай. Нэг талаасаа хатуу, нөгөө талаас зөөлөн дэд бүтэцтэй. Хатуу  дэд бүтцийг нь сайжруулах чиглэлээр Францын Ерөнхийлөгч Макроны айлчлалын үеэр сансрын хиймэл дагуулын төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүнийг дагаад аюулгүй байдал хангагдах боломж бүрдэх юм. Манай улс шиг өргөн уудам газар нутагтай  улсад хаана ч явсан интернэт сүлжээнээс тасрахгүй байх нөхцөл бололцоо бүрдэх юм. 2019 оноос хойш Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үеэс Эстонийн засаглалын академаас  манай  улс зөвлөх үйлчилгээ авснаар “E-Мongolia”  үйлчилгээг анх нэвтрүүлсэн. Ингэснээр НҮБ-аас гаргадаг цахим   засаглалын индексээр манай улс 17 байр урагшилсан. Энэ бол яалт ч үгүй ахиц.  Том утгаар нь хэлэхэд  “Цахим үндэстэн” бол   урт хугацааны зорилт. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд манай улс маш хурдацтайгаар ажлаа  явуулж байна.  


-Засгийн газар энэ оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Үүний хүрээнд төрийн мэдээллийг шилэн болгох ажлыг танай яам хариуцан ажиллаж байгаа. Энэ ажил хэр ахицтай урагшилж байна вэ. Өнөөдрийн байдлаар ямар  үр дүнтэй байгаа талаар та мэдээлэл өгнө үү?
-Засгийн  газраас зарласан авлигатай тэмцэх ажлын хүрээнд “Шилэн, ил тод, нээлттэй төр”-ийг бий болгохоор ажиллаж байна. Shilen.gov.mn сайтыг нэвтрүүлж, мэдээлэл хариуцагчдын буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээллийг ил болгох үүргийг хүлээсэн. Үүний дагуу бид shilen.gov.mn сайтад 350 мянган нээлттэй мэдээлэл, мөр, өгөгдлийг ил болголоо. Хэрвээ цахимжилт өрнөөгүй байсан бол бид төрийн 1000 гаруй үйлчилгээг цахимаар авах боломжгүй. Цаашлаад нийгэмд шүгэл үлээж, олны анхааралд оруулаад байгаа олон асуудал ил тод болохгүй байсан. Энэ олон тусгай сан, газар олголт, бусдын боломжийг хулгайлсан эрх мэдэлтнүүдтэй холбоотой бүх асуудал хаалттай хэвээр үлдэх байлаа шүү дээ. Тэгэхээр төр иргэнээсээ юуг ч нуух ёсгүй гэж байгаа юм. Ингэж нийтэд ил болгосон мэдээлэлд иргэд олон нийт мэдэх эрхийнхээ хүрээнд  шүгэл үлээж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, холбогдох субьектэд хариуцлага тооцуулах асуудлыг Засгийн газартайгаа хамтраад шийдвэрлэх нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашдаа бид хүн биш хууль,  технологи засагладаг орон болохын төлөө л ирэх 30 жилийг харж ажиллаж байна. Ирэх 10 жилд уул уурхайгаас оюун ухаанд түшиглэсэн   mining to mining, mindgolia үндэстэн  байхын төлөө л бид зорьж байна.  Иргэн төрийнхөө үйлчилгээг тэгш боломж, тэгш хүртээмжтэйгээр л авдаг байх ёстой. Тийм учраас энэ цахимжилт хаалттай олон зүйлийг ил болгоход маш том хувь нэмэр оруулж байгаа учраас иргэдийн дэмжлэг онцгой чухал. Тухайлбал, иргэд юуны түрүүнд тоон гарын үсгээ авах хэрэгтэй. Бид 2015 онд тоон гарын үсэг тарааж эхлэхэд авсан хүний тоо 30 мянга л байсан. Гэтэл сая Тоон гарын үсгийн  тухай хуулийг баталснаас хойших жил хүрэхгүйн хугацаанд 800 мянгад хүрлээ. Тэгэхээр иргэн бүр тоон гарын үсгээ хэрэглээд эхэлчихвэл заавал цаасан дээр зураад байхгүйгээр “E-Мongolia”-гаас уншуулаад л  хүссэн үйлчилгээгээ авах боломжтой болсон. Үүний ард аюулгүй байдал хангагдаж байгаагаараа давуу талтай.  

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


3
angry
0
care
2
haha
11
liked
5
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын Монгол Улсад хийх албан ёсны… 14 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хү… 15 цагийн өмнө
Эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг Үндэсний номын санд гардуулан … 18 цагийн өмнө
Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан… 18 цагийн өмнө
Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ 18 цагийн өмнө
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуу… 22 цагийн өмнө
Киргиз Улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсн… Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Үс засуулбал эд, мал арвидна 2024/04/22
Хөл хөсөр, гар газар амьдран суухын хүсэл 2024/04/19
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс олон улс зайлсхийлээ 2024/04/19
Олимпын бамбарын буухиа 68 хоног үргэлжилнэ 2024/04/19
Балетын шилдгүүд Монголд өрсөлдөнө 2024/04/19
Оюутан элсүүлэх энэ жилийн босго оноог тогтоожээ 2024/04/19
Д.Энхжаргал: Монгол, хэл бичгийн шалгалтын оноог өнөөдөр байршуулна 2024/04/19
“Шинэ Хархорум” хотын концепц боловсруулах сонгон шалгаруулалтад 54 ул… 2024/04/19
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаа… 2024/04/19
Бүрэнхааны эрдэмт хүү Бүрэн эрхт элчин сайд 2024/04/19
Далайд нэмэх дусал 2024/04/19
Ус, цаг уурын алба олон түмнийхээ итгэл, талархлыг хүлээсээр байна 2024/04/19