Даяаршлын үеийн сэтгүүл зүй мэргэжлийн ёс зүйг чухалчилж байна


Технологи, цахим ертөнцийн хөгжил сэтгүүл зүйд эргэлтийн шинжтэй өөрчлөлт авчирчээ. Иргэний, экологийн, парла­ментын, эрэн сурвалжлах, олон улсын гэсэн уламжлалт чиглэл дээр нэмэх нь дата, тогтвортой хөгжлийн, алгоритм, шийдлийн  сэтгүүл зүйн тухай ярьж, бичиж эхэлсэн. Бид энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхаж байна уу, хоцров уу гэдгийг шүүн тунгаасан олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатарт боллоо.  “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” сэдэвт эрдэм шин­жилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс зохион байгуулсан юм.  Хурлыг  МУБИС, СУИС-ийн РТМУС, “Отгонтэнгэр” их сургууль, АТГ хамтран зо­хион байгуулжээ. Сэтгүүл зүйн хөгжлөөр тэргүүлдэг  11 орны эрдэмтэд сүүлийн үеийн судалгаагаа танилцуулж, илтгэл хэлэлцүүлсэн. Тухайлбал, МУИС-ийн профессор М.Зулькафил, дэд профессор Б.Наранбаатар, Бостон коллежийн Маркус Брийн, ОХУ-ын Кемерово хотын улсын их сургуулийн профессор А.Фомин, Сан Диегогийн их сургуулийн профессор Темпл Нортап, Энэтхэгийн Хайдерабадын их сургуулийн Фасеех Ахмад Эк, Будапештийн Корвина их сургуулийн профессор Андреа Карпати, Италийн Тренто их сургуулийн Клаудио Гиунта, Өмнөд  Иллинойсын  их  сургуулийн дэд профессор Б.Ундрах, БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн профессор Сици, МУБИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшин нарын 15 эрдэмтэн илтгэл тавьсан. Илтгэлд даяаршлын эрин үед ёс зүйн зарчим, мэргэжлийн сэтгүүл зүй нийгмийн сүлжээнээс хэрхэн ялгарах вэ, хуурамч мэдээллийн уршиг, баримтат киноны сэтгүүл зүй гэсэн сонирхолтой сэдвийг хөндсөн. Мэргэжлийн шинжээчдийн   уншилтыг давсан ч хурлын цагт багтаагүй өгүүллүүдийг хурлын эмхэтгэлд оруулжээ. Гаднын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сошиал медиатай хамтран ажиллах процесс хэдийнэ төлөвшсөн бол манайд одоо л бүрэлдэж байна. Сошиал сүлжээнийхэн өөрсдийгөө сэтгүүлчидтэй зэрэгцүүлэн авч үзэж буй нь мэргэжлийн үйл ажиллагаа дутагдаж байгаагийн илрэл гэдгийг судлаачид онцолж байлаа. Нөгөөтэйгүүр сошиал хэрэглэгчийн шуурхай оруулсан жиргээнээс нухацтай, олон талын эх сурвалжтай нийтлэлээрээ хэвлэл мэдээллийн байгууллага ялгарах ёстой. Гэтэл үйл явдлын араас мөрдөн хөөх, баримтаар баяжуулах мэргэжлийн сэтгүүлчийн үйл ажиллагаа дутагдалтайг онцолж байлаа. Дижитал хувьсал бидэнд ихээхэн боломжийг авчирсан ч баталгаагүй, төөрөгдүүлсэн, эргэлзээтэй, нягтлан шалгаагүй мэдээлэл түгэн уншигчийг бухимдал, айдаст автуулах шалтгаан болдог. Цахим орчинд тархсан худал ташаа мэдээлэл нь сэтгүүл зүйн нэр хүнд, итгэл үнэмшлийг ч бууруулж байна. Энэ тухай Бостон коллежийн Маркус Брийн “Зорилгоор худал, хуурамч, ташаа мэдээллийг бэлтгэж, боловсруулан олон нийтийг хуурч төөрөгдүүлэн, дуулиан тарьж, өөрт ашигтай шийдвэр гаргуулах эсхүл өөрт ашиггүй шийдвэр гаргуулахгүйн тулд тусгайлан бэлтгэн, тараадаг. Хуурамч мэдээлэлд итгэх, нотлох баримтаар эргэлзээ төрүүлэх зорилгоор бусдыг хууран мэхлэх гэж зориуд хуурамчаар үйлдсэн, нийтэлсэн мэдээллийг хэлнэ. Энэ нь ихэвчлэн олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлт хөдөлгөөн, геополитикийн өрсөлдөөн, улс орны гадаад, дотоод дахь нийгэм, улс төр, эдийн засгийн сөргөлдөөн, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, аливаа сонгуулийн үеэр эрс идэвхэждэг. Үүнийг худал, хуурамч, ташаа мэдээ, хортой мэдээлэл ч гэж тодорхойлдог. Олон улсад  “Fake news”, “False information”, “Disinformation”, “Misinformation хэмээн нэрийддэг. Тухайн нэр томьёонууд ижил төстэй сонсогдож байгаа боловч ялгаатай. Дээрх нэр томьёонуудыг хэрхэн зүй зохистой хэрэглэх, хооронд нь ялгаж ойлгох тал дээр судлаачид ихээхэн маргаантай хандаж байгаа. Тухайлбал, Жейн Соломон  хуурах, төөрөгдүүлэх зорилготой эсэхээс үл хамааран “Хуурамч мэдээ” гэсэн нэр томьёог нийтлэг, нэгтгэсэн байдлаар агуулгын зөрүүг ойлгож хэрэглэх талаар санаа дэвшүүлсэн” хэмээн илтгэлдээ дурдлаа. Сэтгүүлчид мэргэжлээ авч үлдэхийн тулд хичээх, шинийг санаачлах, илүү бүтээлч байх шаардлагатай болжээ. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн урсгал давамгайлсан дижитал эринд мэргэжлийн сэтгүүл зүйн зарчим, ёс зүйгээ баримтлах ёстойг судлаачид дахин дахин сануулж байсан юм. Энэхүү олон улсын хурлыг зохион байгуулсан МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн ахлах багш Н.Ариунзаяатай ярилцлаа.

 

Н.Ариунзаяа: Сэтгүүл зүй нийгмийн шуурганд холилдож, мөн чанараа алдаж болохгүй

-Танай тэнхим “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгууллаа.

-Манай тэнхим олон улсын конференцийг анх удаа зохион байгууллаа. Бид дэлхий дахинтай холбогдож, харилцаа холбоогоо өргөжүүлэхийг зорьсон. Монголын сэтгүүл зүй дэлхийн хэмжээнд байж чадаж байна уу, хоцорсон уу гэдгийг мэдэхийг хүссэн. Энэ удаагийн хуралд Монгол, АНУ, Их Британи, Герман, Энэтхэг, Антигуа ба Барбуда, ОХУ, БНХАУ, Унгар, Итали, Дани улсын багш, судлаачид хүрэлцэн ирж судалгааны ажлаа танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ. Тэдний судалгаа, илтгэлээс бид хүссэн эрлийнхээ хариултыг  авах байх. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбар, мэдээ мэдээллийн орчин өнөөдөр урьдынхаасаа өөр дүр зурагтай болжээ. Энэ цаг үед сэтгүүл зүйн мэргэжлийн онцлогоо хадгалж үлдэх зайлшгүй хэрэгтэй. Ийм зорилгоор “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэлээ өнгөрсөн жил эхлүүлсэн.

-Тэгэхээр жилийн хугацаанд бэлтгэж, хэлэлцэх сэдвээ тодорхойлжээ?

-Сэтгүүл зүйн хөгжлөөрөө тэргүүлдэг улс орнуудын судлаач, багш нарыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг хоёр, гуравхан сарын өмнө тохиролцож, зохион байгуулдаггүй. Бид анх удаа зохион байгуулсан учраас туршлагагүйдсэн тал бий. Дараагийн үйл ажиллагаандаа алдаагаа засна.

-Мэргэжлийн онцлогоо хадгалахын тулд ёс зүй, мөн чанарыг ягштал баримтлах шаардлагатай юу?

-Сэтгүүл зүй бол масс коммуникейшн буюу олон нийтийн харилцаа, паблик рилейшн буюу PR биш. Энэ бол журнализм гэдэг мэргэжлийн ойлголт. Хорвоод мэндэлснээсээ хойш хуримтлуулсан мэдээллийн хуримтлал хүнийг тодорхойлдог. Мэдээлэл хүчтэй зэвсэг учраас болгоомжтой харьцах хэрэгтэй. Гэтэл Монголын өнөөгийн хэвлэл мэдээллийн дүр зургийг харахад хувийн сонирхол, эрх ашгийн үүднээс  арай л хайр гамгүй ажиллуулж байна. Сэтгүүл зүй нийгмийн шуурганд холилдож, мөн чанараа алдах ёсгүй. Сэтгүүл зүй үндсэн байр сууриндаа буюу оргил дээрээ бат зогсох ёстой. Хэм хэмжээ, ёс зүй, онол бий. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд оролцож, шүүх боломжгүй. Харин сэтгүүл зүйн мөн чанарыг оюутнууддаа ойлгуулах нь чухал.  Иймийн тулд манай тэнхим ёс зүйтэй сэтгүүлчдийг бэлтгэхийг эрмэлзэж байна.  Бид хөгжлийн замдаа явж байна. Алдаа оноотой үе шатыг туулж байж чадварлаг болно. Судлаач, багш нарын оролцоо чухал. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сургалт судалгааны газар гэлтгүй сэтгүүл зүйг мэргэжлийн, цэвэр, тунгалаг байлгахын төлөө хандах хэрэгтэй.

-Гадаадын агентлагуудаар улс орноо сурталчилж байгаад таагүй ханддаг хэсэг бий. Та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээлэл бол дэлбэрэх гэж байгаа бөмбөг шиг хүчтэй зэвсэг гэдгийг дахин  онцолъё. Дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн том агентлагуудыг шууд оруулж ирэх нь таатай зүйл биш. Хэдийгээр олон улсын мэдээллийн агентлаг гэх боловч харьяа орныхоо эрх ашигт нийцсэн мэдээлэл түгээдэг. Магадгүй өнөөдөр АНУ-ын боловсрол, урлаг, соёл нь хамгийн шилдэг гэдэг ойлголтыг нөгөө л мэдээний агентлагууд бидэнд суулгаж байна. Бид өөрийн мэдэлгүй тэр үзэлд нь автдаг.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22