А.Шагдарсүрэн: Миний авга ах Э.Шийлэг хоёр дайнд оролцсон улсын баатар хүн байлаа


Монгол  Улсын  баруун  хязгаарт  1930-аад оноос  эхлэн  20 гаруй жил  үргэлжилж  түүхэнд “Баруун  хилийн  тулгаралт” гэж  тэмдэглэгдсэн  Байтаг  Богдын  тулааны  75 жилийн ой ирэх сарын 8-нд болно.  Ойг  Ховд  аймгийн  Булган  сум, ХЦ-ийн  130 дугаар ангид  тэмдэглэх  бөгөөд  ойд  оролцох  Монгол  Улсын  Худалдааны  гавьяат ажилтан, “Номин  холдинг”  ХХК-ийн  зөвлөх А.Шагдарсүрэнтэй   дээрх  сэдвээр  ярилцлаа.  Учир  нь,  түүний  авга ах, Монгол  Улсын  баатар  Э.Шийлэг  1939 оны  Халх  голын  дайн, 1945 оны чөлөөлөх  дайн, 1948 оны  баруун  хилийн  тулгаралтад  оролцож  баатарлаг  гавьяа байгуулсан  буурал  байжээ.

-Та Монгол  Улсын  баатар  Э.Шийлэгийн  тухай  баримтат  киноны  зохиол  бичсэн  гэсэн.  Баримтат  кино хийх санаа  хэрхэн  төрөв? 

-Тийм ээ.   1939 оны  Халх голын  болон  1945 оны чөлөөлөх  дайн,  1948  оны  Байтаг Богдын  тулааны  сэдэв  бол надаас  хол зүйл биш.  Би  Ховдын  Булган  сумын  уугуул, торгууд  хүн.  Шагдарсүрэн  ху­далдааны  салбарын  хүн  атлаа  яагаад баримтат кино, Халх гол, Байтаг богдын талаар  ярих болов  гэж  уншигчид  бодох байх.  Баримтат  кинонд өгүүлэх  Энхийн  Шийлэг  бол  миний  авга ах,  Монгол  Улсын  баатар  хүн.  Ах  маань  1915 онд төрсөн, 21 настайдаа  цэрэгт  татагдан  Халх гол, Сүмбэрийн  24 дүгээр отрядын  долдугаар  заставт алба  хаасан.  Нийтдээ  66 удаагийн  тулаанд  орсны  дийлэнх нь  хүч тэнцвэргүй  тулаан  байсан  ба  хоёр ч  удаа шархдаж  байсан.   Түүхэнд  тэмдэглэснээр  1939 оны тавдугаар сарын 11-нд  Япон,  баргын  арми  морин  дивиз, явган цэрэг, нисэх онгоц, танк, хуягт,  их буугаар  зэвсэглэн  Номун хан,  Бүрд овооны  чиглэлээр  давшин  Халхын  голын  зарлаагүй  дайныг  эхлүүлсэн  түүхтэй.  Намайг  бага  байхад  ах  Халх голын байлдааны  талаар их ярьдаг байсан.  24 дүгээр   отрядын  гол үүрэг  бол  япончуудад  хориглолт  хийж  Халх  голыг  гатлуулахгүй  байх,  Буйр, Булан  дэрс, Хамар даваа, Нөмрөг,  Бүрд-Овоо,  Хулд  уулаа  хамгаалахад  оршиж  байсан.  Э.Шийлэг  их  ялалтын  дараа  Маршал  Чойбалсангаас   Байлдааны  гавьяаны одон, “Алтангадас” одон, Хүндэт  чекист  тэмдгийг  фронт  дээр шууд  гардаж  авсан 36 дайчны  нэг.  Тэднээс  Шийлэг  нарын   14 хүн  Октябрийн  хувьсгалын  22 жилийн ойгоор буюу  1939 оны  11 дүгээр  сард  Москвад  очиж  Сталинтай  уулзсан  түүхтэй.

-Хоёр  удаа шархадсан ч  дай­ныг  дуусгаж  чадсан гэхээр  зо­ригтой хүн байжээ?

-Тийм ээ,  сумны  ул мөр  хо­жим  эрүүл мэндэд  нь сөр­гөөр  нөлөөлсөн.  1939 онд  Бой­тогт  манхан,  Хайлааст манхан ор­чимд  заставын  дарга П.Чог­дон  нарын  арван хүний  хамт  манаанд  байхад  нь  Япон  Манж-Го-гийн  600-гаад  цэрэг  довтолж   хүч тэнцвэргүйгээс  аргагүйдэн   нутгийнхаа  гүн  рүү  ухарчээ.  Тэгээд  цэрэг,  зэвсгээ  нэмэгдүүлэн дахин дайрч   Хулд  ууланд  байрласан  Японы  60 гаруй  цэрэгтэй  тулалдаж   дөр­вөн  машин,  таван  асар, ша­тахууны  агуулахыг   дэлбэлж  16  хүнийг  олзолсон гэдэг. Бас  өвлийн  шөнө  гурвуулхнаа  агтны  манаанд  байхад нь   Японы  хуягт  дайрахад  уулын  оройн  хунгар цас бүхий  ашигтай  байрлалаас  тулалдсаар  үүр цайлгаж  нэмэлт  хүчтэйгээ  золгосноо ярьдаг байсан.  Цэргийн  түүхчдийн  тэмдэглэснээр  Хулд  уулаа  авч үлдэхийн  төлөөх   олон  удаагийн  ширүүн  тулалдаанд   долдугаар  застав  Хулд  уулыг  гурван удаа  чөлөөлж  хоёр  удаа  орхисон  юм билээ.   Гэхдээ  хүний  нутагт  алдаагүй  гавьяаг нь үнэлж   36 дайчныг  фронт  дээр  нь  шагнаж,  долдугаар  заставт нь   “Баатруудын  застав”  цомыг үүрд  хадгалуулсан  түүхтэй.   24 дүгээр  отрядын   заставын дарга  П.Чогдон,  байлдагч  Н.Жамбаа,  Э.Шийлэг, С.Төмөрбаатар,   Д.Гуулин  нарт  Монгол  Улсын  баатар цол олгосон  ба  10 дугаар заставыг    Монгол  Улсын баатар Энхийн  Шийлэгийн  нэрэмжит  болгосон.

-Шийлэг  баатар  баруун  хи­лийн  тулалдаанд оролцсон.  Ер нь баруун  хилийн  тулгаралтын  талаар  хүмүүсийн  ойлголт  зө­рүүтэй  байдаг.  Тулгаралт уу,  тулалдаан уу, эсвэл  дайн уу  гэх мэт.  Гэтэл  түүхээс нь  үзэхэд  жижиг  гэлтгүй  олон тулалдаан  болсон,  бас Оспаны дээрэмчид,  гоминданы  цэргүүдийн  хил орч­мын  өрх, иргэдэд  учруулсан  хор  хөнөөлийн  хэмжээг  тооцсон  ч  тэр?

-Одоо  хоёулаа  баруун  хилийн  тулгаралтын  талаар ярья.  Шийлэг  ахыг  халагдаад  нутагтаа  очиход  баруун  хязгаар түгшүүртэй, оспаны  дээрэмчид,  Хятадын  гоминданы  цэргүүд   манай  хилчидтэй  буудалцах, хил орчмын  айл өрхүүдийг  түйвээх,  мал хөрөнгийг  дээрэмдэх,  иргэдийг  олзлон  тамлаж  амийг нь хөнөөх  зэргээр  авирлаж  байсан гэдэг.   БНМАУ-ын  Засгийн газраас баруун   хилийн  хамгаалалтыг  чангатгахаар  Ховдын  Булган, Үенч сум,  Баян-Өлгийн  Хужирт  суманд  цэргийн  анги  нэгтгэлүүдийг  нэмэн  байршуулж  байсан.  Хил орчмын  халдлага,  мөргөлдөөнийг   хилийн  цэргээс  гадна  газар нутаг, хэл , ёс  заншлыг нь  мэддэг  нутгийн  иргэдийн дэмжлэгтэйгээр  зогсоож  болохыг  Засгийн газраас онцлоод  нутгийн  ардуудыг  хил хамгаалалтын  хоёрдугаар  эгнээ  болгож  зохион  байгуулалтын  бүхий л  арга хэмжээг  авч байсан гэсэн.   Шийлэг  ах  хилийн  цэрэгт  туслах  торгуудын  ардын  группийн  туршлагатай  пулемётч,  группийн ахлагчаар ажиллаж  олон  удаагийн  тулалдаанд  орж  ялалтаар  төгсгөж  чадсан гавьяатай.  Шийлэг  ах  дайны  дараа  Ховд  аймгийн  Морьт  отрядын  Түмтийн  даргаар  томилогдсон. 

 Дараа нь  бүтээн  байгуулалт  өрнөсөн  жилүүдэд  Налайхын  уурхайн  орлогч  даргаар хэсэгтээ  ажиллаж  байгаад  нутагтаа  малчин, агент, багийн даргаар  ажилласан  юм.  Одоо Оспаны  дээрэмчид,  Хятадын  гоминданы  цэргүүдийн  өдүүлсэн  халдлага, тулааны  талаар ярья.   Энэ нь  1930-аад оноос  эхтэй  бөгөөд  тэд  Байтаг богд,  Хавтага уул,  Эрчис,  Чингэл,  Цагаан  голын  орчим  суурьшин  дээрэм,  аллага  үйлдэж  байсан. Энэ хугацаанд  Булган  сумын 142 өрх, Алтай сумын 112 өрх, Үенч сумын  98 өрх, Мөнххайрхан  сумаас  97 өрх, Манхан  сумаас 45 өрх, Баян-Өлгийн  Улаанхус  сумаас  10 өрх  орон  гэрээ  түйвээлгэж,  нийт  48772 толгой  бог мал,  8885 толгой  бод малаа  дээрэмдүүлсэн  байна. 

Мөн   40-өөд  энгийн  иргэд  там­лагдан  амиа алдаж,   20-оод  хүн  шархдан  олзлогдож,  олон  тооны  хүүхэд, эмэгтэйчүүд  олзлогдон  эх нутагтаа  эргэж  ирээгүй  гашуун  баримт бий. Дээрх тоо бол зөвхөн  архивын  баримт.  Амь нас, эрүүл  мэндээрээ  хохирсон  хүний  тоо  хэдэн  зуугаад  болно гэдгийг   дээхнэ  үед  нутгийн  хөгшчүүдээс  сонсож  байлаа.   Мөн миний  аав  ээж  хоёр   хүүхдүүд  биднийгээ  аваад  олон  хоногоор  ууланд  бүгж  нутаг дамжин  амь хэлтэрч  байсныгаа  хожим  надад ярьж байсан.   Цагийн  байдал эрс  хүндэрсэн  тул  1943 онд  Маршал  Х.Чойбалсан,  Ю.Цэдэнбал, До­тоод  яамны сайд Чагдаржав нар уулзаж  Оспаны босогчид  болон  Хятадын гоминданы  цэргийг  хэр­хэн  дарах  талаар  хэлэлцэж  нарийн  төлөвлөгөө боловсруулсан  байдаг.  Ингээд  1944 онд  маршал Чойбалсан  баруун  хилд  очиж  Оспантай уулзсан.   Оспан  эхлээд  уулзалтаас  татгалзаж  байсан юм билээ.

-Оспан  эхлээд  яагаад тат­галзаж байсан бол?

-Татгалзсан шалтгаан нь  1940 онд  Оспаны  дээрэмчид  Хятадтай  байлдаж  ухарсаар  Монголын  хилд  ирэхэд  манай  хилчид  өмнөөс нь  буудаж  босогчдыг  Хятадын цэргийнхэнд  хүлээлгэж  өгсөнд  өс санасан  байсан. 

Энэхүү  уулзалтаас   бараг нэг  жилийн  өмнө   нутгийн  иргэ­дийн оролцоотой   хилчдэд  тус­лах  группийнхны  тагнуулын   ажил­лагааны  үр дүнд багагүй мэ­дээлэл олж  авсан нь  хэлэл­цээрийг  түр зууртаа  ашигтай  хий­хэд  үр дүнгээ  өгсөн гэдэг.  Хэлэлцээрт   Оспаны босогчид  манай  хилчидтэй  эв найртай байх,  онцгой  үед  босогчдын гэр бүл болон  өөрсдийг нь  Монголын  нутагт суухыг  зөвшөөрөх, бо­согчдыг  зэр зэвсэг, бараагаар хангах  зэргийг тусгажээ.  Үүнд  урамшсан  Оспан  Монголын  тусгаар  тогтнолыг  хүлээн зөвшөөрнө, Хятадын  цэргийг  Алтайгаас  бүр­мөсөн  хөөнө гэж манай талд  амлаж  байсан. Энэ хооронд  нь манай  тагнуулын  байгууллагын  удирдсан “Ховог сайрын операци”  ажиллагаа  амжилттай явагдаж  хилийн цаана байсан торгуудын  1669 өрх,  хасгийн 2689 өрхийг  Зөвлөлтийн  хилийн  Закен Улиаст хэмээх  газраар Монгол руу  нэвтрүүлсэн  байдаг.  Гэсэн ч  төд  удалгүй  Оспан  Монгол,  Оро­сын  нууц  төлөвлөгөөг  мэдэж  гоминданы  талд  шууд  урваж  Монгол  руу  халдан довтолсноор  баруун  хилийн  тулгаралт  буюу  тулааныг   шууд  эхлүүлсэн .

-БНМАУ-ын  нэрийн өмнөөс  тулган шаардах бичиг хүргэхээр явсан  тагнуулч  Б.Бадам  харам­салтайгаар  амь насаа алдсан гэдэг?

-Б.Бадам бол  хилчдэд  туслах  группийг ахалж  байсан,  Булган  сумын харьяат  малчин  хүн байсан.   Байтаг  Богдын Хужиртын  эхэнд  байрласан  гоминданы цэргийн ангийг  48 цагийн дотор гарч явахыг тулган  шаардсан бичгийг хүргэсэн  хүн.  Харамсалтай  нь,  гоминданыхан  түүнийг  хэрц­гийгээр  тамлан  хороосон. Түүний  шарилыг  дайны  талбараас  олж  нутагт нь  оршуулж,  1968 онд  АИХ-ын тэргүүлэгчдийн  тогтоолоор  Монгол  Улсын баатар  цолоор нэхэн  шагнасан. Мөн  ХЦ-ийн  214 дүгээр  ангийн Өргөстэйн  заставыг Б.Бадамын  нэрэмжит болгон  мөнхжүүлсэн.  Манай хүүхдүүд  Булган суманд 2013 онд  Монгол  Улсын  баатар Э.Шийлэг,  Б.Бадам  нарын  хөшөөг  босгосон байгаа.

-Баруун хилийн тулгаралтаар улсын баатар  ес  төрсөн гэдэг?

-Тийм. 1947-1948 онуудад  ширүүн тулаанууд  болсон.  1948 оны долдугаар  сард  Байтаг Богдод болсон  тулаанд  дайсны 130-аад цэрэгтэй   Л.Даваадорж,  Б.Тэгшээ, Б.Гиваан, С.Лхагва­дорж, Д.Хаянхярваа  нарын  10  хилчид  эцсийн  амьсгалаа та­сар­тал  баатарлаг  тулалдсан  тул  хожим дээрх  хилчдийг   БНМАУ-ын  баа­тар  цолоор  нэхэн  шаг­насан.

-Гоминданы  армид  генерал байсан хүн хожим  Байтагийн тулааны үеийн  нэлээд нууц гэхээр  баримт  дэлгэж,  ном  болгож  хэвлүүлсэн  гэсэн.  Тэр нууц нь юу байсан бол?

-Тэр  үед  Монголын  баруун  хилийн чанадад  алба  хааж  байсан  генерал Жан Да Жүн  “Ар Монголын  орчин  үеийн түүх”  гэх  ном  бичиж  1990 онд Тайваньд  хэвлүүлсэн.   Номд  тухайн  үед  гоминданы зүгээс  Хятадын  талаарх  бодлого,  Ар  Монголын  НҮБ-д  элсэх  хүсэлтийн  тухай,  Байтагийн  тулааны  явц  болон  Зөвлөлтийн  онгоцнууд  хэрхэн  оролцсон  тухай, энэ нь  Монгол  Улсыг  хожим  НҮБ-д  элсэхэд  ихээхэн  төвөгтэй  болж  байсныг  дурдсан байна.

-Монгол  Улсын  Ерөнхий сайд асан П.Жасрай агсны нэг дурсамж  байдаг даа. 1940-өөд оны үед  Хятадын  гоминданы  дээрэмчид  орон  гэр, мал хуйг  нь дээрэмдэхэд  би  авдартаа байсан даалингаа өгөхгүй гээд  авдар дээрээ гараад хэвтчихсэн  гэж ярьж байсныг санаж байна.

-Би бас санаж байна.  1930-аад оноос  хойш  бараг 20-оод  жил  үргэлжилсэн   энэ түйвээнд  Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн  урд  сумдын олон  өрх өртсөн юм.  Тиймэрхүү  жишээ манай торгуудуудын дунд  ч  гарч байсан.

-Хилийн  цэрэгт  туслах  ардуу­даас  бүрдсэн  олон  бүлэг идэвх­тэй  ажиллаж  даалгавраа гүй­цэтгэсэн  нь  Байтагийн ту­лааныг  ялалтад  хүргэхэд   ихээ­хэн  үүрэг  гүйцэтгэсэн  гэж   тэм­дэглэгдсэн  байсан?

-Тийм. Тухайлбал,  Э.Шийлэг  ахын  удирдсан  “Шар толгой”,  “Дотор  хар”-ын  чиглэлд  хийсэн   ажиллагаануудыг  дурдаж болно. Мөн  Ардын  группийг  удирдаж  байсан  Б.Дүгэр, Т.Амарзаяа, Ц.Уртнасан,  Ц.Халтмаа, Э.Гэ­рэлчулуун  нар  болон  тухайн  үед   сайн дураар  хилчдийн  ар тал болж   хоол  хүнс,  хадлан, түлш    бэлтгэх  зэрэг  олон  ажлыг  амжуулж  байсан  хүмүүсийг  мартаж боломгүй. Тухайлбал,  1945 онд  БНМАУ-ын  Сайд нарын зөвлөлийн  38-р тогтоол  гарч  хилчдийг шар  тосоор  хангах  ажил  өрнөж,   олон  малчин  өр­хүүд   даалгаврыг амжилттай  бие­лүүл­сэн  тухай  баримт байдаг.  

-Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Ховд аймгийн Булган сум дахь БНМАУ-ын баатар Э.Шийлэг,  Б.Бадам нарын хөшөө

БНМАУ-ын баатар Э.Шийлэг гэр бүл, эгчийн хамт


Ж.Намжил

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр