Азийн Хавай гэгдэх Чэжү арлын тухай бид олныг мэднэ. Уртаашаа 73 километр, өргөөшөө 41 километр үргэлжлэх энэ арал аялал жуулчлалын онцгой бүс болон хөгжиж, зөвхөн мөрийтэй тоглоомоос гэхэд жилийн дотор 1.5 тэрбум орчим ам.доллар олдог бөгөөд улсынхаа аялал жуулчлалын тэргүүлэх бүс нутаг. Зөвхөн БНХАУ-аас гэхэд жилдээ 7-8 сая жуулчин Чэжү аралд ирдэг гэхээр илүү олон тоо баримт дурдах шаардлагагүй биз. Үзэсгэлэнт байгаль, эртний түүх, БНСУ-ын хамгийн өндөр уул болох Халлансан, галт уулын лавын хонгил, байгалийн усан бассейн гээд Чэжү арлын гоё сайхныг л бид мэднэ. Харин гэм зэмгүй хэрнээ амиа алдсан 30 мянга гаруй хүн, тэдний харамсалтайгаар төгссөн амьдрал, улс төрийн хэлмэгдүүлэлтийн тухай бид төдийлөн мэддэггүй. Бид битгий хэл солонгосчууд ч өөрсдөө энэ түүхийг мэддэггүй, мэдэхийг ч хүсэхгүй олон арван жил нууж, дарсаар иржээ. Харин өнөөдөр тэд хэлмэгдэгсдээ дурсан санаж, түүхэнд хараар бичигдсэн гашуун үнэнээ дэлгэж байна.
Чэжү-Дөрөвдүгээр сарын 3
Энэ түүхийг ярихын тулд ертөнц даяараа мэдэх бас л нэг гашуун түүхийг сөхөх хэрэгтэй болох нь. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдал хүлээж, япончуудын эрхшээлд 35 жилийн турш байсан Солонгос улсыг 38-р өргөргөөр хуваахаар АНУ, ЗХУ /хуучин нэрээр/ гэрээ байгуулсан түүхтэй. Нэг улс үндэстэн, нэг гэр бүлийг хойд, өмнөд хэмээн хуваасан энэ гэрээ Чэжүгийн дөрөвдүгээр сарын 3 хэмээн нэрлэгдсэн их хэлмэгдүүлэлтийн үндэс суурь нь болсон юм. “Төв штабын удирдлага дор ялагч арми хойд өргөргийн 38 градусын өмнө зүгт орших Чусоны бүс нутгийг эзэлж байна” хэмээн Мак Артур нэгдүгээр тунхгаа гаргаж, БНСУ-ын Засгийн газар байгуулагдах хүртэл бүтэн гурван жил тус улсын Засгийн газрыг Армийн Засгийн газар толгойлжээ. Японы эрхшээлд байсан солонгосчууд Армийн Засгийн газрыг таатайгаар хүлээж авсангүй. Ялангуяа Чэжүгийн иргэд. Японы дарангуйллын үед цөлөгдсөн, Япон руу ажиллахаар явсан иргэд нутагтаа ирж, 200 гаруй мянган хүн амтай байсан арал 60 мянган хүнээр бүл нэмжээ. Дайны дараах үеийн өлсгөлөн, ядуурал газар авч, дээр нь 1946 оны зун холер өвчин дэгдэж, ган болж ургац алдан амьдрахад тун хүнд болжээ.
Армийн Засгийн газар нутгийн иргэдийн байгуулсан Ардын хороог хүчээр татан буулган Японы колоничлолын үед тосгоныг удирдаж байсан удирдах ажилтнууд, цагдаа нарыг ажилд нь буцаан томилж, авлига, хээл хахууль цэцэглэж, арлын оршин суугчдын бухимдал ч нэмэгджээ. 1947 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Чэжү хотын Бүк бага сургуулийн гадаа Тусгаар тогтнолын хөдөлгөөний 28 жилийн ойг тэмдэглэх жагсаал болжээ. Энэ жагсаалын үеэр Америкийн армийн морьт цагдаа нарын нэг нь бага насны хүүг дайрч унаган, тэр чигээрээ орхиж явсанд жагсагчид эсэргүүцэн, цагдаа нарын хойноос мод чулуу шидэж, цагдаа нар гал нээжээ. Энэ жагсаалын үеэр зургаан энгийн иргэн амиа алдаж, найман хүн буудуулж шархадсан байна. Гэвч энэ бол ердөө л эхлэл, нийтдээ 30 мянган хүний амийг авч одох хэлмэгдүүлэлтийн эхлэл байсан юм. Армийн Засгийн газар Чэжүг “Улаантнуудын арал” хэмээн нэрлэж, гуравдугаар сарын 1-ний өдрийн жагсаалд оролцсон 500 гаруй хүнийг баривчлан хорьж, 245 хүнд ял оноосон гэнэ. Энэ үйл явдлыг түүхчид Чэжүгийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн эхлэл байсан гэж үздэг юм байна.
Чэжүгийн иргэд сонгууль өгөхөөс татгалзаж, бослого гаргаж, ууланд бүгж, цэргийн эрх мэдэлтнүүд далайн эргийн шугамаас таван км-ээс дотогш бүсийг Улаан бүс хэмээн нэрлэж, улаан бүс рүү орж гарсан хүн бүрийг буудан хороох тушаал гаргажээ. Урари тосгоныг галдан шатааж, Бүкчан тосгоны иргэдийг босогчидтой холбоотой хэмээн бүгдийг нь цуглуулан хоёрхон цагийн дотор 400 гаруй хүнийг буудан хороожээ. Нийтдээ 500 гаруй босогчийг дарахын тулд 30 мянга гаруй хүний амь насыг хөнөөсөн цус асгаруулсан аймшигт хэлмэгдүүлэлт энэ нутагт болжээ. Хэдийгээр энэ аймшигт хэлмэгдүүлэлт, цуст аллагыг солонгосчууд дөрөвдүгээр сарын 3 хэмээн нэрлэж байгаа ч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бүхэл бүтэн арван жил үргэлжилсэн хэлмэгдүүлэлт болсон талаар тэд өнөөдөр харамсан ярьж байна.
Амиа хорлосон дурсамж
Солонгосын зохиолч Ким Сок Бом “Чэжүгийн дөрөвдүгээр сарын 3-ны аймшигт үйл явдлыг 50 гаруй жил хүний ой ухаанаас арчиж хаяхаар оролдсон. Энэ үйл явдлыг зарим нь мэддэггүй, мэддэг нь ярьж чадахгүй байсаар 50 гаруй жилийг үдсэн юм. Айдаст автсан арлын иргэд өөрсдийн ой санамжаа “мартах” гэдэг хөшгөөр халхлан устгасан. Үүнийг би “Амиа хорлосон дурсамж” хэмээн нэрлэнэ" гэж бичжээ. Үнэхээр ч 1987 он хүртэл Чэжү арал дээр 30 мянган хүнийг хэлмэгдүүлэн амийг нь хөнөөсөн гашуун түүхийг хүн төрөлхтнөөс нууцалсаар иржээ. Амиа алдагсдынхаа шарилыг нууцаар эргэж, ёслол үйлддэг байсан Чэжү хотын иргэд 1987 оны зургадугаар сард эсэргүүцлийн жагсаал хийж, 1989 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр анх удаагаа талийгаач нартаа хүндэтгэл үзүүлэхдээ айж эмээлгүйгээр тахил өргөжээ. Тэд 1987 оноос хойш бүхэл бүтэн 16 жил шаардаж шахаж тэмцсэний эцэст 2003 онд тус улсын Ерөнхийлөгч Ну Му Хен хэлмэгдэгсдийн ар гэрээс уучлалт хүсэхийг нүдээрээ харсан юм. 2014 онд Пак Гын Хэгийн засгийн газар дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг үндэсний дурсан тэмдэглэх өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргажээ. Өнөөдөр Чэжү хотод дөрөвдүгээр сарын 3-ны өдөрт зориулсан Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, хэлмэгдэгсдийн музей, амиа алдагсдын оршуулгын газар байгуулжээ. Энэ хэлмэгдүүлэлтэд өртөн 30 гаруй мянган хүн амиа алдсан гэдэг тоо баримт байгаа ч 14 мянган хүний нэр усыг тогтоож, 10 гаруй мянган хүний шарилыг олсон байна. Чэжү арал дээр олон мянган байшин барилга баригдаж, хэлмэгдэгсдийн шарилыг олох аргагүй болсон талаар Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан ярьж байсан юм. Олох ч аргагүй бололтой. Тухайн үед нас барсан хүмүүсийг бөөнөөр нь газарт булж, эсвэл шарилыг нь шатааж байсан гэнэ. Чэжүгийн олон улсын нисэх буудалд 60 жилийн дараа малтлага хийж, 383 цогцос гаргаж авчээ. Уг нь тэнд хүмүүсийг бөөн бөөнөөр нь ачиж аваачин, нүдийг нь боож байгаад буудсан, 800 гаруй хүн алуулсан гэдэг баримт байгаа ч цогцсуудыг бүгдийг нь гаргаж авах ямар ч боломжгүй, байшин барилга нураах шаардлагатай болсон учраас хоёр удаагийн малтлага хийгээд л энэ үйл ажиллагааг зогсоожээ.
Чэжү-Дэлхийн энхтайвны арал болох ёстой
Саяхан БНСУ-ын Сөүл хотноо болсон Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумын үеэр Чэжү арлын Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд Монгол Улсаас очсон сэтгүүлчдийг хүлээн авах үеэрээ ийн хэлж байсан юм. Бид утга учиргүй хэлмэгдүүлэлтийн золиос болсон Бүкчун тосгонд очлоо. Одоогоос хоёр сая жилийн тэртээ далай доорх галт уул оргилсны улмаас бий болсон энэ арлын жижигхэн тосгоны ард түмэн 1949 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг хараар тэмдэглэн үлдээжээ. Тухайн өдөр Америкийн цэргүүд босогчдод мэдээлэл хүргэсэн хэмээн уурлаж бухимдан тосгоны иргэдийг цуглуулан хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг гарсан талаар Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан хоолой зангируулан ярьж байсан юм. Тухайн өдөр тосгонд ирсэн цэргүүд хэдхэн цагийн дотор 400 орчим энгийн иргэдийг буудан хөнөөжээ. Ямар ч зэвсэггүй, хүүхдээ дагуулсан ээжүүд, хөгшид, нялхас, гэм зэмгүй иргэдээс цөөхөн хүн зугатаж амь гарч чадсан гэнэ. Энэ аймшигт хэргээс амьд үлдсэн нэгэн эмэгтэй “Тэр өдөр цагаан луувангийн талбайг сэндийчиж орхисон юм шиг хүмүүсийн цогцос газраар хөглөрч байсан” гэж дурсан ярьсан байдаг аж.
Энэ бол хүн төрөлхтний гашуун түүхүүдийн нэг. Чэжү арлын 30 мянган хүний амийг хөнөөсөн хэргийн гэм буруутнуудаас өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй. БНСУ-ын Засгийн газар Тусгай хууль баталж, хэлмэгдэгсдийн ар гэрт 90 сая ам.долларын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан ч өнөөдөр энэ мөнгөнөөс хэн ч аваагүй байгаа гэнэ. Улс орноо хоёр хуваагдахыг эсэргүүцэж, харийн нөлөөнөөс ангижрахын төлөө тэмцэж, энэ тэмцлийн золиос болсон Чэжү арлын иргэд өнөөдөр ч дэлхий дахинд энхтайвныг элэг бүтэн амьдралыг уриалан дуудаж байна. Тэд 30 мянган хүн амиа алдсан энэ аймшигт хэргийн талаар дэлхий нийтэд дуулгах гэж хүсэж байна. Ийм алдааг хэн ч дахиад давтах ёсгүй гэж сануулахыг хүсэж байгаа хэрэг. Чэжү арлынхан солонгосоор дунбэг буюу камиллиа цэцгийг энэ үйл явдлын бэлгэ тэмдэг болгон сонгож авчээ. Өвлийн хүйтэнд дэлбээлж, өнгө үзэмжээ гайхуулж байгаад нэг л өдөр бүгдээрээ хагдран унадаг ув улаан цэцгийг тэд эмгэнэлт үйл явдлыг мартахгүй байхыг, эрч хүчтэй, эв нэгдэлтэй байхыг сануулан сонгож авсан хэрэг.
Б.Цоож
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна