​ Халхын голын дайны сүүлчийн баатар эмээ



Дайн зөвхөн фронт дээр өрнөдөггүй. Фронтын ар тал ч галын шугам болох нь бий. Японы онгоц үе үе бөмбөгдөхөд агаарын дохиогоор нуувчинд хоргодож, тэсрэх бөмбөг, сум исгэрсэн галын шугам дээрээс ирсэн шархдагсдыг эмчилж, үхлээс булааж авч үлдэх гэж амь өрсөн нойр, хоолгүй зүтгэж тэмцэж явсан 14-20 настай охидын баатарлаг гавьяа түүхэнд мөнхөрчээ. Халхын голд дайны гал дүрэлзэж эхэлсэн 1939 оны зун Дорнод аймгийн Баяндун сумын 16 буриад басган сайн дураар фронтод явжээ. Арилдийн Дарийм 20 настай, Мөнхийн Дарийм 18 настай, Очирын Балдармаа 20 настай, Жамцын Цэмпэлмаа 16 настай, Самбуугийн Балжинням 14 настай, Дэлэгийн Цэгмэд 17 настай, Буджавын Жаргал 20 настай, Цэрэнгийн Чимэдцэрэн 15 настай, Цэдэнгийн Ханд 17 настай, Дагвын Балдалмаа 18 настай, Гэлэгбалсангийн Хандсүрэн 14 настай, Гончигийн Хандам, Дондогийн Ханджав, Магсарын Цэгмэд. Хамгийн бага нь 14 настай балчир, ахмад нь 20 шүргэж байгаа цэл залуу охид ийнхүү эх орноо хамгаалахаар цэрэг эрсийн адил цэхлэн мордсон гэдэг. 

Харамсалтай нь тэдний гавьяаг бараг хагас зуун жил огт дурсалгүй, дурсахыг ч хүсэлгүй “мартаж” орхисон гашуун үнэн бий. Халхын голын 40 жилийн ойгоор буюу 1979 онд Оросын нэгэн генерал Халхын голын дайнд цэргийн эмнэлэгт хамт ажиллаж байсан монгол охидыг сураглажээ. Энэ дагуу тухайн үеийн МАХН-ын Төв хорооноос Дорнод аймгийн Намын хороо руу утас цохиж, баатарлаг гавьяа байгуулсан бүсгүйчүүдийг алдаршуулах үүрэг өгчээ. Аймгийн намын хорооныхон ч сандралдаж, “Үнэн” сонины сурвалжлагч Д.Сэнэднасааг энэ хүмүүсийг эрж сурах ажилд томилсон байна. Сурвалжлагч ч Халхын голын дайнд оролцож, цэргийн эмнэлэгт ажилласан 16 охины сургийг гаргаж, заримтай нь уулзаж сурвалжилжээ. Тэр цагаас хойш 43 жил өнгөрч, дайнд оролцсон бүсгүйчүүд хорвоогийн жамаар мөнх бусыг үзэж, эдүгээ ганцхан хүн л сэрүүн тунгалаг байгаа нь зуун насны босго даваад буй Цэрэнгийн Чимэдцэрэн гуай юм. Тэрбээр Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдаас эдүгээ цор ганцаараа үлджээ. Тэртээ 83 жилийн өмнөх үйл явдлыг өчигдөр болсон мэт тод санан хуучлах буурай юуг ч мартаагүй, мартах ч ёсгүй түүх гэдгийг үггүй хэлэх шиг болно.      


Ц.Чимэдцэрэн: Аавдаа ч хэлэлгүй дайны талбар руу мордсон

-Таны аав, ээж аль нутгийн улс байв. Хойноос хэдийд нүүж ирсэн юм бол оо?    
-Манайхан Оросын Буриадын Ага нутгаас 1913 онд нүүж ирсэн. Ага, Алхана, Дульдарга, Тарвагатайгаар нутаглаж байсан юм гэдэг. Би бол Монголд ирсэн хойно нь 1924 онд Ононгийн Балж гэдэг газар төрсөн. Айлын есөн хүүхдийн хамгийн бага нь. Улаалзай хүгдүүд омогтой. Манайх Онон, Балждаа нутаглаж байгаад Баяндунд нүүж ирсэн улс.


-Насанд хүрээгүй байхдаа дайнд явсан юм билээ. Тэрнээс өмнө ажил хийж байсан гэхээр хэдэн настайгаасаа улсад ажилласан юм бэ?
-Би 11 настайгаасаа ажил хийсэн. Баянтүмэнгийн түүхий эдийн баазад 11 настай байхдаа дицеметрлэгч гэдэг ажилд орсон. Тэндээс нутагтаа ирээд Баяндунд сүүн заводын тасгийн эрхлэгчийн ажил хийсэн. Тасгийн эрхлэгчээр ажиллаж байтал манай суманд багийн сургууль байгуулагдсан. Багийн сургууль ямар учиртай байгуулсан гэхээр тухайн үед латин болон хуучин монгол бичиг үсэг зааж байсан. Тэнд суралцсан. Намайг 15-тай байхад Баяндунгийн төв дээр жилийн хугацаатай охидын сургууль гэдэг байгуулагдан, 30 гаруй хүүхэд тэнд суралцсан. Би тэр сургуульд бас суралцсан. Сургуулийн маань багш Будаалийн Дулам гэдэг хүн байлаа. Манай сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Нанзаддоржийн Аюуш гэж хүн байсан. Уг нь хүүхэд л дээ. Надаас ганц ах хүн байсан. Тэр хүн нэг өдөр манай сургуульд  дээр ирсэн. 
“Би намын үүрийн даргын даалгавраар танай дээр хэдэн үг ярих юм байна. Тэгээд ирлээ. Та нар хичээлээ завсарла” гэлээ. Дулам багш ч хичээлээ завсарлуулсан. Аюуш дарга яриагаа эхэллээ. “Манай эх оронд зарлаагүй дайн эхэлсэн. Япон гэнэтийн дайралт хийлээ. Баянцагаан, Халхын гол, Адаг дулаан, Хайлааст манхан гэдэг газраар маш хүчтэй, айхтар ширүүн дайрч байна” гэж яриа хийсэн. Мөн бидэнд энүүгээр тэрүүгээр баглаа боодолтой ямар нэгэн юм байж магадгүй, лааз савтай юм ч байж магадгүй. Тэрнийг барьж, оролдож болохгүй гэж анхааруулсан. Тэсрэх бөмбөг байж магадгүй гэсэн хэрэг л дээ. Аюуш дарга ч ярьж дууссан. Тэгээд би яах вэ дээ, 15-тай хүүхэд шүү дээ. Дотроо “Үгүй тэр дайны газар чинь яаж туслахаа мэдэхгүй. Ямар надад мөнгө төгрөг байх биш. За ер нь өөрийн биеэр явъя” гэж бодлоо. Тэгээд Аюуш даргад хэллээ. “Аюуш дарга аа, надад санал байна. Хэлж болох уу” гэсэн “Бололгүй яах вэ” гэнэ. Тэгээд саналаа хэллээ. Дайн болж байгаа хэцүү газарт өөрийн биеэр явъя аа гэж саналаа өглөө. Тэгээд нөхдөө уриаллаа. “Тун айхтар дайн байлдаан болж байна. Манай энд цэргийн насны бэлтгэл дарга нар, эрчүүд гээд бүх улсыг маань татаад аваад явчихсан. Энд хэдэн эмээ, өвөө нар л байна даа. Бид яагаад тэр газар руу явж тусалж болохгүй байх вэ дээ, бүгдээрээ явъя” гэлээ. Тэгсэн нэлээд сууж байгаад гурван охин “За, бид явъя” гэлээ. Дахиад нэлээд сууж байгаад би хоёр дахиа босоод дахин уриаллаа. Тэгсэн долоон охин явахаар боллоо. Дайн гэхээр айж байсан биз дээ. Нэлээд хэдэн хүн босоод дайнд явахаа илэрхийлсэн. Нийт 22 хүн болсон.
Аюуш дарга маань босоод хэлсэн. “Би ганцаараа юу мэдэх вэ. Сумын дарга нартаа хэлнэ. Сумын намын үүрийн дарга нартаа хэлнэ, сумын цэргийн хэлтэст хэлнэ. Аймгийн цэргийн хэлтэс рүү ярина. Ингэж байгаад шийдэх асуудал юм байна. Хоёр гурав хоногоос хэтрүүлэхгүй чиг дуулгана” гэсэн. Тэгээд байж байсан Жамц гээд манай сумын намын үүрийн дарга намайг дуудуулж. Жамц гуай дээр яваад очсон “22 хүнээс 16 нь гарцаагүй явах боллоо. Хоёр гурав хоноод та нарыг морин өртөөгөөр Баянтүмэн явуулах байх” гэсэн. Гурав хонож байтал “Одоо явна” гээд  л манай дарга нар бидэнд 16 морь, эмээл бэлдчихсэн байсан.  Ингээд л явахаар боллоо. Биднийг туг, далбаа бариад сумын төвөөс Яргайн даваа хүртэл манай дарга нар бүгдээрээ үдэж гаргасан. Баянтүмэн рүү бид морин өртөөгөөр явахаар болсон. Бэрхээрийн өртөө гэдэг газар очтол тэндээс цааш үхэр тэргээр явсан. Долоо хоног явж аймгийн төв орсон. Аймгийн эвлэлийн хорооныхон бас туг, далбаа барьж биднийг угтаж авсан. Тэгээд цэргийн эмнэлгийнхэн биднийг хүлээж авсан. Лагнов гэдэг орос сургагч, Таня Петровно гэж их эмч, хэлмэрч Дорж гэж улс биднийг угтаж аваад цэргийн эмнэлэг дээр хүргэж өгсөн дөө. Лагнов сургагч “Та нар их ядарч ирсэн юм шиг байна. Гурав хоног амраая” гэлээ. Биднийг гурав хоног амраагаад ажил хуваарилж өгсөн. Цэмпэлмаа бид хоёрыг эмнэлэгт сувилагчаар, бусдыг маань цагаан хэрэглэл угаах, тогооч, индүүчин гэх мэт ажилд хуваарилсан. 


-Дайны галын шугамаас ирсэн шархтнуудыг эмчилж, сувилж эхэлсэн үү. Айж цочирдох зүйл их байсан байх даа?
-Шархатнуудыг хүлээж аваад л ажилласан. Маш хүнд шархадсан цэргүүд ирнэ. Баянтүмэнээс гадна Хэнтийд бас цэргийн эмнэлэг байсан. Бууны шархыг бол угааж цэвэрлээд байхад эдгэрч гайгүй болно. Бөмбөгний шарх гэдэг чинь ямар ч эмчилгээ байхгүй. Бөмбөгний хагархай хүний биеийг нэвт цохиод гардаг. Хоёр, гурав хоног шархандаа шаналж байгаад л хөөрхий хүн болдоггүй байсан. 


-Та дайнд явахыгаа гэрийн­хэндээ хэлээгүй гэлүү?
-Тийм. Урагшаа явахдаа аавдаа хэлэлгүй явсан. Аав маань сумын төвөөс хол байсан. Тэгээд хэлээгүй юм. Сүүлд л дуулсан гэсэн. Дайн дуусаж, шархтай цэргүүдээ эмчилж дуусаад арваннэгдүгээр сард манай эмнэлгийг татан буулгасан. Биднийг гэртээ, орон нутагтаа буцаахыг нь буцаагаад, эмнэлэгтээ ажилчнаар авахыг нь авсан. Би тэр эмнэлэгтээ үндсэн ажилчнаар үлдсэн. 


-Эмнэлэгтээ хэр удаан ажиллав?
-Үндсэн ажилчнаар ажиллаад байж байтал аавын маань бие муудлаа гэдэг дуудлага ирсэн. Миний ижий намайг зургаан настай байхад нас барсан юм. Аав, эгч хоёр минь нутагтаа, Баяндундаа мал маллаж байсан. Аавын бие муу гэсэн дуудлага ирсэнд “Морин өртөөгөөр яв, аавдаа оч” гээд манай дарга намайг явуулсан. Тэгээд аавдаа ирсэн. Аавын маань бие ч гайгүй болсон. Аавыгаа асраад зургаа, долоо хонож байтал сумын тахар гэнэ ээ, нэг хүн ирээд сумын эмнэлэг дуудсан, сахиж байгаад аваад ир гэсэн гэнэ. Яагаад сахиж байгаад аваад ир гэв гэсэн сумын эмнэлэгт ажиллуулах гэж байгаа юм байх аа гэнэ. Ингээд сумын эмнэлэгт ирсэн чинь арваад өвчтөн тэнд эмчлүүлж байсан. Очсон оройгоо л жижүүрт гарсан. Сумын эмнэлэгт би гурван жил долоон сар ажилласан. Манай эмнэлэг 14 хоногийн амралт өгдөг байсан. Би амралтаа аваад байж байтал манай нөхөр “Чамайг авахаар ирлээ” гээд хүрээд ирсэн. Нөхөр маань Базарын Барс гэж хүн байлаа. Тэгэхэд Тамсагбулагийн 27 дугаар отрядад цэргийн дарга байсан юм. Тэгээд сумын дарга Жамц гуайд “Манай гэр бүлийн хүн ирсэн. Намайг аваад явна гэж байна” гэлээ. Тэгсэн чинь Жамц гуай “Юу ярьж байгаа юм. Би мэдэхгүй. Бавуу дарга мэднэ. Баянтүмэн аймгийн эрүүл мэндийг хамгаалах хэлтэс мэднэ. Чамайг шууд явуулахгүй. Амралтаа дуусгаад ажилдаа орох ёстой” гэнэ. Ингээд яадаг аргаа мэдэхгүй байж байсан. Тэгсэн аймгийн шуудан хүрээд ирсэн. Нөхөртөө хэллээ. “За аймгийн шуудангаар явъя, ерөөсөө” гээд л явсан. Тамсагбулагийн 27 дугаар отрядад очсон. Отрядын дарга нь Чойндон гэж хүн байсан. Тамсагбулагийн отрядынхан биднийг шинэ гэр бүл болж байна гээд сайхан хүлээж авсан. 


-Эргээд хил дээрээ иржээ. Дайны дараах хил хязгаарын байдал ямар байв?
-Тамсагийн 27, Энгэр шандын 31 дүгээр отрядад нийт 10 жил болсон. Миний хийж чадах ажил эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гэдэг алба. Хоёр отрядад хоёуланд нь эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилласан. 31 дүгээр отрядын дарга нь Улсын баатар П.Чогдон байсан. 1950 онд дайн дажингүй тайван цаг болсон гээд хилийн бүх отрядыг татан буулгасан. Ингээд бид 1950 онд Улаанбаатарт нүүж ирсэн. Нөхөр маань Одон тэмдэгт тусгай хороонд ахлах ня-бо болсон. Би Улаанбаатарт ирээд жилийн дараа 1951 онд “Алтай” зочид буудлын заалны зохион байгуулагч гэдэг ажилд орсон. Тэнд ажиллаж байгаад Худалдааны техникумд анхны тогооч нарыг бэлтгэхэд тэдний нэг болсон. Нийт 30 хүн, үүнээс хоёр гурван эрэгтэй байсан. Улсдаа анх тогооч мэргэжил эзэмшсэн биднийг ажилд хуваарилахад “Туул” рестораны ахлах тогоочоор намайг тавьсан. “Туул” ресторан гэдэг чинь тэр үед “Согтуугийн гуанз” гэдэг нэртэй газар байсан. Намын төв хорооноос Хөхшарав гэж дарга ирээд тэр гуанзыг ресторан болтол ажиллана шүү гэж үүрэг өгсөн. “Туул”-ыг ресторан болгосон. Тэндээ нэлээд хэдэн жил ажиллаж байтал Худалдааны яамны сайд Жавын тушаал гарч Оросын төмөр замыг Монголд хүлээлгэж өгөх гэж байгаа гэлээ. Орос ажилчдыг нь бүгдийг нь халсан тул Сүхбаатар өртөөнд ахлах тогоочоор очиж ажилла гэсэн. Тэнд очиж гурван жил гаруй ажилласан. Эргэж ирээд худалдаа нийтийн хоолонд ажилласан даа. Худалдаа нийтийн хоолны газар маань Худалдааны трест болж томорсон. Би Холбооны техникумын ахлах тогооч, Худалдааны техникумын ахлах тогоочоор ажиллаж байгаад Дугуй рестораны ахлах тогооч болж, тэндээс тэтгэвэртээ гарсан даа. Их Тэнгэрийн амны нэгдүгээр хэлтэст зочин хүлээж авна. Тэр бүрд очиж хоолыг нь хийдэг байсан. Гадаадын том зочид олон ирж байсан. Бүгдийг нь хэлэхэд хэцүү, нэр усыг нь мартаж. Югославын удирдагч Бриз Тито ирсэн. Тито Ёлын аманд очиход би тогоочоор нь явсан. Л.И.Брежнев, Н.В.Подгорный гээд Зөвлөлтийн удирдагчид ирэхэд тогоочоор нь явсан. 


-Та нарыг Халхын голын дайнд сайн дураараа явж, дайны ар талд цэргийн эмнэлэгт ажиллаж байсан гэдгийг 40 жил огт ярилгүй дарсан юм билээ. Яагаад тэгсэн юм бол?  
-Тийм ээ. Тэр яагаад тийм байсан юм мэдэхгүй. Дайн дууссаны дараа нэг савхин дээлтэй бүдүүн хар хүн бидэнтэй уулзаад л энэ талаараа огт ярьж болохгүй гэсэн юм. Тэгээд л бид чимээгүй явсаар олон жил болсон. Тэрнийг ил тод болгоё гээд би Улаанбаатарт ирснийхээ дараа хотын Гүйцэтгэх захиргаанд очиж уулзсан. Манай сумын дарга байсан партизан Жамц гуайгаа дагуулаад л их овоо улс очлоо гэж бодохгүй юу. Тэгсэн хотын Гүйцэтгэх захиргааны дарга “Өө, Жамц гуай та иймхэн юмны төлөө энүүгээр юу гэж явж байгаа юм бэ” гэсэн. Тэгээд Жамц гуай даргын өрөөнөөс гараад “За миний чадах ажил байхгүй болсон юм байна. Намайг хүн ч гэж тоосонгүй ээ, энэ дарга” гэнэ. Би “За яах вэ, явж байгаад учраа олно биз дээ, Жамц гуай минь. Битгий сэтгэлээ зовоо” гэсэн. Тэгээд Батлан хамгаалах яаманд өргөдлөө өгсөн. Батлан хамгаалах яам их сайхан хүлээж авсан. Манай 15 охидыг бүгдийг нь хүлээж аваад, Халхын голын медаль бусад бичиг баримт олгож өгсөн. Нөхөд маань их баярласан. Тэд маань их насалж чадаагүй дээ. Хамгийн сүүлд хоёр гурван хүн үлдээд байсан. Одоо би ганцаараа болж.

Ц.Чимэдцэрэн эмээтэй ийн хуучлав. Тэрбээр бие тэнхлүүн, ухаан саруул. 84 жилийн өмнөх Халхын голын дайны үеийн үйл явдлуудыг он сартай нь, хүмүүсийг овог, нэртэй нь хэлэх аж. Дайны утаа үнэрлэн, цэргийн эмнэлэгт, ар талд хамт ажилласан үе тэнгийн охидынхоо тухай дурсаж, тэднийхээ үр хүүхдүүдийн төлөөлөлтэй хамт тавдугаар сарын 09-нд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод уригдан очиж, ялалтын баяр үзэж, Буриадын гавьяаны одон медалиар шагнагдан, хүндлэл хүлээж байгаад ирсэн тухайгаа ярив. Мөн ханийнхаа тухай хууч дэлгэв. Ц.Чимэдцэрэн гуай Халхын голын дайны дараа нөхрөө дагаж 1945 оны чөлөөлөх дайны ар талд мөн үүрэг гүйцэтгэжээ. Дайн дажин дуусаж энх цаг ирэхэд нөхөр нь цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж, нэлээд нас хэвийсэн үедээ МУИС-ийн хэл, уран зохиолын ангид элсэн суралцсан гэнэ. “Би өвгөндөө хөгширсөн хойноо жаахан хүүхдүүдтэй хамт их сургуульд сурах юм уу гэсэн чинь “Хамаагүй ээ сурна аа” гээд л сурсан” хэмээн хуучлах аж. Б.Барс гуай академич Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нарын толь бичгийн ажилд гар бие оролцсон бичгийн хүмүүн байжээ. 
Арвантавхан настай жаахан охин дайны талбарт очиж эх орноо хамгаалах санал санаачилга анх гарган, нөхдөө уриалж, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаараа монгол бүсгүйчүүдийн үлгэр жишээ болон гайхуулж, энх цагт ажил хөдөлмөрийн талбарт мөн л бусдыгаа хошуучилж, анхдагчийн алдрыг хүртэн, амжилтын оргилд гялалзаж явсан Ц.Чимэдцэрэн гуай эдүгээ зуу насалж, зургаадай таягаа тулжээ. Хоёр дайны утаа үнэрлэж, эх орныхоо төлөө галын шугаманд үүрэг гүйцэтгэж явсан энэ буурайг хоёр жилийн өмнө Монгол Улсын баатар цолоор шагнуулахаар тодорхойлж, Төрийн тэргүүнд айлтган мэдүүлсэн гэнэ.  

Дайнд оролцогчдын Монголын холбооны тэргүүн, хурандаа Г.Лүндэн, зээ охин Оюундэлгэр нарын хамт

Г.Сонинбаяр

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


0
angry
0
care
0
haha
5
liked
9
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22