Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Гадна, дотнын зочин гийчид нисэх онгоцны буудалд буугаад нийслэлийн зургаан дүүргээс хамгийн түрүүнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрнө. Гаднын зочдын дуранд хотуудын гэрэлтүүлэг, чимэглэл буусан байх нь олонтаа. Улс орны алтан босго, үүд болсон дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийг эзний сэтгэлээр өнгөлөн асааж, бадамлуулж явдаг “Novel network group”компанийн захирал Д.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээс Хан-Уул дүүрэг гэрэлтүүлэг, тохижилт сайтай санагддаг. Гэрэлтүүлгийг нь танай “Novel network group” компани хариуцдаг юм байна. Та өөрийгөө болон компаниа товчхон танилцуулаач?
-Намайг Дамдины Мөнхжаргал гэдэг. Говь-Алтай аймагт төрж өссөн, цахигааны инженер мэргэжилтэй. Би 2010-2017 онд “Novel network group”компанийн ерөнхий инженерээр ажиллаж, 2017 оноос гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод ажиллаж байна. Манай “Novel network group” компани 2010 онд цахилгаан угсралтын чиглэлээр 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол, өнөөдрийн байдлаар ажлын чиг үүрэг нэмэгдэж цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, угсралт, засвар үйлчилгээ гэсэн дөрвөн чиглэлд хуваагдан 13 дахь жилдээ тасралтгүй ажил үүргээ гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник ажилгааны дүрэм журмыг чанд мөрдөж , боловсон хүчний нөөцийн асуудлыг нэг номерт тавьж ажилласан. Байгууллага одоогийн байдлаар цахилгаанчин, техникч, инженер, удирдах багтайгаа нийлээд нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, орон сууцны гэрэлтүүлэг, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Эдгээр ажлаа Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан хийж гүйцэтгэдэг.
-Дүүргийн хэмжээнд төдөн тооны гэрэлтүүлэг байдгаас төд нь асдаг гэсэн тоо байдаг юм болов уу?
-Хан-Уул дүүргийн гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн тоо 7400 ширхэг байдаг бөгөөд эдгээр гэрэлтүүлэг 99.2-99.5 хувийн асалттай байдаг.
-Энэ их өндөр хувь гэж бодогдож байна?
-Гудамж, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан гэрлийн асалт өндөр хувьтай байгаа шалтгаан маш энгийн л дээ. Хан-Уул дүүрэг 25 хороотой. Хороо бүрт гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэнтэй. Бид эдгээр мэргэжилтэнтэйгээ нягт хамтын ажиллагаатай байж чаддагт л учир бий. Мэргэжилтнүүд маань орой үдшийн цагаар гэрэлтүүлгээ шалгаад даваа гараг бүр Дүүргийн Тамгын газарт болдог хороодын дарга, хэсгийн ахлагч мэргэжилтнүүдийн шуурхай хурал дээр тайлангаа тавьдаг тогтсон журамтай. Тухайн шуурхай хурлаас авсан мэдээллийн дагуу бид компани дээрээ шуурхай хурал зарлаж техник ажиллагааны дүрмээ тохироод, тухайн хороонд очиж засвар, үйлчилгээний ажилдаа ордог.
-Их хариуцлагатай ажилладаг юм байна. Айл өрхийн аюулгүй, амгалан тайван амьдрал, тав тух гудамж талбайн гэрэлтүүлэгтэй ямар нэг хэмжээгээр хамааралтай санагддаг. Та юу хэлэх вэ?
-Ялангуяа гэр хорооллын бүсэд гэрэлтүүлгийн асалтыг онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Хэдийгээр нэг үеэ бодвол нийгэм харьцангуй тогтворжиж, иргэдийн хандлага, соёл дээшилсэн ч гудамжны архидалт, хулгай, дээрэм, булаалт, хүчин гэх мэт хэрэг мэр сэр гарсаар байгаа. Ийм хэргүүд голдуу шөнийн цагаар, харанхуй орчинд үйлдэгдэх магадлал өндөр байдаг тул гэр хорооллын гэрэлтүүлэгт онцгой анхаардаг. Гэрэлтүүлгийн найдвартай ажиллагааг хангаж чадсанаар гэмт хэргийн гаралт эрс буурсан дүн мэдээ бий. Өвлийн улиралд эрт харанхуй болж, сургуулийн хүүхдийн хичээл оройтох нь бий. Гэр хорооллын гэрэлтүүлэг өвөл цагийн нарны мандах, жаргах цагийг интернэтэд тохируулан холбосон болохоор алсын удирдлагын системээр харанхуй болох үест асчихдаг. Хүүхдүүд харанхуй гудмаар явах айдасгүй хичээлдээ төвлөрөх хэрэгтэй шүү дээ.
-Хан-Уул дүүрэг бусад дүүргээ бодвол тохижилт, гэрэлтүүлэг чимэглэл харьцангуй сайн. Танай компани гэрэлтүүлгийг нь хариуцаж ажилладаг учраас бусад дүүрэгт манай энэ туршлагыг хэрэгжүүлээсэй гэсэн ажил байна уу?
-Улаанбаатар хотын захирагчийн албаны дотоод аудит, хяналтын хэлтсийн албаны дарга Рэгзэдмаа 2019 онд ирж шалгасныхаа дараа “Танай гэрэлтүүлгийг хороод нь хянаад, гарын үсгээ зурж баталгаажуулаад эргээд мөн шалгуулдаг энэ арга туршлага давуу тал болж байна. Энэ нь шалгалт, хяналтыг бодитой болголоо. Энэ туршлагаас бусад дүүрэгт нэвтрүүлж, хэвшүүлвэл зүгээр юм байна” гэж онцолж байсан. Дүүргийн Тамгын газрын гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн байдаг. Мэргэжилтэн нийт 25 хорооны нутаг дэвсгэрт асаж байгаа гэрэлтүүлгийг өдөр бүр хянаж шалгаад явах боломжгүй болохоор манай компани тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлаа хороон даргад тайлагнаад, гарын үсэг зуруулж баталгаажуулаад явахаар үр дүн нь илүү бодит болоод байгаа юм.
-Цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөсөө сонирхуулна уу?
-2023 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг солих “ODA” төслийн хүрээнд Өмнөд Солонгосын “Dasan lighting LLC” компанитай Улаанбаатар хотын захирагчийн албанд санамж бичигт гарын үсэг зурах шатанд явж байна. Хэрвээ Өмнөд Солонгосын “ODA”төсөл дэмжигдээд ирвэл Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэрэлтүүлэггүй цэгийг гэрэлтэй болгож хуучин гэрэлтүүлгийг солих боломж бүрдэх юм. Нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг 2010-аад оны үеийнх, арав гаруй жил болсон, гаднах бүрхүүл хуучирч шарласан, хагарсан мөн өөр өөр загварын гэрэлтүүлгүүд байгаа. Жигдрүүлж тусгал сайтай гэрэлтүүлгээр солих зайлшгүй шаардлагатай.
-Нэг хэсэг гэр хороолол, байрнуудын дундах талбайд нарны зайн гэрэлтүүлэг тавьсан. Хүмүүс байгаль орчинд ээлтэй технологи байна даа гэж ам сайтай байсан санагдана. Сүүлийн үед харагдахгүй байна уу даа?
-Нарны зайн гэрэлтүүлгийг 2010-2013 онд гэр хороолол, нийтийн эзэмшлийн талбайд туршилтаар тавьж үзсэн. Монгол орны уур амьсгал, цаг агаарын нөхцөл байдалд нарны зайн гэрэлтүүлэг тохиромжгүй болох нь туршилтын явцад гарсан факт, үр дүнгээс харагдлаа л даа. Гэрэлтүүлгийг нарны эрчим хүлээн авах самбар, фото релей, гэрэлтүүлэх хэрэгсэл, аккумлятор гэсэн хэсгүүд бүрдүүлдэг. Өдрийн цагт хураасан эрчмээр шөнө гэрэлтүүлэх зарчимтай гэдэг нь ойлгомжтой. Самбараа шонгийн оройд байрлуулж аккумлятороо шонгийн доор булдаг. Нэгдүгээрт өвлийн тэсгим хүйтэнд хөрсөндөө хасах 35-40 хүрэхээр аккумлятор царцаад болохгүй байсан. Хоёрдугаарт Улаанбаатарт өвлийн цагт нар мандах үеэр утаа ихэсдэг. Энэ нь оройн цагаар ч мөн давтагдана. Өдрийн турш нарны эрчим хангалттай хурааж чадаагүй аккумлятор орой 18 цагаас эхэлж асаад 21 цагийн орчим цэнэг нь дуусаад унтардаг. Ингээд нарны зайн гэрэлтүүлэг манайд тохиромжгүй гэдэг нь батлагдаад байгаа.
-Түрүүн та гэрэлтүүлэг 99.2-99.5 хувьтай гэж байсан. Өнөөдрийн байдлаарх мэдээлэл байдаг уу. Зүгээр сонирхолтой санагдаад асуусан юм?
-Яг өнөөдрийн байдлаар 99.2 хувьтай байна. 7400 гэрлээс нэг хувь нь асахгүй байна гэж үзвэл өнөөдөр 70 гэрэл асахгүй байна гэсэн үг. Энэ 70 гэрэл яагаад шатсныг цахилгаан техникийн онолоор тайлбарлана. Нэг үгээр хэлвэл манай компанийн хувьд давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай. Гэр хорооллын алслагдсан бүсүүдэд хүчдэлийн хэлбэлзэл буюу уналт үүсэх тохиолдол элбэг. Гудамжны гэрэлтүүлэг айл өрхийн гэрэлтүүлгийн дэд станцаас тэжээл авдаг. Гэрэлтүүлгэд ашигласан лед гэрлүүд үйлдвэрээс гарахдаа тодорхой хэмжээний хүчдэлийн хэлбэлзэл буюу жишээ нь 180-250 хооронд хүчдэл хэлбэлзэхэд шатахгүй даана гэсэн заалттай байдаг. Гэтэл гэр хорооллын цахилгаан шугам сүлжээний төгсгөл хэсэгт хүчдэлийн уналт 160, 150, 140 рүү буух тохиолдол гардаг. Тэгэхээр гэрлүүд үйлдвэрлэсэн горимд тогтоосон уналт даах чадвараас нь давахаар шатдаг.
-Санаатай, санаандгүй бадлаар гудамжны гэрэлтүүлгийг хагалж, гэмтээх тохиолдол их гарах уу, гайгүй юу?
-Тийм болгоомжгүй үйлдэл хийх нь харьцангуй бага. Зүгээр би нэг сонирхолтой тохиолдол ярья л даа. Нэг байшин хороолол дунд гэрэлтүүлэг тавих тендерт ялсан компани ажлаа хийж гүйцэтгээд явжээ. Гэтэл тухайн хотхонд тавьсан гэрэлтүүлгээс нэг нь хагарчихаад ер болохгүй байж. Дуудлага өгсөний дагуу манай компаниас мэргэжилтэн очоод хагараад болохгүй байгаа гэрлийн тусгал орчны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ биз дээ. Гэтэл тэр гэрлийн тусгал ойрхон нэг айлын унтлагын өрөөнд тусдаг байж. Тэгэхээр өнөөх айлын хүнээс санаандгүй байдлаар асуусан чинь гэрлийг хагалдгаа хүлээсэн байгаа юм. Манай компани тухайн айлын хүмүүсээс уучлалт гуйгаад гэрлийн байршлыг сольсноор асуудал шийдэгдсэн дээ.
-Гудамжны гэрэл гэрт нь тусдаг айлыг мэдэх юм байна. Маш нарийн бодож төлөвлөж хийх ажил бололтой?
-Бүх зүйл мэргэжлийн байх ёстой. Замын компани гэрэлтүүлгийн тендерт ялаад байж болохгүйн жишээ энэ шүү дээ.
-Тун удахгүй Ардын хувьсгалын түүхт ойн баяр болно. Хан-Уул дүүрэг баяр наадмын гэрэлтүүлэг чимэглэлээ асаах бэлтгэл ажлаа эхэлсэн үү?
-Ойн баяр наадмын арга хэмжээнд зориулж жил бүр асаадаг уламжлалт гэрлэн чимэглэлүүдээ асаана. Тухайлбал, бидний Соёмботой уул гэж нэрлэж заншсан уулын соёмбыг асаана гэх мэтчилэн төлөвлөгөөт ажлуудаа хийгээд л явна. Хот нэг өнгөөр гэрэлтэнэ гэдэг ерөнхий зарчим яригдаж байгаа. Нэг өнгийн стандарт нь цайралттай шар гэрэл буюу бидний манангийн шар гэж нэрлэдэг утаа, манан нэвтлэх чадалтай гэрлээр жигдрэнэ гэсэн үг. Хэт тод цагаан гэрэл хүний нүдний хараанд нөлөөлж ядраадаг тул гудамж талбайн гэрэлтүүлгээс гаргах байх.
-Тод цагаан гэрэл гудамж талбайн гэрэлтүүлэгт хэрэглэж байхад нүд ядраадаг бол айл өрхийн гэрэлтүүлгэнд ч тохиромжгүй байж таарна. Айлууд гэртээ ямар өнгийн гэрэл асаавал зүгээр юм бэ. Та энэ талаар нэг зөвлөгөө өгөөд ярилцлагаа өндөрлье?
-Сүүн гэрэл буюу тод цагаан өнгө хүний нүдийг ядраадаг тухай дээр хэлсэн. Бид гэр орон, албан тасалгаандаа аль болохоор шар өнгийн гэрлийг сонгож тавих хэрэгтэй. Улайсдаг бол биш. Сүүлийн үед лед гэрэл янз бүрийн өнгөний сонголттой болсон доо.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна