Дэлхийн улс орнууд “Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц”-ийг 1992 оны тавдугаар сарын 22-нд батлан жил бүрийн энэ өдрийг “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр” хэмээн тэмдэглэх болсон. Монгол Улс уг конвенцид албан ёсоор нэгдсэн орсны 30 жилийн ой тохиож байна. 2023 оны Олон улсын Биологийн олон янз байдлын өдрийг “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг угтаж БОАЖЯ-наас Монгол орныхоо Биологийн олон янз байдал, түүний онцлог, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах талаар байгалийн баялаг ашиглагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар зохистой ашиглах ирээдүйн нөөцийг бий болгож, эерэг хандлагыг иргэн бүрт хэвшүүлэх зорилгоор өнгөрсөн сарын 16-19-нд дөрвөн салбар хуралдааныг “Биологийн олон янз байдал ба ургамал”, “Биологийн олон янз байдал ба амьтан”, “Биологийн олон янз байдал, Генетик нөөц ба био аюулгүй байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм” сэдвийн дор эрдэмтэн, судлаачид, олон улсын хандивлагч байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар онцлон хэлэлцжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлын яамны Байгалийн нөөц, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.
-“Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр”-ийн хүрээнд дөрвөн сэдвээр хурал, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Ярилцлагын эхэнд үүнтэй холбоотой товч мэдээлэл өгөх үү?
-“Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц”-ийг 1992 оны тавдугаар сарын 22-нд баталсан байдаг. Тиймээс дэлхий дахинаа тэмдэглэлт өдөр болгон өнгөрүүлдэг уламжлалтай. Монгол Улс уг конвенцод 30 дахь орон болж нэгдсэн бөгөөд энэ онд 30 жилийн ой тохиож байгаа юм. Тэгвэл энэхүү өдрийг угтаж БОАЖЯ-наас олон улсын төсөл хөтөлбөрүүдтэйгээ хамтран биологийн олон янз байдлын онцлог, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах талаар байгалийн баялаг ашиглагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, алдагдлыг зогсоох, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар зохистой ашиглах, ирээдүйн нөөцийг бий болгож, иргэн бүрд эерэг хандлагыг хэвшүүлэх зорилгоор дөрвөн салбар хуралдааныг зохион байгуулсан юм. Хуралд 240 гарй эрдэмтэн, судлаач, олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл, оюутан, сурагч оролцлоо. Энэ үеэр амьтан ургамлын төрөл зүйлийн экосистемийн талаар дэлгэрэнгүй, нээлттэй үзэсгэлэнг олны хүртээл болгосон. Ялангуяа Монголд ховордсон, устаж буй амьтан, ургамлын талаар тодорхой мэдлэг, мэдээлэл солилцохоос гадна цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Харин өнгөрсөн тавдугаар сарын 22-нд “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр”-ийг албан ёсоор тэмдэглэсэн. Үүнд 300 гаруй төлөөлөгч оролцож, биологийн олон янз байдлын хамгаалалд тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтран хэрэгжүүлэх нэгдсэн зөвлөмж баталсан.
-Хурлаас ямар үр дүн гарав?
-“Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц”-ыг дагасан дөрвөн конвенц бий. Манай улс генетик нөөцийн тухай Нагоягийн протокол, био аюулгүй байдлын тухай протоколд нэгдсэн байдаг. Монгол Улс конвенцод хүлээсэн эрх үүргээ хэрхэн биелүүлж байна вэ, тайлан зэрэг дээр нэлээд ярилцлаа. Манай улс үүргээ харьцангуй сайн хэрэгжүүлдэг орны тоонд ордог. Дэлхийн хэмжээнд жил бүр биологийн олон янз байдлыг хамгаалахад 143 тэрбум ам.доллар зарцуулдаг ч энэ нь шаардлага хангахгүй байна. Ер нь биологийн олон янз байдлын хамгаалал, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хамгаалахад 824 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө шаардлагатай гэж үздэг. Хүн төрөлхтөн хамтдаа биологийн олон янз байдалд оршин тогтнож байгаа энэ цаг үед хүний үйл ажиллагаа бүхий сөрөг нөлөөлөл нь санхүүжилттэй шууд холбоотой. Манай орны байгаль хамгаалах нийт зардлын 44.4 хувийг улсын төсвөөс, үлдсэн 55.6 хувийг олон улсын хандив, тусламжаас бүрдүүлдэг. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.15-0.25 хувийг зарцуулж байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Иймд бид одоо л асуудлыг чухалчлан хэлэлцэж, хамтаараа нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол Биологийн олон янз байдлын хомстол Монгол оронд нүүрлээд байгааг анхаарууштай.
-Экосистемийг тогтвортой байлгахын тулд хийх ажлын жагсаалт гаргавал тоймгүй урт байна байх. Тэгвэл мэргэжлийн хүний нүдээр харахад экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой байлгахын тулд нэн түрүүнд юу хийх ёстой юм бол?
-Бид хөгжих ёстой. Бидэнд эдийн засаг зайлшгүй хэрэгтэй. Дэлхийн улс орнууд ч тогтвортой хөгжих үндсэн концепцоо батлаад, хэрэгжүүлж байна. Монгол Улс 2015 онд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталсан. Мөн “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа. Тэгэхээр эх дэлхийн анхдагч нь экосистем юм. Тиймээс тэнцвэрт байдлыг хадгалж, хамгаалахын тулд биологийн олон янз байдал буюу бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа амьтан, ургамал, газрын хэвлий, ус, ойн баялгаа ашиглаж, зөв зохистой хамгаалсны үндсэн дээр цаашид тогтвортой оршин тогтнох нөхцөл бүрдэнэ. Ингээд бодохоор хамгийн түрүүнд хамгааллын арга хэмжээг явуулах ёстой. Зөвхөн хашиж, хамгаалах тухай биш. Амьтдын тоог толгойг зөв зохистой хэмжээнд барих юм. Нэг зүйлийн амьтан өсөж, нөгөө нь устаад байна гэж ярьдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ нь хар галуу. Тоо толгой нь олширч байгааг бид ярьсаар л байна. Зарим жилд ган гачиг болж байна. Энэ нь байгаль өөрийгөө тэнцүүлдэг зүй тогтолтой учраас гамшгийн үзэгдлийн тоо эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаад байгааг л байгаль анхааруулаад байна. Монгол Улс жилийн дөрвөн улиралтай. Нар, сараа харж, уламжлалт ёс заншлаараа байгаль дэлхийн өнгийг тодорхойлон үйл ажиллагаа явуулж, ахуй амьдралаа зохицуулж ирсэн ард түмэн. Гэтэл хөгжлийн чиг хандлагадаа нийцүүлсэн бүтээн байгуулалтын ажил нь байгаль орчинд ээлгүй, халтай байгаа учраас байгалийн тэнцвэрт байдал алдагдаж буй том жишээ юм. Тиймээс байгалийн гамшиг үзэгдлийн давтамж, цаг агаарын аюултай үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлт бий болж байна. Газрын хэвлий, байгалийн ургамлын тухай ярихгүйгээр хэн ч оршин тогтнох боломжгүй. Тиймээс Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг БОАЖЯ-наас УИХ-д өргөн мэдүүлсэн. Говь говиороо, хангай хангайгаараа л байх ёстой. Хангайд ургадаг ургамлыг говьд тарьж болохгүй. Говийн ургамлыг хангайд тарьж болохгүй. Тиймээс экосистемийн зүй тогтлыг маш сайн судалж байж хамгааллын арга хэмжээг авна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн дэлхийд манлайлал үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудалд тухайлан анхаарч байгаа нь сайшаалтай ч шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, хамгааллын арга хэмжээг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм.
-Байгалийн баялгийг ашигладаг уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх тал дээр асуудал дагуулсаар ирсэн шүү дээ. БОАЖЯ-наас уул уурхайн компаниудад ямар шаардлага, хяналт тавьж ирэв?
-Монгол Улс уул уурхайгаасаа хараат орон. Тиймээс зөв зохистой уул уурхайг явуулах нь зүйн хэрэг. Гэхдээ орхигдсон газарт нөхөн сэргээлт хийдэггүй нь тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайгаас орхигдсон, нөхөн сэргээлт хийгээгүй 2000 га газарт үе шаттайгаар нөхөн сэргээлт хийж байгаа. Уул уурхайн хуулиуд байдаг ч хэрэгжилт хангалтгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын таван жилийн үнэлгээ батлуулж, менежментийн төлөвлөгөө батлуулан, тодорхой хэмжээний зардлаа тусгаж, тайлагнадаг зарчимтай боловч Монголд хяналт маш сул байгаа нь алтыг нь аваад авдрыг хаяад явдаг заншлыг бий болгосон юм. Мөн монголчууд сайхан амьдрахын тулд ойн болон усан сан руугаа зуслангийн бүсээ тэлж байна. Өнөөдөр хүн төрөлхтний эрүүл, аюулгүй орчинд сайн сайхан байлгахын төлөө экосистем оршин тогтнож байна. Тэгвэл сайн сайхан амьдрахын тулд ойн сан, усан сан бүхий газар хамгааллын арга хэмжээ авах ёстой. Хуулиар олгогдсон газарт амьдарч, сүйтгэж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, хог хаягдал, нүхэн жорлон бий болгомооргүй байна.
Энэ тал дээр иргэн бүр байгаль хамгаалах байх ёстой. 0.07 га газартаа зөв төлөвлөлт хийе. Иргэд өөрт оногдсон 0.07 га газрынхаа нэг буланд худаг ухаж, нөгөө буланд нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон барьсан мөртлөө хэсэг газарт нь мод тарьсан болдог. Үүнээс болж маш их талхлалт бий болж байна. Бохирдсон хөрсөн дээр хүүхдүүд тоглож байна. Амар хялбараа бодож хашаандаа худаг гаргах нь нэгдүгээрт хүн бүхний хэрэглэх ёстой усны нөөцийн асуудалд тухайн айл шууд нөлөөлдөг. хоёрдугаарт өөрт нь урт хугацаандаа маш хор хохиролтой мэдэхгүй байна. Стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонгоосоо 200-300 метрийн зайтай худгаа ухсан байгаа юм. Ингэхээр 20, 30 жилийн дараа тухайн иргэн биш юмаа гэхэд хүүхдүүд нь асар их бохирдол, нян бактертай ус уух болно. Эндээс ямар нэгэн хэмжээний өвчлөл, хорт хавдар, нян бактери бий болохыг мэдэхгүйгээр зөвхөн өнөөдрийн сайн сайхан амьдралын төлөө зүтгэж байна. Тиймээс иргэд өнөөдөр биш ирээдүйн сайн сайхны төлөө амьдрах хэрэгцээ, шаардлага байна.
-Экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой байлгахын тулд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ. Ялангуяа, Монголын цаг ууртай төстэй орнуудын жишээнээс дурдаж болох уу?
-Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хамгаалах гэдэг нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал юм. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд. Монгол орон бол эрс тэс уур амьсгалтай, байгалийн баялаг ихтэй. Тэр уур амьсгалдаа дасан зохицсон ард түмэн. Гэвч суурин иргэншил бий болгож байгаа энэ үед дасан зохицох арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол сүүлийн үед маш их хэмжээний бороо ордог болсон. Орохоороо ус ихтэй учраас үер болох нь түгээмэл үзэгдэл болжээ. Гэтэл иргэд гол руу, усан сан руу хэт ойртож буусны улмаас үерт өртөх эрсдэл өндөр болсон. Тиймээс эрсдэлээ бодсон ч, усан сангийн нөөцийг бодсон ч тухайн айл өрх гол, уснаас зайтай суурьшмаар байна. Шар усны үер буудаг ус, намагтай газарт гэр, байшингаа барьсан айл хавар, намартаа усанд автсаар л байх болно. Үүнээс гадна хог хаягдлаа жалга, даланд хаяснаас үүдэн үерээр дамжин усыг асар ихээр бохирдуулж байгаа юм. Ойн санд хүн амьдрахад цэвдэг хайлдаг. Цэвдэг хайлснаар тухай ой мөхөх аюулд хүрнэ гэсэн үг. Бид хушин ойг яагаад тусгай хамгаалалттай газар нутагт авдаг юм бэ. Энэ нь ирээдүйд байгалийн нөөц баялгаа авч үлдэж буй хамгааллын маш том арга хэмжээ юм. Дэлхийн улс орнууд ч ийм жишгээр арга хэмжээ авдаг. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 21 хувийг улсын тусгай хамгаалалтад нутаг авснаараа цаашид экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах, ховор төрөл зүйлийн ургамал, амьтдыг авч үлдэх, элбэг болгох арга хэмжээг л авч байна. Дэлхийн улс орнууд ногоон гэсэн бүхий л зүйл рүү хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ нь байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдсэн ногоон хөрөнгө оруулалт руу мөнгөө өгч байна. Монгол Улс ч гэсэн ногоон хөгжлийн бодлоготой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг аваад явж байна.
-Санхүүжилтийн тухай ярилцлагын эхэнд дурдсан даа. Экосистемийн тогтвортой байдлыг хадгалж, хамгаалахад төсвөөс гадуур санхүүжилт босгох боломж байна уу?
-Дээр дурдсанчлан 40 хувийг улсын төсөв, 60 хувийг олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүждэг онцлогтой салбар юм. Өнөөдөр БОАЖЯ-нд 17 конвенц, 20 гаруй олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд бид байгаль хамгаалах арга хэмжээнд харьцангуй санхүүжилт аваад явж байгаа юм. Цаашид энэ чигээрээ явбал маш их хэмжээний санхүүжилт дутагдалтай гэсэн тоон үзүүлэлт бий. Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлахдаа байгаль орчны салбарт Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг зарцуулах зарлиг гаргасан. Нэг ёсондоо санхүүжилтээ нэмэгдүүлж байж экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, ирээдүй хойч үедээ үлдээнэ.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна