ДУГААРЫН СУРВАЛЖИЛГА
Одоогоос яг долоо хоногийн өмнө нийслэл хотын хаа сайгүй нэг ижил өнгийн скүүтэр байрлуулсан байлаа. Учрыг нь үл олж ядсан хүмүүс сурталчилгаа, эсвэл цагдаа нар ажилдаа скүүтэр ашиглаж эхэлсэн гэж таамаглаж байсан. Ялангуяа өсвөр насныхан, залуус скүүтрийн хажуугаар өнгөрөхдөө зүгээр явна гэж үгүй. Сонирхохын сацуу хөдөлгөх гэж оролдох нь энүүхэнд. Гэхдээ нэг их удалгүй сошиалоор, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөөх олон скүүтрийн учир зангилааг тайлах нь тэр. Энэ бол “Jet sharing Mongolia” компанийн оруулж ирсэн түрээсийн скүүтэр байв. Тодорхой хэлбэл, яарсан сандарсан, түгжирсэн ер нь энгийн үед jet аппликэйшний тусламжтайгаар скүүтрийг унаж хэрэглээд очсон газрынхаа ойролцоох зогсоолд байршуулаад явна. Иргэдийн цаг, санхүүгийн хэмнэлт болон хотын түгжрэлд маш үр дүнтэй үйлчилгээ болохыг скүүтрээр ажлаа амжуулсан хэрэглэгчид ярьж байна. Гэвч скүүтэр хэрэглээнд нэвтэрсэн өдрөөсөө хулгайд алдагдаж эхэлж. Тухайлбал, нэгэн компанийн ажилтан 30 минут харж байгаад хүн ирэхгүй болохоор нь түрээд аваад ирлээ, цэнэглэдэг залгуурыг нь олчихвол сайхан унаатай боллоо. Түрж явахад их хүнд юм хэмээн хулгайлж ирснийг захирал нь загнаж гаргаж тавиулсан тухайгаа нийтэлжээ. Энэ мэтээр мэдээлэлгүй хүмүүс ганц нэгээр нь ашиг хайж гарааш, байшиндаа хийгээд байвал бүгд байршил тогтоогчтой тул хулгайн гэмт хэрэгт холбогдоно, нөгөө талаас залгуур, цэнэглэгч олоод ч ашиглах ямар ч боломжгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэйг компанийн зүгээс онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрнэ. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Тус скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл ашиглах боломжтой. Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтоосон. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа. Эхлэл, төлөвлөгөөг ийн сайнаар хэлдэг ч үйлчилгээ чанар, хүртээмж, хяналтгүйгээс төр, хувийн хэвшил аль аль нь хохирсон тохиолдол бий” гэв. Эргэн сануулбал, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавьсан. Гэхдээ хангалтгүй байгааг иргэд хэлдэг. Замаа дагаад ашиглах нөхцөлд тохирсон хэрэгслийг ч нийтэд хүргэхийг оролдсон ч энэ нь амжилт олоогүй. Харин өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлж буй скүүтэр түрээсийн эрэлт их байгаа юм. Скүүтэр унаж явсан иргэн Б.Батбаяр “Уг нь тун сайхан эд юм. Даанч хотын нөхцөлд зориулалтын зам байхгүй учраас жаахан төвөгтэй санагдлаа. Ямар ч байсан богино хугацаанд ажлаа амжуулсан. Өнөөдөр такси бариад хоёр км явахад 5000 төгрөг төлдөг. Гэтэл би 3900 төгрөгөөр хоёр км-ээс хол зам туулж, зорьсон ажлаа бүтээж чадлаа. Хамгийн гол нь түгжрэхгүй. Салхи татуулаад сайхан юм. Одоо скүүтэр, дугуйн замаа сайжруулж, дэд бүтцийг нь шийдээд өгвөл үүн шиг хэрэгтэй үйлчилгээ алга. Угаасаа хүн бүр 1.5-3 сая төгрөгөөр скүүтэр, эсвэл унадаг дугуй авч чадахгүйгээс энэ үйлчилгээ надад маш их таалагдлаа” гэв. Түрээсийн скүүтрийн хүчин чадлыг сонирхвол 120 кг-ын даацтай, 19 кг жинтэй. 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой. Усны хамгаалалт, 13 ампер, сольдог зайтай, байршил тогтоогчтой, таван инчийн, хатуулаг дугуйтай 25 градус налууд өгсөх чадвартай, -16 градуст ажиллах, Зайн цэнэгээрээ 36-45 км туулах, гар утасны аппликэйшнтэй хоршин ажиллах боломжтой гэдгээрээ онцлогтой. Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор “Ninebot” брэндийн 3000 скүүтэр оруулж ирснээс эхний ээлжинд 700-г нь туршилтаар хэрэглээнд гаргасан байна. Эхний хоёр, гурван өдөр элдэв асуудалгүй байсан бол сүүлийн хоёр хоногт санаатай болон санамсаргүйгээр хувьдаа завших 10 гаруй тохиолдол бүртгэгджээ. Иймээс тусгай байршил тогтоогч GPS-ийн тусламжтайгаар олж, цагдаагийн байгууллагад хандах, хариуцлага тооцох арга хэмжээ авч байгаа аж. Хулгайд алдагдсан скүүтрийн ихэнх нь гэр хорооллоос олдсон. Бүр хашаандаа, гэртээ оруулаад тавьсан тохиолдол ч гарчээ. Хамгийн гол нь тухайн скүүтрээс GPS-ийг нь салгаад эвдэлсэн тохиолдолд дахин өөр юунд ч ашиглаж чадахгүй, хувьдаа унах боломжгүй. Сэлбэг болгож хэрэглэж ч чадахгүй гэнэ. Уг скүүтэр зөвхөн Jet аппликэйшнээр ажиллах боломжтой бөгөөд жижиг тоноглолуудыг тусгай зориулалтаар программчилжээ. Скүүтэр ашиглах түрээсийн үнийн талаар “Jet sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Дашням “Скүүтрийг ашиглахад нэг минут нь 200 төгрөг. Би өчигдөр цэцэрлэгт хүрээлэнгээс хүүхдийн 100 хүртэл скүүтрээр явлаа. Тэр аялалд 5900 төгрөг зарцуулсан. Зарим хүн үнэтэй байна гэх шүүмж хэлж байна. Гэхдээ яаж хямдруулахаа мэдэхгүй байна. Энэ үйлчилгээг хэрэгжүүлэхэд 30 хүний цалин өгч байна. Түүнчлэн 3000 скүүтэр цэнэглэхэд хэчнээн төгрөгийн тог цахилгааны зардал гарах вэ гэдгийг мэдэхгүй байх шиг. Зүгээр л бэлэн болдог зүйл биш. Бид аль болох ашгийн төлөө бус, хүн бүрийг хямдхан хэрэглээсэй. Ажил, амьдралаа хурдан зохицуулаасай гэж бодож сэтгэл гаргаж байгаа юм шүү. Манайх саяхан “Jet sharing Mongolia” пэйж нээсэн. Энэ цахим хаягаар ороод бүх мэдээлэлтэй танилцаж болно. Мөн манай аппликэйшнийг татахад тодорхой мэдээллүүд ч байгаа” гэв.
Скүүтрийг Зайсан, “Алтай” хотхон орчимд, Сүхбаатарын талбайн хажууд цэнэглэх боломжтой. Хэрэглэгчид хотын төвөөр чөлөөтэй унаж болох юм. “Jet sharing Mongolia”-гийн тээврийн баг шөнийн 00:00 цагаас ажилдаа гарч, скүүтрийг GPS-ээр нь тогтоогоод олдог гэнэ. Улмаар цуглуулсан скүүтерүүдээ шөнөжин цэнэглэж байгаад үүрийн 05:00, 06:00 цагт байх ёстой газарт нь угааж, цэвэрлээд буцааж тавьдаг юм байна. Скүүтрийг ямар үнээр оруулж ирсэн тухай иргэд янз бүрээр хардаж сэрддэг нь нууц биш. Энэ талаар компанийн удирдлагууд “Энэ нь “Ninebot” брэндийнх бөгөөд нэг скүүтэр тээвэртэйгээ нийлээд 1000 ам.доллар болж байгаа. Мөн үйлчилгээний үнэ тариф боломжийн. Манайхан бүү хулгайлаасай, соёлтой хэрэглээсэй. Бидний энэ үйлчилгээг дэмжээд байрлуулах ёстой газарт нь тавиад явбал цуглуулахад ч амар болно. “Ninebot” брэндийн энэхүү скүүтэр хамгийн багадаа 3-4 жил явах боломжтой. Бороо орсны дараа гүнзгий устай газар явахгүй байвал зүгээр. Энэ мэтчилэн мессэжийг иргэдэд аль чадахаараа түгээж байгаа. Бүгдээрээ хамтдаа гамтай, хариуцлагатай хэрэглэж, бие биедээ тус дэм болж явбал сайн байна” хэмээн ярилаа.
Скүүтэр хэрхэн ажилладаг вэ
1. Appstore болон Playstore-с “Jet Scooter application”-ийг татах.
2. Хэрэглэгчээр бүртгүүлэх.
3. Зүүн доор байрлах меню хэсгээс wallet цэсэн дээр дарснаар хэтэвчээ цэнэглэх. (Хамгийн багадаа 4000 төгрөгөөр)
4. Жолоон дээр байрлах QR кодыг “Jet application”-аар уншуулснаар аяллаа эхлэх боломжтой.
5. Тарифаа сонгон эхлэх товчийг дарна уу.
6. Газрын зураг дээр байрлах “P” үсгээр тэмдэглэсэн бүх зогсоолд скүүтэрийг байршуулан аяллаа дуусгах боломжтой.
Дүрэм
1. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчилгүй, бусдад саад болохгүй газар скүүтрээ байршуулна.
2. Газрын зураг дээрх улаанаар тэмдэглэсэн бүс рүү орохыг хориглоно.
3. Зөвхөн 18 нас хүрсэн хүнд түрээслэхийг зөвшөөрнө.
4. Нэгээс дээш хүн унахыг хориглоно.
5. Зам гарахдаа аюулгүй байдлыг хангаж явган гарна уу.
Дэд бүтцээ хэзээ сайжруулах вэ
Нийслэл хотын түгжрэлээс залхсан иргэд сүүлийн үед дугуй, скүүтэр, цахилгаан мотоцикл хэрэглээндээ ашиглах нь элбэгшсэн. Гэвч тусгай зориулалтын зам харгуй дутагдалтай нь үнэн. Хэдийгээр бага багаар нэмэгдүүлж байгаа ч цаг үеийн хөгжлөө гүйцдэггүй. Тиймээс явган хүмүүстэй зам булаалдан, зэрэгцэн сүлжилдэх нь төвөгтэй. Мэдээж явган хүний замыг хоёр дугуйтад зориулаагүй учраас тодорхой хэмжээний бэрхшээл гарч байгаа. Магадгүй энэ нь тухайн техникийн эдэлгээний хугацааг богиносгодог байж мэдэх юм. “Ninebot” брэндийн скүүтэр 3-4 жилийн хугацаанд ямар ч саадгүй явах боломжтой гэдэг ч зориулалтын бус зам харгуйгаас шалтгаалан эдэлгээний хугацаа богиносох магадлалтай. Тэртээ, тэргүй нийслэл хотдоо багталцаж ядан амьдрах нь тодорхой болсон өнөөгийн нийгэмд түгжрэлээс үүдэлтэй стресс бухимдлыг багасгах хамгийн энгийн аргачлал нь хоёр дугуйтын дэд бүтцийг яаралтайгаар сайжруулах. Цахим ертөнцөд нэгэн иргэн “Алхвал нэг цаг, таксидвал 10 мянга болох газарт 3900 төгрөгөөр явж ирэв. Таны скүүтрийн батерей дууслаа гэж утасдаж хэлээд, ойрын машины зогсоол дээр тавь гэснээр нь тавьсан. Халуунд салхи татуулаад аятайхан юм. Гэхдээ явган хүний зам шүд тачигнуулж, бөөр таслангаа алдлаа. Гурван удаа хашлага таарч буув. Машин зам арай дээр ч ялгаагүй л донсолдог эд байна. Замаа гайгүй болгож застал дугуйгаа л уная” хэмээн скүүтэр ашигласан тухайгаа хуваалцсан байв. Тэгвэл кино зохиолч, найруулагч, дуу оруулагч А.Миеэгомбо цахим хуудастаа “Улаанбаатарт 3000 ширхэг түрээсийн скүүтэр “Jet Scooter” нэрээр ажиллуулж эхэлж. Залуус гадуур уначихсан яваатай зөндөө таарлаа. Маш сайхан хэрэг. Дулааны улиралд Улаанбаатарын түгжрэлийг бодитой хөнгөлөх эд. Гурван жилийн өмнөөс үглэж дуулаад байсан ч, маниас илүү ажил хэрэгч улсууд мөн л ижил бодож, бүр түүнийгээ ажил хэрэг болгож буйд баярлаж байна. Хэдэн санаа нэмэрлэх гээд. Зогсоолуудыг нь ЕБС, ШТС-уудад хийвэл амьдралтай санагдана. Насны хувьд замын хөдөлгөөний дүрмийг нь сайтар заагаад өгвөл 11-16 насны хүүхдүүд голцуу унах нь маш зөв санагддаг. Жишээлбэл, хүүхдүүдээ сургуульд нь өгч, авах ажил машинтай давхидаг миний том ажлуудын нэг. Хоцорч болдоггүй, тасалж болдоггүй хариуцлагатай ажил. Над шиг хэчнээн мянган эцэг, эх бийг таашгүй. Тэд энэ скүүтрийг түрээслээд хүүхдүүдээ явуулдаг байвал Улаанбаатарын түгжрэл ёстой үнэн бодитой багасна шүү. Үүнийг дагаад зайлшгүй хийх ёстой нэг ажил гарч ирнэ. Тэр нь скүүтрийн зам. Замаа өргөтгөөд барьчихвал хүүхэд, хөгшидгүй бүгд л түүгээрээ явна. Асуудал цэгцэрнэ” гэжээ. Бодууштай, авууштай санаа. Яг иймэрхүү жишгээр иргэдийн санал бодлыг ажилдаа тусгаад явбал магадгүй өнөө, маргааш биш гэхэд хэдхэн жилийн дараа түгжрэл багасч, Казахстан, Узбекистан, Серби, Армян, Азербайжан скүүтэр түрээсийн үйлчилгээ өргөжих ч юм билүү. Ямартай ч түгжрэлийг багасгахад иргэн бүр хувь нэмрээ оруулах ёстойн жишгээр ажилласан “Jet sharing Mongolia”-гийн хамт олонд талархал дэвшүүлье. Түрээсийн үйлчилгээ төгс болог.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна