Нийслэлийн зуслангийн бүсүүдэд ундны ус байнга асуудал дагуулсаар ирсэн. Хэдэн жилийн өмнө зөөврийн ус хангамжийн албаныхан тодорхой цагт машинаар ус түгээдэг байв. Харин сүүлийн үед гүний худгийн усаар хэрэгцээгээ хангах болсон. Гэхдээ гүний худгийн ус нь шаардлага хангадаг эсэх нь тодорхойгүй. Мэргэжлийн байгууллагынхан дээжээс нь шинжилгээ авахаар өөдтэй хариу гардаггүй. Тэгвэл “Авто худаг” компанийнхан зуслангийн бүсэд төрөлжсөн усны анхны төвийг байгуулжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр Хуурай мухар зусланд дурдсан усны төв бий. Зуслангийн бүсийн усны асуудлыг шийдэх зорилготой тус худаг гурван төрлийн усаар үйлчилдгээрээ онцлогтой. Бид тэндээс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
“Авто худаг” компанийнхан сүүлийн зургаа, долоон жилийн хугацаанд орон нутагт автомат худаг байгуулж өгчээ. Ингээд өнгөрсөн онд нийслэлийн зуслангийн бүсүүдэд орчин үеийн усны төв байгуулах төсөл санаачилжээ. Улмаар арванхоёрдугаар сараас төслийн ажлаа албан ёсоор эхлүүлж, өнгөрсөн сарын сүүлчээр Улаанбаатар хотод анхны гуравласан үйлчилгээтэй усны төвийг ашиглалтад оруулсан байна.
Хандгайт, Санзайн зуслан явах замд ажиллаж эхэлсэн тус төвөөс иргэд зөөлрүүлсэн, цэвэршүүлсэн, гүний гэсэн гурван төрлийн усыг 24 цагийн турш авах боломжтой юм. Цагийн хуваарь нь иргэдэд хамгийн их таалагдаж байгаа гэнэ.
Биднийг усны төвд очиход тун тохилог, цэвэрхэн худаг угтлаа. Тэгвэл тус компанийн ажилтан хэлэхдээ “Усны худаг гэхээр бохир заваан орчинтой, өнгө зүс муутай жижигхэн дөрвөлжин байшин байдаг гэх төсөөллөөс одоо салах цаг болсон. Орчин үеийн худгууд нэг үеэ бодвол цэвэрхэн болсон ч илүү сайжруулах ёстой. Иргэдэд цэвэр ус түгээж байгаа гэдэг утгаараа бүх зүйл нь цэвэр цэмцгэр, ойлгомжтой, хэрэглээ нь энгийн байх хэрэгтэй. Манай усны төв яг л энэ жишгийг баримталж ажиллахаар үүдээ нээсэн. Иргэд ч сэтгэл хангалуун, ам сайтай байна” гэв. “Авто худаг” усны төвийг товчхон танилцуулбал, зөөлрүүлсэн усны хоёр, гүний усны хоёр, цэвэршүүлсэн усны гурван түгээгүүртэй. Авах усныхаа хэмжээг оруулж, картаа дарсан тохиолдолд хэдхэн секундэд савыг дүүргэх хүчин чадалтай.
Гүний усны нэг литрийн үнэ нь 6.5 төгрөг. Харин зөөлрүүлсэн ус 8.6, цэвэршүүлсэн ус нэг баллон нь 1000 төгрөгийн үнэтэй. Зуслангийн бүсэд өнөөдөр усны үнэ 5-7 төгрөгийн ханштай байгаа бөгөөд “Авто худаг”-ийнхан дундаж үнэтэй байна гэсэн үг.
Иргэд цагийн хязгаарлалтгүй ус авдаг болсноо таашааж байгаагаас гадна хоол, цайндаа зөөлрүүлсэн ус хэрэглэх хэрэглэх болсондоо баяртай буйгаа хуваалцлаа. Иргэн Н.Цэндсүрэн “Аятайхан худагтай боллоо. Өмнө нь гүний худгаас ус авдаг байсан. Гэвч цай чанах, ус буцалгахаар савны дотор тал цайраад байдаг. Харин энэ ус тийм биш юм билээ. Би нээгдсэнээс нь хойш байнга үйлчлүүлж байна” гэлээ. Тэгвэл Б.Золзаяа “Анх удаа энэ худгаар үйлчлүүлж байна. Фэйсбүүкээс мэдээлэл аваад гэрт ойрхон болохоор нь хүрээд ирлээ, таалагдлаа. Хамгийн гол нь орой ажил тараад ирэхэд ажиллаж байна. Тэгэхгүй бол гүний худгууд орой 19:00 цаг гээд л хаадаг. Харин эндээс хэзээ ч авсан нээлттэй байх нь. Мэдээж зөөлрүүлсэн ус хүнсэндээ хэрэглэнэ гэдэг давуу тал” хэмээн ярилаа.
Тус худаг өдөрт дунджаар 10-12 тонн ус борлуулж байна. Харин нэг өдрийн хүчин чадал 40-45 тонн гэнэ. Усны төвөөс эхний удаад 10 мянган төгрөгөөр карт авах бөгөөд карт нь 5000 төгрөгийн цэнэглэлттэй. Ингээд цаашид тухайн картаа хүссэн үнийн дүнгээрээ цэнэглээд явах боломжтой. Тус худаг нь усыг 85 метрийн гүнээс татаж гурван тоннын багтаамжтай саванд хураана. Улмаар зөөлрүүлэгч болон гүн цэвэршүүлэгч төхөөрөмжөөр шүүсний дараа хоёр тоннын багтаамж бүхий сав руу юүлдэг аж. Энэхүү төвийг барихад Сүхбаатар дүүрэг болон хорооны удирдлагууд дэмжсэн бөгөөд цаашид төрийн байгууллагатай хамтарч бусад газар усны төвөө байгуулах боломжтой гэнэ.
Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт зундаа 150-200 мянган иргэн түр оршин суудаг. “Авто худаг”-ийн менежер ярихдаа “Өнөөдөр /уржигдар/ ажлын өдөр учраас үйлчлүүлэгч харьцангуй цөөн байна. Амралтын өдөр ачаалалтай байлаа. Иргэд ам сайтай байна. Тиймээс нийслэлчүүдэд хэрэгтэй үйлчилгээ нэвтрүүлсэндээ баяртай байна. Хамгийн гол нь манай худаг 24 цагаар ажилладаг учраас иргэдэд таалагджээ” гэв. Зуслангийн бүсэд усны төв байгуулахын тулд багагүй судалгаа хийсэн аж. Яг XIX хороонд 24 цагаар ажилладаг худаг байдаггүй, түүнчлэн худгийн тоо цөөн, эрүүл ахуйн шаардлага хангадаг нь ховор юм байна. Тиймээс эхний ээлжинд Хуурай мухар зусланг сонгожээ.
Цаашид төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах хүсэлтэй бол ундны усны асуудалтай нийслэлийн бүхий л газарт ижил үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулах боломжтой аж. Гэхдээ эхний ээлжинд зуслангийн бүсэд усны төв байгуулахаар төлөвлөсөн байна. “Авто худаг” дэргэдээ жижигхэн хэмжээний үйлчилгээний төв барьж байгаа бөгөөд дэлгүүр нь ирэх сард ашиглалтад орж, цэвэр усны савнаас эхлээд таг, мөн бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалахаар зэхжээ. Баллоноор цэвэршүүлсэн ус авч байгаа иргэд таггүй савтай ирдэг. Тиймээс дутууг нь нөхөх үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Таггүй савтай ирсэн ч тагийг нь хямд үнээр худалдаж авах үйлчилгээний төв дэргэдээ ажиллуулах нь зүйн хэрэг. Түүнчлэн ус авах баллон бусад төрлийн стандартын шаардлага хангасан сав худалдаалах юм.
Барилгын ажлыг анх эхлүүлэхэд XIX хорооны оршин суугчид төдийгүй хорооны удирдлагууд чадах зүйлээрээ тусалсан гэнэ. Эко усны цэг зайлшгүй байх ёстой гэдэг үүднээс иргэд анхнаасаа дэмжиж байсныг тус төвийнхөн ярилаа. Цаашид яг ийм жишгээр зөвхөн зуслан гэлтгүй гэр хорооллын бүсэд автомат худаг нээвэл иргэд хямд үнээр цэвэршүүлсэн усыг хэрэглээндээ нэвтрүүлэх боломжтой болно. Үүнийг зөвхөн хувийн хэвшлийнхэн бус төрийн байгууллага ч санаачилж хэрэгжүүлээсэй.
Нийслэлийн хэмжээнд 9000 гаруй гүний худаг бүртгэлтэй гэсэн статистик бий. Тэгвэл жилд мянга орчим гүний худаг гаргах хүсэлт мэргэжлийн байгууллагуудад ирдэг байна. Ундны усны стандартын шаардлага хангахгүй тохиолдолд цэвэршүүлж ашиглах ямар боломж байгааг судалж нэмэлт цэвэршүүлэх шүүлтүүрүүдийг тавьж ашиглах шаардлагатай.
Харин огт ундны усанд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гарвал нэгэнт худаг гаргасан учраас уухгүйгээр ахуйдаа эсвэл үйлдвэрлэлд хэрэглэж болдог ажээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Усны тухай хуульд заасны дагуу гүний худаг гаргах зөвшөөрөл авахаар хүсэлт ирүүлсэн тохиолдолд батлагдсан усны нөөцтэй уялдуулан хязгаарлаж, хориглосон бүсэд ороогүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй газруудад олгодог.
Нөгөө талаар үйлдвэр үйлчилгээ өдөр ирэх тусам нэмэгдэн, хөгжиж байна. Гэтэл тухайн газарт нь дэд бүтэц байхгүй бол тэр газар хүн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс худаг гаргахыг хориглож болохгүй. Харин тухайн газрын гүний усны нөөцөд нь тулгуурлаж, нөөцөөс хэтрүүлэхгүй ашиглуулах шаардлагатайг албаныхан онцолсон байдаг. Хэдийгээр гүний худгийн тоо 9000 давсан ч ундны усанд хэрэглэж болох нь 80 хувийг эзэлдэг. Тэгвэл зуслангийн бүсэд нийтэд үйлчилдэг гүний худгийн тоо хангалттай бус байгааг иргэд ярьж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан, 24 цагаар ажиллах боломжтой худгийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна