Инээд сөрөн алхах гунигт эр


Хүүхдийн баяр бол хүүхдийн эрхийг дээдлэх онцгой өдөр. Энэ өдрийг дэлхийн олон оронд хүүхдийн сайн сайхныг дэмжих зорилгоор л тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүүхэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, аюулгүй орчинд өсөж торних ёстойг онцгойлон сануулж ихэвчлэн жагсаал, урлагийн тоглолт, буяны хандив цуглуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг. Үүгээрээ эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч, улс орны удирдагчдад болон нийтэд манай дэлхийн хүүхдүүд бидний ирээдүйд ямар ач холбогдолтойг дахин нэг эргэцүүлэн бодох боломж олгож буй хэрэг.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталж, дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрсөн конвенц болжээ. Энэхүү конвенцод хүүхэд гэж хэн болох, тэдний бүх эрх, Засгийн газрын үүрэг хариуцлагыг тайлбарласан байдаг. Бүх эрх нь хоорондоо холбоотой, адилхан чухал бөгөөд эдгээр эрхээс нэгийг нь ч хүүхдээс булааж болохгүй. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцод 1990 онд тав дахь орон болон нэгдэж ороод даруй 33 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Ийнхүү тус конвенцын үзэл санаанд нийцүүлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг боловсруулсан байдаг. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэнээр хүүхдийн төлөө юу хийж ирсэн билээ гэж бодохоор баталсан хуулийнхаа эсрэг булаасан, нураасан, хумсалсан тухай мэдээ баримтууд л олон аж. “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” хэмээн нийгэмд тунхаглан зарлаж бүр НҮБ-ын хүүхдийн элчтэй хүртэл болж явсан цаг бий. Гэтэл үүн шиг худал үгийг Монголоос хайгаад олоодох гэвэл эцэг, эхүүд толгой сэгсрэн ухрах л болов уу.

Хүүхдийн төлөө гэж хамгийн их ярьсан тэр он жилүүдэд хэн ч “За” гэж хэлсэнгүй. Жилдээ ганц л болдог Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нийг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэх ёстой. Гэтэл бодит амьдрал дээр баярынх нь талыг хүртэл эхчүүдэд таслаад өгчихсөн. Энэ шийдвэрийг сонсоод “Хүүхдүүд санал өгөх эрхгүй юм даа” гэж гуниглан бодож сууснаа санаж байна.

Хэдэн талаасаа бетоноор хүрээлүүлсэн Санниковын газар шиг хүүхдийн паркийн сантиметр болгоныг нь мэрж зарсаар хүүхдийн баяр тэнд багтахаа байж төв талбайг дайлаар мордсон үеийн гэрч л дээ, би. Зургадугаар сарын 1-ний өдөр хэдэн хүүхдээ чирсэн эцэг, эхчүүд байгалийнхаа зөнгөөр төв талбай, парк зүглэн гэлдрэх. Өөр хаачих ч билээ. Ганц баярын өдөр нь хүн бүр хүүхдээ паркийн тоглоомд хэдэн цагаар ч хамаагүй дугаарлан тоглуулж, эсвэл талбай дээр очиж зургийг нь авахуулж, хоолонд орно. Чанартай, чанаргүй элдэв чихэр жимс авч өгнө. Үрсээ л ганц өдөр хүссэнээр нь байлгах гэж өдөржин сунаж унатлаа уур уцаараа барьж ядан зугаалах.


Талбайн дөрвөн зүг найман зовхист байх хүйтэн цементэн ширэнгээс инээд цалгиулсаар гарч ирэх бяцхан үрс үнэндээ инээх шалтаг л хайж яваа хэрэг. Нүд нь гэрэлтээд, инээчих гээд байх ч яг юунд баярлаж хөөрөх учраа тэд олдоггүй. Төв талбайд өөлөхөөс хуванцар юм даа гэж санаа алдан зөвшөөрч болох өнгө сайтай, хямд хийцтэй, моод нь Монголоор дуусаж байгаа хэдэн тоглоом энд, тэнд харагдах нь олдоц багатай ойн цоохор мөөг лугаа. Хөөсөн чихэр, мөхөөлдөс атгасан багачууд тоглох дарааллаа хүлээн хэдэн цагаар халуун нар, усан бороонд зогсож байгааг, арын саарал ордны цонхоор ажаа, агаа нар нь харж зогссон л баймаар. Ямар гунигтай гээч.

Энд хүмүүс баясаж хөөрч, баярлан догдлох үрсээ харах гэж ирж байхад би тэр их инээд хөөрийг сөрөн толгой гудайлган бодолд дарагдан гэлдэрч явна. Үнэндээ хүүхдүүдийн нүд рүү харахаас ч ичин өлмийгөө ширтэн яваа минь энэ. Гартаа атгасан хөөсөн чихэр, мөхөөлдөснөөс үүдэлтэйгээр хүүхдийн эрүүл, зөв хооллолтын тухай асуудал хөндөгдөнө. Улаанбаатар хотын сургууль цэцэрлэгүүдийн үүдийг сахин үй түмэн түргэн үйлчилгээний цэг ангаа хүлээн зогсох араатан мэт харагдана. Тэдний ан бол учраа мэдэхгүй бага насны хүүхдүүд. Чанар, хугацаа нь баталгаатай эсэх нь үл мэдэгдэх чихэр, жимс, жигнэмэг тэргүүтэнд урхидуулан  эрүүл мэндээрээ хохирох нь энгийн шахам л үзэгдэл.

Тэгвэл манай улсад хүүхдийн хөгжлийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй, хүүхэд хамгааллын мөн 30 гаруй төрийн бус байгууллага байгааг саяхны тоо баримтаас харлаа. Гэвч энэ олон байгууллага өнөөдөр юу хийж байна вэ. Хариулт олдохгүй эрэл.

Айл бүрийг орон гэртэй болгох хэдэн мянган айлын, хачин чамин нэртэй хотхон, төслүүд хотын хаа сайгүй сүндэрлэн боссоор л байх. Айл өрхүүдийг орон гэртэй болгох нь яах ч аргагүй тулгамдсан асуудал мөн. Хотын удирдлагууд “Хот төлөвлөлт” гэдэг ном судраа хаа нэг үзэгддэг хогны машиндаа ачаад явуулсан байж таарсан уу, байшин барилга босоход тэлж өргөжин томрох зүй тогтолтой хот маань улам л шавааран хумигдаж өндөр, өндөр цамхгууд аймсан өрсөж нэгнээ тэврэх гэж буй мэт ойртон тулж сүндэрлэсээр. Зэрэгцээ хотхоны, зэргэлдээ байрны эзэгтэй нар өглөөний цайныхаа жорыг цонхоороо л солилцмоор. 

Хот төлөвлөлт үгүйлэгдсэн хором мөч бүрд “цоожгүй шоронд хоригдох” хүүхдийн тоо нэмэгдсээр л байна. Алга дарам нь алтаар үнэлэгдэх шахсан хотын төвтэй ойрхон газрын метр бүрийг нь үнэлээд зарчихсан тухайн үеийн хотын удирдлагуудад, хотхонуудын дунд хүүхэд тоглох талбай, хөгшид нарлаж суух олигтойхон цэцэрлэг шийдээд өгөх сэтгэл байгаагүй. Хашааны буланд уяатай халтар банхрын үүр мэт хэдхэн хятад хуванцар тоглоом зоосон тавхан метр цементэн шал хүүхдийн орчин. Энэ нь ердөө ч эрүүл аюулгүй орчин биш. Их усан дундах бяцхан арал мэт тэр талбайг дөрвөн талаас нь машин замаар хүрээлүүлсэн, ганц ч цэцэг, сөөм ч бутгүй хүйтэн цэвдэг орчин. Сая таван зуун мянган хүнтэй энэ хотод социалист нийгмийн үеийн үлдэгдэл болсон паркийн энд тэндээсээ өм цөм алдагдсан жаахан газраас өөр хүүхэд багачуудын хөөр баярыг хуваах зүлэг ногоо, мод ургамалтай орчин гэж худлаа хэлсэн хүнд үнэндээ л алга. Ямар сайндаа талбайд дэлгэсэн хиймэл зүлгэн дээр суух гэж гартаа чиптэй нэвтэрч байх вэ дээ.

Хүн гэдэг байгалийн бүтээл мөн тул хүүхэд ахуйгаасаа байгальтай ойрхон, тоглож наадаж өсөх зайлшгүй шаардлагатай. ЗХУ-ын нэрт сэтгүүлч, байгаль судлаач В.Песков “Утсан дээрх шувуу” номдоо “Хот байгальтай хөрш байх нь юутай их тансаглал вэ” хэмээн дуу алдсан байдаг. Дэлхийн том хотууд байгальтай хөршлөх биш, хот дотроо авчран хамт амьдрахыг хичээсээр, оролдлого хийсээр л ирлээ. Гэтэл манайд эсрэгээрээ 30 жил явлаа. Томчууд цэцэрлэгт хүрээлэн бариулаад тансаглаж суух тухай энд ярих гээгүй юм.

Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүдэд ээлтэй хотын тухай, бага насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь үлдээх, харанхуй өрөөнд суулгаж айлгах, хашраах, тоглоомын талбайд харгалзах хүнгүй гаргах, найз нөхөдтэйгөө уулзах тоглохыг хориглох, олон нийтийн арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг хүүхдээр нь харуулах, хүүхэд нэг бүрд тухайлан цаг гаргаж харилцахгүй байх зэргээр зөрчигдөж байгаа эрхийг энд ярьж байна.

Гэрт хоригдсоноос үүдэлтэй дэлгэцийн хамааралтай болсон мянга, мянган хүүхдийн эрүүл мэндийн асуудал, ирээдүйд амьдрах итгэлийн тухай ярьж байгаа юм. Тоглох талбай, амарч зугаацах цэцэрлэгт хүрээлэнгүй, сургууль, цэцэрлэгийн хомстолтой өнөө үеийн цоожтой хаалганы цаадах хүүхдүүд гадаа байхаас дэлгэц ширтэн суухыг илүүд үздэг. Тэд бодит амьдралын талаарх гажуудсан мэдээллийг сонсож, үзэж, амьдралыг хэт өрөөсгөлөөр төсөөлөн өсөж байгаа нь нууц биш.

Хүүхдэд ээлтэй хотын шинэ стандартыг бий болгох нь хамгийн нэгдүгээр тулгамдсан асуудал. Байгалийг хот дундаа оруулж ирэх буюу цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор байгуулаасай. Алдсан 30 жилд ард иргэд бодлогоор цангаж, алаг үрс нь халамжаар дутаж ирлээ.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22