Дэлхийн шилдэг циркийг монгол уран нугараачгүй төсөөлөхөд бэрх. Уран нугаралт хэмээх гайхалтай урлагийг Монголын болгон тамгалсан уран бүтээлчдийн нэг Зоригтхуягийн Болормааг “Монгол бахархал” буландаа онцоллоо. Сэтгэл хөдөлгөсөн гайхамшигт үзүүлбэрүүдээрээ АНУ-ын үзэгчдийг бишрүүлж, алдарт “Виктория секрет” шоуны үеэр нугарч, “Тайм” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн гээд түүний карьерт онцгой мөч олон бий.
Акробатчин ээжийн охин
Циркийн манежнаа өссөн охин энэ урлагт сэтгэл зүрхээ зориулах нь аргагүй.Түүний ээж Х.Цэцэгмаа Монголын циркт акробатын үзүүлбэрээрээ гайхуулж явсан бүсгүй. Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийг брус номероор 1977 онд төгсжээ. Манежийг эзэгнэж, үзэгчдийг эзэмдэх ээжээрээ Болормаа бахархаж, циркийн жүжигчин болох мөрөөдлөөр жигүүрлэсэн байна.
Ээжийнхээ бэлтгэлээ хэрхэн хийхийг харж, тоглолтыг нь үзээд баярлаж суусан гэрэлт үе сэтгэлд мартагдахгүй дурсамж болон үлджээ. Охиноо өөрийнхөө үргэлжлэл, залгамж халаа болгохыг хүссэн ээж нь циркийн дугуйланд шалгуулах гэтэл зөрүүдлээд очсонгүй. Долоон настай охин өвдөхөөс айгаад шалгаруулалтад ороогүй хэрэг. Дургүйцээд байхаар ээж нь ч хүчилсэнгүй. Ээжийнхээ акробатын үзүүлбэрт туслах жүжигчнээр циркийн манежнаа анх гарсан гэдэг. Гэхдээ арван настай охины сонирхол акробат бус уран нугаралт байв. Анх шалгалт өгөхдөө “Тэнцэх болов уу, яах бол” гэсэн эргэлзээ ээж охины хэнд нь ч төрөөгүй гэдэг. Уян налархай бие эр зоригийн хослол болсон уран нугаралтаар 11 настайгаасаа эхлэн хичээллэжээ. Болормаа Монголын циркийн сургуульд суралцаагүй ч Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийн дугуйланд хичээллэсэн байна.
Монголын циркийн урлагийн ноён оргилуудын нэг, уран нугараачдын эрхэмлэн авгайлдаг Мадам Цэнд-Аюушийн шавь болно гэдэг тэр бүр тохиодоггүй хувь тавилан. Энэ эрхэм багшаар сонгодог уран нугаралтыг заалгасан уран нугараачид эдүгээ уран биеийн гайхамшгийг алдаршуулж байна. Цэнд-Аюуш багш сурагчдаа бага гэж гололгүй циркийн тоглолтод оролцуулдаг байсан нь ирээдүйн нугараачид урам хайрласан сурган хүмүүжүүлэх их ухаан юм. Гэрээгээр тоглолтод оролцсон гэж тэдэнд урамшил цалин олгоно. Цалин авсан хүүхэд илүү хичээн суралцдаг.
Болормаа одоо ч багшийгаа санаж, сайхан мөчүүдээ дурсдаг. Багшаасаа сурсан эрдмийг өдгөө хүүхдүүдэд зааж байна. Дөрвөн хүүхэдтэй алдарт эхэд зав чөлөө хомс ч уран нугаралтын студи байгуулжээ. Хүүхдэд хичээл заах сайхан. Хэцүү, бэрх гэж шантралгүй мэрийн суралцах хөөрхөн шавь нараа харахаар хайр ундардаг аж. Бас Цэнд-Аюуш багштайгаа хичээллэж байсан өдрүүд сэтгэлд нь хургана. Ууган охиноо уран нугараач болгохоор хүчлэж зүрхлээгүй аж. Харин ээж, эмээгийнхээ авьяасыг өвлөсөн дунд охиндоо уран нугаралт зааж эхэлжээ. Өөрийнхөө хүүхдэд хичээл заах бас л шаггүй ажил. Өвдөлт, хэцүү бэрхийг нь биеэрээ туулсан учраас дотроо охиноо хайрлаж, өрөвдөнө. Гэхдээ шавьдаа зааж сургах үүрэгтэй багшийн байр сууриа эхэнд тавьдаг. Мундаг нугараач болгох багш ээжийн найдлага талаар өнгөрөхгүй биз. Монгол циркийн залгамж халаа үргэлжлэх нь гарцаагүй.
Нарны циркийн жүжигчин
Монголын цөөн уран бүтээлч 1992 онд АНУ-нд айлчлан тоглолт хийхэд Болормаа ээжийгээ даган эрх чөлөөний оронд хөл тавив. Ёстой л нөгөө “соёлын шок” гээчийг мэдэрчээ. Тэр үед Болормаа есөн настай байлаа. Монголоос өөр ертөнцийн гайхах зүйл их ч хүүхэд учраас баярлаж хөөрөөд өнгөрөв. Хэдий бага байсан ч англи хэл сурна гэсэн тэмүүлэлтэй эх орондоо эргэн иржээ.
Мэргэжлийн уран бүтээлчийн хувиар 1999 онд нэг жилийн гэрээгээр АНУ-ыг зорив. Гэрээгээ дуусгаад Монголдоо буцаж, 2003 онд урилгаар дахин АНУ-д ажиллаж эхэлжээ. Урилгаар ирснийхээ дараа шалгаруултад орж, тэнцээд суурьшин ажилласан байна. Ингээд алдарт “Cirque du Soleil” буюу Нарны циркийн “Zumanity” шоуны жүжигчнээр ажиллажээ. Гэр бүлдээ цаг зарцуулахын тулд 2018 онд циркийн гэрээгээ дуусгасан байна. Монголын циркийн сор болсон нугараачид АНУ-д ажиллаж, амьдрах нь элбэг. Тэнд уран нугаралтыг циркийн бусад төрлөөс дээгүүрт үнэлдэг.
Америкийн төдийгүй Европын циркүүд уран нугаралтын номероо Монголоос авдаг нь манай уран бүтээлчдийн чадвар чансаатай холбоотой. Ер нь Монголын уран нугаралт л хамгийн сайн гэсэн үнэлгээ Америкт хэдийнэ тогтсон. Энэ бол уран нугаралтыг АНУ-д таниулсан манай уран бүтээлчдийн гавьяа. Түүнтэй уран нугаралт, хувийн карьерынх нь тухай цахимаар цөөн хором ярилцсан юм.
“Хос нугаралт бэлтгэл, хатуужил шаарддаг”
-Таныг “Виктория секрет” шоуны тайзан дээр нугарсан гэж сонссон. Энэхүү алдартай шоунд оролцсон дурсамжаасаа хуваалцана уу. Загварын болон алдартай хамтлаг дуучдын шоунд нугарах хүсэлт хэр ирдэг вэ?
-Шоундаа оролцуулах хүсэлт хааяа ирдэг юм. “Виктория секрет”-ийн шоунд “Zumanity”-д хамт нугарч байсан Ариунтуяатайгаа оролцож байсан. Дэлхийн хэмжээний загварын шоунд анх удаа нугарсан минь энэ. Алдартай дуучид, загвар өмсөгчидтэй нэг тайзан тоглоход сайхан мэдрэмж төрж, мэргэжлийн хүний хувьд сэтгэл сэргэдэг юм билээ.
-Та хос нугаралтын үзүүлбэр үзүүлдэг. Ганцаарчилсан болон хос нугаралтад ялгаа бий юү?
-Ялгаа байлгүй яах вэ. Харагдах талаасаа хос нугаралт сүртэй байдаг. Мөн хос нугараачид бие биеэ мэдэрч үзүүлбэрээ гүйцэтгэдэг учраас удаан хамт нугарсан туршлагатай байх шаардлагатай. Нэг хүн шиг үзүүлбэрээ эхэлж, дуусгахад урт хугацааны сургуулилалт хэрэг болдог. Би хамтрагчтайгаа нэг үзүүлбэрийг зургаан сар бэлтгэх тохиолдол гарч байсан. Тэгэхээр хос нугаралт бэлтгэл, хатуужил шаарддаг.
-АНУ-ын “Тайм” сэтгүүлийн нүүрэнд гарсан зураг анхаарал татсан. Их дурсамжтай зураг байх даа?
-Манай циркийн шоу нээлтээ хийх үеэр авахуулсан юм. АНУ-ын “Zink” гээд хэд хэдэн сэтгүүлд зургаа авахуулж байсан.
-“Cirque du Soleil” буюу Нарны цирк дэлхийд алдартай. Олон орны циркчид ажилладаг байсан уу?
-Тив тивийн төлөөлөл болсон олон үндэстний циркчид ажилладаг. Манай цирк 30 гаруй жилийн түүхтэй. Олон үндэстний циркийн хэв маягийг нэгтгэж, сэдэвчилсэн олон шоу үзүүлбэртэй. Тэдний нэг нь Лас-Вегаст тоглодог “Zumanity” шоу юм.
-Олон орны уран бүтээлчдээс монгол циркчид юугаараа ялгарч, товойн гарч ирдэг юм бол?
-Манай циркчид бусдаас илүү хатуужилтай. Бид угаас гүргэр зантай учраас уран бүтээл, амьдрал дээр ч бусдын дор орохыг хүсдэггүй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна