Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит IV хуралдаан боллоо. Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй ажлын явц, гарц, шийдлүүдийн талаар хэлэлцэв.
Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлэх ажлын явцын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. Тэрбээр “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID-ийг нэвтрүүлэх дэд бүтцийн бэлтгэл ажлыг хангаж байна. Нийслэлд авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд 442,477 ширхэг цахим гэрчилгээг суурилуулах ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Түүнчлэн нийтийн тээврийн 600 автобусанд туршилтаар суурилуулаад байна. Ирэх долоодугаар сарын 5-н гэхэд эхний 50 мянган тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг оруулж ирэх бөгөөд 100 цэгээр дамжуулан суурилуулах юм” гэлээ.
Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн явцын талаар танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байна. Бид 2023 ондоо багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөсөн. БНСУ-д үйлдвэрлэсэн “Евро 5” стандартын 600, дунд оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан 150 автобус арваннэгдүгээр сараас нийтийн тээвэрт үйлчилнэ” хэмээлээ. Энэ хүрээнд БНСУ-д үйлдвэрлэсэн 20 цахилгаан автобус долоодугаар сарын эхээр орж ирэх юм.
Түүнчлэн нийслэлд барьж буй холбоос зам, замын байгууламжууд, гүүрэн гарц нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх, нийтийн тээвэрт зориулан чөлөөлөх нэгдүгээр эгнээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хуралдааны үеэр онцолж байв.
Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд судалгаанд тулгуурласан цогц ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын замуудыг тойрог байдлаар холбох шинэ тойрог замын зураг төсөл гарч, эхний шатны ажлууд урагшилж байна. Мөн замын хөдөлгөөний зохион байгуулалт дээр онцгойлон анхаарч, тодорхой зохицуулалтыг хийж байгаа юм.
Нийслэлийн хүн амын төвлөрлийг задалж, агаар болон хөрсний бохирдлыг багасган, авто замын түгжрэлийг шийдэхэд “Хүн төвтэй дагуул хот”-уудын төлөвлөлтийг бий болгох нь чухал. Энэ чиглэлд Засгийн газар онцгой анхаарч, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг олон төвтэй дагуул хот руу шилжүүлэх, улмаар иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцолсон. Тодруулбал, Улаанбаатарыг 15 дагуул хоттой байхаар төлөвлөсөн бөгөөд 13 дагуул хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг одоогоор НИТХ-аар батлуулжээ.
Ташрамд, түгжрэлийг шийдэхэд зориулан төсөвлөсөн 420 тэрбум төгрөгөөс 280 тэрбум орчмыг нийслэл өнгөрсөн онд зарцуулсан байна. Үүнээс 90 тэрбум гаруй төгрөгийг сургууль, цэцэрлэгийн барилга барих болон засвар, өргөтгөл хийх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 72 тэрбумыг газар чөлөөлөлт, 70 тэрбумыг нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулсан бөгөөд хашаа хайс буулгах, зам гүүрний ажлыг эхлүүлэхэд 48 тэрбумыг зарцуулжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна