Баяр наадмын бэлтгэл жигдэрч, Хүй долоо худагт хүүхдийн гийнгоо цангинан, Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхэн суудлаа засаж, зүлгээ услаад завгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орон нутгийн хурлын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн нэг дүүрэгт боллоо. Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан юм. Урьдчилсан дүнгээс харахад МАН нийлбэр дүнгээрээ ялалт байгуулж, АН удаалжээ.
Сүүлийн хэдэн сар олны анхаарлыг татаж байсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталлаа. Шинэ хуулийн дагуу 2024 оны сонгуульд 126 гишүүнийг УИХ-д сонгоно. Гэхдээ УИХ-ын 78 гишүүн тойргоос, 48 нь намын жагсаалтаар сонгогдож орж ирэх бөгөөд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь болгож тогтоосон байна. Харин намын жагсаалтад хүйсийн харьцааг 1:1 байх зарчмыг баримтлахаар боллоо.
Мөн УИХ-ийн чуулганаар Нийгмийн даатгалын тухай багц хууль, Боловсролын тухай багц хууль гэсэн хоёр том хуулийг хэлэлцэж байна. Олны анхаарлыг татсан, бас багагүй маргаан дагуулсан эдгээр хуульд чухал заалт олон бий. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуульд хэдэн настайдаа тэтгэвэрт гарах вэ гэдгээс эхлээд төлсөн татвараараа байрны урьдчилгаа мөнгө төлөх, тэтгэвэр өвлөгддөг байх гэх мэт олон чухал заалт оржээ. Үүнээс гадна малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлбөл таван жилийн хугацаанд төр 50 хувийг нь хариуцах зохицуулалтыг ч хуульд тусгасан байна. Гэхдээ энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төсөл батлагдаж байж, 2024 оны төсөвт эдгээр зохицуулалт орох юм.
Төр өмчөө эргэж, ард түмний баялгийг хулгайлсан хүмүүстэй хариуцлага тооцохыг хууль, хяналтын байгууллагаас шаардав. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн өмчит томоохон үйлдвэрүүдэд ажиллаад тун завгүй байлаа. Дорноговь аймгийн Нефьт боловсруулах үйлдвэрт очиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Бортээгийн хуурай баяжуулах болон Нүүрс баяжуулах үйлдвэр, Нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолойн төслийн явцтай танилцлаа.
Монголд хамгийн анхны машин 1912 онд орж ирсэн байдаг. Энэ үеэс эхлэн монголчууд бүхэл бүтэн 100 гаруй жил шатахууны хомстолд байнга орж, гаднын хараат байдалд амьдарч байгаа. Тиймээс Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийг барьж эхлүүлсэн. Харамсалтай нь цар тахлаас шалтгаалан үйлдвэр ашиглалтад орох хугацаа хойшлоод байгаа юм. Д.Амарбаясгалан тус үйлдвэрийн төсөлтэй танилцаж, Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрс баяжуулах хоёр үйлдвэр барьж байна.
Жилд 10 сая тоннын хүчин чадалтай нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийн гүйцэтгэл 40 орчим хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд 2024 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэсэн сайн мэдээтэй. Харин жилд таван сая тоннын хүчин чадалтай хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг ирэх долдугаар сард ашиглалтад оруулах юм байна. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Дарханы хар төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр нэгэн ноцтой мэдээллийг ТӨХ-ноос өгөв. Өнгөрсөн онд Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас явуулсан хяналт шалгалтын ажиллагаагаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 1.2 их наяд төгрөгийн хохирлыг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн компани учруулсныг тогтоожээ. Дан ганц төмөрлөгийн үйлдвэр ч бус “Эрдэнэт үйлдвэр” ч гэсэн маргаантай байгаа.
Засгийн газар “Сахал” Эрдэнэбилэгийн “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн гэх эрүүгийн хэрэгт нийт дөрвөн их наяд төгрөгийн хохирол нэхэмжилжээ. Б.Шинэбаатар нарын найман иргэний нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь 1.9 тэрбум төгрөгийн хохирлыг тус үйлдвэрээс нэхэмжилсэн байдалтай байна. Тэгвэл “Хөтөлийн цемент шохой” ТӨХК нь 392 тэрбум 86 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж, шүүх хурал нь удаа дараа хойшилоод байгаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа ч мэдээлэлд ойр, улс төр, эрх мэдлийн давуу байдлаараа ард түмний өмчид халдсан бол эвлэрэхгүй гэдгээ илэрхийллээ. Монголын ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадахгүй байгааг нарийн судалж, яаралтай шийдвэрлэх болно гэж мэдэгдлээ.
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч долоо хоногт 47 дахь өдрөө үргэлжлээд түр завсарлалаа. Энэ шүүх хурлын үеэр Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бүхий л хүн “Би буруугүй” хэмээн мэдүүлэв. Жишээлбэл, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хуцав аа. Намайг шүүх дээр авч ирээд. Ял өгсөн байсан ч хашрахгүй” гэж мэдэгдлээ.
Хөгжлийн банкны үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Батбаяр “Энэ мөнгө 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны үүрээр 05:00 цагт орж ирсэн. Тэр үед Монголын дансанд 1.5 тэрбум ам.доллар ороод ирлээ гэхээр сэтгэл сайхан л байдаг юм билээ. Тэр мөнгө арванхоёрдугаар сарын 6-нд орж ирсэн, тэгээд би бэлгэшээсэн. Их хаан маань илгээсэн юм байна, аргагүй нэр нь хүчтэй юм байна гэж харж байсан. Энэ бол тохиолдол гэж зүй тогтол” биш их л сонин агуулгатай юм ярьчихлаа. Мань хүнийхээр бол “Чингис” бонд нь өр биш, Чингис хааны илгээсэн мөнгө бололтой. Иймэрхүү мэдээлэлтэйгээр Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаж байна. Гэхдээ Хөгжлийн банкны мөнгийг хэн үрэн таран хийж, өр авлага болгон хувиргасныг шүүх л тогтооно.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна